• Lemon Press
  • Posts
  • 😥 Ажилгүй Монгол +13.4 мянга

😥 Ажилгүй Монгол +13.4 мянга

Meta дахиад л шүүхэд дуудагдав | ХЗЗ-ын шинэ бүтээгдэхүүн | Уур амьсгалын эсрэг шинэ стратеги

POWERED BY

Өглөөний мэнд! Та бүхэн маань манай YouTube хуудас дээр цацагдаж байгаа контентыг үзэж байгаа юу? Lemonade in Japan цувралын дугааруудыг үзээгүй бол ЭНД дарж үзээрэй. Удахгүй үлдсэн дугаарууд маань цацагдана шүү. Манай хуудаст нэгдээд хүлээж байгаарай. 👌🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Fitch Ratings Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+/Stable хэвээр үлдээв

APU: АПУ ХК (APU) энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮80 буюу нийт ₮85 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар боллоо. Ногдол ашгийн бүртгэлийн өдөр нь 9 сарын 3 бөгөөд ногдол ашгийг 12 сарын 31-нээс өмнө хуваарилна.  

MSE: BGM Asset Management ХОМК нь дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох “Future Tech Innovation” (FTI) ETF-г албан ёсоор нэвтрүүллээ.

😥 Ажилгүй хүмүүсийн тоо +13.4 мянга

Энэ оны II улиралд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл өмнөх жилүүдийн өсөлтөө алдаж, монголчуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1 нэгж хувиар буурч 58.1%, харин ажилгүйдлийн түвшин 1 нэгж хувиар өсөж 5.5%-д хүрлээ. Өөрөөр бол ажилгүй иргэдийн тоо жилийн дотор 13.4 мянгаар нэмэгдэж 79.3 мянгад хүрсэн байна. 

🎡 Ерөнхий зураглал

Энэ оны II улиралд ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурч 61.5% болсон бөгөөд нийт 1.4 сая ажиллах хүчний 94.5%-ийг ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэд, 5.5%-ийг ажилгүй иргэд бүрдүүлж байна. Хамгийн гол нь хөдөлмөрийн дутуу ашиглалт 42.1% өсөж 130.4 мянгад хүрчээ.

  • ‼️ Яагаад анхаарал татав? Ажилгүйдэл 2025 оны II болон III улиралд буурч байсан бол 2025 оны IV улирлаас эхлэн аажмаар өсөв.

👉 Ажилгүйдлийн шалтгаан

Энэхүү 79.3 мянган ажилгүй хүний 32.9% нь ажил хайгаад олдохгүй, 12.2% нь суралцаж байгаа, 9.9% нь зөвхөн улирлын буй мөчлөгийн чанартай гэх шалтгаануудаар ажил, хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Гэтэл нөгөө талд бизнес эрхлэгчид хадаг яндар бариад ч ажилд орох хүн олдохгүй байна гэлцдэг буюу хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүн дутагдаад байгаа даа биш боловсрол, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан сул орон зай, хийдэл үүсээд байгаа хэрэг. 

🤔 Хэн, хаана ажиллаж байна вэ?

Цаашлаад, нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дийлэнх буюу 52.3% үйлчилгээний салбарт, 24% аж үйлдвэр, барилгад, 23.7% хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй. Тус хугацаанд салбар хооронд гарсан хамгийн том өөрчлөлт нь үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо 3.2 нэгж хувиар өссөн бол хөдөө аж ахуй 2.9 нэгж хувиар, боловсруулах үйлдвэр 1.6 нэгж хувиар буурчээ. 

  • ♻️ Монголд анх удаа дахин боловсруулсан савлагааны үр өгөөжийг хэмжжээ. (NUM)

  • 🧑‍🧑‍🧒 Аав, ээжүүд хүүхдийнхээ өмнөөс ажлын анкет бөглөх нь нэмэгдэв. (KanebridgeNews)

  • 🔑 Түгжээтэй машинаас хулгай хийх нь хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болно. (Judilogy)

  • 😬 Залуус хүртэл AI-д баярлахаас илүү болгоомжтой хандаж эхэллээ. (PRC)

🤑 Ногдол ашиг айсуй

SUU: Сүү ХК-ийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар боллоо. Тэд нийт ₮2.8 тэрбумын ногдол ашгийг нэгж хувьцаанд ₮8.25-өөр хуваарилах аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр 9 сарын 26-наар хаагдах нь. Харин олгох хугацаа нь энэ оны сүүлийн өдрийн дотор аж. Уг ногдол ашгийн өгөөжийг хувьцааны үнийн өчигдрийн хаалтаар тооцвол 1.4% байна. 

🤳 Доошоо ёроолгүй сошиал ертөнц

Ёроол нь үл үзэгдэх Facebook болон Instagram-н алгоритм, контентууд Meta (META)-г $1.4 их наядын өрөнд унагах магадлалтай байна.  

😧 Ийм нэгэн хэрэг

Уг хэрэг анх 2023 онд Калифорни, Колорадо, Кентакки, Нью-Жерси зэрэг нийт 29 мужийн прокуроруудын хамтран Meta-г албаар залуу үеийнхнийг өөрийн платформуудад донтуулах алгоримт ашиглаж байна хэмээн шүүхэд өгснөөс эхэлсэн. Улмаар яван явсаар өнгөрсөн Мягмар гарагт шүүх хурал нь эхэлжээ. Гол маргаан нь нэхэмжлэгч талаас Facebook болон Instagram ёроолгүй их контент санал болгож буй алгоритм буюу “Infinite scroll”. Үүний хажуугаар Meta шинэ үеийн хэрэглэгчдийнхээ зан төлөвийг судлахаар 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр цуглуулсан нь ч асуудал үүсгэж байгаа. 

  • 😔 Харамсалтай нь Meta энэхүү цуглуулсан мэдээллээсээ Instagram зарим өсвөр насныхны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг мэдэж байсан ч үүнийгээ олон нийтээс нуусан байдаг.

🪏 Ухаад л бай, үзээд л бай!

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд сошиал детокс хийх явдал ихсэж байгаа. Энэ нь хувь хүний түвшинд Meta-н сошиал платформуудтай байнгын уяатай байх, донтуулах стратегитай тэмцэж буй оролдлого гэлтэй. Анзаарах юм бол Facebook болон Instagram ядаж л анхны жилүүддээ контентын төгсгөл гэх юмтай байв. Харин одоо хамгийн олон хэрэглэгчтэй платформ болохын хэрээр нэг талаас контентын нийлүүлэлт ч нэмэгдэж, нөгөө талаас Meta үүнийг хэрхэн хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг болгох вэ гэдэг дээр сайн ажиллаж чадсан. 

  • 💸 Юутай ч уг шүүх хуралд Meta ялагдвал $1.4 их наядын торгууль төлөх магадлалтай байгаа. Компани уг хэрэгтэй холбоотой бүх буруутгалыг няцааж, энэ бүх асуудлыг мэдэж байсан ч нуух гэж биш засах гэж оролдсон хэмээн өөрийгөө зөвтгөж буй.

Харин та уг үйл явдлыг юу гэж харж байна? Хүн төрөлхтний харилцаа холбооны түүхэнд Meta өөрийн платформуудаар дамжуулан асар том үсрэлт хийсэн гавьяатай. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Гэвч тэрхүү гавьяа эргүүлээд бидний сэтгэлзүй, нийгмийн харилцааны зан төлөвт хүртэл нөлөөлөх хэмжээнд томорч чаджээ. Гайхалтай гэх үү, аймшигтай гэх үү.

50%
"Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль" гэдэг төслийг хэрэгжүүлэх юм гэнэ. Үндэслэл нь сургалтын байгууллагуудын 50% нь 1990 оноос өмнө баригдсан. 700 гаруй сургуулийг халаахад жилд ₮418 тэрбумын эрчим хүч зарцуулж байна.
100 
Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 сургуулийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт суулгана гэжээ.
$327.3 тэрбум
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд $327.3 тэрбумаар үнэлэгдсэн бөгөөд 2024-2030 онд жилд дунджаар 14.9% өсөх тооцоотой аж.

Nature

🍋 Монгол Улс COP17-н үеэр 2026-2030 онд биологийн олон янз байдлыг хамгаалах шинэ үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө албан ёсоор танилцууллаа. Уг үндэсний стратегийг ЗГ өнгөрсөн 6-р сард баталсан бөгөөд өмнө нь өгсөн олон улсын амлалтуудыг 2030 он хүртэл бодитоор хэрэгжүүлэх замын зураглал гэж ойлгож болно.

🍋 179 нэр төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авч, зах зээлийн үнийг бууруулна. ЗГ ирэх онд 179 нэр төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авч, эмийн үнийг бууруулах, төсвийн зардлыг хэмнэх төлөвтэй байна. Энэ хүрээнд Польш, Турк, Өмнөд Солонгос болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас үнийн санал авахаар хүсэлт хүргүүлээд байгаа аж.

🍋 Хонконгийн хөрөнгийн бирж II улиралд IPO болон арилжааны идэвхжил нэмэгдэж түүхэн дээд ашигтай ажиллажээ. Тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг  II улиралд 21% өсөж $686 саяд хүрчээ. Уг өсөлтөд Хятадын тэр дундаа AI-тай холбоотой компаниудын Хонконгт IPO хийх сонирхол нэмэгдсэн нь биржийн орлогыг өсгөсөн аж.

🍋 Хятад Улс AI, дэвшилтэт технологи болон дата гадагш алдагдахаас сэргийлэхийн тулд хилээр гарах, орох хяналтаа чангатгана. Уг зохицуулалт 9 сарын 15-наас хэрэгжих эхлэх бөгөөд Meta (META) Хятадын AI стартап Manus-г $2 тэрбумаар худалдан авахыг оролдсонтой холбоотой гэж үзэж буй. Улмаар уг журмыг зөрчсөн гэж үзвэл өөрийн иргэдийг гадаадад зорчихыг хориглох, гадаадын иргэдийн виз, нэвтрэх шалгалтыг чангатгах төлөвтэй.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.