- Lemon Press
- Posts
- 😬 Хар төрүүлэм 12 мянга
😬 Хар төрүүлэм 12 мянга
Цомхотгол газар авсаар | Ногдол ашигтай $LEND | $RDDT: $1 тэрбумын халааслалт
POWERED BY
Өглөөний мэнд! Хэрэв энэ өдрийг эрч хүчтэй дуу хөгжмөөр эхлүүлэхийг хүсэж байвал яг одоо ЭНД дараарай. Энэхүү дууны жагсаалтыг алдарт Марк Зукерберг 2004 онд Facebook платформынхоо анхны кодыг бичихдээ сонсож суусан гэнэ шүү. 🎧


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 50%-д нь өөрчлөлт орно.
BANK: 2013 онд Японы Sumitomo Mitsui, Tokyo-Mitsubishi банкууд Монголд төлөөлөгчийн газраа нээхийг хүсч байсан бол өнгөрсөн 7 хоногт Японы Элчин сайд М.Игавахара Японы банк Монголд салбараа нээхэд дэмжихийг хүсчээ.
MSE: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн энгийн хувьцааг Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 135 мянган хувьцаагаар нэмэгдүүлж 61.9 саяд хүргэхээр болов.
SUU: СҮҮ ХК (SUU) 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮5.1 буюу нийт ₮1.7 тэрбумын ногдол ашиг хуваарилахаа мэдэгджээ.

🤯 Ипотек: Нэг зээл үү, олон орон сууц уу?

Өнгөрсөн 7 хоногт ипотекийн зээлийг давхардуулж олгодог асуудал дахин сөхөгдлөө. Албан ёсоор “нэг иргэнд нэг ипотек” гэдэг ч бодит байдал дээр юу болж байна вэ?
🤔 Нөхцөл байдал: 1 = ₮86 сая
Одоогоор нийт ₮11.4 их наядын ипотекийн зээл олгосон байгаагийн 57% нь сүүлийн 2 жилд олгогдсон байна. Тус хугацаанд сард дунджаар ₮261 тэрбумын зээл олгодог аж. Нийт зээлийн дансны тоо 132.7 мянга буюу 1 зээлдэгчид ₮86 саяын зээл ногдож буй. Үүнээс сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт огцом тэлж байгааг харж болно.
‼ Эргэлзээтэй 110 мянга
Харин өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл өгсөн. Ингэхдээ нийт ипотекийн зээл авагчдын 79% буюу 110 мянга нь ипотекийн зээл авах сегментийн иргэд биш буюу өмнө нь орон сууцтай байсан хүмүүс гэдгийг дурдсан.
😬 Хар төрүүлэм 12 мянга: Цаашлаад Сангийн яамны мэдээллээр 3+ орон сууцтай иргэдийн тоо 12 мянга байгаа аж. 3-5 орон сууц авсан иргэд өөрийнхөө орлогоор авсан уу, ипотекийн зээл ашиглаж авсан эсэхийг тодотгох ёстой байгаа юм.
🔻 Зорилтот бус тэлэлт
Нэг иргэнд нэг ипотекийн зээл олгоно гэдэг заалт цаасан дээр л үлдсэн мэт. Өрхийн гишүүдээр дамжуулан зээл авах, өмчлөл ба зээлийн мэдээллийн уялдаа сул байгаагаас шалтгаалан олон орон сууцыг ипотекийн санхүүжилтээр авсан байх магадлал өндөр байна. Олон улсад үүнийг “зорилтот бус ипотекийн тэлэлт” гэж үздэг.
📌 Ипотекийн зээлийг бодит хэрэгцээ бус, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах нь орон сууцны үнийг хиймлээр өсгөж, анхны худалдан авагчдыг зах зээлээс шахдаг. 2008 оны санхүүгийн хямралын өмнө Америк,, Испани, Ирландад яг ийм загвар бий болж, үүний дараа ипотекийн бодлогод хатуу зохицуулалт нэвтрүүлсэн билээ.
Эцэст нь… Орон сууцны үнэ сүүлийн 47 сард 72% өссөн. Ипотекийн зээлийн анхны зорилго нь орлогын дунд, доод бүлгийн иргэдийг орон сууцтай болгох байсан ч өнөөдөр хуримтлал, мэдээлэлтэй хэсэг нь олон орон сууц эзэмших суваг болгон ашиглаж байна. Зээл олгож буй банк, бодлого тодорхойлогчид, хяналтын байгууллагууд энэ асуудлыг цэгцлэхгүй бол ипотекийн зээл нийгмийн дэмжлэг бус, үл хөдлөхийн үнийн өсөлтийг хурдасгагч хэрэгсэл болж хувирах эрсдэл улам нэмэгдсээр байна.

🧟 Эрүүлжиж байна гэж бодсон ч үнэндээ… (MoneyTalks)
🪁 Бага өртгөөр AI дэд бүтэц байгуулах боломж: Сансарт. (Dwarkesh)
🪗 Сонсож буй дууныхаа цаад түүхийг мэдэх боломжтой болно. (TechCrunch)
👎 Super Bowl 2026-н сурталчилгаануудыг эрэмбэлж. (Ew)

🤑 Ногдол ашигтай $LEND
LEND: Өнгөрсөн онд ЛэндМН ББСБ ХК-ийн хүүгийн орлого 2024 оны мөн үеэс 52% өсөж ₮135.4 тэрбумд, цэвэр ашиг 11% нэмэгдэж ₮40.1 тэрбумд тус тус хүрчээ. Үүнтэй холбоотой компанийн ТУЗ-ийн зүгээс 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ₮12.2 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮16.5-ийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр $LEND-н ногдол ашгийн өгөөжийг өнгөрсөн Баасан гаргийн хаалтын үнээр тооцоход 9.6%-д хүрээд байна.

💔 Цомхотгол газар авсаар…

2025 онд Америкт эхэлсэн цомхотголын шуурга энэ онд дамжин үргэлжлэх төлөвтэй байна. Тэгвэл өнөөдөр энэ шуурга бизнесийн ертөнцөд ямар мессеж өгч буйг сонирхуулъя.
🌨️ Хүндхэн 2025 он
Өнгөрсөн онд Америкт нийт 1.2 сая гаруй хүн цомхотголд өртсөн нь 2024 оны мөн үеэс 58% өссөн дүн болжээ. Мөн энэ нь 2020 оны Ковид-19-ийн цар тахлаас хойших 2 дахь том цомхотголын шуурга болсон бөгөөд AI-тай холбоотой цомхотгол 5%-ийг эзэлжээ. Үүний томоохон жишээг Pinterest (PINS)-н ажлын байрны 15%-ийн цомхотгол, Amazon (AMZN)-н 15 мянга, Dow Chemical-н 4.5 мянгаар ажилтнуудаа халснаас харах боломжтой.
📰 Медиаг ч дайрна
Томоохон медиа компаниудын нэг The Washington Post 800 орчим хүнтэй редакцын багийнхаа 1/3 тэнцэх буюу 300 орчим сэтгүүлчээ цомхотгохоор болсон. Тэд спорт болон номтой холбоотой редакцаа татан буулгаж, чухал бүрэлдэхүүн болох “Post Reports” подкастыг түр зогсоож, гадаад мэдээ болон дотоодын сурвалжилгын багаа их хэмжээгээр танасан аж.
🌍 Олон улсад: Мөн The Washington Post Ойрх Дорнодын багаа бүхэлд нь цомхотгож, Азийг хариуцсан редакторын орон тоог багасгаж, Шинэ Дели болон Сидней дэх удирдах албан тушаалтнуудаа татан буулгажээ. Үүнээс гадна Хятад, Иран, Туркийг хариуцдаг сурвалжлагчдаа ч цомхотголд оруулаад байна.
🧠 AI-н нөлөө: AI нь ажлын талбарт олон талаар нөлөөлж эхэлсэн. Үүнийг The Washington Post-н Гүйцэтгэх редактор Мэтт Мюррей тайлбарлахдаа AI нь медиагийн органик хайлтын урсгалыг сүүлийн 3 жилд тал хувиар багасгасан талаар дурдсан аж. Түүнчлэн AI-н гаргаж буй контент хэрэглэгчдийн мэдээлэл авах зуршил, хүлээлтийг эрс өөрчлөх болсныг онцолжээ.
Эцэст нь… Ажлын байрын цомхотгол үргэлжлэхийн хэрээр ажилд авах үйл явц огцом саарсаар байна. Тухайлбал, компаниуд 2025 онд ердөө 507.6 мянган ажлын байрыг шинээр зарласан нь өмнөх оноос 34%-иар буурсан дүн бөгөөд 2010 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. 🤔

Өнгөрсөн онд Орос хатуухан мөнгөний бодлого баримталснаар рублийн доллартой харьцах ханш 44% чангарчээ. Өөр ямар валютууд сайн гүйцэтгэлтэй үзүүлэв?
Бразил реал: 17%
Швед крон: 16%
Мексик песо: 13%
Евро: 12%
Швейцар франк: 12% тус тус чангарсан байна.
Эсрэгээрээ 3 оронтой инфляцад өртөөд буй Венесуэлийн боливарын доллартой харьцах ханш хамгийн их буюу 70% суларсан аж.


The Guardian
🍋 Reddit (RDDT) $1 тэрбумын хувьцаагаа халааслахаар боллоо. Компани IPO хийснээсээ хойш 2 жил хүрэхгүй хугацаанд ийн итгэлтэйгээр хөдөлсөнд эерэг санхүүгийн үзүүлэлтүүд нь нөлөөлжээ. Тодруулбал, тэд технологио шинэчилж, гол орлогыг нь бүрдүүлж буй сурталчилгааны стратегиа улам боловсронгуй болгосноор өнгөрсөн онд 2 жилийн өмнөхөөсөө 2 дахин их, оны сүүлийн улиралд 2024 оны мөн үеэс 70% их орлого олсон байна.
🍋 Өмнөд Солонгосын $5.6 саяын буцалтгүй тусламжаар гаалийн хяналтыг сайжруулна. Энэ хүрээнд эрсдэлийн удирдлага болон өгөгдлийн сангийн системийг шинэчлэх, агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг орчин үеийн технологиор сайжруулах, гаалийн хяналт шалгалтын үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, гаалийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
🍋 Amazon (AMZN) энэ онд дата төв болон бусад дэд бүтцэдээ ойролцоогоор $200 тэрбумыг хөрөнгө оруулахаа зарлав. Энэ нь өнгөрсөн оныхоос 52% өссөн дүн бөгөөд зардлын дийлэнх нь AWS-н хөгжүүлэлтэд чиглэх юм. Тэгвэл энэ мэдээний дараа компанийн хувьцааны үнэ 8% унаж $210 болжээ.
🍋 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Улаанбаатарын гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ. Ингэхдээ тэдгээр өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-1,000 кВт хүртэлх хүчин чадалтай нарны хавтанг суурилуулж нийт 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулах юм гэнэ. Тэгвэл тус төсөл энэ оноос эхэлж ирэх оны 12-р сард хэрэгжиж дуусах нь.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply