- Lemon Press
- Posts
- 🎤 МЭЗЧ-аас онцлох нь
🎤 МЭЗЧ-аас онцлох нь
Эвслийн ЗГ | Гадаад худалдааны эргэлт #13 тэрбум | XAC-н тайлан
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Наадмын амралт айсуй. Бид ч мөн наадмаар амрах тул наадмын дараа шинэ товхимлоор уулзъя. Дэнж хотойтол сайхан наадаарай. 🏇🏹
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: МАН, АН, ХҮН намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
UB: Нийслэл бондын ₮300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад оруулснаар эхний блок нь 10-р сард ашиглалтад орно.
MFA: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чу Донгиу Монголд айлчилна.
🎤 МЭЗЧ-аас онцлох нь
Өчигдөр Монголын Эдийн Засгийн Чуулган (МЭЗЧ) өчигдөр эхэллээ. Чуулганы эхний өдөр юу яригдсаныг тоймлон хүргэе.
📰 Онцлог нь юу байв?
Өнгөрсөн жилийн МЭЗЧ-д Rio Tinto (RIO)-н урилгаар Goldman Sachs (GS), Morgan Stanley (MS), Citigroup (C) гээд дэлхийн тэргүүлэгч 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож байсан бол энэ жилийнх сонгуулийн дараа болж байгаагаараа онцлог байлаа.
Энэ ч утгаараа: Шинэ ЗГ, Компанийн тухай хууль, Татварын тухай хуулийн сайжруулалт, гадаадын хөрөнгө оруулалт татах талаар нэлээд яригдлаа. Мөн одоо бидэнд тулгамдаж байгаа ногоон эрчим хүч, хот хөгжлийн талаар хөндөгдөв.
💬 Онцлох хэлэлцүүлэг-Хөгжлийн бодлого
Чуулганы эхний нэгдсэн хэлэлцүүлэгт улс төрийн 3 том намын дарга нар оролцож "Хөгжлийн бодлого" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн модератороор CNN-н хөтлөгч Ричард Күэст оролцож нэлээд ширүүхэн асуултуудыг асууж, манай томчуудын яриаг хүртэл таслаад амжлаа.
🤝 Мөнхийн эвсэл: Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс өнөөдрөөс эхлээд мөнхийн эвслийн засгийн газартай улс болно гэдгийг зарлав. Ингэснээр ЗГ-ын насжилт нэмэгдэх ач холбогдолтойг дурдлаа.
⁉️ Асуудал VS Шийдэл: Түүнчлэн хэлэлцүүлгээр эрчим хүчний үнийг чөлөөлөх, үйлдвэрлэлийг дэмжих, Хөгжлийн банкийг эксимбанк болгох асуудлуудыг хэлэлцлээ. Тэд эвслийн ЗГ байгуулснаар эдгээр асуудлыг шийдэхэд дөхөм болно гэж үзэж буй. Гэхдээ хэлэлцүүлгээр яг тодорхой шийдэл бол яригдсангүй.
🌌 Юу болох вэ? Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд маань 1 жилийн дараа гэхэд Монгол Улсыг бизнесийн хувьд хамгийн тохиромжтой улс гэдэгт бүгд итгэсэн байх болно. МҮХАҮТ хөгжлийн оролцогч болно гэж хэлсэн юм. Юу болохыг харж л байя даа.
👀 Гаднын нүдээр…
Цаашлаад нэгдсэн болон салбарын хэлэлцүүлэгт оролцсон ОУ-ын байгууллагуудын төлөөллүүд “Монголд тогтвортой байдал хэрэгтэй” гэж дуу нэгтэйгээр хэлж байв. Угаас манай ЗГ-ын насжилт богино, хууль журам нь удаа дараа өөрчлөгдөж байгаа нь гаднын хөрөнгө оруулалт татахад том бэрхшээл болж буй.
Харин маргаашийн хувьд хөрөнгө оруулалтын талаар түлхүү яригдана. Бид хөрөнгө оруулагчдад хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэж ажиллах тул сошиал хаягуудыг маань ойрхон шалгаж байгаарай.
🗒️ Тайлан: Өсөлттэй
ХАС: ХасБанкны 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 38.3% өсөж ₮85.3 тэрбумд хүрчээ. Учир нь тэдний зээл ба санхүүгийн түрээсийн багц оны эхнээс 20.8% өсөж ₮3.3 их наядад, харилцах, хадгаламжийн эх үүсвэр нь 11.3% өсөж ₮3.2 их наядад тус тус хүрсэн байна. Түүнчлэн чанаргүй зээлийн хувь нь 2.2% болжээ. Сонирхуулахад, он гарснаас хойш ХасБанкны хувьцааны үнэ 15.8% өсөж ₮710-т хүрээд буй.
🤝 Эвслийн ЗГ
Өнгөрсөн Ням гаргийн орой АН эвслийн ЗГ-т нэгдэхээ мэдэгдэж, өчигдөр ХҮН нам мөн шинэ ЗГ-т хамтран ажиллахаа зарлалаа. Улмаар ирэх 4 жилд эвслийн ЗГ-тай болох нь баараггүй боллоо гэж.
📜 Өнгөрсөн ба ирээдүй
Бид 2000 оноос хойш 10 засгийн нүүр үзсэн хэдий ч энэ хугацаанд ганц л буюу Н.Энхбаярын ЗГ л 2000-2004 оны хооронд бүрэн эрхийн хугацаа болох 4 жилээ гүйцээж ажилласан байдаг. Түүнээс хойш ЗГ-ын дундаж насжилт 1.9 жил болсон юм. Энэ удаагийн ЗГ-ын тухайд бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн 1-р сард дуусах хэдий ч УИХ-ын 126 гишүүнтэй болсноос хамаарч эвслийн ЗГ байгуулагдахаар болж байна.
🤝 Эвсэнэ: Шинэ эвслийн ЗГ 16 яам, 23 сайдтай байх аж. Улмаар бид шинээр Гэр бүл, хүний хөгжлийн яамтай болж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас эхлээд хэд хэдэн яамдуудын нэр өөрчлөгдөж байгаа бололтой.
🔇 Системийн гажиг: Өнгөрсөн удаагийн Л.Оюун-Эрдэнийн ЗГ 16 яамтай, түүний өмнөх буюу У.Хүрэлсүхийн ЗГ 14 яамтай байсан. Яамдуудын тоо нэмэгдэхийн хэрээр төрийн бүтэц улам л данхайдаг нь хэний ч нүдэнд ил. Гэтэл эвслийн ЗГ-т орох 3 намын хөтөлбөрт төрийн оролцоог багасгах, цомхотгоно гээд цагаан дээр хараар бичсэн хэр нь эхнээсээ л амлалтаа зөрчөөд эхэллээ.
😧 Гадаад дотоодгүй л гайхаж байна даа…
МЭЗЧ-ы эхний өдөр CNN-н хөтлөгч Ричард Күэст МАН, ХҮН, АН-н дарга нартай Хөгжлийн бодлого сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Cөрөг хүчин хэмээн гарч ирсэн хэр нь эвслийн ЗГ байгуулж буй нь ямар учиртай”-г асуусан ч 3 намын даргын хэн нь ч тодорхой хариу өгөөгүй. Тухайлбал, АН-н дарга хүний нөөцийн асуудал ярьж, ХҮН Намын дарга шинэ ЗГ-т хяналтыг хэрэгжүүлэх нам болох талаар яриад л өнгөрөв.
Эцэст нь… Монголын улс төрийн түүхэнд намууд эвсэж хамтарсан ЗГ-аа байгуулж байсан тохиолдлууд бий. Гэхдээ нэгдэж нийлэх, үзэл санаа нэгтэйгээр улсынхаа эрх ашгийг урдаа тавьж чадсан эсэхийг ЗГ-ын 1.9 жилийн дундаж насжилт харуулна. Эвсээгүй дангаараа байхдаа ч бүрэн эрхээ гүйцэт хэрэгжүүлж чадаагүй үе үеийн ЗГ-уудын түүхтэй. Энэ удаад иргэд хүссэн хүсээгүй эвслийн ЗГ-тай болох нь. Харин тус ЗГ хэр прагматик, өөр өөрийн үзэл санаагаа биш нэгдсэн үзэл санаагаа урдаа тавьдаг байх бол? Хэцүүхэн л юм…
Одоо болтол имэйлдээ төөрсөөр байгаа юм биш биз? 😬
Gmail-н зүүн талд байгаа Label цэс дээрх + тэмдгийг дараад Label-дээ нэр өгөөд имэйлээ ангилах боломжтой шүү. Жишээлбэл, team, business, newsletter гэх зэргээр. Дараа нь тухайн Label-д хамаарах имэйлүүдийг сонгоод apply товчлуурыг дараад л бол оо.
Наадмын дараа бөөн имэйл дунд төөрөхгүй, дарагдахгүй байх ийм л амархан. 😉
🔢 Хүн бүр зээлийн оноотой боллоо
БүрэнОНОО зээлжих зэрэглэлийн оноо нь зээл, төлбөр тооцоо болон орлого гээд хувь хүний 40 орчим түүхэн мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюуны дэвшилтэт аргыг ашиглаж санхүүгийн зан төлөвийг бүрэн илэрхийлэх зорилготой юм.
Таны зээлжих зэрэглэлийг 300-999 хооронд оноогоор хэмжих ба өндөр оноо нь илүү найдвартай, санхүүгийн сахилга баттайг илэрхийлж буй. Ингэснээр санхүүдээ хариуцлагатай ханддаг хүмүүст ирээдүйд олон боломжийг бий болгох аж. Жишээ нь:
Илүү таатай нөхцөлөөр зээл авах,
Орон сууц, автомашины зээлд хялбар хамрагдах,
Лизингээр бараа бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй авах гэх мэт.
🎁 Гэснээс Burenscore апп нээлтээ тохиолдуулан оноогоо эхний удаа үнэгүй шалгах боломжийг олгож байгаа гэнэ шүү.
🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.
CNN
🍋 Францын парламентын сонгуулийн 2 дахь шатны урьдчилсан дүнгээр зүүний үзэл баримтлалтай Шинэ ардын фронт эвсэл хамгийн олон буюу 180 гаруй суудал авахаар болов. Харин Макроны төвийн үзэл баримтлалтай Хамтдаа эвсэл 160 гаруй суудал, Марин ле Пений хэт барууны үзэлт Үндэсний нэгдэл нам 143 суудал авсан байна. Энэ удаагийн сонгуулиар улс төрийн нэг ч хүчин Үндэсний ассамблейд олонх буюу 289 суудал авч чадаагүй аж.
🍋 Тээвэр хөгжлийн банкны энэ оны II улирлын тайланд дурдсанаар татварын дараах цэвэр ашиг ₮5.5 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 92% өссөн үзүүлэлт аж. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8%, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 24.3%. Сонирхуулахад, Moody’s агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг II улиралд дахин баталгаажуулж “B3” түвшинд үнэлсэн байна.
🍋 ХААН Банк (KHAN) BlueOrchard байгууллагаас $27.5 саяын дүн бүхий урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр татах гэрээ байгууллаа. Тус санхүүжилт нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой аж.
🍋 Энэ оны эхний 6 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт $13.3 тэрбумд хүрэв. Экспортын дүн импортын дүнгээс $2.5 тэрбумаар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Тодруулбал, энэ оны хагас жилийн гүйцэтгэлээр Монгол экспортод $7.9 тэрбумын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3% өссөн байна.
Administrative Associate / SCC: Хэрэглэгчтэй харилцах менежмент, дата анализын талаар мэдлэг туршлагатай, англи хэлтэй, судалгаа хийх, статистик мэдээлэл бэлтгэх зэргээр холбоо хамааралтай хэлтсүүдийг шаардлагатай дата, дэмжлэг, туслалцаагаар хангах, компанийн бичиг хэргийг хөтлөх, бүртгэл, хяналт хийх хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Төсөвчин инженер / Teso Proporties: Барилга байгууламжийн ажлын зургуудаас төсөв тооцож гаргах, төслийн хүн цаг болон материалын дата өртгийг тооцох, Primavera P6, Power BI программууд дээр ажиллах чадвартай, хар зураг гаргах авьяастай хүн байвал ийшээ. 👉 (Link)
ХАБ менежер / Monlogistics Holding: ХАБ-ын менежмент, эрсдлийн үнэлгээ, байгаль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ус цас мэддэг, манлайлах, бодлого хөгжүүлэх, харилцах ур чадвар сайтай, англи, орос хэлтэй хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Мэдэгдэл: Оюу толгой цаг үеийн мэдээлэл хүргэж байна. (Oyutolgoi)
Ялалт: Япон уян дискний эсрэг зарласан дайндаа ялалт байгуулжээ. (Independent)
Асуудал: Ногоон эрчим хүчний шилжилт ирэх 10 жилд инфляцыг эрчимжүүлнэ гэнэ. (Bloomberg)
Бууралт: Японд бодит цалин 26 дахь сардаа дараалан буурчээ. (Reuters)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply