- Lemon Press
- Posts
- 😷 Хамтарсан засгийн ирээдүй
😷 Хамтарсан засгийн ирээдүй
Нүүрсний ширүүн ривал | Чөлөөт худалдаа | Түүхэн дээд үнэ $TXNM
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ирэх Бямба гараг буюу 5 сарын 24-нд Монголын Хөрөнгийн Бирж ХК “Хөрөнгө оруулагчдын өдөр” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зохиох гэж байна. Арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн бүхий л төлөөллүүд оролцох юм байна лээ. Очиж сонирхоорой. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
EAEU: Евроазийн эдийн засгийн холбоо болон Монгол хооронд байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийг эцэслэж, үзэглэх ажлыг эхлүүлжээ. Хэлэлцээрийг үзэглэмэгц хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлэх юм.
HK: Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL (3750.HK) Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, $4.6 тэрбумыг татан төвлөрүүлснээр 2025 оны хамгийн том IPO-г хийв.
AUS: Австралийн төв банк бодлогын хүүгээ 25 нэгж хувиар бууруулж 3.85% болгон 2023 оноос хойших доод түвшинд хүргэлээ.

😷 Хамтарсан засгийн ирээдүй
Ерөнхий сайдыг гэр бүлийн орлогоо нотлохоос эхэлсэн жагсаал хамтарсан ЗГ-ыг тараах хүртэл өргөжиж, 8 дахь өдрөө үргэлжилж байна. Үйл явдлыг тогтоод нэг харъя.
🧑🤝🧑 Саарал ордны гадна
Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхий сайд хүүгийнхээ холбогдсон асуудлаар нэр бүхий цөөн хэдэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, “Огцрох Амархан” жагсаалыг ялаануудын “Цүнхтэй жагсаал” гэж үзэж байгаагаа хэлэв.
1️⃣ Улмаар жагсагчид шаардлагаа өргөтгөж, 1-рт Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохгүй бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж түүнийг огцруулах саналд гарын үсэг зурах, 2-рт шинээр хамтарсан ЗГ байгуулахгүй байх, 3-рт Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх гэсэн 3 шаардлагыг тавин жагсаж байна.
2️⃣ Харин бие даасан, чөлөөт хэвлэл мэдээллийнхэн Ерөнхий сайдад ил тод нээлттэй ярилцлага хийх шаардлага тавьж, нэгдэж эхэлсэн юм.
🏛️ Саарал ордон дотор
Харин ордон дотор жагсагчдын шаардлагыг эрх баригчид өөр өөрийн арга, гаргалгаагаар хариулах гэж оролдож эхлэв. Тухайлбал, Даваа гарагт Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч уулзаж, Ерөнхий сайдыг ажлаа өг эсвэл хамтарсан ЗГ-аас АН, ХҮН намыг гарга хэмээсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс өнөөдөр 15 цагаас намын удирдах зөвлөлөө хуралдуулахаар болов. Хурлын гол агуулга нь Ерөнхий сайдын бус хамтарсан ЗГ-ын ирээдүйг шийдэх.
😴 Том зургаараа: Ерөнхий сайд огцрох эсэх нь түүний өөрийн хүсэлт эсвэл намын хүсэлтээс л хамаарах буюу аль нэг нь байхгүй бол огцрохгүй нь. Өөрөөр бол Ерөнхий сайдыг огцруулах эрхтэй УИХ-ын гишүүдийн дийлэнх нь түүнийг өмөөрсөн, нэмээд гүйцэтгэх засаглал тогтвортой байх ёстой гэх санааг удаа дараа илэрхийлж байна.
Эцэст нь… МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэхгүй гэх яриа гарсан. Нэг намын эрх мэдэл, төвлөрлийг хязгаарлах иргэдийн итгэлээр УИХ-д суудалтай болсон АН, ХҮН намын дарга нар Ерөнхий сайдыг цээжээрээ хамгаалаад байдаг. Залуусын жагсаалын дүнд Ерөнхий сайд огцрох биш ЗГ-ын АН, ХҮН намын гишүүд хаягдаад дуусах вий дээ. Ядаж байхад жагсаалыг самрах оролдлогууд нэмэгдсээр…

🛰️ ONDO Space олон улсын сансрын технологийн акселератор хөтөлбөрт шалгарлаа. (Washington Technology)
🙎 Ипотекийн зээл олголт ер нь юу болж байна вэ? (Ikon)
🦔 Nvidia-н технологи, улс төр, ЭЗ-ийн сорилтуудыг даван туулах стратеги. (Stratechery)
🍽️ Ресторанд тухлан сууж зооглодог соёл алга болох уу? (FoodAndWine)

📈 Түүхэн дээд үнэ $TXNM
TXNM: Хөрөнгө оруулалтын томоохон фирмүүдийн нэг Blackstone (BX) Америкийн эрчим хүч үйлдвэрлэгч TXNM Energy-н нэгж хувьцааг $61.3-оор худалдан авахаар тохиролцжээ. Улмаар өчигдрийн буюу 5 сарын 20-ны арилжаагаар TXNM Energy-н нэгж хувьцааны үнэ 1 өдрийн дотор 7% өсөж, түүхэн дээд үнэ болох $56.6-т хүрээд байна. Хэлцлийн нийт дүн нь компанийн өрийг оруулан $11.5 тэрбумаар үнэлж, худалдан авалт нь 2026 оны II хагаст дуусах аж.

🥁🏛️ Бондын захын их хуралдай
Мандал Ассет Менежмент ХХК бондын зах зээлийн хөрөнгө оруулагчид, идэвхжилтийг дэмжих зорилгоор “Бондын захын их хуралдай 2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 📢
Тус их хуралдайд очсоноор эрсдэлийн удирдлага, зах зээлийн судалгаанд суурилан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг багтай ярилцах, мөн санхүүгийн зах зээлд 10+ жил ажилласан менежерүүдийн зах зээлийг харах өнцөгтэй танилцахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын багцаа хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө авах боломж бүрдэх юм.
📞 Холбогдох: 8875-3038, 8689-7379

🇨🇳 Нүүрсний ширүүн ривал

Өнгөрсөн онд урд хөрш Хятад 4.8 тэрбум тн түүхий нүүрс олборлогдсон нь 2023 оноос 1.3% өссөн дүн болжээ. Тус олборлолтын 54% нь Өвөр Монгол болон Шаньсигийн бүс нутагт хийгдсэн аж. Тэгвэл энэ ривал өрсөлдөөнд хэн нь давамгайлав?
👑 Ривалын тухайд
Өвөр Монгол болон Шаньси бүс нутгуудын хоорондох ривал дэндүү өрсөлдөөнтэй. Тухайлбал, сүүлийн 15 жилийн 10-т нь Өвөр Монгол, үлдсэн 6-д нь Шаньси тэргүүлсэн. 2020 оноос хойш тэргүүллээ алдсан Өвөр Монгол 2024 онд 1.3 тэрбум тн нүүрс олборлосноор дахин титмээ авлаа. Харин Шаньсигийн хувьд 1.27 тэрбум тн нүүрс олборлосон нь удаах байр луу шилжихэд хүргэсэн аж.
⛏️ #1 Өвөр Монголын тэргүүлэл
Өвөр Монгол 2023 онд 1.2 тэрбум тн нүүрс олборлосон бол 2024 онд энэ тоо 5.4% буюу 66 сая тн-оор нэмэгджээ. Түүнчлэн нийт олборлолтын 88.3% нь Ордос, Шилийн гол, Хөлөнбуйр нутгаас бүрдсэн аж. Эдгээр нутаг дахь олборлолт дангаараа Хятадын нүүрс олборлолтын 24.1% гэнэ. Мөн Өвөр Монголын мэдэгдэж буй нүүрсний нөөц 546.6 тэрбум тн бөгөөд энэ Хятадын нийт нөөцийн 1/3 тэнцэх дүн ажээ.
🤔 Сонирхуулахад: Монгол Улсын батлагдсан нүүрсний нөөц 32.6 тэрбум тн, илрүүлэх боломжтой нь 150 тэрбум тн. Нийт 182.6 тэрбум тн нөөцтэй гэж тооцогддог нь Өвөр Монголын нөөцөөс 3 дахин бага дүн юм.
🛑 Шаньсигийн амжилт зогсов
Уул шугамдаа Шаньсигийн хувьд 1.3 тэрбум тн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан ч биелүүлж чадсангүй. Ингэснээр нүүрсний олборлолт 2023 оноос 0.09 тэрбум тн бага буюу 6.9% буурсан аж. Нөгөө талаар Хятадын ЗГ-с хэрэгжүүлдэг 14 дахь 5 жилийн төлөвлөгөөтэй энэ бууралт нийцэх бөгөөд Шаньси мужийн 2021-2025 оны нүүрсний олборлолтыг жилд 1 тэрбум тн-оос хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.
Цаашид… Энэ оны эхний 2 сард Шаньси 214.2 сая тн, Өвөр Монгол 207.1 сая тн нүүрс олборлосон ч 3-р сар гараад Өвөр Монгол түүхэн амжилт тогтоож тэргүүллээ эргүүлж авсан. Урьд цагт жилээр хэмжигддэг байсан өрсөлдөөн одоо сараар хэмжигдэх болсон нь нүүрсний хэрэглээ буурах болоогүйг илтгэх мэт.

Бяцхан кейс задлан 💡
Асуудал: … компани онлайн худалдааны платформ ажиллуулаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тэдний бизнес өрсөлдөгчид ихтэй болохын хэрээр зах зээлд эзлэх байр суурь нь хумигдаж байв.
Шийдэл: Компани зах зээлээ тэлэх зорилгоор хэрэглэгчдийн сонирхон шохоорхож буй трендийг судалсны үндсэн дээр “Capsule wardrobe” буюу цөөн тооны чанартай, хоорондоо хослуулж өмсөх боломжтой үндсэн хувцасны цуглуулга гаргав.
Тэдний боловсруулсан шийдэл хэр амжилттай хэрэгжих бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

🌌💳 Дахин давтагдашгүй Universe карт
Сюрприз! Голомт банк (GLMT) 30 жилийн ойгоо тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа танилцуулжээ. 📢
Энэ картаар дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо саадгүй хийхийн сацуу олон гайхалтай боломжуудыг эдлэх юм.
🕹️ Онцолбол, Universe картын хүрээнд тус банк Монголд анх удаа VVIP зэрэглэлийн кредит карт нэвтрүүлсэн бөгөөд энэ картыг эзэмшигчид өөрийн картаас гадна гэр бүлийн гишүүддээ дэд кредит карт захиалан авах боломжтой болжээ.
✨ Царайлаг: Тус картууд нь орчин үеийн босоо загвартай бөгөөд элементүүд нь гэрэлд тодрон гялалзахын зэрэгцээ гарт мэдрэгдэх Notch технологийн ховилтой шүү. Догь оо догь.
Гэснээс, ЭНД дарж Universe картуудаар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой лояалти байгууллагуудтай танилцаарай.

France24
🍋 Франц Улс “Choose France” бизнесийн чуулга уулзалтаар €37 тэрбум хөрөнгө оруулалт татахаар боллоо. Үүний 54% буюу €20 тэрбум нь тэр чигтээ AI салбарт зориулагдах бол үлдсэн нь батлан хамгаалах, эрчим хүч, аж үйлдвэр тэргүүтэй салбаруудад зарцуулагдах аж. Хөрөнгө оруулагчдаас дурдвал, Prologis (PLD) €6.4 тэрбум, Revolut €1 тэрбумыг цутгахаа амлаад буй.
🍋 Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны I улиралд нийт 25,094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгожээ. Энэ нь нийт виз, визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн иргэдийн 98.1% юм. Харин цахимаар виз хүссэн нийт иргэдийн 87% буюу 53 орны 16,930 иргэнд цахим виз олгожээ. Үүний 89% буюу 15,135 нь Хятад, дараагаар нь Тайван, Энэтхэгийн иргэд байна.
🍋 Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулна. Тус лабораторийг ашиглан цацрагийн түвшин болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судалж иргэдэд мэдээлэх нь. Ингэхдээ иргэний нийгэм, ТББ, шинжлэх ухааны мэргэжилтнүүд болон орон нутгийн төлөөллөөс бүрдэх “Оролцогч талуудын зөвлөл”-ийг байгуулах аж.
🍋 Биотехнологийн компани Regeneron Pharmaceuticals (REGN) 23andMe (ME)-г $256 саяар худалдан авна. Үүгээр үндсэн хөрөнгүүдийг худалдаж авах бөгөөд 23andMe-н хувьд хэрэглэгчдэд зориулсан ДНХ шинжилгээний үйлчилгээгээ үзүүлсээр байх юм. $ME-н хэлж буйгаар тэдний сая сая хэрэглэгчдийн 84% нь мэдээллээ судалгаанд ашиглах зөвшөөрөл өгсөн тул энэ боломжийг ашиглахаар төлөвлөжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply