- Lemon Press
- Posts
- 1️⃣1️⃣ Мандтугай!
1️⃣1️⃣ Мандтугай!
Махны экспорт | Digital Product Conference 2023 | Singles Day
POWERED BY
Юу байцгаана даа? Нийслэл ирэх жил агаарын бохирдлыг бууруулахад ₮25.3 тэрбумыг зарцуулна гэнэ. Жил бүр төсөвлөж байгаа мөнгөө бодох юм бол аль хэдийн утаагүй болмоор доо. 😷


*Нэг өдрийн өөрчлөлт
MMHI: Нүүрсний экспорт 48.9 сая тн-д хүрч экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 97.8%-д хүрэв.
IM: Он гарсаар өмнөх оны мөн үеэс 35% өссөн буюу 2 сая тн газрын тос импортлоод байна.
BTC: Биткойны үнэ энэ онд 121.1% өсөж $36 мянгыг давлаа.

🥩 Нэг дажгүй мэдээтэй

Энэ онд Монголын махны зах зээл $1.1 тэрбум, ирэх 5 жилд зах зээл жил бүр 13.7% өсөх төлөвтэй байна гэнээ. Бид чинь хаашаа яаж мах экспортлоод байгаа билээ?
Ахиц, ахиц
Энэ оны эхний 10 сарын байдлаар $127.4 саяын мах экспортолжээ. Үүний дийлэнх буюу 82.1%-ийг адууны мах, 21.1%-ийг хонь, ямааны мах, үлдсэн хэсгийг үхрийн хөлдүү махны экспорт бүрдүүлж буй.
Дажгүй шүү: Ер нь бол махны экспорт 2017 оноос хойш жилд дунджаар 49.3% өссөн байгаа юм. Ковид-19-ийн нөлөөгөөр 2019-2021 онд нэг их мах экспортолж чадаагүй ч энэ жилээс нэлээд сэргэж, эхний 10 сарын экспортоороо дээд амжилт тогтоогоод байна.
Хаашаа гаргаад байна аа? Хонь, ямааны махыг Азербайжан болон Иран руу, адууны махыг Хятад, Казахстан, Киргизстан, Орос руу, үхрийн махыг зөвхөн Узбекстан руу экспортолж байгаа.
Хятадын нөмөрт
Монгол 71.1 сая толгой малтай ч өнгөрсөн онд ХАА-н салбар ДНБ-ий ердөө 13%-ийг л бүрдүүлсэн. Харин энэ онд Монголын махны зах зээлийн хэмжээ $1.1 тэрбумд хүрч, цаашид ч нэмэгдэхээр байгаа аж. Гэхдээ яаж?
Хөршөө л бараадна: Яаж юу байх вэ дээ, Хятад руу экспортлох махны хэмжээ нэмэгдэх нь. Учир нь Хятадын махны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2025 он гэхэд 1 хүний жилийн махны хэрэглээ нь 51.5 кг-д хүрэхээр байгаа. Энэ нь мэдээж тэдний амьжиргааны түвшин сайжирч байгаатай холбоотой. Тиймээс л манай махны зах зээлд оч бадрахаар харагдаж байгаа хэрэг.
Ирээдүй байна уу?
Манайд мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч нийт хүчин чадлынхаа 10% хүрэхгүй хэсгийг ашиглаж байгаа. Түүнчлэн сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь ХАА-гаас бэлтгэсэн махны ердөө 6.2%-ийг бүрдүүлсэн байна. Тэгэхээр уг нь бол махныхаа стандартыг сайжруулчихвал, үйлдвэрийн хүчин чадал, зах зээл нь ч байна даа. Тэгэхээр Монголын махны зах зээл улам тэлж болохоор.

🆙 Дээшээ, дээшээ бүр дээшээ
INV: Инвескор ББСБ ХК-ийн III улирлын байдлаарх хүү шимтгэлийн орлого жилийн өмнөхөөс 42% өсөж ₮94.6 тэрбумд хүрлээ. Улмаар цэвэр ашиг нь 19% өсөж ₮27.4 тэрбум болжээ. Ийнхүү III улирлын байдлаар эздийн өмчийн өгөөж нь 18.6%, нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮362 болов. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ энэ онд 28% өсөж ₮6,400-т хүрээд байна.

✌️ Дата соёлыг түгээнэ
Датанд хялбараар дүн шинжилгээ хийж, бизнесийн үр ашгийг бодитой хүртэх боломжийг олгох “Data & Analytics Forum 2023” болоход 5 хоног үлдлээ.
Форумаар дата менежментийн салбарын дэлхийд тэргүүлэгч технологийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ОУ-ын трэнд, шийдлүүдийн талаар ярилцах ба дата соёлыг түүчээлэгч байгууллагууд өөрсдийн туршлагыг хуваалцах юм шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.

💪 Single forever

Жилд ганц удаа болдог Хятадын “Singles Day” буюу зад хямдралын өдөр эхлэхэд 1 хоног үлдлээ. Бэлэн үү?
1 1 1 1
Хятадад 11 сарын 11-нийг ганц бие хүмүүсийн өдөр гэхээс илүүтэй дэлхийн хамгийн том онлайн худалдааны арга хэмжээ буюу зад хямдрах өдөр гэдгээр нь л гадарладаг хүмүүс олон. Гэхдээ 1993 онд Хятадын оюутнуудын 11 сарын 11-нийг Валентины эсрэг ганц бие хүмүүсийн баярлах өдөр болгох тэрслүү санаанаас өдгөө ЭЗ-т томоохон ач холбогдолтой хямдралын өдөр үүссэн байдаг.
Цуу алдарт… Оюутнуудын тэрслүү санааг Alibaba (BABA) гярхай харж 2009 оноос Singles Day-г маркетингдаа ашиглан, хажуудаа хүнгүй ч өөрийгөө хайрлах өдөр шүү гээд хямдралыг бол баруун солгойгүй цацсан юм даа. Өдгөө бол хостой, хосгүй хэн бүхний л хүлээдэг өдөр болж.
Өнгөрсөн онд Alibaba анх удаа Singles Day-н борлуулалтын орлогоо тайлагнаагүй. Харин 2021 оны хувьд $84.5 тэрбумыг олж түүхэн дээд түвшинд хүрч байв. Ер нь бол Singles Day борлуулалтыг харахад Black Friday, Cyber Monday зэрэг томоохон хямдралыг ч давсан өргөн цар хүрээтэй болдог.
Хямдралын цуваа
Тус өдөр ганц Хятадаар зогсохгүй ОУ-ын тансаг зэрэглэлийн брэндүүд ч хямдардаг гэдгийг мэднэ биз дээ? Тэгвэл хаанаас, хэрхэн өөрт хэрэгцээтэй зүйлсээ авах талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Төлөвлө: Уг харагчин тахиа өдөр Alibaba, Taobao болон Tmall-тай ойрхон байж 11-ний өдрийн 00:00 цаг болоход аль дэлгүүрээс юу авахаа овоо хараандаа тусгасан байвал зохилтой. Аан тийм, худалдан авах сайт дээрээ бүртгэлээ үүсгэхээ мартав аа! Нүд ирмэх зуур л хайж байгаа бараа тань зарагдаад дуусна шүү.
Төсөвлө: Эл өдөр баруун урд зүгт… За тоглосон юм. Мэдээж хаа сайгүй асар том хямдрал зарлагдах тул өөрт хэрэгцээгүй зүйл авахгүйн тулд тогтсон төсөв гаргах хэрэгтэй шүү. Lemon Press-н уншигч байна даа, санхүүгийн сахилга баттай байна шүү.
Эцэст нь, тээврийн зардал бас бус эрсдэлээ тооцоод хэрэгцээтэй зүйлсдээ л мөнгөө зарцуулаарай. 11-нд YOLO-доод маргааш нь модоо бариад суув даа. Мартсанаас өдийд урьдчилсан захиалгууд аваад эхэлсэн байж болох тул хайгаад үзэхэд гэмгүй л байх. 💪

Ээлжит тааврын цаг ирлээ. Хөгжмийн зохиолчдыг хэр сайн мэдэх вэ? Өөрийгөө сориод дараах зохиолчийг таагаарай.
Тэрээр Дэлхийн II дайн болохоос ч өмнөх яг энэ өдөр Италид төрсөн бөгөөд 1 Академийн шагнал, 1 Академийн хүндэт шагнал, 3 Греммийн шагнал хүртэж байсан юм. Түүний хувьд 1960-аад он хамгийн ололт амжилттай жилүүд байж кино найруулагч Сержио Леонетэй хамтран ажиллаж байв.
Таасан уу? Тэгвэл одоо хажууд байгаа найзаа нэг шалгаад үзээрэй. 🤫

🚀 Digital Product Conference 2023

Санаагаа дижитал бүтээгдэхүүн болгож, вэбсайт болон апп-аа сайжруулан дараагийн түвшинд гаргахаар зорьж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 📢
Дижитал бүтээгдэхүүн бүтээн хөгжүүлэх бүх үе шатуудад шаардлагатай мэдлэг мэдээлэл болон туршлагыг хуваалцах зорилготой Digital Product Conference 2023 арга хэмжээ “Idea to Product” сэдвийн хүрээнд 4 дэх жилдээ болох гэж буй.
Тус арга хэмжээнд UX/UI дизайнер, жижиг дунд бизнес эрхлэгчид болон дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчид зэрэг тус салбарын 500 гаруй оролцогч талууд хүрэлцэн ирэх юм. Мөн энэ үеэр “The Best Digital Product of The Year”-г шалгаруулах ба нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна.
Заа тэгээд уг салбарт сонирхолтой хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍 Хаана: Crocus event hall
📅 Хэзээ: 11 сарын 23


TechCrunch
🔹 Roblox (RBLX)-н нийт орлого өмнөх жилийн мөн үеэс 37.8% өсөж $713.2 сая болжээ. Уг өсөлтөд идэвхтэй хэрэглэгчдийн тоо 20% өсөж 70.2 сая, Robux-н арилжааны орлого 20% өсөн $839.5 саяд хүрсэн нь нөлөөлөв. Энэхүү тайлангийн араас хувьцааны үнэ нь 11.8% өсөж $39.2-т хүрээд байна.
🔹 МХБ ХК (MSE) энэ оны III улирлын байдлаар ₮7.2 тэрбумын орлого оллоо. Улмаар тайлант үеийн цэвэр ашиг нь ₮2.8 тэрбумд хүрчээ. Ийнхүү компанийн эздийн өмчийн өгөөж нь 7.3%, нэгж хувьцаанд ногдох ашиг ₮8 болов. Тэдний хувьцааны үнэ өчигдөр IPO үнээсээ 10% өсөж ₮110 дээр хаагдсан байна.
🔹 Warner Bros. Discovery (WBD)-н алдагдал өмнөх жилээс 82.2% буурч $407 саяд хүрэв. Тус бууралтад нийт зардлаа 17.7% багасгаж $9.9 тэрбумд хүргэсэн нь нөлөөлжээ. Гэвч зар сурталчилгааны орлого 12% буурч $1.8 тэрбум болсон нь хөрөнгө оруулагчдад нөлөөлөн хувьцааны үнэ нь 19% унаж $9.4 болоод байна.
🔹 The Walt Disney (DIS)-н ээлжит улирлын орлого өмнөх жилээс 5% өсөж $21.2 тэрбумд хүрсэн байна. Улмаар компанийн ашиг 63% өсөж $264 сая боллоо. Тайлангийн араас компанийн хувьцааны үнэ 3.3% өсөж $87.3 болжээ. Сонирхуулахад, тэд ирээдүйд зардлаа $7.5 тэрбумаар бууруулахаар төлөвлөжээ.

Мэд: Spotify-н Premium хэрэглэгчид 200,000 аудио ном үнэгүй сонсоно. (CNBC)
Сонирх: 1898-1968 онуудын Америк сонин дээр Монголын талаар юу гэв? (Hilaris)
Унш: ОУВС-гаас Хятадын ЭЗ-ийн талаарх мэдэгдэл. (IMF)
Үз: Амстердамын ОУ-ын баримтат киноны наадамд оролцох монгол кино. (TheGuardian)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply