- Lemon Press
- Posts
- 🧐 Болзоо ба Инфляц
🧐 Болзоо ба Инфляц
Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан болон дэлхийн тээвэр логистикийн талаар тоймлолоо.
POWERED BY
Morning! Заа өнгөрсөн сард хэр идэвхтэй болзов доо? Ер нь инфляц таны болзооны амьдралд нөлөөлж байна уу?
Манай залуусын болзооны амьдралд инфляц хэр нөлөөлдөг талаар судалж контент гаргахын тулд бид бяцхан судалгаа бэлтгэлээ. Та 2 минут зарцуулаад дараах товч судалгааг бөглөж өгнө үү.
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: ХААН Банк (KHAN)-ны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ-ийн арилжаа эхэлсэн эхний өдрөө 14.9% өсөж ₮1,102 болсноор компанийн ЗЗ-ийн үнэлгээ ₮2.1 их наяд боллоо.
BOM: Монголбанк ХасБанкийг нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалах зөвшөөрөл олгов.
GOV: Сангийн яамнаас ДНБ-ий бодит өсөлтийг 6.5%-д, инфляцыг 8%-д барих 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Монголд хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчин бүрдлээ
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгынхоо хүрээнд Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн эдийн засагч Ц.Эрхэмбаярын Монголд хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчны талаарх нийтлэлийг хуваалцаж байна. Тухлан сууж уншина уу!
Хууль батлагдсан нь
Goldman Sachs (GS), JPMorgan (JPM), Deutsche (DB), Nomura (NMR) зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудыг бид мэдэх билээ. Тэгвэл Монголд дээрхтэй ижил төрлийн банк байгуулах эрх зүйн орчин бүрдэж нэршил, үйл ажиллагааны чиглэл нь тодорхой болоод буй. Тухайлбал, УИХ энэ оны 1 сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк (ХОТБ)-ны тухай хуулийг баталж 3-р сараас эхлэн мөрдлөг болгосон.
ХОТБ юу хийдэг вэ? Арилжааны банкнаас ялгаатай тал
Би Японд их сургуулийн Nomura-тай хамтарсан дадлага хөтөлбөрт хамрагдаж байхдаа нэг зүйлийг гайхдаг байв. Nomura нэрийнхээ хойно ҮЦК тодотголтой хэр нь яагаад ХОТБ гэж дуудагддагийг. Нүсэр тогтолцоотой л болохоос бизнес нь миний мэдэхийн ҮЦК шиг л байв. Гэтэл банк гэж дуудаад байдаг. Үүнийг ойлгохын тулд ХОТБ-ны бизнесийн суурь консепц, санхүүжилтийн хэлбэр, хэрэгцээт чанар үүслийг нь ойлгох ёстой байсныг сүүлд мэдсэн билээ. Энэхүү нийтлэлийн зорилт үүнийг хуваалцахад оршино.
Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.
Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан
Рио Тинто Монгол болон Инвескор санхүүгийн групп хамтран Монголын анхны нөлөөллийн хувийн хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох “Инвескор РИ Сайкл”-ыг үүсгэн байгуулсан билээ.
Нөлөөллийн хөрөнгө оруулалт: Энэ нь санхүүгийн өгөөжийн зэрэгцээ нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор хийгдсэн ХО-ыг хэлж буй. Тэгэхээр нөлөөллийн ХОС нь байгаль орчинд ээлтэй бизнесүүдэд ХО хийх юм.
Нөлөөллийн сангийн нөлөө
Рио Тинто Монгол болон Инвескор санхүүгийн групп нөлөөллийн ХОС-гаар дамжуулан байгаль орчинд бодитой эерэг нөлөө үзүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг түргэтгэх аж.
Яаж? Инвескор РИ Сайкл нөлөөллийн ХОС нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, түүнийг дахин боловсруулж ЭЗ-ийн эргэлтэд оруулах бизнесүүдэд ХО хийх замаар байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох гэнэ.
Анхны хамтрал биш: 2021 онд Рио Тинто Монгол Инвескор санхүүгийн групптэй хамтран цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа нь доголдож болзошгүй жижиг, дунд бизнесүүдэд зориулсан $1 саяын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 141 бизнесийн 600 гаруй ажлын байранд дэмжлэг үзүүлжээ.
Хог хаягдал ба бизнес
Инвескор РИ Сайкл хаягдлын асуудлыг шийдэхэд ханцуй шамлаж байгаа нь хог хаягдлын хэмжээ нэмэгдэж түүнийг дахин боловсруулах, устгах бизнесийн боломж нэмэгдсэнтэй холбоотой. Дэлхийн хамгийн том хог хаягдлын менежментийн компаниудын нэг болох Waste Management л гэхэд 2022 онд $19.7 тэрбумын орлого олсон аж. Тэгэхээр энэ салбар бол маш том бизнесийн талбар болсон хэрэг.
Эцэст нь… Монголд жилд 2.2 сая тонн хог хаягдал бий болдог бөгөөд үүний 50% нь дахин боловсруулагдах боломжтой ч бид зөвхөн 3%-5%-ийг нь л дахин боловсруулж байна. Харин үлдсэн нь ямар ч шийдэлгүй хаягддаг. Тэгэхээр нэг талаас хог хаягдлын асуудлыг шийдэх нэн шаардлагатай, нөгөө талаас энэ төрлийн бизнес өргөжих бүрэн боломжтой байгаа хэрэг. Юутай ч энэ асуудлыг шийдэх шинэ гарц гарч ирж байгаа нь баярлууштай.
Rio Tinto өргөжсөөр л…
Дэлхийн тээвэр логистик
Дэлхийн банкны 139 орныг хамруулсан тээвэр логистикийн гүйцэтгэлийн индекс (ЛГИ)-ийн тайланд Монгол 2.5 оноотойгоор 97-д бичигджээ. 😑
Индекс: Тус индекс нь 1-5 оноогоор улс орнуудын ачаа бараагаа хилээрээ хэр хурдан шуурхай, найдвартай зөөвөрлөх чадвар болон худалдааны бодит хурдыг үнэлдэг. Сонирхуулахад ЛГИ-ийн тайлан хамгийн сүүлд 2018 онд гарч байсан билээ.
Чангарав
Тус тайлангийн онцлох хэсэг нь 2023 оны ЛГИ-ийн дундаж оноо 2018 оныхтой бараг ижилхэн байв. Энэ нь логистикийн үйлчилгээ үзүүлэгчид нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг гадаад орчны эрс тэс өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай байсныг харуулж буй. Задлан харвал,
ТОП-10: 2018 онд тус жагсаалтыг Герман тэргүүлдэг байсан бол энэ удаагийн тайланд Сингапур 4 байр ахин тэргүүлэх болов.
Сүүл мушгигсад: Жагсаалтын сүүлийг Ливи 1.9 оноогоор мушгив. Ер нь л сүүлд орсон орнууд гааль болон боомтуудын үйл ажиллагааг орчин үетэй хөл нийцүүлэх, дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
Тээвэрлэлт: Өнгөрсөн онд ачаа барааны боомт руу орохоос гарах хүртэлх дундаж хугацаа 44 хоног байв. Гэтэл стандарт нь 10.5 өдөр байдаг аж. Түүнчлэн ачаа бараа тээвэрлэх хугацааны 60% нь далайн тээвэрлэлтэд өнгөрчээ. Гэсэн ч эсрэг талд улс орнуудын хил гаалийн дэд бүтэц, технологи зэрэг үзүүлэлтүүд сайжрав.
Харин Монгол
2018 онд Монгол тус жагсаалтад 2.4 оноогоор 167 орноос 129-т жагсаж байв. Харин энэ удаад 97-д бичигдсэн ч 31 орон хасагдсан гэдгийг санах хэрэгтэй. Онооны хувьд 2.4-с 2.5 болж 0.1 функтээр нэмэгджээ. Үргэлжлүүлэн, Монгол шиг далайд гарцгүй оронд хамгийн том асуудал нь тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа явдал. Тус тайланд дурдсанаар Монголд боомтоор ачаа бараа орж ирэх дундаж хугацаа нь 25 өдөр байдаг аж.
Эцэс нь… ЗГ-аас гаалийн үйлчилгээг цахимжуулж чирэгдэл багатай болгосон зэргээр логистикийн салбарын хөгжлийг ахиулах алхам хийж байгаа ч уг шинэчлэлүүд нэвтрэх гэж асар удсаар.
Энэ удаад бид давхардсан өгөгдлийг устгах хялбар аргыг хүргэж байна.
Tomyo Talk 2023
TomYo EdTech-н залуус өнгөрсөн жил боловсролын салбарын экспо болох “Боловсролын томьёо 2022” арга хэмжээг зохион байгуулж, паркийг донсолгож байсан билээ. 😎
Харин энэ жил илтгэл, энтертайнмент хосолсон “Tomyo Talk 2023” арга хэмжээгээрээ UG ARENA-д эргэн ирж буй. 🤩
Илтгэгчид нь хэн, хэн байх вэ?
Д.Нямсамбуу: Гавж, Оксфорд Майндфулнэсс бясалгалын хөтөлбөрийн багш,
Ж.Тана: Харвард болон Оксфордын төгсөгч, "Оюу толгой" ХХК-н ТУЗ-ийн гишүүн
Э.Чинзориг: BNI Mongoliа, Dale Carnegie-н үүсгэн байгуулагч, Master Trainer, Soft Skills Coach
Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх тэргүүтэй илтгэгчид оролцох гэнэ шүү.
📅 Хэзээ: 5 сарын 13-ны 12 цагт
🎫 Тасалбарыг ЭНД дарж захиалаарай.
WSJ
🔹First Republic Bank (FRC)-г JPMorgan Chase (JPM) өөртөө нэгтгэв. FDIC-н мэдэлд ороод байсан тус банкийг JPMorgan худалдаж авснаар бүх хадгаламж, үндсэн хөрөнгийг нь авах юм. Сонирхуулахад, First Republic-н хувьцааны үнэ он гарсаар 97% унаад байгаа билээ.
🔹Монгол Энэтхэгтэй хамтарч төмөр замын сүлжээгээ өргөтгөнө. Түүнчлэн Монголд Энэтхэгийн $1.2 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр баригдаж байгаа бөгөөд 2025 онд дуусах аж. Тус үйлдвэр ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэгцээний 70%-ийг дотоодоосоо хангах юм.
🔹Адуунчулуун ХК (ADL) нэгж хувьцаанд ₮50-ийн ногдол ашиг тараана. Компани 2022 онд ₮176.7 саяын алдагдалтай ажилласан ч ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн нь энэ. Тэд ногдол ашгаа энэ оны 6 сарын 30-ны өдрийн дотор хуваарилах аж.
🔹Эрдэс бүтээгдэхүүний нийт экспортын гүйцэтгэл дунджаар 37% байна. Тодруулбал, он гарсаар 19.2 сая тн нүүрс экспортолж нүүрсний экспорт төлөвлөгөөт дүнгийн 52.6%-д, зэсийн баяжмал 33.6%, төмөр 20.1%, алт 16.2%, газрын тос 23.6%, цайр 69%, хайлуур жонш 58.5%-д тус тус хүрчээ.
Үнэ өсөх нь зах зээлийн зарчим. Бидний цалин өсдөггүй, зах зээл жижигхэн, маш бага эдийн засгийн эргэлттэй болохоор л худалдан авах чадварт шууд нөлөөлчихдөг.
— УРЬХАН Шагдаржав (@Havrig_huleegch)
7:14 AM • May 1, 2023
Tech: Microsoft Windows 10-г зогсооно. (Forbes)
Article: Халдварт өвчин ба соёл иргэншил. (NewScientist)
Event: Metaverse-н гоо сайхны 7 хоног. (RetailDive)
What: Жак Ма багш болсон гэнэ үү? (Insider)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
Reply