• Lemon Press
  • Posts
  • 🫤 Тэр алсраад байгаа юм юу вэ? Аан ардчилал л байна… 

🫤 Тэр алсраад байгаа юм юу вэ? Аан ардчилал л байна… 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого | Ногдол ашиг тараана, тараахгүй | Ардчиллын индекс

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Монголын ЗГ E-Mongolia-р дамжуулан “Global Government Excellence Award” шагнал хүртлээ. Манай E-Mongolia-г дэлхий хүртэл үнэлж байгаа бололтой шүү. 🏅

*Нэг өдрийн өөрчлөлт

ADB: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн захиалга эхний өдрөө 32.2%-д хүрлээ

MSE: Мик холдинг ХК (MIK) ногдол ашиг тараахгүй. Харин Голомт банк ХК (GLMT) нийт ₮72.8 тэрбумын ногдол ашиг хуваарилна

MDDC: ЦХХХЯ болон АНЭУ хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллана.

🤳 Монголын үүрэн утас хэрэглэгч = 5 сая

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өмнөх оноос 21.8% өсөж анх удаа ₮2 их наядыг давлаа

Орлогоо яаж өсгөөд байна? 

Түүх сөхөхөд 1960 онд тус салбарын орлого ₮12 сая л байж. Өссөөр, өссөөр 2018 онд анх удаа ₮1 их наядын босгыг давж байсан бол тухайн үеэс хойш 5 жилийн дотор 1.9 дахин өсөж ₮2 их наядын өндөрлөгт гараад байна. Учир нь, 

  • Хөгжлийн пуужин: 2008 оны 10-р сард хамгийн анхны андройд системтэй ухаалаг гар утас гарснаас хойш мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил мэлхийн хурднаас туулайн хурд руу шилжсэн. Одоо Монголын мэдээлэл, харилцаа холбооныхон л гэхэд 4 орлогын эх үүсвэртэй байна. 

  • Хар мянган хэрэглэгч: Бид 3.5 сая хүн амтай ч гар утас идэвхтэй хэрэглэгчдийн тоо 5 сая дөхсөн. Өөрөөр хэлбэл, гар утас идэвхтэй хэрэглэгчдийн давхардсан тоо 4.9 сая байгаа юм. Тэгэхээр 1 хүнд дунджаар 1.4 гар утас ногдоно гэсэн үг. Мөн кабелийн телевизийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо жилийн өмнөхөөсөө 8.2% нэмэгдэж 1.1 саяд хүрчээ. 

Орлогын бүтэц

Нийт ₮2.1 их наядын орлогын 73.9%-ийг цахилгаан холбооны орлого дангаараа бүрдүүлсэн юм. Тэр дундаа утасгүй холбооны орлого нийт орлогын 55.3%-ийг бүрдүүлсэн аж. Үүнээс тус салбарт үүрэн холбооны операторуудын нөлөө өндөр байгааг харж болохоор. Харин компьютер программчлалд холбогдох орлого 10.5% бүрдүүлсэн ч тус төрлийн орлогын хэмжээ жилийн өмнөхөөсөө хамгийн ихээр буюу 70.3% өсөж ₮222 тэрбумд хүрэв. 

  • Бүсээрээ: Нийт орлогын 81%-ийг зөвхөн Улаанбаатараас төвлөрүүлж буй. Харин 7%-ийг төвийн бүсээс төвлөрүүлсэн бол үлдсэн 12%-ийг л бусад 3 бүсийн орлого бүрдүүлсэн байна. 

Эцэст нь, мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд инновац, технологийн дэвшил чухал нөлөөтэй. Хэдэн операторынхан л шинэ содон үйлчилгээ, 5G нэвтрүүлэх гээд үзэж тарж байгаа харагдана. Одоо тус салбарт шинэ төрлийн технологийн үйлчилгээ дутагдаж байх шиг. 

📱 Эхний жилийн тайлан ашигтай

MOST: МОСТ Финтек ХК 2023 онд ₮169.8 саяын ашигтай ажиллалаа. Үүнд компанийн борлуулалтын орлого 17.5% өсөж ₮1.7 тэрбум, борлуулалтын өртөг 25.9% буурч ₮91.1 саяд хүрсэн нь нөлөөлөв. Улмаар нийт хөрөнгө нь 73.8% нэмэгдэж ₮16.7 тэрбумд хүрчээ. Харин P/B 1.7, эздийн өмчийн өгөөж 1.5%, P/E 140.1-тай гарлаа. Мөн тэд 2023 оны байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 17.4% буюу ₮1 тэрбумыг зарцуулаад байна.

🫤 Тэр алсраад байгаа юм юу вэ? Аан ардчилал л байна… 

2023 оны Ардчиллын индекс танилцуулагдав. Үр дүн нь ямар байв гэж үү? Дэлхий нийтээр ахисан юм багатай, ардчиллаас авторитар дэглэм рүү гулссан үр дүнтэй тайлан л гарсан байна даа.

  • Тайлан: Ардчиллын индексийг гаргахдаа 167 орныг 5 шалгуурт тулгуурлан 10 хүртэлх оноогоор үнэлж гаргадаг. 

XXI зууны зөрчил, мөргөлдөөний мөчлөг  

Дэлхий даяар ердөө 24 улсад л бодит ардчилал оршин тогтнож байна. Харин үлдсэн хэсэгт нь ардчилал нь гажуудсан, авторитар дэглэмтэй холилдсон, авторитар дэглэмтэй улсууд багтаж буй. Цаашлаад нэг л сайн бол сайн, нэг л муу бол муу гэсэн шиг ардчиллын индексэд тэргүүлсэн 5 улс болон сүүл мушгисан 5 улсын байр 2022 оноос огтхон ч өөрчлөгдсөнгүй. Сонирхуулахад, 

  • Өнгөлөн далдлалт: Дэлхийн хүн амын 45.4% нь ямар нэгэн байдлаар ардчилсан гэгдэх оронд амьдарч байгаа ч бодит ардчилалтай орны иргэд ердөө 7.8%. Харин зоосны нөгөө талд авторитар дэглэмийн дор 39.4% нь амьдарч байна. 

  • Хар хонь: Тайвань бол дээр дурдсан бодит ардчилалтай 24 улсын нэг. Хятадын Тайвань гэгдэж гаднаас асар их дарамт, шахалт авдаг ч дотооддоо бол ардчиллын амин сүнсээ хадгалсаар. 

  • Уруудах трэндтэй: Хэрэв та Америкийг бодит ардчилалтай орон гэж боддог бол том эндүүрч байна шүү. Тэд 2016 онд бодит ардчиллаас гажуудсан ардчилал руу гулссанаас хойш оноо нь тасралтгүй л буураад байгаа. 

Монгол: Өөрчлөгдөж харуулах уу, гэхдээ муугаар

Монголын ардчиллын оноо 6.48. Үүнээс ЗГ-ын үйл ажиллагааны шалгуурт 5.71, улс төрийн соёлынход 5.63 буюу хамгийн муу оноог тус тус авсан. Үгүй тэгээд үүнийг бол гаднын индексээр хэлүүлэлтгүй бид өдөр тутмын амьдралаараа мэдэрч байгаа даа. Эрх баригчдын төгсгөл нь үл харагдах уялдаа холбоогүй шийдвэрүүд, нэг сайдын 4 жилийн бүрэн эрхтэй хамт бүхэл бүтэн салбарын бодлого солигддог гээд цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй юу? Сануулахад Монголын оноо сүүлийн 10 жил алгуурхан уруудсаар л байгаа нь ер нь бид ямар оронд амьдарч байгаа билээ гэж эргэлзүүлэхээр. 

Эцэст нь… Ганц Монголд ч биш дэлхий даяар л ардчилал алсарсаар байна. Ядаж байхад энэ жил дэлхийн хүн амын талаас илүү хувь нь сонгууль өгнө. Ардчилсан нэртэй л болохоос авторитар дэглэмтэй холилдсон, гажуудсан ардчилал хаа сайгүй. Сонголтгүй сонгуулиуд айсуй яана даа…

Санхүүгийн түүхийн мэдлэгээ шалгах цаг ирлээ. 

Дэлхийн хамгийн анх IPO хийн нээлттэй хувьцаат компани болсон нь аль нь вэ? 

A. British East India Company
B. Dutch East India Company
C. Hudson's Bay Company
D. Massachusetts Bay Company

DreamCubator

🔹Өнгөрсөн сард бүх төрлийн тээврээр 11.5 сая зорчигч, 10.2 сая тн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр энэ онд 147.7 сая зорчигч тээвэрлэх зорилтын 7.8%, 120 сая тн ачааны 8.5%-ийг биелэв. Сонирхуулахад, агаарын тээврээр тус сард зорчсон зорчигчдын 29% нь Сөүл, 15% нь Бээжин, 8.3% нь Фукуок чиглэлд зорчжээ.

🔹Ард Кредит ББСБ ХК (ADB) нэгж хувьцаанд ₮2.8-ийн ногдол ашиг олгоно. Тодруулбал, тэд ашгийнхаа 37.5% буюу ₮1.1 тэрбумыг ирэх 7 сарын 4-нд ногдол ашиг болгон тараах аж. Ингэснээр тэд төлөлтийн өдрөө тодорхой зарласан анхны хувьцаат компаниудын нэг боллоо. Гэснээс ногдол ашгийн өгөөж нь 2.6% шүү.

🔹Богд Банк ХК (BOGD) ₮5.3 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаагаа халаасална. Тус банк хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор эргэлтэд гаргасан хувьцааны 5% хүрэхгүй буюу 62.5 сая ширхэг хувьцааг ₮85-өөр худалдаж авах юм. Өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь ₮83.1 дээр хаагдав.

🔹Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн ашиг 2023 онд 72.6% буурч ₮106.6 саяд хүрэв. Хэдий тэдний борлуулалтын орлого 21.2% өсөж ₮8.3 тэрбумд хүрсэн ч бусад үйл ажиллагааны алдагдал 26 дахин нэмэгдэж ₮1 тэрбумд хүрээд буй. Улмаар P/E харьцаа 991.7, эздийн өмч -₮2.4 тэрбум болжээ.

🔹 М-Си-Эс Холдинг ХХК нь Юбикаб ХХК-ийг эзэмшээгүй. 2020 онд М-Си-Эс Венчерс нь Юбикаб-д хөрөнгө оруулсан байна. Харин эцсийн өмчлөгчийн талаар М-Си-Эс Холдинг ХХК-иас тодруулахад, компанийн эцсийн өмчлөгчөөр заавал хувь хүн бүртгүүлэх шаардлагаас үүдэн М-Си-Эс Венчерс ХХК-ийн шууд бус өмчлөгч Ж.Оджаргал бүртгэгдсэн аж.

  • Ээ: Apple-н Vision Pro-г худалдаж авсан хүмүүс буцаагаад байна гэнэ ээ. (TheVerge)

  • Сонирх: Стартапуудад зориулсан вебинар. (StartUpGermany)

  • Үз: Anonymous хакерын үүсэл. (VICENews)

  • Сонс: Green Job гэж юу вэ? (WorldBank)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.