• Lemon Press
  • Posts
  • 🧳 1,350 метрийн гүн рүү аялсан нь

🧳 1,350 метрийн гүн рүү аялсан нь

AI-н чиг хандлага | NFT ба кино урлаг | Оюу толгой ХХК-руу хийсэн аял ал

POWERED BY

Шинэ сарын мэнд ээ. Та өнөөдөр манай 666 дахь дугаарыг уншиж байна. Таныг аз ивээг. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Энэ оны эхний 10 сард тээвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүн жилийн өмнөхөөс 62% өсөж 52 сая тн-д хүрсэн байна.

NSO: Өчигдрийн байдлаар Улаанбаатарт хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.7% буурсан ч өмнөх 7 хоногоос 0.2% өсжээ

MSE: БКО капитал ҮЦК ХХК-ийн оноосон нэрийг Эс жи инвестмент энд секьюритис ҮЦК ХХК болгон өөрчиллөө.

🧳 Оюу толгойн гүн рүү чемоданаа чирэв

Бидний эхлүүлж буй шинэхэн контент болох Travel with Lemon Press-н 2 дахь дугаарт тавтай морил. Энэ удаад бид Оюу толгойн гүний уурхай руу аялсан 5 өдөр 4 шөнийн 1,438 км-н аяллын тэмдэглэлээ хуваалцаж байна. 

1,350 м-н гүн рүү

Өнгөрсөн 3-р сард Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийснээр Монголын уул уурхайн салбар нэг шат ахих боломж бүрдсэн. Тус уурхай нь Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80%-ийг ашиглах гүүр болж ирээдүйд Оюу толгойг дэлхийд 4-т эрэмбэлэгдэх том уурхай болох боломжийг бүрдүүлнэ гэхээр хэр үнэ цэнтэй төсөл вэ гэдэг нь ойлгогдох биз ээ. За одоо шууд гүний уурхай руу марш!

Хэрвээ та гүний уурхай руу орохоор болбол юун түрүүнд заавал мөрдөх олон төрлийн дүрэм болон хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглах, байнгын болон зөөврийн хоргодох газрын байршил зэрэгтэй танилцана. За тэгээд л байршил тогтоогчтой малгай болон бусад хэрэгслээ өмсөөд хорт утаа тархсан үед зүүх 1.8 кг жинтэй төмөр багийг бүсэндээ бэхлээд 1,350 м-н гүн рүү бууна шүү дээ. 

Гүнээс гадарга руу

Одоо Оюу толгой Blue Sky-г 12 давхарласан хэмжээний газрын гүнд олборлолт хэрхэн хийдгээс эхлээд газрын гадарга руу гаргах хүртэлх үйл явцыг тайлбарлая.

  • Гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн 5 босоо ам байх бөгөөд 3 нь агааржуулалтын, 1 үйлчилгээний, 1 үйлдвэрлэлийн ам буюу шафт байдаг аж. Хүн болон бараа материал, машин механизм 1.3 км гүн рүү буухдаа cage буюу энгийнээр лифтээр бууж байгаа юм. Хуучин нь доош буухад 4 орчим минут, шинэ нь 2.3 минутын хугацаанд гүний уурхай руу буудаг аж.

  • Олборлолтын үйл явц: Сонсож байсан бол Оюу толгой хүдрийн биетээ блокчлон олборлох аргаар хийдэг. Улмаар хүдрийн биетийн доороос хөндлөн малталт хийж тэсэлгээ хийснээр хүдэр өөрийн жингээр бууж ирэх боломжтой болдог бөгөөд түүнийгээ анхдагч бутлуур руу зөөх юм. 

  • 7 давхар барилгын өндөртэй дүйхүйц анхдагч бутлуурын хэсэгт хүдрийн биетээ бутлаад туузан дамжуургын тусламжтайгаар газрын гадарга руу гаргах 8.2 км-н аяллыг хийснээр анхдагч хүдрийн агуулах тэгээд баяжуулах үйлдвэр рүү очдог аж. Туузан дамжуурга нь ил уурхайгаас олборлосон хүдрийн биетийг ч зөөвөрлөдөг бөгөөд логистикийн шийдэл нь бас л нүд хужирлаж л байлаа. 

Жичийн жич: Энэхүү аяллыг Оюу толгой Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан бөгөөд тус аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдсэн бөгөөд мөнгө төгрөг аваад магтаад байгаа юм байхгүй шүү.

🔋 EV ер нь яах гээд л байна?

TSLA: Tesla-н хувьцааны үнэ Panasonic (6752.T)-н батарейны үйлдвэрлэлээ багасгах мэдэгдлийн дараа 5% унав. Тодруулбал, Tesla-н зарим EV-н борлуулалт төсөөллөөс бага байгаа тул Panasonic батарейны үйлдвэрлэлээ 60% бууруулахаар болсон юм. Мөн Tesla III улирлын тайлангийн танилцуулгын үеэр хөрөнгө оруулагчдад Cybertruck-д тавьсан хүлээлтээ бууруулахыг хэрэгтэй гэсэн дохио өгснөөс хойш хувьцааны үнэ 18% унаад байна.

⚙️ AI-н чиг хандлага

Өнгөрсөн онд хиймэл оюун ухаан (AI)-д оруулсан хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оныхоос 18 дахин ихсэж $91.9 тэрбумд хүрчээ. Ер нь AI-н эргэн тойронд юу болоод байна вэ? 

🇺🇸 бүх юмны дарга юм уу? 

Америк AI-д хийсэн хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна. Өнгөрсөн онд л гэхэд $47.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн юм чинь аргагүй биз ээ. Харин Хятад AI-д $13.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийснээр Америкийн араас зүглэж буй. 

  • Хаана хөрөнгө оруулаад байна аа? Өнгөрсөн онд AI-д хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн салбар бол эрүүл мэндийн салбар. Дараа нь өгөгдлийн боловсруулалт, үүлэн технологийн салбар үүний араас финтекийн салбар оржээ. 

  • Илүү^2: Түүнчлэн AI нэвтрүүлсэн компаниудын нийтэд эзлэх хувь 2017 оноос хойш 2 дахин нэмэгдсэн аж. Эдгээр компаниудын зардал нь мэдэгдэхүйц буурч, орлого нь нэмэгдэж байгаа гэнэ. 

AI-г дагасан хөдөлмөрийн эрэлт 

Хэрвээ танд AI-тай холбоотой ямар нэгэн ур чадвар байгаад, түүндээ үнэхээр гарамгай бол хаа ч хөлөө олохоор байна. Ялангуяа Америк, Канад, Испанид бол газардахгүй нь дээ. Учир нь AI-тай холбоотой ажлын байрны зарын тоо 2021 онд нийт зарын 1.7% байсан бол 2022 онд 1.9% болж өсжээ. Түүнчлэн,  

  • ТОП ур чадварууд: AI-тай холбоотой ажлын заруудад хамгийн их дурдагдаж буй чухал чадвар нь Python хэл аж. 2010 онд ердөө 12,884 ажлын байранд л Pyton хэлтэй байх шаардлага тавигдаж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 23 дахин өсжээ. Microsoft Excel дээр Pyton хэл нэмэгдсэнийг мэдэж байгаа биз дээ. Одоо тэгээд сураад байж дээ. 

  • Хамгийн хурдацтай: Түүнчлэн эрэлт нь хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа ур чадвар бол Amazon Web Services дээр ажиллах чадвар. 2010 оноос хойш энэ төрлийн ур чадварын хэрэгцээтэй ажлын зарын тоо 161.8 дахин нэмэгджээ. Энэ ч утгаараа Amazon (AMZN)-н III улирлын тайланг Amazon Web Services-н орлого аварч гарсан билээ

Заа тэгээд AI-н дэвшлийн энэ цаг үед программын хэл сурч гийгүүлдэггүй юм аа гэхэд ChatGPT-г сайн ашиглаж сурах юм шүү. Ажлыг чинь хөнгөлөөд л өгнө. Гол нь сайн хянахад л учир бий. 

Манай редакцад Монноос ХК (MNS)-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болох Г.Алтансүх, С.Мягмарсүрэн, С.Пүрэвжав нар хандсан юм. Тэд Монноос ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон хэлцэлтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад буй ажээ. Тэгэхээр уг үйл явдлын талаар ярилцсанаа хуваалцъя. 

Та бүхэн яг ямар асуудлаар шүүхэд хандаад байна вэ? 

Тэгэхээр юу болсон бэ гэвэл, 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монноос ХК (MNS) нь эзэмшлийн газрынхаа талыг буюу 2.3 га газар мөн үйлдвэрийн бөгөөд оффисын газрыг ₮35 тэрбумаас доошгүй үнээр зарна гэж компанийн удирдлагууд хэлж байсан юм. Гэтэл энэ жилийн буюу 2023 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүх газар болон үл хөдлөх хөрөнгөө ₮35.2 тэрбумаар зарчихсан гэсэн. 

Гол асуудал: Харин шүүхээс нотлох баримтууд гаргуулж авахад ₮48.8 тэрбумаар хэлцэл хийгдсэн баримт гарч ирсэн. Газар болон үл хөдлөх хөрөнгийг Шунхлай Холдинг, Шунхлай, АПУ ХК (APU) гэх 3 компанид зарсан байсан. Монноос ХК нь Улаанбаатар хивс ХК (UBH)-ийн урд талд 4.5 га газар мөн оффис, үйлдвэр болон агуулах бүхий 1979 онд ашиглалтад орсон 44,467 м.кв үл хөдлөх хөрөнгөтэй компани юм. Одоо үед энэ хэмжээний хөрөнгө үүнээс илүү үнэлэгдэх ёстой гэж бид үзэж буй.

🎺 Хип хоп ба найрал хөгжим

Анхаараарай! Лимонууддаа зориулаад 11 сарын 10-нд болох Tatar & Orchestra тоглолтын тасалбарыг 10% хөнгөлөлттэй авах боломжийг олгож байна.

  • Яаж вэ? 96000103 дугаарт холбогдон Lemon Press товхимлын уншигч гэдгээ хэлэхэд л болно. Нууц үг нь “Lemon” шүү. Хэлэх ээ мартуузай.

Сонирхуулахад, хип хоп болон найрал хөгжмийн нэгдэл X зууны сүүл, XI зууны эхэн үеэс хөгжиж эхэлсэн ба 2014 онд Америкийн алдарт реппер Nas "Illmatic" цомгоо найрал хөгжмийн симфони элементүүдтэй хослуулан "Nas: Illmatic" тоглолтоо хийж байжээ.

Харин Монголд анх удаа Татар хамтлаг оркестрын сонгодог хөгжмийн зэмсгүүдийг хип хоп хэмнэлтэй хослуулж буйгаараа уг тоглолт онцлог юм.

🔹Хятадын төрийн өмчит ХОС чип үйлдвэрлэгч Changxin Xinqiao-д ¥14.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Big Fund хэмээдэг тус санг Хятад 2014 онд хагас дамжуулагчийн салбараа хөгжүүлэхийн тулд байгуулж тухайн үедээ ¥138.7 тэрбумын хөрөнгө босгож байсан юм.

🔹Монголын цахилгаан холбоо ХК (MCH) хувьцааны тоогоо нэмэхээр боллоо. Тодруулбал, тэд нэгж бүр нь ₮100-ийн үнэтэй нийт 11,249,855 ширхэг хувьцааг нэмж гаргах юм. Энэ нь компанийн одоо байгаа хувьцааны 30.3%-тай тэнцэж байна.

🔹Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) Kingsway FCI Co-Investment SPC санд $100,000-ын хөрөнгө оруулалт хийнэ. Түүнээс гадна компани Ард секюритиз ҮЦК, Ард лизинг ХХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Ард бит ХХК-иас хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэрээ хүчингүй болгосон байна.

🔹Улаанбаатар хотын төлбөртэй бүсийн хураамж ₮27,000 хүртэл байх боломжтой. Мөн хотын төвөөс 800 м-н орчимд төлбөргүй зогсоолууд байрлуулах юм. Харин төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийн хураамжийг 90% хүртэл хөнгөлөх гэнэ.

🎥 Кино урлагийн NFT

Дуртай кино, анимешионыхоо дараагийн ангид хэнийг үхүүлэх, хэнийг хооронд нь гэрлүүлэх гээд өөрийн хүссэнээр зохиолыг нь бичвэл ямар вэ?

Үзэгчдийн хүсэлтээр

Өнгөрсөн 9-р сард Рик ба Морти анимешионы хамтран бүтээгч, продюсер Дэн Хармоны Крапополис хэмээх анимешионаа үзэгчдийн хүртээл болгосныг мэдсэн үү? Тус анимешион нь үзэгчдэдээ зориулан NFT гаргасан бөгөөд NFT эзэмшигчдэдийнхээ санал хүсэлтээр зохиол нь үргэлжлэх, тусгай дугаарыг нь бусдаас түрүүлж үзэх боломжит анимешион гэдгээрээ олны анхаарлыг татаад буй. Түүнчлэн блокчэйнд суурилан гаргасан анхны бүтээл гэгдэх цол гуншинтай. 

Түрүүлж үзнэ

Гарсан даруйдаа олны анхаарлыг хөөрхөн татсан Онц дүмд ч тусгай дугаартаа зориулан дүрүүдээрээ  NFT гаргасан байдаг. Онцлог тал нь тусгай дугаарыг нь олон нийтийн хүртээл болохоос 7 хоногийн өмнө NFT эзэмшигчид урьдчилан үзэх эрхтэй олгож байжээ.

Эцэст нь… Кино урлагийг шимтэн үздэг хорхойтнуудад дурлан үздэг бүтээлээ бусдаас түрүүлж үзэх шиг аз жаргалтай мэдрэмж хаана байх билээ. Ер нь тэгээд аль ч салбарт NFT эзэмшигчид нь илүү давуу эрх эдэлж байгааг өмнөх дугааруудаар залхтал л бичиж байна даа.

Ээлжит асуулт, хариултын цаг ирлээ. За зөв хариултаа олцгооё.

A. Оюу толгойн гүний уурхай 1,350 м-т оршдог.
B. 2022 онд AI-д оруулсан хувийн ХО-ын хэмжээ $100 тэрбумд хүрсэн.
C. Улаанбаатар хотын төлбөртэй бүсийн хураамжийн дээд хэмжээ ₮30,000.

  • Унш: Apple-н Scary Fast-р сонин сайхан юу байна? (TheVerge)

  • Мэд: Fitch Монголын экспортын талаар юу гэв? (FitchRatings)

  • Танилц: Их Британийн Аж үйлдвэрийн яамны сайдын Монгол дахь айлчлал. (GOV.UK)

  • Сонс: Хэрхэн ажлаа утга учиртай болгох вэ? (HBR)

Зөв хариулт A буюу Оюу толгойн гүний уурхай 1,350 м бөгөөд Blue Sky-г 12 давхарласан хэмжээний газрын гүнд оршдог байх нь ээ. 

Reply

or to participate.