• Lemon Press
  • Posts
  • 💔 Тангараг тас = $150 тэрбум

💔 Тангараг тас = $150 тэрбум

Төсвийн мөнгөөр тоглосон бүтэлгүйтлүүд | LP Transcript x АПУ ХК | $SEND-н нэгэн амжилт

POWERED BY

Өглөөний мэнд! Өнгөрсөн долоо хоногт NASA-с Эх дэлхийн өдрийг тохиолдуулан хиймэл дагуулын зургийг үсгийн фонт болгон хувиргадаг интерактив вэбсайтаа танилцуулжээ. Ингэхдээ хэрэглэгч үг бичихэд үсэг бүр нь дэлхийн аль нэг булангаас авсан бодит Landsat хиймэл дагуулын зурагтай тохирох аж. Мөн тухайн газрын байршил, координатыг хүртэл харах боломжтой гэнэ. Лимонууд маань нэрээ бичиж үзэх бол ЭНД дараад бичиж үзээрэй. 😌🛰️

BOM: Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 10-р сарын 1-нээс эхлэн банкуудын гадаад зах зээлээс шинээр татах 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25%-тэй тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд тооцох шийдвэр гаргажээ.

MSE: Ард Инвестмент Групп ХК (HVL)-ийн товчилсон нэршил өөрчлөхтэй холбоотойгоор гаргасан хүсэлт болох СЗХ-ны албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өчигдрөөс эхлэн түр зогсоолоо

UCC: Даваа гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулаад байсан ч өчигдөр тэрээр тус хуралдааныг хууль бус тул хүчингүй хэмээн мэдэгдэв.

📃 АПУ ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн хурал 

Олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг ойлгомжтой, энгийнээр хүргэх зорилготой LP Transcript-н ээлжит дугаараар АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу! 

📅 2026 оны 4 сарын 22
⏲ 14:00 цаг
📍 АПУ ХК-ийн төв оффис, цахим хурал

Хурлыг БиДиСек ҮЦК ХК-ийн хөгжүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын www.agm.mn программ хангамжийн тусламжтайгаар шууд дамжуулан явуулав.

☠️ Төсвийн мөнгөөр тоглосон "Түүхэн" бүтэлгүйтлүүд

Туулын хурдны замын төслийн булхай өдөр ирэх тусам томорсоор. Ер нь манай нийслэл хэр олон төслийг бүтэлгүйтүүлж байсан билээ? Сүүлийн хорин жилийг эргэн санахад, хотын дарга бүр өөрийн гэсэн нэг "том" тоглоомтой байжээ.

🚍 Мөнгө угаагч автобуснууд

2023 онд ₮318.1 тэрбумаар орж ирсэн ногоон автобуснууд нь үнэндээ хуучин төмөр дээр шинэ будаг түрхсэн түүхэн луйвар болж хувирсан. Гэтэл энэ 7 хоногт л буюу хэргээс 3 жилийн дараа л шүүх хурал болж ₮134.5 тэрбумын хохирлыг бэлнээр болон бартераар барагдуулсан болоод өнгөрсөн. Өмнө нь ч бас Мон-Бус нэрээр дотооддоо угсарсан гэх автобуснууд нь техникийн шаардлага хангахгүй замын хажууд зэвэрч хоцорсон гашуун туршлага бий. 

😭 Дэндүү дээ, даанч дэндүү

2020 оны цар тахлын үеэр барьсан Сүхбаатарын талбайн ₮3.2 тэрбумын усан оргилуурыг бүтэлгүйтэл гэж дурдахгүй байхын учиргүй. Зундаа хэдхэн өдөр ажилладаг ч өвөлдөө хөлдөж, жил бүр засварын зардал нэхдэг энэ байгууламж юунд зориулагдсан нь сонин.

  • 🚣 Гол руу унасан мөрөөдөл: Нэмээд Арслантай гүүрэн дээр ₮164 саяар суурилуулсан Солонгон оргилуур 7 хүрэхгүй хоногийн настай байв. Сэлбэ голын бохирдлыг тооцоолоогүйгээс насос нь гацаж, төхөөрөмж нь гол руу унаж байсан нь инженерчлэлийн хувьд ямар ч тооцоогүй, зөвхөн харагдах байдалд анхаарсны тод жишээ.

🦆 Зүүд зэрэглээ

Цаашлаад, 2028 он хүртэл УБ хотыг хөгжүүлэх 24 мега төсөл танилцуулагдсан. Үүнд олон жилийн мөрөөдөл болоод буй Метроноос эхлээд олон улсын зочид буудал гэх мэт төслүүд багтсан. Асуудал нь нийслэлийн төсөв 2023 оноос хойш гэрлийн хурдаар тэлж байгаагийн хажуугаар жил бүр батлагдсан төсвийг нэмж тодотгодог. Гэхдээ төсөв нь бүтэлгүйтэж, өр нь нэмэгдсээр. Нэмээд мэдээлэл нь улам далд болж иргэдийн итгэл унасаар байна. 

Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд УБ хотыг удирдсан 34 хотын даргын дундаж ажилласан хугацаа 2.7 жил аж. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 13 хотын дарга сонгогдож, олны хүндлэлийг хүлээсэн нь өдрийг од шиг ховор. Одоо ч НИТХ-ын дарга нь Туулын хурдны зам болон бусад төслүүдийн хэргийг шалгаж шаардлагатай бол огцруулах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Гол нь энэ бүрд татвар төлөгчдийн мөнгө тоглоом болоод дуусаж байна даа.

  • 📈 Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний салбарт инфляцын хүлээлт 6%-иас давлаа. (Mongolbank)

  • 📺 YouTube дээр хайлт хийхэд AI чатбот хариулдаг болж магадгүй. (TheTechBuzz)

  • 🎖️ Монголын генерал цолттой 240 эрхмээс 50 нь дипломат албанд шилжин ажиллажээ. (Ubn)

  • 👟 Марафоны амжилт нь Adidas-н дараагийн эрин үеийг эхлүүллээ. (SneakerFreaker)

💫 $SEND-н нэгэн амжилт

SEND: Global Banking & Finance Review-с 2026 оны Монголын шилдэг мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгчээр Сэндли ББСБ ХК-ийг өргөмжиллөө. Тус шагналыг компанийн гүйцэтгэл, инновац, зах зээлд үр ашигтай, аюулгүй, харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлсэн байдлыг үнэлэн олгосон аж. Үүнтэй холбоотой эсэхийг нь мэдэхгүй ч өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 5.9% өсөж ₮142.9 дээр хаагджээ. Сонирхуулахад, энэ оны I улиралд Сэндли ББСБ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 19.9% өсөж ₮3.1 тэрбумд хүрээд байна.

💔 Тангараг тас = $150 тэрбум

Энэ долоо хоногт технологийн салбар од OpenAI-тай холбоотой олны анхаарлыг татсан шүүх хурал эхэллээ. Уг шүүх хурлын нэг талд нь OpenAI-с Сэм Алтман байгаа бол нөгөө талд түүний эртний анд Илон Маск сууж байна. 

🤝🏻 Сайхан эхлэл

2015 онд OpenAI-г Сэм Алтман, Илон Маск, Грег Брокман тэргүүтэй нэртэй нөхдүүд ашгийн бус хэлбэрээр үүсгэн байгуулж байв. Эхэндээ амжилт олох нь тодорхойгүй байсан тус төсөл 2022 онд хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн үеэс эхлэн технологийн салбарт цахиур хагалсан гэхэд буруудахгүй. Өдгөө долоо хоногт дунджаар 900 сая орчим хэрэглэгчийг татдаг болсон OpenAI нь хамгийн сүүлд $122 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээгээ $852 тэрбумд хүргээд байна.

🗯️ Нөхөрөөс дайсан руу

Үүсгэн байгуулагчдын нэг Илон Маскын хувьд 2018 онд OpenAI-г Tesla (TSLA)-тай нэгтгэх талаар бусдадаа санал тавьсан ч удирдах зөвлөл тус саналаас татгалзсан аж. Ингэснээр Илон Маск нь OpenAI-г орхиж, 2023 онд өөрийн удирдлага дор xAI компаниа байгуулжээ. Харин одоо Илон Маскын зүгээс Сэм Алтман, Грег Брокман нар түүнд мэдэгдэлгүйгээр компанийг ашгийн зорилготой болгосон гэж буруутгаад байна.

  • 🔙Шүүхийн процесс: 2024 оны 2 сард Илон Маск Сан Франциско мужийн шүүхэд OpenAI-д хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс хойш 2 жилийн дараа буюу энэ оны эхээр шүүгч нар хэргийг шүүхэд шилжүүлэхийг зөвшөөрч, өнгөрсөн Даваа гарагт шүүх хурал нь эхэлжээ.

💰 Хүсэл, хясал 

Илон Маск нь OpenAI болон Microsoft (MSFT)-с нийтдээ $150 тэрбумыг нэхэмжилж байгаа бөгөөд үүний $134 тэрбумыг Илон Маскын өмгөөлөгчид буруу замаар олсон орлого хэмээн үзэж, OpenAI-н буяны сангийн ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Мөн Сэм Алтман, Грег Брокман нарыг удирдлагын албан тушаалаас огцруулахыг, мөн OpenAI-г ашгийн бус хэлбэрт эргүүлэн шилжүүлэхийг шаардсан аж.

Эцэст нь… OpenAI-н тухайд тус хэргийг үндэслэлгүй, Илон Маск өөрийн xAI-г дэмжихийн тулд энэ бүгдийг зохион байгуулж байна хэмээн мэдэгдсэн. Хэрэв OpenAI ялагдвал AI салбарын тэнцвэртэй байдал алдагдах магадлал өндөр байна даа. 👀

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ

ЭТТ-н хувьцаа эзэмшигч 122 мянган хүн нас барсан тул хувьцааг нь өвлүүлэх, эсэхийг шийднэ гээд байгаа. Ер нь танд 1072 хувьцааны ногдол ашиг хэрэгтэй санагддаг уу?

Login or Subscribe to participate in polls.

📦 Агаар + түүврийн хосолсон үйлчилгээ

Улс хооронд ачаа тээвэрлэх хэрэгцээ гардаг бол анхаарлаа нааш нь. 

🚉✈️ Ачаа тээврийн цогц үйлчилгээ

Монложистикс Групп Өмнөд Солонгос болон гуравдагч орнуудаас олон улсын агаарын тээврийг дотоодын түгээлттэй уялдуулсан агаар болон түүвэр хосолсон үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа гэнэ ээ. 

  • Давуу тал нь, таны ачаа Монложистиксын агуулахад ирсэн өдрөө ангилагдан түгээгдэж, B2B байгууллагууд болон тогтмол импортлогчдод хамгийн оновчтой замаар тээвэрлэлтээ явуулж буй. 

Хамгийн гол нь уян хатан тээвэр зохион байгуулалттай тул холбогдоод, судлаад үзээрэй. 

Ложистикийн зөвлөхтэй холбогдох бол 👉 7011-5454

BOM

🍋 Инфляцын төсөөлөлд тодорхой бус байдал өндөр байна. 2026 оны 2-р сард инфляц 6.5% болж саарсан ч өнгөрсөн сард 7.4% болсон. Хүнсний бус инфляц буурсан ч мах, ногооны үнээс шалтгаалж хүнсний инфляц эрчимжсэн байна. Цаашид Монголбанкны зорилтот дээд хязгаарын орчимд тогтворжих төлөвтэй ч гадаад орчны нөлөөгөөр тодорхой бус байдал өндөр байгаа аж. 

🍋 Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ Их Британийг ардаа орхин дэлхийд 8-рт эрэмбэлэгджээ. Энэхүү түүхэн өсөлтөд AI болон хагас дамжуулагчийн салбарын тэсрэлтээс гадна төрийн тууштай бодлого голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин олон зуун жил санхүүгийн төв гэгдэж ирсэн Лондон байр сууриа алдсан нь дэлхийн эдийн засгийн хүндийн төв Баруунаас Зүүн рүү шилжиж буйг батлан харууллаа.

🍋 2025 онд 27,517 хүн төрийн албанаас гарч, 14,233 хүн төрийн албанд орсон байна. Ажлаас гарсан нийт хүмүүсийн 85.2% нь төрийн үйлчилгээнийхэн, 10% нь төрийн захиргааных, 3% нь улс төрийн албан тушаалтан аж. Улмаар Монгол Улсад 212,611 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь манай нийт ажиллах хүчний 14.5%-ийг эзэлж буй.

🍋 Ерөнхий сайд Н.Учрал ЕХ-ны Элчин сайдтай уулзаж, €1 тэрбумын хөрөнгө оруулалт болон эрчим хүчний хамтын ажиллагааг хэлэлцэв. Мөн “Европын өдөрлөг-2026” арга хэмжээ анх удаа орон нутагт буюу Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болохоор болсныг онцоллоо.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.