• Lemon Press
  • Posts
  • 🔻 Шалаар нэг нүүрсний үнэ

🔻 Шалаар нэг нүүрсний үнэ

ЗГ-ийн тусгай сангууд болон нүүрсний үнийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монголын махны тухай антропологийн судалгаа хийх гэнэ. Үр дүн нь их л сонирхолтой байна даа. 🥩

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: ХХААХҮЯ хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох нэг цонхны систем нэвтрүүлнэ.

MSE: Өчигдрийн арилжаагаар ₮569 саяын үнийн дүн бүхий хувьцаа арилжаалагдсанаар 20 компанийн хувьцааны үнэ өссөн бол 24 компанийн хувьцааны үнэ буурав.

^HSI: 2018 оны 1-р сард оргилдоо буюу 33,223 нэгжид хүрч байсан Хонконгийн Hang Seng (^HSI) индекс тухайн үеэс 41.5% унаж 19,431 нэгж болоод буй.

🙊 Тусгай хүмүүсийн тусгай сан

Зээ, өнгөрсөн хоногуудад энд тэндхийн олон сангийн мэдээлэл дэлгэгдэж улс төрчдийн хүрээгүй ганц сангаар номын сан л тодрох шив. Олны овоо хараа ч Боловсролын зээлийн сан дээр л тогтоостой. Тэгвэл бусад нь яав?

  • Тусгай сан: Ийм төрлийн санг ЗГ-ийн тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн тусгай данс гээд ойлгоход болно.

Данхгар 25

ЗГ-ийн дэргэд 25 тусгай сан байгаагийн 9-ийнх нь мэдээлэл шилэн болоод буй. Түүнчлэн ЦХХХЯ-ны сайдын мэдээлснээр ирэх өдрүүдэд ахин 13 тусгай сангийн мэдээллийг ил болгох сурагтай. Ер нь тусгай сангийн санхүүжилт хаанаас бүрддэг бол? Тус сангууд нь,

  • Улсын төсөв;

  • Хандив, тусламж;

  • Тухайн сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

  • Зээлийн хүүгийн орлого гэсэн 4 эх үүсвэрээр санхүүждэг.

Сар гаруйн өмнө тусгай сангийн төрлөөс ХАА-г дэмжих санг хассанаар энэ онд 24 тусгай сангийн 18-т нь ₮7.7 их наядыг зарцуулахаар төсөвлөөд буй. Энэ нь улсын төсвийн нийт зардлын 37.6%-тай дүйнэ. Нэгэнт ХАА-г дэмжих санг дурдсаных, тус сангаас сүүлийн 28 жилд ₮207 тэрбумын зээл олгогдсон ч ₮169.7 тэрбум нь төлөгдөөгүй аж.

  • Анхаар: БЗС-гаас дутахгүй асуудалтай сан бол НДС. Учир нь тус сан бусдаасаа хамгийн зузаан төсөвтэй буюу энэ жилд л гэхэд НДС-д ₮3.7 их наядыг төсөвлөөд буй. Гэтэл тус сан сүүлийн 13 жилийн туршид тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд нийт алдагдал нь ₮4.4 их наядад хүрчээ.

Бид хаана алдаад байна?

Тусгай сангууд цаашид ч байсаар л байх болно. Тэгэхээр бид алдаанаасаа суралцаад, засаад урагш алхах нь чухал. Ядаж л ийм байвал гоё:

  • Зөв бодлого: Аливаа САН-г ямар зорилгоор, хэнд зориулж гаргаж буй, ямар үр дүн хүлээж буй зэргийг бүрэн тодорхойлж байж байгуулах;

  • Хараат бус менежмент: Цаасан дээр буусан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж, гол шийдвэр гаргах институт нь хараат бус байж чадах уу, зөв шийдвэр гаргаж чадах уу гэдгийг анхаарах;

  • Ил тод мэдээлэл: Эцэст нь, хамгийн том асуудал бол мэдээлэл нууц байгаа явдал юм. Мэдээлэл ил тод байж хэмээн олон талын хяналтыг бүрдүүлэх боломжтой болох юм.

⚖ ТУЗ-ийн шийдвэр

GOV: Говь ХК-ийн ТУЗ-ийн даргаар тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Гэрэлмаа 3 жилийн хугацаатайгаар сонгогдлоо. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ 5 сарын 3-нд энэ жилийн хамгийн өндөр түвшин буюу ₮300.1-т хүрсэн юм. Харин өчигдрийн байдлаар тухайн үеэс 11.9% уналаа.

ICT Expo '23

Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT Expo '23 зохиогдох дөхсөөр. Энэ удаад тэдний хувьд эх дэлхийд ээлтэй технологийн ухаалаг шийдлийг ашиглан Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг ахиулах цаашлаад, ОУ-д танигдахад чиглэгдэж буй гэнэ.

Эцэст нь… Тус арга хэмжээнд, 150 гаруй байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, 150,000 гаруй сонирхогчид цуглаж, нэтворкинг, ажлын байрны үзэсгэлэн, бизнес уулзалт гээд дажгүй хэдэн ажлуудыг амжуулна гэнэ шүү. Бид мөн тус арга хэмжээний медиа түншээр ажиллаж буй. See you there!

⏲️ Хэзээ: 6 сарын 9, 10, 11-нд
📍 Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн

🔻 Шалаар нэг нүүрсний үнэ

 

Нүүрсний үнэ жилийн өмнөхөөсөө 61.6%, он гарсаар 59.2% унаад байна. Улмаар 1 тн нүүрсний үнэ $160.4 болоод буй.

Уналтын эхлэл

Энэ оны 1-р сард Европын өвлийн жавар татарч эрчим хүчний хямрал багассанаар нүүрсний зах зээл дулаанаа алдаж, үнэ нь буурсан юм. Өөрөөр бол Орос Украины дайн Европын эрчим хүчний хангамжид заналхийлснээс үүссэн нүүрсний үнийн хөөсрөлт эцэслэсэн хэрэг. Улмаар өнгөрсөн оны эцэст $404.2 байсан нүүрсний үнэ энэ оны 1-р сарын эцэст 1.6 дахин буурсан аж.

Уналт эрчимжив

Заа тэгээд 1-р сараас хойш нүүрсний үнэ эрчимтэйгээр унасан юм. Тодруулбал, Австралийн Ньюкасл боомтоос тээвэрлэдэг эрчим хүчний нүүрсний 7 хоногийн спот үнэ 2-р сарын сүүлээр 1 тн нь $179.6 болсон. Энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадсан 2022 оны 9-р сарын үнээс 60% хямдарсан дүн юм. Ингэж л нүүрсний үнэ доошлон доошилсоор $160 руу өнхрөв.

Харин Монголд

Бидний хувьд энэ оноос нүүрсээ биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн. Улмаар МХБ (MSE)-ийн нүүрсний арилжаа 1.2 сая тн-ыг даваад буй. Нүүрсний үнийн хувьд 3 сарын 27-нд арилжигдсан Тавантолгой ХК-ийн коксжих нүүрсний дуудах үнэ $175.2-оос эхэлж $189.7-т хүрсэн. Харин энэ сарын 18-нд Хангад Эксплорэйшн ХХК-ийн сул коксжих нүүрсийг ойролцоогоор $116-оор арилжаалжээ. Нэлээдгүй буурсан байгаа биз?

  • Асуудал: Мэдээж хэрэг нүүрсний үнэ буурах нь манайх шиг түүхий эдийн үнээс шууд хамааралтай ЭЗ-т маш нөлөөтэй. Нөгөөтээгүүр, бид энэ оны төсөвт $144-оор 36.5 сая тн нүүрс экспортлохоор тусгасан. Гэтэл нүүрсний эрэлт болон үнэ шал руу тэмүүлж зах зээл хөрж байна.

Эцэст нь… Нүүрсний үнэ он дуустал энэ байдлаараа унавал ч хэцүүхэн нөхцөл байдал үүснэ дээ.

Айсуй IPO: ХасБанк

Банкны салбарын шинэчлэлийг ХасБанк үргэлжлүүлж, олон нийтэд нээлттэй болох нь ээ. Тэгвэл тэдний IPO-н талаарх амин чухал мэдээллийг хүргэе.

Банкны тухай

Тус банкны санхүүгийн үзүүлэлтийг харвал, энэ оны I улиралд хүүгийн орлого нь жилийн өмнөхөөсөө 39.9% өсөж ₮114 тэрбумд хүрсэн байна. Улмаар ашиг нь 33.6% нэмэгдэж ₮31.3 тэрбум болсон аж. Түүнчлэн ХасБанк хувь эзэмшлийн хэт төвлөрлөөс ангид байдгаараа онцлог. Тэр ч утгаараа ХасБанк болон түүний толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг ОУ-д нэр хүндтэй, хоорондоо хамааралгүй 12 байгууллага, иргэн эзэмшдэг.

IPO-н танилцуулга

Тэд олон нийтэд нийт хувьцааныхаа 5.01%-ийг нэгж бүрийг нь ₮677-өөр санал болгохоор шийдвэрлэжээ. Цаашилбал,

  • Татан төвлөрүүлэлт: Тэгэхээр ХасБанк нийт ₮35.7 тэрбумыг олон нийтээс татан төвлөрүүлэх аж.

  • Захиалга авах хугацаа: Тус банкны IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 5 сарын 29-ний 10 цагаас 6 сарын 5-ны 16 цаг хүртэл үргэлжлэх юм.

  • IPO хамтрагчид: Тэдний үндсэн андеррайтер Rhinos Investment байх бол туслах андеррайтераар Ulzii & Co, хөндлөнгийн үнэлэгчээр БДО аудит ажиллаж буй.

Гэснээс тэдний талаар бичсэн тусгай дугаарыг ЭНД дарж уншаарай.

Улаанбаатар Марафон 2023 өдөрлөгт бэлэн үү?

Та 6 сарын 3-нд болох Улаанбаатар марафонд оролцох уу? 🏃 Энэ жилээс Улаанбаатар марафон цар хүрээгээ тэлж өдөрлөг болон өргөжих гэнэ шүү.

Тодруулбал, Сүхбаатарын талбайд:

  • Урлагийн тоглолт

  • Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан худалдаа

  • Үйлчилгээ, амралтын хэсэг

  • Street Food Area зэрэг олон төрлийн үйлчилгээ байрших аж.

Харин гүйлтийн ангиллын хувьд өмнөх жилүүдийн адил 42 км, 21 км, 10 км, 5,000 м, 1,500 м төрлүүд байх нь ээ. Улаанбаатар Марафон 2023 өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн Тамир, Спортын Газар, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК (Hipay), Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо хамтран зохион байгуулж буй.

🔗 За тэгээд, марафонд оролцох бол ЭНД дарж эсвэл Hipay апп-аар бүртгүүлээрэй. Амжилт!

🔹Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч 10 дахь 7 хоногт 32.9%-ийн өгөөжтэй байлаа. Цаашлаад, ТОП-10 оролцогчдын өгөөж 23.2%, ТОП-20 оролцогчийнх 19% байв. Мөн ТОП-20 оролцогчийн 66% нь Хойд Америкийн ЗЗ-д, 20% гаруй нь Азийн ЗЗ-д тус тус хөрөнгө оруулжээ.

🔹Худалдаа Хөгжлийн Банкны IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаа 126.4%-ийн гүйцэтгэлтэй хаагдав. Тодруулбал, тэдний IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаанд 2,528 захиалагчаас ₮105.5 тэрбумын захиалга ирсэн байна. Нийт захиалга татан төвлөрүүлэх дүнгээс давсан тул хувь тэнцүүлэх аргаар захиалга биелэх юм.

🔹Японы томоохон банк Mizuho (MFG) Greenhill (GHL)-г $550 саяар худалдан авна. Greenhill нь Morgan Stanley (MS)-н CEO асан Роберт Гринхиллийн үүсгэн байгуулсан компани юм. Улмаар Mizuho-н Америк дахь үйл ажиллагаа өргөжих нь. Уг мэдэгдлийн араас Greenhill-н хувьцааны үнэ 116% өсжээ.

🔹Капитал банк Нийгмийн даатгалын ерөнхий газарт ₮69 тэрбумын өртэй. Тодруулбал, Капитал банкийг дампуурахад НДЕГ тус банканд ₮104 тэрбум хадгаламжтай байсан юм. Харин Капитал банк тус хадгаламжийн ердөө ₮35.1 тэрбумыг нь төлсөн тул өртэй болсон хэрэг.

Доор бэлтгэсэн хариултаас утгын алдаатай хариултыг олоорой. 👁️👁️

A. Нүүрсний үнэ жилийн өмнөхөөсөө 61.6%, он гарсаар 59.2% унаад байна.
B. Энэ онд 24 тусгай сангийн 15-т нь ₮7.7 их наядыг зарцуулахаар төсөвлөөд буй.
C. Hang Seng индекс өнгөрсөн 1-р сарын оргил үеэсээ 41.5% унажээ.

  • Visit: Э.Макроны Монголд саатсан 9 цаг. (Baabar)

  • Bye My Melo: Сагсанбөмбөгийн алдарт тамирчин Кармело Антони зодог тайлна. (ESPN)

  • Damn: Монгол хүн зохион бүтээсэн "Оч" микро компьютер 39 нас хүрлээ. (iKon)

  • Board: Хөрөнгө оруулагчид руу имэйл бичихэд юуг анхаарах хэрэгтэй вэ? (TC)

  • Tech: WhatsApp хэрэглэгчдэд дуулгах сонинтой. (Reuters)

Зөв хариулт B. Энэ онд 24 тусгай сангийн 15 биш 18-д нь ₮7.7 их наядыг зарцуулахаар төсөвлөсөн шүү.

Reply

or to participate.