- Lemon Press
- Posts
- 🏦 Хөрөнгийн зах зээлийн хагас жил
🏦 Хөрөнгийн зах зээлийн хагас жил
Америкийн өр | 148% өссөн ашиг | 20 минутын хот
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ! Capital Markets Mongolia компани ХК-иудын тайланг хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогч талуудад танилцуулах зорилгоор “Earnings Call”-г зохион байгуулагдаж буй. Өчигдөр ХААН Банкны “Earnings Call” болж компани цэвэр ашгийнхаа 40%-иас багагүйг ногдол ашиг болгож тараахаа мэдэгдсэн. Энэ бол сайн жишиг шүү. 🔥
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс 50 мянган нэгжийг давж түүхэн дээд түвшинд очлоо.
BOJ: Өчигдөр Японы төв банк бодлогын хүүгээ 0-0.1%-иас 0.25% болгон өсгөснөөр 2007 оноос хойш анх удаа 1 жилийн дотор 2 удаа дараалан өсгөсөн тохиолдол болов.
GS: Goldman Sachs ХНС энэ онд бодлогын хүүг бууруулахгүй гэсэн таамаглалаа өөрчилж, 2 удаа бууруулах төлөвтэй байгаа гэв.
Өчигдөр болсон ЗГ-ын ээлжит хуралдаанаар “20 минутын хот” концептын хүрээнд хэрэгжүүлэх 5 төслийг танилцууллаа. Үүнд,
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг өөрчилж Зайсан амнаас Өвөр Зайсангийн амны чиглэлд 5.6 км урт, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ авто зам бүхий туннелэн байгууламж барих,
“Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламжийг Туул гол, Туулын хурдны зам дээгүүр 6 эгнээ, 2 урсгалтай, 900 м хос цамхаг тулгууртай барьж Богд хан уулын туннелтэй холбох,
Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Кувейтийн судалгааны төвийн ойролцоо 4,400 га газарт барих,
Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хүрээнд метроны төсөлтэй уялдуулж Богдхан уулыг тойрсон Хөнгөн галт тэрэгний шугам төслийг хэрэгжүүлэх ажлууд багтаад буй.
🏦 Хөрөнгийн зах зээлийн хагас жил
Монголын Хөрөнгийн Бирж (MSE) хагас жилийн тоймоо танилцууллаа. Юу болж өнгөрөв? Манай хөрөнгийн зах зээл хөгжөөд байна уу, доройтоод байна уу?
✈️ Өргөжин тэлжээ
Өчигдрийн байдлаар бол манай ТОП-20 индекс түүхэнд дээд түвшинд очоод байна. Харин энэ оны хагас жилийн эцэст бол жилийн өмнөхөөсөө 16.4% өсөж 42,940.8 нэгжид хүрсэн. Тэгэхээр том зургаараа бол энэ оны эхний хагас жилд,
Ногоон = 85, Улаан = 49: Нийтдээ ₮797.1 тэрбумын арилжаа явагдсан нь өнгөрсөн жилийнхээс 55% нэмэгдсэн дүн. Гэхдээ энэ нь Нийслэл бондын ₮500 тэрбум орсон дүн гэхээр яг үнэндээ хувьцааны арилжааны өсөлт биш гэсэн үг. Энэ арилжааны дүнд нийт 85 компанийн хувьцааны үнэ өссөн бол 49 компанийнх унаж, 2 компанийн хувьцааны үнэд өөрчлөлт ороогүй байна.
🎖️ Идэвх сайтууд: Түүнчлэн энэ оны эхний хагаст хамгийн идэвхтэй арилжигдсан ТОП-10 үнэт цаасны арилжааны дүн нийт арилжааны 16.2%-ийг бүрдүүлсэн байна. Говь (GOV) арилжааны идэвхээрээ тэргүүлж байгаа нь компанийн нийт хувьцааны 33%-ийн арилжаатай холбоотой.
📉 Үнэ нь яаж хөдлөв? Харин идэвхтэй арилжигдсан үнэт цааснуудын эхний хагас жилийн хувьцааны үнийн хөдөлгөөнийг харвал зөвхөн 4 компанийн хувьцааны үнэ өссөн бол тэргүүлсэн Говийнх 4.4%, удаалсан ХААН Банк (KHAN)-ных 15.5% тус тус унасан байна.
🐣 Шинэ бүтээгдэхүүн
Эхний хагас жилд манай хөрөнгийн зах зээл дээр 1 IPO, 1 FPO, 1 ХБҮЦ, 2 бонд шинээр мэндэлсэн билээ. Эдгээрүүд нийтдээ ₮579.1 тэрбумыг татан төвлөрүүлсэн аж. Мэдээж үүний ₮500 тэрбум нь манай Нийслэлийн бонд. Түүнчлэн МХБ дараагийн тайлант хугацаанд ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээл дээр ороход тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг багасгах чиглэлээр холбогдох журмуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж буй.
Эцэст нь… Манай зах зээл жил ирэх тусам л тэлж буй. Цаашид ч ТОП-100 компанийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэмэгдэх нь. Харин одоо байгаа компаниуд маань жижиг хөрөнгө оруулагчдынхаа ашиг сонирхлыг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй байна даа.
🔥 Ашиг 148% өсөв
MNDL: Мандал Даатгал ХК энэ оны эхний хагас жилд ₮4.3 тэрбумын ашигтай ажиллалаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 148.7% өссөн үзүүлэлт юм. Учир нь тэдний даатгалын хураамжийн орлого нэмэгдэж, нөхөн төлбөрийн цэвэр зардал нь буурсан байна. Түүнчлэн компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 14.2% өсөж ₮77.8-т хүрээд буй.
💲 Америкийн өр нэмэгдсээр
Өнгөрсөн Даваа гарагт Америкийн улсын нийт өр түүхэндээ анх удаа $35 их наядын босгыг давжээ. Яагаад ийм их өртэй болов?
🆙 Тасралтгүй өсөлт
Улсын өрийн үлдэгдэл гэнэтхэн л $30 их наяд гарчхаагүй нь тодорхой. Тодруулбал, өнгөрсөн оны 9-р сард Америкийн өр $33 их наядыг, харин энэ оны эхээр $34 их наядыг давснаар түүхэн дээд түвшинд хүрч байсан. Ер нь л өрийн хэмжээ сүүлийн 10 жилд тасралтгүй өссөн байна. Өрийн хэмжээ $35 их наядад хүрснээр Америкийн 1 хүнд ногдох өр $105 мянга болсон гэсэн үг.
🇺🇸 Улс байгаа цагт өр байна!
Тус өрийг задлан харвал $28 их наяд нь ЗГ-ын өр байгаа бол $7 их наяд нь нийгмийн хамгааллын хамтын сангууд зэрэг бусад өр эзэлж буй. Өрийн хэмжээ өсөн нэмэгдэхэд ЗГ-ын өрөөс гадна Афганистан-Иракийн дайн, 2008 оны ЭЗ-ийн хямрал, Ковид-19 цар тахал зэрэг сүүлийн жилүүдэд болсон үйл явдлууд ч нөлөөлжээ. Сонирхуулахад, 2019-2021 оны санхүүгийн жилийн тайланд дурдсанаар цар тахлын улмаас төсвийн зарцуулалт 50% орчим нэмэгдсэн байна.
⬇️ Татварын орлого буурав: Цаашилбал, татварын орлого өнгөрсөн оны 7-р сараас энэ оны 1-р сарын хооронд $705.5 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6% буурсан үзүүлэлт юм.
106% ➡️ 2027: Өр өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор төсвийн алдагдлыг энэ жил $2 их наяд байна гэж тооцоолсон бол энэ дүнг 10 жилийн хугацаанд $3 их наядад хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Улмаар Конгрессын төсвийн албанаас ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь 2027 он гэхэд түүхэн буюу 106%-иас давна гэж тооцоолсон байна.
🧓 Хүндээ зарцуулж буй: Нөгөөтээгүүр улсын өр нь хөгширч буй хүн ам, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хангалттай орлого оруулж чадахгүй байгаа татварын систем зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж.
🤔 Нэмэгдээд байвал юу болох вэ?
Улсын өр нэмэгдээд байвал өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй төдийгүй инфляцын дарамт ихсэх тул Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 5.25-5.50%-ийн түвшинд хэвээр үлдээсэн байгаа.
🎁 Шинэ Ерөнхийлөгчид барих бэлэг: Америкийн Конгресс болон ирэх 11-р сард болох сонгуульд ялсан Ерөнхийлөгч ЭЗ-ийн ийн хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулахаар байгаа. Тухайлбал, өрийн дээд хэмжээг 2025 оны 1-р сар хүртэл хойшлуулсныг нэн түрүүнд шийдвэрлэх юм.
Эцэст нь… Дэлхийн хамгийн том эдийн засагтай орон өрийн таазаа өсгөх эсэх, шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь сорилтуудыг хэрхэн давах гээд хүлээлт үүсгэх зүйлс нэлээдгүй байна даа.
13
Өчигдрийн байдлаар Япон 7 алт, 2 мөнгө, 4 хүрэл буюу нийт 13 медаль авч олимпын медалын чанараараа бусад орныг тэргүүлж байна.
29
Харин Монголын хувьд жудогийн төрөлд 1 мөнгөн медаль авснаар 29-р байранд эрэмбэлэгдэж буй.
+4
Мөн 1 медаль авсан амжилтаар Фижи, Гүрж, Хойд Солонгос, Тунис 29-р байранд хамт бичигдэж байна.
Giphy
🍋 Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг энэ сард багтаан зарлана. Чиглэлийн хувьд Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам барих аж. Түүнчлэн тус замаас эх авч Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгахаар болжээ.
🍋 TSMC (TSMC34.SA) Европ дахь анхны чипийн үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ. Тус үйлдвэрийг Германд барих гэж байгаа бөгөөд төслийн өртөг $10.8 тэрбум аж. Улмаар 2027 оноос эхлэн TSMC Европт аж үйлдвэр болон автомашины чипийг үйлдвэрлэх төлөвтэй байна.
🍋 Бодь Даатгал ХК (BODI)-ийн ТУЗ-ийн даргаар Б.Билэгт томилогджээ. Тодруулбал, 6 сарын 24-ны ТУЗ-ийн хурлаар өмнөх ТУЗ-ийн дарга асан Л.Болдхуягийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн аж. Цаашлаад ТУЗ-ийн дэргэд эрсдэлийн хороог байгуулж, гишүүдийг нь томилов. Компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 29.8% унаж ₮80-т хүрээд буй.
🍋 Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятадыг дамнасан ОУ-ын авто тээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов. Цаашлаад тус замаар хийгдэж буй тээвэрлэлт, боомтуудын аялал жуулчлалыг дэмжихээр зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх, ОУ-ын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.
Head of Product Management Department / Next Group: Нийлүүлэлтийн сүлжээний менежмент, гадаад худалдаа, бизнес менежментийн бакалавр зэрэгтэй, бизнес анализ, бүтээгдэхүүн, борлуулалтын менежментийн талаар гаргаахгүй мэддэг, багийг манлайлан удирдах чадвартай, аналитик сэтгэлгээтэй, англи, орос, хятад хэлтэй хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
QA Engineer / Teso Properties: Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй, чанар хяналтын удирдлага, барилгын инженерчлэл, менежментийн талаар мэдлэг туршлагатай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)
Occupational Health Specialist / Namir Group: ХАБЭА-н мэргэжлийн сертификаттай, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах туршлагатай, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй, харилцааны ур чадвартай, ачаалал даах чадвартай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Хүлээлт: OpenAI ChatGPT5 хувилбарыг удахгүй танилцуулна. (BusinessInsider)
Франчайз: Дэлхийн хамгийн их орлоготой кино франчайзууд. (Statista)
Сөрөг: Академик судалгаа хийх эрх чөлөөг хязгаарлаж буй 5 зүйл. (TheConversation)
Дүрэм: Олимпын жудод гар барих нь яагаад чухал вэ? (JapanTimes)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply