- Lemon Press
- Posts
- 💥 15 жилд 51.6 нугарав
💥 15 жилд 51.6 нугарав
ARDX-н эргэн тойронд | ₮10 их наядын салбар | $BYD-г орхин одов
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр Халзан бүрэгтэйн ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд уг ордыг тойрсон өчнөөн асуудал боллоо. Төрийн томчууд ордын үйл ажиллагааг явуулна, дэмжиж байна гэдэг ч жагсаал эсэргүүцэлтэй тулгарахаараа үнэхээр урагшлуулж болохгүй төсөл гээд хоёр туйлд сэлгүүцсээр өдийг хүрлээ. Энэ хооронд Хятад ГХЭ-ийн зах зээлээс хожихоо хожоод зах зээл ч бужигнаад бидний алдагдсан боломж л ихсэж байна даа. Сонсголоор юу болох нь уу, харж л байя даа. 🤷♂️🤷♀️


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж 100%-ийн саналаар 2026 оны төсвийн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.
TAX: D-Parlamient платформ дээр 100 мянган иргэний саналыг авсан ҮХХ-ийн 2%-ийн татварыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэлэлцэн, санал дүгнэлт боловсруулж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр болжээ.
CN: Хятадын Төв банк нэг жилийн зээлийн үндсэн хүүг 3%, таван жилийн хүүг 3.5%-ийн түвшинд хэвээр хадгалахаар шийдэв.

🇲🇳 Халамжтай Монгол

Хосын харилцаанд хайр халамж мэдээж чухал. Харин улс орны хувьд халамж ихдээд байна уу, багадаад байна уу? Хэдэн тоо харъя аа!
💥 15 жилд 51.6 нугарав
2010 оны эхний 8 сарын байдлаар нийт 1.1 сая иргэнд ₮31.5 тэрбумын халамж олгож байж. Үүний 53.7% нь тэтгэвэр, тэтгэмж, 30.3% нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, үлдсэн хэсэг нь асаргааны тэтгэмж байсан аж. Үүнээс 8 жилийн дараа буюу 2018 онд халамж хавтгайрч халамжид хамрагдагчдын нийт хүн амд эзлэх хувь 2010 оныхоос 17 нэгж хувиар нэмэгдэж 56.3% болсон байна. 10 хүн тутмын 5 нь хэдийн халамж авдаг байсан гэсэн үг шүү дээ. Харин одоо нийт халамжийн хэмжээ 15 жилд 51.6 дахин нугарчээ хөөрхий.
🔻 Жижиг бууралт том өсөлт: Уг нь бол энэ оны 8-р сарын байдлаар нийт халамжид хамрагдагчдын тоо 4.1% буурсан байгаа юм. Гэхдээ том зургаар нь буюу 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн аж. Өөрөөр хэлбэл тухайн үед 10 хүн тутмын ердөө 4 нь халамж хүртдэг байсан бол одоо энэ тоо 7 болжээ гэж.
🧐 Зөв ажилладаг бодлого уу?
Уг нь бол халамжийн бодлого нь орлого, боломжийн ялгааг тодорхой хэмжээнд бууруулж, ядуурлыг сааруулах, хүн бүрийн үндсэн хэрэгцээг хангаж ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, халамжийн мөнгө эргэлтэд орж, дотоодын хэрэглээг дэмжих, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих зэргээр эдийн засагт эергээр нөлөөлөх ёстой.
📌 Гэтэл бодит байдал дээр бидний ядуурал буурч, худалдан авах чадвар сайжирч, бүтээмж нэмэгдсэн үү гэвэл эргэлзээтэй. Учир нь 2016 онд 29.6% байсан ядуурлын түвшин одоо ч хадгалагдаж байгаа буюу 27% байгаа. Өрхийн 1 сарын орлого зардлаа давдаггүй байсан нь одоо ч хэвээр.
Эцэст нь… Улс орон бүр халамжийн бодлоготой, түүндээ мөнгө зарцуулдаг байх нь зүйн хэрэг. Гэхдээ халамжийн хэмжээ, хамрах хүрээг тэлэхээс илүүтэй түүний нөлөөг нэмэгдүүлэх нь чухал. Бидэнд оновчтой байндаа тусдаг халамжийн бодлого одоо ч хэрэгтэй байна.

👋🏻 Нэгэн аварга $BYD-г орхин одов
1211.HK: Өчигдрийн арилжаагаар Хятадын томоохон EV үйлдвэрлэгч BYD-н нэгж хувьцааны үнэ огцом 3.4% унаж HK$109.7-т хүрчээ. Тус уналт нь томоохон хөрөнгө оруулагчдын нэг Berkshire Hathaway $1211.HK-т эзэмшдэг бүх хувьцаагаа худалдсантай холбоотой аж. Berkshire Hathaway-н хувьд 2008 оноос эхлэн $230 саяар $1211.HK-д хөрөнгө оруулалт хийж компанийн 10%-ийг эзэмшиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хөрөнгө оруулалтын өгөөж 20 дахин өсөөд байжээ.

⚖️ Стратегийн ордуудад төр хувь эзэмшихүйд… (МУУҮА)
👥 TikTok-г худалдаж авах марафонд хэн нэгдсэнийг хараач ээ! (TheGuardian)
🕸️ Залуучууд сошиал платформуудаас нүүж эхлэв үү? (Axios)
🎯 Мөнгө нь байгаа ч, сонголт хязгаарлагдмал. (BloombergAsia)

🔦 Крипто амь оров уу?

Цагтаа дотоодын хөрөнгө оруулагчдын зүрх сэтгэлийг хамгийн их булаасан крипто зах зээл анхаарлын төвөөс гараад багагүй хугацааг өнгөрөөлөө. Одоо эргээд амь орох цаг нь ирсэн болов уу?
🪙 Салбарын байдал
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт бүртгэлтэй харилцагчдын тоо 2023 оны мөн үеэс 23.9% буурч 694.2 мянгад хүрсэн бол идэвхтэй арилжаачдын тоо 5.6 дахин буурч 15.2 мянгад хүрээд буй. Үүнээс Ковидын дараах крипто халуурлын үе зогсоод буйг харах боломжтой. Нөгөөтээгүүр, крипто зах зээлд олон нийтийн хэрэглээнд нийцсэн тоотой хэдэн койн, токен ашиглагдах болжээ.
📊 Арилжааны мэдээ: Хамгийн сүүлийн мэдээллээр бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан нийт 440 криптовалют арилжаалагдаж байгаагаас 37 нь дотоодын криптовалют аж. Мөн дотоодын криптовалютын арилжааны хамгийн их буюу 55.8%-ийг idax бирж дангаараа бүрдүүлж байна.
🤌🏻 Хэрэглээний хэд
Олны хэрэглээнд ашиглагдаж буй криптовалютиудыг харвал, Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) болон түүний хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад олгогддог ARDX, төлбөр хуваан төлөхөд хуваарилагддаг Storepay-н SPC, арилжаа хийх үед харилцагчдадаа тараагддаг Coinhub-н CHB болон Trade.mn-н TRD нар бий.
🐺 Анхдагчийн эргэн тойронд: Өнгөрсөн хугацаанд Ард Даатгал (AIC) нь 131.9 мянган даатгуулагчдадаа ₮536.8 ₮600 саятай тэнцэх ARDX-н урамшууллыг олгоод байна. Зах зээл дээрх ARDX-н үнэ 2024 оны мөн үеэс 137% орчим өсөж ₮35-т хүрсэн бөгөөд анх 5.1 тэрбум ширхэг гарч байсан бол өдгөө 4.5 тэрбум ширхэг койн зах зээл дээр арилжаалагдаж байгаа аж
Эцэст нь… Сүүлийн нэг жилийн хугацаанд олон улсад Биткойн (BTC) болон Эфериум (ETH) гэх мэт томоохон койнууд бүх цаг үеийн дээд үнээ шинэчилж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ороод байгаа бол Монголд дотоодын дийлэнх койн, токенууд анир чимээгүй оршсоор байна. Эдгээрээс тунаж үлдсэн нь ARDX бололтой шүү. Учир нь зарим нэг байгууллагууд ARDX ашиглан төлбөр тооцоогоо хийж байгаа сурагтай. Удахгүй зарлах байх аа. 🫢

Супер ажиллагаатай компьютер хэрэглэсэн ч Excel тань удаан ажиллаад байна уу? Үүнийг нэг туршаад үзээрэй. 👇
Эхлээд File➡️Options➡️Formula цэс рүү орно.
Тэнд байрлах “Error Checking” хэсгээс “Enable background error checking” гэсэн сонголтыг унтраагаарай.
Ингэснээр Excel илүү хурдтай, саадгүй ажиллах боломжтой болох нь. 🫂


Unsplash
🍋 Цөмийн эрчим хүчний салбарын зах зээлийн хэмжээ $10 их наяд болжээ. Энэ тэлэлт AI болон дата төвийн эрчим хүч шаардсан төслүүдийн эрэлттэй холбоотой бөгөөд судлаачид тус салбарын тэлэлт дэлхийн эрчим хүчний асуудлыг шийдэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй. Үүнийг дагаад энэ онд NuScale (SMR)-н хувьцааны үнэ 100%-иас дээш, Oklo (OKLO)-нх 350%-иас дээш өсөөд байна.
🍋 Монгол, Өмнөд Солонгос чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд салбарын инженерүүдийг Өмнөд Солонгосын их сургуулиудад сургах замаар бэлтгэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийх аж. Мөн Samsung (SSNLF), Komir зэрэг тус улсын томоохон компаниудтай хамтран ажиллах сурагтай.
🍋 Тэсо Инвестмент Группийн хөрөнгө оруулалттай “Tino” апп ЗӨА-ийн GrabMaps компанитай стратегийн түншлэл байгууллаа. Түншлэлийн хүрээнд такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт технологийн чиглэлээр хамтран ажиллах, цаашлаад олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монголд нэвтрүүлэх аж.
🍋 Энэ оны 1-р сараас 9 сарын 22-нийг хүртэл Монголд нийт 650,579 жуулчин зочилжээ. Үүнээс онцолбол, энэ сард 47 мянган жуулчин ирснээс хамгийн их буюу 25%-ийг Өмнөд Солонгосын жуулчид бүрдүүлж. Тэдний араас 24% нь Хятад, 19% нь Оросын жуулчид байгаа бол үлдсэн 32%-ийг Америк, Казакстан, Герман тэргүүтэй 16 орны жуулчид бүрдүүлж байна.

🌎 Улс орнуудын ГХЭ-ийн зохицуулалт

Та мэдэх үү? Дэлхий дээр ердөө 8-10 улс газрын ховор элементийг тусгайлан зохицуулах хууль, журамтай. Бусад нь уул уурхайн ерөнхий хуулиар зохицуулдаг.
🥊 ГХЭ-ийн асуудалтай гурвалжин
ГХЭ-ийг тусгайлан зохицуулдаг улс ховор, ховор дотроо хууль, эрхзүйн орчноо тодорхой, тогтвортой байдлаар зохицуулсан нь бүр ч ховор. 2023 болон 2024 он ГХЭ-ийн салбарт чухал мөртэй он жилүүд байсан буюу тус онуудад Хятад, Америк, Европын Холбоо тус бүр өөрсдийн ГХЭ-ийн зохицуулалтаа боловсронгуй болгож баталж байв. Ингэхдээ Хятадын зохицуулалт хамгаалах, өнөө 2 нь довтлоход чиглэсэн гэхэд хилсдэхгүй.
Хятадын ган хамгаалалт: Тухайлбал, Хятад 1980 оноос хойш ГХЭ-ийг стратегийн нөөц хэмээж, 1990-ээд оны үед түүнийг зохицуулах хуулиа танилцуулж байсан бол 2024 онд ГХЭ-ийн менежментийн зохицуулалтаа 32 бүхий заалттайгаар шинэчилсэн билээ.
Журмын гол агуулга нь ГХЭ бол Хятадын төрийн өмч, зөвхөн төрийн өмчит компаниуд л түүний үйлдвэрлэл, олборлолтыг хийхээр тусгасан.
Эрх баригчид ГХЭ тийм ч ховор нөөц биш хэдий ч улс орнууд олборлолт, үйлдвэрлэлийн сүлжээтэй болоход ихээхэн цаг хугацаа зарцуулах буюу Америк гэхэд Хятадаас бүрэн ангижрахад 10-15 жилийг зарцуулна гэдгийг тооцож түүн дээр нь тоглолт хийх бодлогыг хэрэгжүүлж буй.
💪 Америк & Европ: Өөрсдөө л үйлдвэрлэе
Энэ хооронд Америк ГХЭ-ийг үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын чухал түүхий эд хэмээн тодорхойлж, хараат бус үйлдвэрлэлийн сүлжээг бий болгохын тулд нэлээд хөрөнгө оруулалт хийж буй. Харин ЕХ шиг автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-рт жагсаж буй тивийн хувьд бизнесүүдээ хамгаалахын тулд ГХЭ тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг л мөрөөдөж байна.
Эцэст нь… Харин Монголын хувьд Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ авах хувийг нь оруулснаар өөр ГХЭ-д зориулсан тодорхой зохицуулалт байхгүй…


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply