- Lemon Press
- Posts
- 🤯 14 ХК-ийн НА = ₮352 тэрбум
🤯 14 ХК-ийн НА = ₮352 тэрбум
243 сая шатарчин | СЗХ-ны чухал шийдвэр | Огцом уналттай $0975.HK
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Маргааш цагаан сарын урт амралт эхлэх нь ээ. Урт амралтын дараа шинэ товхимол, шинэ мэдээлэлтэйгээр уулзъя. Гал морин жилдээ хадгаламж нь өсөлттэй, хөрөнгө оруулалт нь өгөөжтэй, олз омог арвин дүүрэн, эрүүл энх байхыг хүсэн ерөөе! 🐎🧧


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: Хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 100%, арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг хөлсийг 50%, мөн үнэт цаасны арилжаа эрхлэх этгээдүүдийн шимтгэлийн орлогоос тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 50% тус тус буурууллаа.
NSO: Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 онд өмнөх оноос 2% өсөж ₮69.4 их наяд болжээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮98.9 тэрбумын болон $8.2 саяын арилжаа хийгдлээ. $-ын арилжаа 100% хоёрдогч зах зээл дээр хийгдсэн байна.

☔️🌈 Ногдол ашгийн бороо

Хувьцаат компаниуд эхнээсээ ногдол ашгийн шийдвэрээ танилцуулж эхэллээ. Юу болж байгаад дурлая.
🤯 14 ХК-ийн НА = ₮352 тэрбум
Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 14 ХК ногдол ашиг (НА) тараах шийдвэр гаргаад байна. $MSE өөрөө ч нэгж хувьцаанд ₮43.44-ийн ногдол ашиг тараахаар болов. Үүний өгөөжийг шийдвэр гаргасан өдрөөр нь тооцвол 12.9%. НА-ийн шийдвэр гаргасан ХК-иудын онцлох үзүүлэлтийг шинжвэл:
📌 Өндөр^2: Ногдол ашгийн өгөөжөөр нь жагсаан харвал Мандал Даатгал (MNDL)-ынх хамгийн өндөр буюу 21.6%. Үүнийгээ дагаад НА-ийн шийдвэр гарсны дараагаа өнгөрсөн Баасан гараг хүртэл хувьцааны үнэ нь 26.8% өссөн аж. 9 компанийн НА-ийн өгөөжийг тус бүрийн шийдвэр гаргасан өдрийн хувьцааны үнэтэй харьцуулж тооцож байгааг дурдъя.
🔻 Өгөөжтэй ч уналттай: Нөгөөтээгүүр 9.6%-ийн өгөөжтэй НА тараах шийдвэр гаргасан ЛэндМН ББСБ (LEND)-ын хувьцааны үнэ шийдвэрийн араас тасралтгүй унасаар. Баасан гаргийн байдлаар шийдвэр гарснаас хойш нийтдээ 3.8% унав. Мөн Хүрд ХК (HRD)-ийн хувьцааны үнэ шийдвэрийн араас 2.2% буурав.
🧧 Хамгийн бага өгөөж: Цаашлаад, Монгол Шуудан (MNP), Сүү ХК (SUU)-ийн ногдол ашгийн өгөөж одоогоор хамгийн бага байгаа. Гэсэн ч шийдвэрийн араас хувьцааны үнэ бага зэрэг өсжээ. Сонирхолтой нь 2021 онд ₮200 орчимд хэлбэлзэж байсан $SUU-н үнэ одоо ₮630 даваад буй. Улмаар P/B харьцаа нь 3.1 болоод байна.
❌ Ногдол ашиг тараахгүй = 4
Эсрэг талд Ган хийц ХК (GHC), Эрдэнэс сольюшинс ХК (AMT), Стандарт ноос ХК (ALI) болон Эм Жи Эл Акуа ХК (MGLA) зэрэг компаниуд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлээд буй. Шалтгаан нь алдагдал болон өрийн асуудал ажээ.
🤔 Амжилтаа эвдэх үү?
Өнгөрсөн онд 37 ХК нийт ₮1 их наядын ногдол ашиг тарааж түүхэн дээд амжилт тогтоож байв. Өөрөөр хэлбэл, нийт НА-ийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 90.4% өссөнөөс гадна дундаж өгөөж нь 5.6%-д хүрсэн билээ. Харин одоо энэ тоо хэр өөрчлөгдөх бол гэдэг сонирхолтой. Ердөө 18 ХК шийдвэрээ танилцуулсан тул цаашид байдал өөрчлөгдөх нь тодорхой. Нэмээд ХААН Банк (KHAN) өнгөрсөн оны нийт НА-ийн 39%-ийг дангаараа бүрдүүлж байсан. Тэдний шийдвэр ч мөн чухал байна даа.

🫸 Монголд хөрөнгө оруулагчид яагаад эргэлзэж байна вэ? (MineProTV)
💤 Нойргүй хоносон ч сэргэг байх арга. (Upworthy)
💢 Тагнуулын хэргээр сэжиглэгдэж буй Монгол оюутан. (DailyTribune)
🎮 Хойд Солонгосын ирээдүйг хэн атгах вэ? (People)

📉 Огцом уналттай $0975.HK
0975.HK: Өнгөрсөн Баасан гаргийн Хонконгийн хөрөнгийн биржийн арилжаагаар Mongolian Mining Corporation-н нэгж хувьцааны үнэ 17.7% буурч HK$11.7 дээр хаагдлаа. Тус уналтад 2 сарын 12 буюу Пүрэв гарагт нийтлэгдсэн Mongolian Mining Corporation болон Монголын Засгийн Газар хоорондын баялгийн өгөөжийн 60%-ийг ард түмэнд хүртээх санамж бичиг байгуулсан тухай мэдээ нөлөөтэй байсан аж. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн 1 жилд 67.4%, сүүлийн 6 сарын хугацаанд 38.2% тус тус өсөөд байсан юм.

♟️ Хамгийн том шатар

Олон зууны туршид стратегийн гэдэг үгийг өөртөө агуулсаар ирсэн шатрын спортын талаар нэгэн мэдээг хүргэж байна. Энэ бол шатарт дуртай сая сая хүний хооронд гүүр болж яваа Chess.com-н тухай билээ.
🌏 243 сая шатарчин
Алдарт Chess.com платформын 2025 оны үйл ажиллагааны тайлан нийтэд ил боллоо. Өнгөрсөн оны байдлаар Chess.com-р дамжуулж дэлхий даяар нийт 243 сая гаруй хүн шатар нүүсэн аж. Түүнчлэн IV улиралд шинээр 13.5 сая хэрэглэгч Chess.com-д бүртгүүлсэн бөгөөд өдрийн идэвхтэй шатарчдын тоо 8.7 саяд хүрч, нийт 2.5 тэрбум удаа шатар нүүжээ.
👾 Платформын угшил: Chess.com нь тэртээ 1994 онд анх вэб хуудасны домэйн нэрээ бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлж явсан ч амжилт ололгүй 2005 онд дампуурч, $55 мянгаар зарагдаж байв. Харин шинээр худалдан авсан эзэд нь 2007 онд Chess.com-н үйл ажиллагааг шинээр эхлүүлсэн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл Chess.com-н гишүүдийн тоо даруй 486 дахин өсөөд байна.
💰 Ашиг, орлого
Онлайн шатарчдын тоо огцом өсөж байгаа нь Chess.com-н freemium буюу төлбөргүй үнийн бодлоготой салшгүй холбоотой. Дийлэнх Freemium үнийн бодлоготой бизнесүүдийн хувьд нийт хэрэглэгчдийн 2%-5% нь төлбөр төлдөг. Хэрэв энэ нь Chess.com дээр адилхан гэж үзвэл одоогийн 243 сая хэрэглэгчийн 2.5% нь 12 сарын турш төлбөртэй үйлчилгээ авбал зөвхөн гишүүнчлэлийн орлогоос гэхэд жилд $364.5 саяыг олдог байх боломжтой юм.
Эцэст нь… Монголд Chess.com ашигладаг шатарчид цөөнгүй гэдгийг 5.3 мянган шатарчинтай “Team Mongolia” клубээс харж болно. Энэхүү клуб нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд мянга гаруй тоглолтууд явагдсан аж. За тэгээд манай лимонууд гал морин жилдээ шатрын морь шиг овжин нүүдлийг нэлээдгүй хийгээд өгөөрэй. 🔥🐴

Аливаа баяр, ёслолын өдрүүдэд ээлжийн ажилтнууд болон эрүүл мэндийн салбар, цагдаагийн албаныхан нойр хоолгүй ажилладаг билээ. Тэгвэл тэдгээр хүмүүсийг ямар нөхцөл байдал угтаж авдаг талаар өнгөцхөн танилцъя. 👇
🚑 Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 1,200-1,300 дуудлага хүлээн авдаг бөгөөд баярын өдрүүдээр түргэн тусламжийн дуудлагын ихэнх хувийг архи, согтууруулах ундаа хэрэглэж, гүн хордлогод орсон гэх дуудлага эзэлдэг аж.
🤕 Мөн энэ үеэр гэмтэл, согог судлалын төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 50% нэмэгддэг бөгөөд ихэнх нь зам тээврийн осолд өртөж гэмтсэн иргэд зорьж ирдэг байна.
Иймд баяр ёслолын үеэр хаа хаанаа эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна даа.


iStock
🍋 Монгол Улс сүүлийн 3 жилд 33.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ. Ялангуяа өнгөрсөн онд импортолсон амьд цэцгийн тоо 2024 оноос 80%, харин 2023 оноос 2.9 дахин өссөн байна. Харин энэ оны 1-р сард л гэхэд 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон бөгөөд илгээгч улсаар авч үзвэл, Хятадаас 97.5% буюу $297 мянгын амьд цэцэг импортлоод байгаа аж.
🍋 Anthropic $380 тэрбумын үнэлгээтэйгээр $30 тэрбумыг татан төвлөрүүллээ. Ингэснээр компани 5 сарын өмнө тогтоосон $13 тэрбумыг босгож тогтоосон зах зээлийн үнэлгээгээ ойролцоогоор 2 дахин нугалж, өрсөлдөгч OpenAI-н зах зээлийн үнэлгээний 76%-тай дүйж очоод байна. Сонирхуулахад санхүүжилтийг Сингапурын баялгийн сан GIC болон хөрөнгө оруулалтын менежментийн компани Coatue тэргүүлжээ.
🍋 Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц төслийн төсөвт өртгийг $83.66 сая байхаар урьдчилан тооцоолжээ. Үүнийг төслийг хэрэгжүүлэх ААН бүрэн хариуцах бөгөөд сонгон шалгаруулалтад Нью Ком ХХК тэргүүтэй нийт 5 ААН материалаа ирүүлээд байгаа аж. Тэдгээрээс ирэх 1 сарын хугацаанд дараагийн шатны шалгаруулалтад өрсөлдөх 3 ААН-ийг шалгаруулах юм гэнэ.
🍋 Өвөр Монгол энэ онд бүсийн шинжлэх ухаан, технологийн тусгай сангийн хөрөнгөө 2 дахин нэмэгдүүлнэ. Угтаа Хятад Өвөр Монголын байгалийн баялгийг голчлон ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн хөгжил болон технологийн инновацын уялдаа холбоог нь гүнзгийрүүлэх чиглэлээр бодлого баримтлах болжээ. Энэ хүрээнд эрчим хүч, хиймэл оюун ухаанд суурилсан салбаруудыг голчлон хөгжүүлэх нь.

Даваа: Өнгөрсөн оны IV улиралд Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж хэр байв?
Мягмар: Евро бүсийн ээлжит уулзалт болно.
Лхагва: Шинийн 1-ний өдөр тохиож байна.
Пүрэв: Оросын Төв банкны гадаад валютын нөөцийг танилцуулна.
Баасан: ХНС-ийн балансын тайлан гарах нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply