- Lemon Press
- Posts
- 🎓 Их сургуулийн төлбөр хэр өсөв?
🎓 Их сургуулийн төлбөр хэр өсөв?
Ши Жиньпиний айлчлал | $TMX.AX: Сүүлийн туршилт амжилттай | $10 саяын төсөл
POWERED BY
Өглөөний мэнд! Их ажлын ард гарахаас өмнө тархиа хөнгөхөн цэнэглэх оньсого таалгая. “Долоо дотроос хамгийн их хүлээлгэдэг, ирэхэд нь хүн бүрийн сэтгэл тэнийж, хүйтэн хөөстэй уух юм 2 дахин амттай санагддаг” би хэн бэ? Манай лимончууд зөв хариултаа олсон бол ажлын бусад нөхдөдөө таалгаарай. 😜


*Нэг өдрийн өөрчлөлт.
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК Ард Кредит ББСБ (ADB)-ийн Crowdcredit Estonia OÜ-той байгуулсан зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээний батлан даагчаар оролцоно.
MSE: Монгол Шуудан (MNP) мөнгөн хөрөнгийн чөлөөт урсгалаа сайжруулахаар Ард Кредит ББСБ (ADB)-тай 6 сарын хугацаатай, 4%-ийн хүүтэйгээр $1 саяын хадгаламж байршуулах хэлцэл хийлээ.
BDS: БиДиСек ҮЦК (BDS) бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжихээр $10 сая хүртэлх дүнтэй төсөл хэрэгжүүлнэ.

🎓 Их сургуулийн төлбөр хэр өсөв?

Хэзээ мөдгүй 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирал эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаад их сургуулийн төлбөр хэр нэмэгдэв?
📈 Дунджаар 28.1%
Энэ хичээлийн жилд төрийн өмчит 6 их сургуулийн 1 кредитийн төлбөр өнгөрсөн хичээлийн жилээс дунджаар 28.1% өсөж ₮157.6 мянгад хүрчээ. Хэрэв оюутан энэ хичээлийн жил 35 кредит хичээл судална гэвэл нийт сургалтын төлбөр нь дунджаар ₮5.5 сая болох аж.
📊 Төлбөр өндөртэй: Төрийн өмчит сургуулиуд дундаас 1 кредитийн төлбөр хамгийн өндөр байгаа нь ШУТИС бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилийн 1 кредитийн дундаж төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 14.3% нэмэгдэж, ₮188.8 мянга болоод байна.
🎭 Ихээр өсөв: Энэ жил СУИС-ийн нэг кредитийн төлбөр 2024-2025 оны хичээлийн жилээс 56.6% өсөж ₮155 мянгад хүрээд буй. Энэ нь төрийн өмчит их сургуулиуд дундаас хамгийн өндөр өссөн дүн юм.
➕ Нэмэлт: Харин хувийн их, дээд сургуулиуд дундаас эдийн засаг, санхүүгийн чиглэлээр тэргүүлэгч СЭЗИС-ийн энэ хичээлийн жилийн нэг кредитийн төлбөр ₮282 мянгад хүрч, өмнөх жилээсээ 31.2% нэмэгдсэн байна.
💼 Бизнес^2
Өнгөрсөн онд хамгийн өндөр орлоготой ажилласан төрийн өмчит их сургууль бол ШУТИС бөгөөд тайлант жилд орлого мөн үеэс 12.4% өсөж ₮88.1 тэрбумд хүрсэн аж. Харин удаах байранд орлого нь 0.8% буурч ₮84.1 тэрбумд хүрсэн МУИС оржээ. Гэвч ШУТИС ₮2.2 тэрбум, МУИС ₮12.3 тэрбумын алдагдал тус тус хүлээсэн юм. Тус сургуулиудын үйл ажиллагааны зардлын 54%-56%-ийг цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал бүрдүүлж буй.
Эцэст нь… Саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар сургалтын төлбөрийг I курс биш бол нэмэхгүй байх хэрэгтэй гэж мэдэгдсэн хэдий ч бодит байдал дээр их сургуулиудын удирдах зөвлөлөөс сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулж нэмсэн бөгөөд үүнд яамнаас оролцох боломжгүй байгаа аж. Эндээс харахад сургалтын төлбөрийн өсөлт хэвээр үлдэх магадлал өндөр байна. Тэгэхээр төр өөр асуудалд санаагаа чилээсэн нь дээр бололтой…

⛏️ Монголын эдийн засгийн цохилох зүрх: Эрдэс баялгийн салбар эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? (MinePro 2025)
🧸 Алдарт Labubu-н тусламжтай энэ онд Pop Mart (9992.HK) $1 тэрбумыг олох боломжтой. (TechCrunch)
🕵🏻♂️ Манай оронд дундаж давхрагаас эрсдэлтэй хэсэг рүү, улмаар ядуурал руу шилжих эрсдэл хаанаас эхтэй вэ? (Baabar.mn)
🏀 Ирэх 2025-2026 оны Үндэсний Дээд Лигийн тэмцээнд Ази тивийн 8 улсаас легонир тамирчин оролцох тоглох боломжтой болжээ. (MBA)

✅ $TMX.AX: Сүүлийн туршилт амжилттай
TMX.AX: Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй TMK Energy Гурвантэс XXXV төслийн сүүлийн туршилтын цооногийн өрөмдлөг амжилттай дууссаныг зарлажээ. Компани үйлдвэрлэлийн тохиромжтой түвшинд Lucky Fox талбай дахь 7 цооногийн хийн урсгалыг хүргэхээр төлөвлөсөн аж. $TMX.AX-н Гүйцэтгэх захирал Дугалл Фергюсон өрөмдлөгийн үе шатууд дуусаж, 7 цооног ажиллаж эхэлснээр хөрөнгө оруулалтын өгөөжийг тун удахгүй харах боломжтой хэмээн онцолсон юм.

⚠️ Ши Жиньпиний ховор бөгөөд чухал айлчлал

Өнгөрсөн Лхагва гарагт Ши Жиньпин олон жилийн маргаан дагуулсан Гималайн нутаг дэвсгэрт Хятадын ноёрхлыг тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Төвдөд айлчиллаа.
Энэ нь түүний 2 дахь айлчлал буюу анх 2021 онд айлчлал хийж байсан бөгөөд ховорхон айлчилдаг Төвдөд энэ цаг мөчид айлчилсан нь олны анхаарлыг ихэд татаж буй.
⁉️ Орчин үеийн социалист Төвд
Ши Жиньпиний айлчлалын гол мессеж нь Төвдөд улс төр, нийгмийн тогтвортой байдал болон үндэстний эв нэгдлийг эрхэмлэж, эх газрын Хятад лугаа орчин үеийн социалист чиг хандлагаар удирдан хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Жил ирэх тусам хурцадмал сэдэв болж буй Далай ламын хойч үеийг тодруулах асуудал ид яригдаж байх үеэр Ши Жиньпин Төвдөд айлчилж, өөрийн социалист улсын нэгэн хэсэг гэдгийг баттай мэдэгдээд явсан нь зүгээр ч нэг тохиолдол байсангүй.
🤔 Дараагийн Далай лам хаана төрөх вэ? Энэ асуултын хариулт Буддын шашны төв Төвдөд үлдэх үү, Хятадад цогцлох уу гэдэгтэй шууд хамааралтай. Олон жилийн өмнөөс Хятад өөрсдөө Далай ламыг тодруулахыг шаардаж ирсэн бөгөөд ирээдүйд 2 Далай лам тодрох магадлалтай болоод буй.
👀 Эмзэг цэг: Хятад Далай ламыг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй саяхан XIV Далай лам Чехэд айлчилсны улмаас Хятадын ЗГ тус улсын Ерөнхийлөгчтэй бүхий л харилцаагаа тасалж буйгаа мэдэгдэж байв. Далай лам нэгэнтээ Монгол, Японоос бусад буддын шашинтай улсад айлчилж чаддаггүй хэмээж байсан. 2012 онд Монголд айлчлахад Хятадын ЗГ 2 ч удаа мэдэгдэл гаргаж байлаа.
⛑️ Анхаарал татсан давхцал
Ши Жиньпин Төвдөд айлчилсан 7 долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Энэтхэгт мөн айлчилж, Бээжин болон Шинэ Дели хилийн мөргөлдөөний улмаас эвдэрсэн харилцаагаа сэргээх амлалт өгсөн юм. 2 орны хилийн маргаантай, ялангуяа Төвдийн өмнөд хилийн бүсэд Хятад зам, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлж буй.
Монголын оролцоо… X Богд Монголд тодорсноор дараагийн Далай ламыг тодруулах асуудалтай холбогдох болсон. Гэвч энэ нь олон улсын харилцааны хувьд бүс нутгийн чухал асуудал болсон тул ирээдүйд Монголын байр суурь няхуур, нягт нямбай байх шаардлагатай болж байна.

💡 Таавар таацгаая.
… нь компанийн өр болон бэлэн мөнгийг харьцуулж, компанийн үнэлгээнд дүн шинжилгээ хийхэд ашигладаг харьцаа бөгөөд хөрөнгө оруулагчид тус харьцаагаар компанийн зээлийн ачаалал болон санхүүгийн эрсдэлийг тодорхойлох боломжтой.
Энэ ямар харьцаа вэ? Таагаад хариугаа илгээгээрэй. 🙄


Investopedia
🍋 Нарендра Моди ирэх 10-р сард багтаан хэрэглээний татварыг шинэчлэх багц төлөвлөгөө танилцууллаа. Ирэх сараас эхлэн Америкийн тус улсад тогтоосон 25%-ийн тариф хэрэгжиж эхэлнэ. Үүний хариуд тус улс хэрэглээний зардлыг багасгахын тулд 4 шатлалт татварын системээ 2 шатлалтай болгон хялбаршуулах аж.
🍋 Ирэх Даваа гарагт Орос, Монгол, Хятадын төлөөлөгчид Монголд төмөр замаар солилцох ачаа, зорчигч тээврийн асуудлаар хуралдана. Уулзалт 8 сарын 25-29-нийг хүртэл болох аж. УБТЗ нь Ази Европыг холбосон хамгийн дөт коридор бөгөөд өсөн нэмэгдэж буй ачаа тээврийг нэмэгдүүлэх, хоногт солилцох галт тэрэгний тоог нэмэх шаардлагатай байгаа юм.
🍋 Өнгөрсөн оны байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 1,759 компани байсны 54.4% нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй компаниудын 30.6% нь хөрөнгө оруулалтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй 49 компанийн 54 төсөлд л гэхэд ₮4.1 их наядын хөрөнгө оруулалт шаардагдаж буй.
🍋 "Ард" кино театрын зүүн талын 1,500 м2 газрыг нийтийн эзэмшилд авав. 2014 онд Од театр ХХК-ийн эзэмшил газрыг нэмэгдүүлсэн нь өмнөх хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн нэмэгдүүлсэн талбайг хүчингүй болгож, 3,595 ам.метрээс 2,054 ам.метр болгон бууруулжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply