- Lemon Press
- Posts
- 🎁 11 цагийн бэлэг
🎁 11 цагийн бэлэг
100 жилийн хугацаатай бонд | Softbank рекорд тогтоов | Bad Bunny ба баримт
POWERED BY
Өглөөний мэнд! Олны анхаарлыг татсан Super Bowl LX-н завсарлагааны үеэрх Пуэрто Рико гаралтай уран бүтээлч Bad Bunny-н үзүүлбэртэй холбоотой хэд хэдэн айхтар тоо гарлаа. Жишээлбэл, өмнөх долоо хоногоос Duolingo апп дээр хэрэглэгчдийн Испани хэл сурах процесс 35% өссөн бол Apple Music дээрх сонсолт 7 дахин нэмэгдсэн аж. Түүнчлэн уг тоглолтыг 135.4 сая хүн зурагтаар үзсэн нь хамгийн олон хүн үзсэн Super Bowl болж, рекорд тогтоосон гэнэ шүү. 🇵🇷🪇


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Өнгөрсөн сарын инфляц улсын хэмжээнд 7.5%-тай гарлаа. Үүнд хүнсний бүлгийн үнийн 12.4%-ийн өсөлт голлон нөлөөлжээ.
POL: Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 124-т жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт боллоо.
TAX: Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн иргэн бүрийн сарын ₮500,000 хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100% хөнгөлж, ₮500,000-₮1 сая хүртэлх худалдан авалтад төлсөн уг албан татварыг 50% хөнгөлж, ₮1,000,001+ хэсэгт 20% хөнгөлж, буцаан олгоно.

🎁 11 цагийн бэлэг: Жинхэнэ бэлэг мөн үү?

Сүүлийн 15 жил Монголын уул уурхайн бодлогыг ганц тоо дагаж ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Тэр тоо нь 34%. Одоо юу өөрчлөгдөв?
📌 34%-иас 60%: Төр бодлогоо сольж байна
Төр стратегийн ордод заавал хувь эзэмших ёстой, тэгж байж иргэдэд өгөөж очно гэсэн ойлголт бодлогын түвшинд ноёрхож ирсэн. Тэгвэл ЗГ энэ логикоос ухарч, өөр загвар сонгож эхэллээ.
📝 Тодруулбал: Өчигдөр 11 цагт ЗГ Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу Ачит Ихт, Энержи Ресурс, Хангад Эксплорейшн, Өсөх зоос зэрэг компаниудтай “ордуудаас олж байгаа ашиг, өгөөжийн ихэнх нь ард түмэнд яаж очих вэ?” гэдэг асуудал дээр эхний тохиролцоонд хүрэв.
🔻 Хувь эзэмшихгүй: Ингэхдээ төр хувь авахын оронд, тухайн ордоос олж буй өгөөжийн дор хаяж 60%-ийг шууд Үндэсний баялгийн санд оруулж, тэр нь иргэдэд очих ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэсэн үг.
🤔 Компаниуд яана гэсэн үг вэ?
Дээрх компаниуд тухайн жилд тухайн ордоос иргэдэд ногдох өгөөжийг 60%-д хүргэхгүй бол ашигтай ажилласан эсэхээс үл хамааран борлуулалтын орлогоос нэмэлт АМНАТ төлөх нь. Энэ нь 20 гаруй төрлийн татварын дарамтанд байдаг уул уурхайн салбарын хувьд том дарамт болох эрсдэлтэй.
Тогтворгүй бодлогын эсрэг: Ухаа худагийн жишээ дээр гэхэд 2008 оноос өмнө Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ордын 51% хүртэлх хэсгийг төр эзэмшиж болох заалттай байсан ч 2008 онд ЗГ хэлэлцээр хийж, хуулинд байхгүй 96%-ийг төрд хураан авсан. Энэ тогтворгүй бодлогын эцэст Энержи Ресурс ХХК Ухаа худагийн үлдсэн 4%-д л үйл ажиллагаа явуулж өнгөрсөн хугацаанд ₮3.2 их наядын татвар төлсөн байдаг.
60% болго: Төсвийн ₮10 тутмын ₮3 нь уул уурхайгаас хамаардаг. Харин төсвөөс энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалт гэж байхгүй. Одоо нэмээд ашигтай ч бай ашиггүй ч бай 60%-ийн өгөөжийг тусгаж байгаа нь маш их хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл өндөртэй уул уурхайн салбарын ААН, компаниудын үйл ажиллагаа, оршин тогтнолд сөргөөр нөлөөлж.
‼️ Үр дүн гарах уу?
Энэ өөрчлөлтийн үр дүнг баялгийн санг хэр оновчтой удирдсанаар, төвлөрсөн хөрөнгийг яаж зарцуулсан бэ гэдгээр хэмжинэ. Одоогийн байдлаар хуримтлалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт шингээчихсэн байгаа. Тэгэхээр энэ тохиролцоо ЕС-ын хэлдгээр бэлэг болох уу, уул уурхайн компаниудад дарамт болоод дуусах уу гэдэг сонин.

🤑 YouTube одын санхүүгийн салбарт хүч үзэх эхний алхам. (MLQ.ai)
🔢 Зээлийн мэдээллийн түүхийг юунд хэрэглэдэг вэ? (Монголбанк)
🤸 Дасгал хийгээд л турчихдаггүй аж. (NewScientist)
🩺 AI-с эрүүл мэндийн зөвлөгөө авахдаа 7 хэмжиж нэг огтол. (Barrons)

💴 Softbank рекорд тогтоов
9984.T: 2025 оны санхүүгийн жилийн эхний 9 сард SoftBank-н орлого 2024 оны мөн үеэс 8% өсөж ¥5.2 их наядад хүрснээр түүхэн рекорд тогтоожээ. Түүнчлэн үйл ажиллагааны ашиг 8% нэмэгдэж ¥884 тэрбумд хүрсэн бөгөөд үүнтэй холбоотой өчигдөр Японы хөрөнгийн бирж дээр $9984.T-н нэгж хувьцааны үнэ нэг өдөрт 10.7% өсөж ¥4,705 дээр хаагдсан аж. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 98.2%, 2026 он гарснаас хойш 6.9% тус тус өсөөд байна.

🤯 100 жилийн хугацаатай бонд

Технологийн акул Google-н толгой компани болох Alphabet (GOOG) Швейцар болон Их Британид 100 жилийн хугацаатай бонд гаргахад тун ойрхон байна. Сонирхолтой нь технологийн компаниудаас хамгийн сүүлд тэртээ Dot-Com-н хөөсрөлтийн үе болох 1997 онд Motorola (MSI) 100 жилийн хугацаатай бонд гаргаж байжээ.
✍🏻 Бэх нь хатаж амжсангүй
Саяхан $GOOG түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу $20 тэрбумын дүнтэй бондыг амжилттай босгосон. Компани анх $15 тэрбумыг босгохоор төлөвлөсөн ч захиалгын хэмжээ нэмэгдснээр бондын дүн өссөн аж. Бэх нь хатаж амжаагүй байхад $GOOG 100 жилийн хугацаатай, $20 тэрбумын дүнтэй бонд гаргах төлөвлөгөөгөө олон нийтэд зарлажээ.
💰 Саяхны түүх: Нэмээд $GOOG өнгөрсөн 11-р сард Америкийн зах зээлд 50 жилийн хугацаатай, $17.5 тэрбумын бонд гаргаж, захиалгын дүн нь $90 тэрбумд хүрчээ. Энэхүү бонд нь 2025 онд Америкт гарсан хамгийн урт хугацаатай технологийн компанийн бонд байв.
🕵🏻♂️ Юунд зарцуулах вэ?
Цаашлаад, компани энэ онд ойролцоогоор $185 тэрбумыг нийт хөрөнгө оруулалтаа зарцуулах төлөвлөөгөөтэй байгаа бөгөөд тус дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өндөр дүн болох аж. Компанийн хувьд эдгээр бондуудаар AI, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай $GOOG-н бонд нь эрсдэлтэй багатай сонголт байх нь гарцаагүй. За тэгээд энэ жилдээ багтаад тус бондыг авчихвал 2126 онд хугацаа нь дуусах юм байна шүү. 😜

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Нийслэлээс автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор автобуснуудын орох хаалган дээр хаалт байршуулаад эхэлжээ. Энэ тал дээр таны байр суурь? |


Nasdaq
🍋 Энэ онд IPO хийх Америкийн компаниуд нийт $160 тэрбумын хөрөнгө босгох төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 4 дахин өссөн дүн бөгөөд уг өсөлтийн таамгийг энэ онд IPO хийх хүлээлттэй байгаа SpaceX, OpenAI, Anthropic тэргүүтэй компаниуд хөтөлжээ. Тэгвэл энэ онд өнгөрсөн жилээс 2 дахин их буюу нийт 120 компани IPO хийх төлөвтэй байгаагаас одоогоор 12 компани IPO хийж $5 тэрбумыг босгоод буй.
🍋 Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурлыг 3 сарын 2 хүртэл хойшлуулав. Тодруулбал, 3 жилийн хугацаанд хэлэлцэгдэж буй энэхүү хэрэгт бүх шатны шүүхээр нийт 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнээс 38 хүн, 1 хуулийн этгээдийн хэрэг эцэслэн шийдэгдэж, хүчин төгөлдөр болоод буй. Ийнхүү үлдсэн этгээдүүдийн хэргийг хэлэлцэхээр товлосон ч зарим өмгөөлөгчийн хүсэлтээр ийн хойшилсон байна.
🍋 Stripe зах зээлийн үнэлгээгээ $140 тэрбумд хүргэх тендерийн санал гаргахаар бэлтгэж байна. Энэ нь компанийн өнгөрсөн намар тогтоосон үнэлгээнээс 31%, 2023 оны технологийн салбарын уналтын үеэр хүрсэн үнэлгээнээс 2.8 дахин өндөр дүн юм. Тэр үеийн зах зээлийн уналтаас жилийн дотор эргэн хөл дээрээ боссон уг финтек компани энэ онд Америкийн хөрөнгийн зах зээлийг өнгөлөх IPO хийх хүлээлттэй байгаа.
🍋 Америкийн Худалдаа, хөгжлийн агентлаг Монгол Улсад $2.6 саяын буцалтгүй тусламж олгоно. Санхүүжилтийг 2 улс хоорондын шууд нислэг хэрэгжүүлэхэд чиглэсэн техникийн туслалцааны хүрээнд олгож байгаа бөгөөд агентлагийн зүгээс 84% буюу $2.2 сая, The Wicks Group Consulting-с үлдсэн дүнг гаргах аж. Гэснээс 2 улс хооронд шууд нислэг үйлддэг болно гэж сүүлийн 7 жил ярьж байгаа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply