• Lemon Press
  • Posts
  • 🎂 Биткойн бүтээгчийн төрсөн өдөр

🎂 Биткойн бүтээгчийн төрсөн өдөр

Хятадын "Бүс ба Зам" санаачилга болон АХБ-ны "Азийн хөгжлийн төлөв" тайланг тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд! Домгийн шувуу үргээж Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болох ХААН банкны IPO эхэлж байна. ₮1.8 их наядаар үнэлэгдэж ₮183.4 тэрбумыг татах нүсэр IPO болно.

Бид юу гэж зүгээр байх вэ, уншигч нартаа зориулан энэ Бямба гарагт зөвхөн ХААН банкны IPO талаар тусгай дугаар хүргэнэ шүү.

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: “Инвескор бонд 2.0” өрийн хэрэгслийн III транчийн анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж 87.1%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа.

ISR: Израилын төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж 4.5% болгосон нь 2008 оноос хойших түүхэн дээд түвшин юм.

AFCCP: ШӨХТГ Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дотоодын ачаа тээврийн 16, зорчигч тээврийн 2 бүлгийн үнэ, тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгожээ.

RUS: Орост юанийн арилжааны идэвх долларынхоос илүү гарч 3-р сард хамгийн их арилжаалагдсан валютаар тодров.

‼️ Эдийн засаг өснө

Азийн Хөгжлийн Банкны жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланд дурдсанаар Монголын эдийн засаг 2023 онд 5.4%, 2024 онд 6.1% тус тус өсөх төлөвтэй байна.

🔦 Хятадын сэргэлтийн тусгал

Өнгөрсөн онд 3% өссөн Хятадын эдийн засаг сэргэж энэ онд 5%, 2024 онд 4.5% тус тус өсөхөөр байгаа нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжиж буй. Энэхүү сэргэлтийн гэрэл нь бүс нутгийн хөгжиж буй орнуудын хэтийн төлөвийг сайжруулах төлөвтэй байна. Тодруулбал, бүс нутгийн ЭЗ-ийн өсөлт энэ онд 4.8%-д хүрэх бөгөөд Өмнөд Азийн орнууд бусдаас илүү хурдан өсөхөөр байгаа аж.

  • Инфляц буурна: Түүнчлэн инфляц ирэх жилүүдэд багасаж, цар тахлын өмнөх түвшинд аажмаар ойртох төлөвтэй байгаа юм. Өөрөөр бол бүс нутгийн ерөнхий инфляц 2022 онд 4.4% байсан бол энэ онд 4.2%, 2024 онд 3.3% болж буурахаар байна. 

Монголын хувьд

Монголын инфляц 2008 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, урсгал тэнцлийн алдагдал нэмэгдсээр байгаа ч 2023, 2024 онд экспорт сэргэж, гаднын нөлөөлөл багасах тусам ЭЗ-ийн өсөлт хурдсахаар байгаа аж. Цаашлаад,

  • Инфляц: Нийлүүлэлтийн шок, тасалдал багасаж инфляцын дундаж түвшин 2023 онд 10.9%, 2024 онд 8.7% болж буурах ч төгрөгийн сулрал, дотоод эрэлт сэргэснээс шалтгаалан Төв банкны зорилтот 6%-иас давсан хэвээр байх нь ээ.

  • Төлөв: Нэмж дурдахад манай төсвийн бодлого тэлэх хандлагатай хэвээр байх гэнэ. 2023 оны төсөвт ХО-ын зардал 24.5% өссөн бол 2024 онд уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцэн ЗГ зардлаа өсгөхөөр төлөвлөж байгаа аж.

Эцэст нь… Заа, тэгээд Монголын тогтвортой өсөлтийг хангахын ХО-ын орчны иж бүрэн шинэчлэлийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ дээ. Манай ЗГ энэ асуудал дээр гадаадын ХО, худалдааг дэмжих агентлаг байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулсан. Ажил нь дорвитой байдаг байгаа?

🚗 Up!

GM: General Motors-н Америк дахь I улирлын борлуулалт жилийн өмнөхөөсөө 17.6% өсөж 600,000 гаруй автомашин нийлүүлсэн байна. Улмаар тэдний автомашины зах зээлд эзлэх хувь нь 1.5% нэмэгдсэн аж. Түүнчлэн General Motors 2023 оны эхний хагаст 50,000 цахилгаан машин үйлдвэрлэж, оны сүүлийн хагаст энэ тоогоо 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлав. Тэгэхээр компанийн цахилгаан автомашины борлуулалт ирэх жилүүдэд эрс өсөх нь ээ.

☝️ Бүс ба Зам

AidData-с гаргасан судалгаагаар Хятад 2008-2021 онд хөгжиж буй 22 орнуудад нийт $240 тэрбумын зээл олгожээ. Улмаар Хятадын 2010 онд гадаад зээлийнх нь 5%-ийг эзэлдэг байсан тусламжийн зээл 2022 онд 60% болж өссөн байна.

Юун зээл?

Хятадын тусламжийн зээлийнх нь 80% гаруй нь сүүлийн 6 жил буюу 2016-2021 оны хооронд олгогдсон. Энэхүү зээлээ голчлон дундаж орлоготой Аргентин, Монгол, Пакистан зэрэг орнуудыг хамруулжээ. Нийт зээлдүүлсэн гэх $240 тэрбумын $170 тэрбум нь Хятадын Төв банкны своп хэлцлээр хийгдсэн. Харин үлдсэн $70 тэрбумыг Хятадын төрийн өмчит банкнууд, ААН-үүд зээлсэн аж. Задалъя,

  • Бүс & Зам: Хятад 2013 оноос “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлж үүндээ $1 их наядыг зарцуулсан.

  • Ялгаа: Уг тусламжийн зээлийн онцлог нь зөвхөн "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн орнуудад л зээл өгөх юм. Түүнчлэн зээлийг ил тодоор тайлагнадаггүй болохоор бүх юм хөшигний цаана л явагддаг.

  • Зээлийн хүү: Тус судалгаанд дурдсанаар уг зээлийн хүү нь харьцангуй өндөр буюу 5% байдаг аж. Гэтэл ОУВС-гийнх 2% л байх жишээний.

  • Өрийн хавх: Гол нь энэ их хэмжээний мөнгийг тэд зээлдэгч орнуудад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох нисэх онгоцны буудал, төмөр зам барьж өгөхөд зарцуулдаг. Харин эсрэг талд зээлдэгч орон зээлээ төлж чадахгүйд хүрвэл өрийн хавханд унах эрсдэл үүсгэж байна гэж тус санаачилгыг барууныхан шүүмжилдэг.

Ирэх 5 жилд

2021 онд “Бүс ба Зам” санаачилгын санхүүжилт 13 жилийн хугацаанд анх удаа хамгийн доод түвшинд хүрсэн. Гэсэн ч Ши Жиньпин өнгөрсөн 10-р сард 3 дахь удаагаа дахин сонгогдож Хятад "Өөрийн хөгжлөөрөө дэлхийд шинэ боломжуудыг бий болгоно” гэдгээ зарлаад буй. Тэгэхээр "Бүс ба Зам" санаачилга гадаад харилцааных нь чухал төслүүдийн нэг байна л гэсэн үг.

  • Бизнес хөгжлийн менежер / Тэсо Групп: Шинэ бизнесийн судалгаа хийх, төслийн хэрэгжилт, өөрчлөлтийг удирдаад явах сонирхолтой хүн байвал уян хатан ажлын цагтай хуримтлалын сантай группт ажиллах боломжтой. 👉 (Link)

  • Ахлах нягтлан бодогч / Гурван Билэг Констракшн: Тэдний санхүү, нягтлан бодох бүртгэлийг нь базаж чадах банк, санхүүгийн чиглэлээр 2-с дээш жил ажилласан залууст тэдний хаалга нээлттэй. 👉 (Link)

  • Ахлах санхүүгийн шинжээч / MSM Групп: Тэд санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтийн чиглэлээр магистрын зэрэгтэй банк, санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан залууст хамгийн багадаа ₮5 саяын цалинг санал болгож байна. 👉 (Link)

Цэнхэр алт, цэнгэг усны менежмент

Бид жилд хэр их ус ашигладгийг та мэдэх үү? 🤓

2022 онд бид 606.2 сая м³ ус ашигласнаас хамгийн их буюу 38%-ийг мал аж ахуйд, 25%-ийг газар тариаланд ашигласан бол уул уурхайн салбарт ердөө 15%-ийг зарцуулсан байна.

Уул уурхайн салбар бага ус зарцуулж их төлбөр төлдөг аж. Учир нь 2021 онд усны нөөц ашигласны төлбөрт нийт ₮48.1 тэрбум төвлөрснөөс ₮44.5 тэрбум буюу 92.5% нь уул уурхайн салбараас байжээ.

Дээрхээс уул уурхайн салбар усны менежментийг сайн хэрэгжүүлдгийг харж болох ба Оюу толгой ХХК гэхэд барилга, үйлдвэрлэлийнхээ бүх үе шатанд хамгийн бага ус ашиглахыг зорьж, усны нөөцийг хамгаалах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг гэнэ шүү.

За тэгээд 5 сарын 27-нд болох Улаанбаатар марафоны үеэр Оюу толгой ХХК-ийн “Гүнээсээ хайрлая” аяны асарт зочлон тэдний усны менежментийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

🔹Өнөөдөр Биткойны (BTC) нууцлаг бүтээгч Сатоши Накамотогийн төрсөн өдөр тохиож байна. Анхны Биткойны олборлолт 2009 оны 1 сарын 3-нд тус бүтээгчийн нэрээр хийгдэж байсан. Одоог хүртэл тус нэрийн ард 1 хүн эсвэл бүлэг хүмүүс байдаг эсэхийг хэн ч мэддэггүй.

🔹ByteDance Lemon8 нэртэй платформыг эхлүүлжээ. Энэ нь амьдралын хэв маягийг харуулсан Pinterest & Instagram-н холимог платформ бөгөөд Америкийн App Store-н шилдэг жагсаалтад ороод буй. Түүнчлэн Lemon8 дэлхий даяар 16 сая удаа татагдсаны 38%-ийг Япон эзэлж байгаа аж.

🔹Petro Matad (MATD.L) Монголоос газрын тос олборлоно. Тэд 200 сая баррель газрын тос олборлох “Velociraptor 1” цооногийн өрөмдлөгөө 6-р сараас эхлүүлэх аж. Түүнчлэн Petro Matad болон ЗГ хоорондын 2023 оны хайгуулын сонгон шалгаруулалтын хэлэлцээр эхэлсэн байна.

🔹EY Германд аудит хийхгүй. Германы аудиторын хяналтын байгууллага EY-г Wirecard (WDI.HM)-н залилангийн гэмт хэргийг илрүүлж чадаагүй, нуун далдлахад хамтран оролцсон гэж үзжээ. Улмаар Wirecard-г $544 мянгаар торгож, EY-н Германы компаниудад аудит хийх эрхийг 2 жилээр хориглолоо.

🔹WWE (WWE) UFC-тэй нэгдэнэ. Тодруулбал World Wrestling Entertainment нь өрсөлдөгч UFC-н толгой компани болох Endeavour групптэй нэгдэж олон нийтэд нээлттэй, $21 тэрбумын үнэлгээтэй компани байгуулж байна. Шинэ компанийн 51%-ийг Endeavour, 49%-ийг WWE эзэмших юм.

За товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгана шүү. Зөвийг нь олоорой. 🤓 

A. Хятад “Бүс ба Зам” санаачилгад нийт $1.5 их наядыг зарцуулсан.

B. EY Германд аудит хийнэ.

C. General Motors-н I улирлын борлуулалт жилийн өмнөхөөсөө 17.6% өсөв.

  • Унш: Google болон DeepMind хамтран OpenAI-тай өрсөлдөх AI-г хөгжүүлнэ. (TheInformation)

  • Мэд: Гар утас бидний тархийг хэрхэн өөрчлөв? (BBC)

  • Сонирх: Америк хүнийг гэртээ байлгах хөтөлбөр. (PeaceCorpsMongolia)

  • Юу? Цахим хариуцлагын нягтлан бодох бүртгэл. (HBR)

Зөв хариулт C. General Motors-н I улирлын борлуулалт жилийн өмнөхөөсөө 17.6% өсөв.

Reply

or to participate.