- Lemon Press
- Posts
- 🚕 Subscription-той такси
🚕 Subscription-той такси
ТОП-20-н намрын өнгө | Сэтгэл гонсгор Уоррен Баффет | Уул уурхайн 7 хоног
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр товхимол маань техникийн саатлын улмаас зарим уншигчдын имэйлийн “spam” руу яваад орчихжээ. Өчигдрийн дугаарыг уншиж амжаагүй бол яг одоо “spam”-аа шалгаарай. Өглөө бүр товхимлоо уншдаг лимончууддаа сэтгэлийн гүнээсээ талархаж явдаг шүү. 🙏🏻💘


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын өнөөдрөөс эхлэн 9 сарын 7-ныг хүртэл Казахстанд айлчилна.
GOLD: Өнгөрсөн Мягмар гарагт алтны үнэ 0.4% өсөж нэг унц нь $3,546-т хүрснээр түүхэн дээд амжилтаа эвдэв.
U.S.: Америк TSMC (TSMC.BA), Samsung (005930.SK), SK Hynix (000660.SK)-д олгосон “Validated End User” (VEU) давуу эрхийг цуцалснаар, тус компаниуд экспортын зөвшөөрөл авах шаардлагатай тулгарлаа.

🍂 Налгар намарт ТОП-20 өөдрөг

Олон улсад “September Effect” гээд 9-р сард индексүүд модноос унах шарласан навч шиг унадаг бол манай ТОП-20 индекс маань 1.2% өсдөгийг анзаарсан уу?
🎨 Намрын өнгө
Сүүлийн 13 жилд ТОП-20 индекс 9-р сард 7 удаа өсөж, 6 удаа буурсан нь манай Хөрөнгийн зах зээл “September Effect”-д төдийлөн өртдөггүйг харуулах аж. Гэсэн ч энэ жил нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй. Учир нь ТОП-20 индекс өчигдрийн байдлаар оны эхнээс 5.5% унаж 48,633.6 нэгжид хүрсэн бөгөөд эхний 8 сарын талд нь ТОП-20 индекс унаад байна.
🚩 Улаан сар: Манай ХЗЗ-д жинхэнэ “September Effect” 3 болон 5-р саруудад тохиодог бололтой. Тухайлбал, ТОП-20 индекс 3-р сард дунжаар 2.6%, 5-р сард 2.5% тус тус буурдаг аж. Харин хамгийн өндөр өсөлттэй нь 12-р сар ба ТОП-20 индекс дунджаар 6.7% өсдөг гэнэ.
🏷️ Зарах бол 9-р сар
Жил бүрийн 9-р сард олон улсын томоохон индексүүд унадаг нь хорвоогийн жам мэт. Харин энэ 9-р сар олон улсад өмнөх жилүүдээс ч илүү уналттай эхэлж, Америкийн голлох 3 индекс дунджаар 1.5% буураад байна. 9-р сарын уналтад хөрөнгө оруулагчдын зан төлөв ихээхэн нөлөөлдөг ба намрын эхэн сард хөрөнгө оруулагчид багцаа шинэчлэх, жилийн эцсийн татварын зардлаа буурах зорилгоор хувьцаагаа зарах хандлага ажиглагддаг.
🌿 Ногоорч дуусах уу? Ойрын хугацаанд Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаа төдийгүй томоохон компаниуд бишгүй ашигтай ажиллах магадлал өндөр байгаа нь энэ удаагийн 9-р сарыг өмнөх жилүүдээс илүү өсөлттэй хаагдахад нөлөө үзүүлэх талтай.
Эцэст нь… Манай хөрөнгө оруулагчдын хувьд 9-р сар нь тийм ч муу сар биш аж. Харин 3 болон 5-р саруудад хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарах хандлага өндөр ажиглагдаж байна. Хөнгөнөөр хэлбэл, хаврын салхи хавирга нэвт гэдэг шиг хавар компаниудын хувьцаа доошоо хэвт гэдэг л болдог бололтой. 🥲

🥤 Хийжүүлсэн ундааны зах зээлийн өрсөлдөөнд Pepsi-н жанжин шугам юу байх вэ? (CNN)
💔 Хүүхдүүдийн хувийн мэдээллийг цуглуулсан хэргээр Disney $10 саяар торгуулав. (TheVerge)
📡 Global Media Forum: Технологи бидний дэвшил үү, зэвсэг үү? (UBLife)
🪖 Хятадын цэргийн жагсаалд урьд өмнө нь үзэгдээгүй зэр зэвсэг харагдав. (SCMP)

⛏️ “Уул уурхайн 7 хоног” эхлэхэд 7 хоног үлдлээ

Монгол Улсад 4 дахь жилдээ олон улсын “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээ Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд болох гэж байна. 📢
Энэхүү арга хэмжээнд ханган нийлүүлэгчид, уул уурхайн томоохон төслүүд, технологийн үйлчилгээ эрхлэгчид гэх мэт 350 байгууллага, 20 мянган зочид, төлөөлөгч оролцох бөгөөд “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор зохиогдох аж.
⛏️ “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээнд оролцсоноор шийдвэр гарагчид, салбарын экспертүүд, хөрөнгө оруулагчтай танилцаж дуу хоолойгоо хүргэх боломжтой. Үүнээс гадна уул уурхайн Хөдөлмөрийн яармаг, “Future Engineers” арга хэмжээ, “Уурхайчдын наадам” болно гэдгээрээ онцлог.
📅 Хэзээ: 9 сарын 11-13

😕 $KHC: Уоррен Баффет сэтгэл гонсгор байна
KHC: Хүнсний салбарын акулууд нэг Kraft Heinz-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор огцом 7% унаж $26-д хүрээд байна. Уналтын шалтгаан нь компанийн 27.5%-ийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч Berkshire Hathaway (BRK-B)-н ТУЗ-ын дарга Уоррен Баффет $KHC-н 2 хуваагдаж буй явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэнтэй холбоотой. Тэрбээр 2015 онд Kraft Foods болон H.J. Heinz-г $46 тэрбумаар нэгдэхэд томоохон оролцоотой байсан ба түүнээс хойш $KHC-н нэгж хувьцааны үнэ 60% өсжээ.

💸🚕 “Subscription”-той такси

Өглөө ажилдаа явахдаа нэг, орой харихдаа бас нэг гээд өдрийн 2 удаагийн жаргал зовлонгоо таксид даатгадаг хүмүүс хэр олон байна? Тогтмол таксиддаг хүмүүст бол гишүүнчлэлийн үйлчилгээ (subscription) бас л овоо дэмтэй дээ.
💥 Гишүүнчлэлтэй такси
Хэрэглэгчдийнхээ энэ хэрэгцээг мэдэрч Өмнөд Солонгосын такси үйлчилгээний томоохон компаниуд болох Kakao Mobility болон Uber (Uber) өнгөрсөн 7 хоногт бараг нэгэн зэрэг захиалгат үйлчилгээтэй болж байгаагаа зарласан билээ.
☝️ Товч танилцуулъя: Анх Kakao 2015 онд такси үйлчилгээний бизнесээ эхлүүлж, зах зээлийг атгаж ирсэн ч сүүлийн үед бизнесийнх нь өсөлт удаашрах хандлагатай болсон. Харин Uber тэднээс 2 жилийн өмнө буюу 2013 онд д Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрсэн ч дотоодын бизнес эрхлэгчдийн шахалт, зохицуулалтад нэлээн нүдүүлж тус улсад байр сууриа олох гэж нэлээн зүдэрсэн.
🦾 Kakao: Гэрийн эзэн гэрээ манах стратеги
Харин одоо шууд харьцуулалт руугаа оръё. Kakao Mobility “T Members” буюу такси үйлчилгээндээ хэрэглэгчдэд зориулсан Mobility Plus, автомашин эзэмшигчдэд зориулсан My Car Plus гэсэн 2 үйлчилгээг нэвтрүүлээд буй.
🤺 Uber: Өрсөлдөх бус довтлох стратеги: Харин Uber 2021 онд Америкт нэвтрүүлж байсан Uber One захиалгат үйлчилгээгээ тус улсад нэвтрүүлсэн бөгөөд цар хүрээ нь өдгөө дэлхийн 34 улсыг хамрах болов.
🤑 Үнийн хувьд Kakao болон Uber-н аль алиных нь сарын үндсэн төлбөр ₩4,900. Гэсэн хэдий ч Uber жилийн багцаа ₩49,000-оор гаргаж, хэрэглэгч сар бүр төлөлт хийснээс жилээр нь авбал 17% хямд дүн санал болгож буй. Буцаан олголтын хувьд ч Kakao-нх 3%-5% байхад Uber 5%-10% буюу 2 дахин их буцаан олголттой гэдгээрээ +1 оноо.
Гэсэн хэдий ч Kakao-н үйлчилгээний төрөлжилтийг басах аргагүй. Тэд унадаг дугуй, тэжээвэр амьтанд ээлтэй үйлчилгээ мөн тэдэнд зориулсан хөнгөлөлт, шөнийн болон амралтын өдрийн тусгай зогсоол гэхчлэн олон давуу талтай.
Эцэст нь… Kakao Mobility-н гишүүнчлэлийн хамгийн том давуу тал нь таксины үйлчилгээнээс эхлээд зогсоол, хүргэлтээс гадна Kakao T, Kakao Pay, Kakao Navi гээд өдөр тутмын хэрэглээний экосистемийн синержи нь үнэхээр гайхалтай. Харин Uber-н тухайд Kakao-н зах зээлд тогтоосон давуу байдлыг U2B буюу компаниуд руу чиглэсэн үйлчилгээ болон “Premium” чиглэлд анхаарах байдлаар хөшүүрэгдэж буй. Үгүй тэгээд зах зээлд Kakao Mobility 98%, бусад нь 2% гэхээр нэлээн харгиа давамгайлж байгаа биз дээ?

40,000 хүн
Сүүлийн үед тамхины хяналтыг чангаруулах талаар их ярьж байгаа даа. Тэгвэл тамхины үнийг 75% нэмбэл 40,000 хүн тамхинаас гарах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Сурагчдын 30%
Мөн ЕБС-ийн сурагчдын 30% нь өдөр тутамдаа электрон тамхи татдаг гэж хариулсан байна.
Татвар +75%
Тус судалгааны баг тамхины татварыг 75% хувь нэмж байж бодит өөрчлөлт гарна гэж тооцоолжээ.


Financial Times
🍋 Klarna олон нийтээс $1.3 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Одоо аваад, дараа төл үйлчилгээний томчуудын нэг Klarna-н IPO хийх төлөвлөгөө эцэст нь биеллээ олж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Компанийн зүгээс нийт 34.3 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгох ба нэгж хувьцааны үнэ $35-$37-н хооронд үнэлэгдэх аж.
🍋 Улсын хэмжээнд энэ өвлийн бэлтгэл ажилд ₮432 тэрбумыг төсөвлөөд байна. Харин нийслэлийн хэмжээнд ₮15.8 тэрбумыг төлөвлөжээ. Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1,800 МВт-д хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний 66.5%-ийг дотоодоос 16.7%-ийг импортоор хангах аж.
🍋 Google (GOOG) Chrome-г авч үлдэхийн төлөө онцгой хайлтын гэрээгээ цуцаллаа. Эрх баригчид $GOOG-д Google Search, Chrome, Google Assistant, Gemini-г бусад апп-тай заавал холбох гэрээг цуцлахыг тулгаж, оронд нь Chrome-г авч үлдэхийг зөвшөөрчээ. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд талууд 9 сарын 10-ны дотор тохиролцох ёстой аж.
🍋 Алтанбулаг боомт шинэчлэгдэж өдөрт нэвтрэх зорчигчдын тоо 3 дахин, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэнэ. Тус бүтээн байгуулалтыг улсын төсвөөс ₮14.9 тэрбум, Азийн хөгжлийн банкны $7.8 саяын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн бөгөөд жилд 1.5–2 сая зорчигч, 600–800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах хүчин чадалтай болжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply