- Lemon Press
- Posts
- 🎭 Аяа, бидний 1072
🎭 Аяа, бидний 1072
ТОП багуудын санхүү | Өвөр Монголын нүүрс | $UID: Цэвэр ашиг 72.4% өслөө
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! Нүд чинь анилдаад, эрч хүч тань сулхан байвал чихэр, кофе, энергийн ундаагаар өөрийгөө түр сэргээх гэж яарах хэрэггүй. Учир нь элсэн чихэр, кофейн нь богино хугацаанд эрч хүч өгч болох ч удалгүй нөлөө нь буурч, ядарсан мэдрэмж төрүүлдэг байна. Танд хэрэгтэй зүйл бол урт хугацааны тогтвортой шийдэл бөгөөд үүний дагуу эрч хүч сэргээж, сэргэг байхад туслах 10 аргатай ЭНД дарж танилцаарай. Өнөөдөр лимонуудын маань ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. 🤞🏻🍀


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Өнгөрсөн Баасан гарагт 54 ХК-ийн ₮633.9 саяын үнийн дүн бүхий 949.8 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны үнэ өссөн бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Оллоо ХК (OLL) +10%, Монгол Шуудан ХК (MNP) +7.95%, Гермес Центр ХК (HRM) +4.98% үзүүлжээ.
CCPO: Энэ сард Нийслэлийн прокурорын газраас 34 улсын 2,340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавилаа.
MLSP: 2025 онд Монгол Улсын хэмжээнд 56 хүүхдийн зуслан ажиллаж, 91 мянга гаруй хүүхэд амарсан нь нийт хүүхдүүдийн 10%-тай тэнцэж байна.

🎭 Аяа, бидний 1072

Өнөөдрөөс I улирлын НӨАТ-ын буцаан олголт орж эхлэх бол сарын эцэст буюу 4 сарын 30-нд Эрдэнэс Тавантолгой (ЭТТ)-н 1072 хувьцааны ногдол ашиг орох хуваарьтай байна. Ойрын өдрүүдэд Монголчууд бохь авах уу, байр авах уу гэхээр хэмжээний мөнгөтэй болох нь дээ.
🪞 Нөхцөл байдлыг тольдохуй
Монголчууд бид 14 жилийн турш ЭТТ-н хувьцаа эзэмшигч гэх нэр зүүжээ. Гэвч 1072 хувьцаа эдийн засгийн утгаараа хувьцаа биш төрийн үзэмжээр олгодог халамжийн карт шиг ажилласаар ирсэн. Тодруулбал, 2012, 2016, 2019, 2024 гээд дандаа сонгуультай эсвэл сонгуулийн өмнөх жил ногдол ашиг тараах эсвэл ямар нэгэн өөрчлөлт оруулж байв.
🍖 Жаран мянга: Энэ удаад 2025 онд ₮1.1 их наядын цэвэр ашигтай ажилласныхаа 71.5%-ийг нэгж хувьцаанд ₮65.55-ийн ногдол ашигт болгон хуваарилах нь. Улмаар 1072 ширхэг хувьцаатай иргэн татварын дараа ₮63,242-ийг авна. 2 кг үхрийн мах авах мөнгө юм даа, хөөрхий.
☠️ Хөлдүү хөрөнгө ба Хоосон эрх
Мэдээж компанийн ашигт ажиллагаанаас хамаараад хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртээд явах нь зүйн хэрэг. Гэвч ЭТТ-н ногдол ашгийн өгөөжийг тооцоолох, 1072 хувьцаагаа зах зээлийн хөдөлгөөнөөр тогтсон үнээр арилжаалах боломжгүй хэвээр.
Бухын доодхыг харж үнэг турж үхэх: Уг нь 2010 оны УИХ-ын тогтоолоор ЭТТ ХК-ийн 20%-ийг дотоод болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн. 2024 онд ч ЗГ 100 хоногт багтан Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй болгож олон улсын менежментийн компаниар удирдуулахаар болсон. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй.
Эцэст нь… ЗГ-ын амлалт ажил болж, арилжаа нээгдэх хүртэл 1072 хувьцаа улс төрийн тоглоом хэвээр үргэлжилнэ. Уг нь энэ жил дахиад л ЭТТ, Эрдэнэт үйлдвэр, МИАТ зэрэг томоохон компаниудыг олон нийтэд нээлттэй болгох асуудал сөхөгдөж байгаа. ЭТТ-н хувьцааг арилжаалдаг болж бүх зүйл ил тод болоосой гэж залбиръя даа.

❌ ХОТУЛА-гийн хүний эрхийн зөрчил хотын даргыг огцруулах үндэслэл болно. (iToim)
⚽️ Дэлхийн аваргад Ираны өмнөөс орооч гэсэн Трампын саналаас Итали татгалзав. (ESPN)
🐴 Хасын Хүлэгүүд баг 10 дахь удаагаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо. (PSN)
🚀 Project Hail Marry-н Lego тоглоом сансарт нисэж, гиннесийн амжилт тогтоожээ. (GWR)

🏬 $UID: Цэвэр ашиг 72.4% өслөө
UID: 2026 оны I улиралд Улсын Их дэлгүүр ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 72.4% өсөж ₮302.2 саяд хүрлээ. Үүнд борлуулалтын орлого 7% өсөж ₮2.4 тэрбумд хүрсэн бол нийт зардлын хэмжээ 67.1% буурч ₮669.6 сая болсон нь томоохон нөлөөг үзүүлжээ. Цаашид, компани түрээсийн орлогоо үе шаттай нэмэгдүүлэх, ашиглалтын зардлаа бууруулах, ашгийг өсгөхөд төвлөрч ажиллахаа мэдэгдсэн аж. Сонирхуулахад, $UID-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 0.8% өссөн ч өмнөх оны мөн үеэс 5.7% буураад байна.

⚽️ ТОП багуудын санхүү хэр байв?

Цэнхэр дэлгэцийн урд хүн бүрийг татдаг хөлбөмбөгийн спортыг томоохон багуудгүйгээр төсөөлөхийн арга үгүй. Тэр дундаа Европын хүчирхэг багуудаар дамжуулж энэ спортод дурласан хүмүүс олон бий. Тэгвэл Европын хамгийн өндөр үнэлгээтэй ТОП-10 багийн өнгөрсөн улирлын санхүүтэй танилцъя.
💰 6 багийн ашиг
2024-2025 оны улиралд ТОП-10 багийн 6 нь $270 саяын ашигтай ажиллажээ. Тэр дундаас багуудыг $85 саяын ашигтай Испанийн Real Madrid тэргүүлсэн бөгөөд удаах байранд мөн адил $81 саяын ашигтай ажилласан Испанийн FC Barcelona бичигдсэн аж. Сонирхуулахад, ТОП-10 багийг оролцуулахгүйгээр хамгийн өндөр ашигтай ажилласан багаар Италийн Inter Milan баг тодорсон байна. Багийн хувьд өнгөрсөн улиралд Serie A, Supercoppa Italiana болон Аваргуудын лигт удаах байр эзэлжээ.
🔻 Алдагдалд автагсад: Нөгөөтээгүүр, алдагдалтай ажилласан 4 клубийн 3 нь Англи, 1 Францийн баг байжээ. Хамгийн өндөр алдагдалтай ажилласан баг нь $346 саяын хасахтай Баруун Лондоны цэнхрүүд буюу Chelsea аж.
📊 Орлогын үүсвэр
Том зургаар, ТОП-10 багийн орлого 2023-2024 оны улирлаас дунджаар 14.5% өсөж $9.3 тэрбумд хүрэв. Нийт орлогын бүтцийг харвал дунджаар спонсорын гэрээ болон мерчендайзын орлого 46%-ийг, дамжуулалтын эрх 31%-ийг, стадионы тасалбарын орлого 23%-ийг тус тус эзэлж байна. Түүнчлэн 2025 онд мерчендайзын орлогоор Real Madrid тэргүүлж, дэлхий даяар 3.1 сая орчим өмсгөл борлуулжээ.
🇲🇳 Үл бүтэх манай лиг
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын хаврын тойргийн тоглолтууд эхэлсэн. Нийт 10 баг оролцдог энэ лигийн өрсөлдөөн ширүүн ч талбай дээрх тоглолтоос илүүтэй удирдлагын асуудал хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Сүүлдээ МХБХ-оос олон нийтийн шүүмжлэлээс зугтахаар Facebook хуудасныхаа сэтгэгдлийг хаах, цаг агаарын мэдээ оруулах зэрэг арга хэмжээ авсаар байна.
Эцэст нь… Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө хөлбөмбөгийн фанатуудыг Аваргуудын лиг хамгийн ихээр татаж байна. Шөвгийн 4-т Arsenal, Atletico de Madrid, Bayern Munich, Paris Saint-Germain нар үлдсэн бөгөөд маргааш шөнө эхний тоглолтууд явагдана шүү. 📺🏆

✈️ tapa-тай = 5 одтой буудалтай аялал

Аялалдаа tapa-г ашигладаг хүмүүс байна уу? Байхгүй байсан ч татаарай. Цаана чинь tapa-р дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг монгол хэл дээр хайж, захиалах боломжтой болсон байна.
Шинэ хамтрагч: Тодруулбал tapa компани дэлхийн томоохон аялал жуулчлалын платформ болох Expedia-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, платформ дээрээ дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг монгол хэл дээр хайж, харьцуулж, захиалах боломжийг нээжээ.
🤩 Анхаарал татахуйц давуу талууд
Дан ганц монгол хэлээр хязгаарлагдахгүйгээр tapa үнэ болон төлбөрийн уян хатан нөхцөлд төвлөрч, хэрэглэгчдэд төрөл бүрийн хямдрал, урамшуулал санал болгоход ихээхэн анхаарсан гэнэ. Тухайлбал:
Бүртгэлтэй хэрэглэгчийн тусгай хямдрал
Нислэг захиалсан тохиолдолд зочид буудлаа 60% хүртэлх хөнгөлөх
Сонгогдсон буудлуудад эрт захиалгын 20%-ийн хөнгөлөлт эдлэх
Гар утасны апп-аар хийсэн захиалгад нэмэлт урамшуулал гэхчлэн урамшуулал, хөнгөлөлөт санал болгож байгаа аж.
Эцэст нь… Ойрын хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бол судлаад, туршаад үзээрэй. 😎

Өнгөрсөн долоо хоногт Claude-г хөгжүүлэгч Anthropic нь технологийн акул Google (GOOG)-с $40 тэрбумын санхүүжилтийг амжилттай татсанаа мэдэгдлээ. Ингэхдээ $GOOG $10 тэрбумыг нь бэлэн мөнгөөр өгөх бол үлдсэн $30 тэрбумыг нь гэрээний гүйцэтгэлээс хамаарч олгох аж. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Claude-н татсан томоохон хөрөнгө оруулалтуудыг харцгаая.
Компанийн Claude Code болон Cowork AI-н хурдацтай хөгжил нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар Anthropic-н үнэлгээ $380 тэрбумд хүрээд байна. 🧠 💵


GIPHY
🍋 Дансаа хаалгасан 12,100 ААН-ийн дансыг нээсний дараа ₮42 тэрбумын татвар эргэн төлөгджээ. Нэг талд мөнчигрөөрөө яваа хэд нь хичээж байгаа ч нөгөө талд байдал өөр аж. Жишээ нь ₮43 их наядын дүн бүхий тендерүүд зарлагдсан ч худалдан авалттай холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
🍋 Өвөр Монгол 2026-2030 онд нүүрсний нийт үйлдвэрлэлийн хүчин чадлыг 1.3 тэрбум тн орчимд тогтворжуулна. Тодруулбал, тэд үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийг идэвхтэй нэмэгдүүлэх бодлогоо зарлажээ. Улмаар эрчим хүчний экспортыг өсгөх нь.
🍋 "COP17 хүрэх зам" өндөр дээд түвшний олон улсын уулзалт Нью-Йорк хотноо зохион байгууллаа. Уулзалтаар COP17 хурлын хөтөлбөр, зохион байгуулалт, ногоон шилжилт, хөрөнгө оруулалтын сэдвүүд хөндөгдсөн бөгөөд 17 улсын дипломатчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагуудын 80+ төлөөлөл оролцсон байна.
🍋 Өнгөрсөн онд 2 сая жуулчин эмчилгээ хийлгэх зорилгоор Өмнөд Солонгосыг зорьжээ. Энэ нь жилийн өмнөхөөсөө 2 дахин өссөн дүн аж. Эдгээр жуулчид тус улсад нийт ₩12.5 их наядыг зарцуулсны 26.4% нь л цэвэр эмчилгээний зардал буюу жуулчдын ихэнх нь эмчилгээг аялал жуулчлалтай хослуулсан аж.

Даваа: Олон улсын дизайны өдөр тохионо.
Мягмар: Японы Төв банк мөнгөний бодлогын шийдвэр зарлагдана.
Лхагва: $GOOG, $MSFT, $AMZN, $META I улирлын санхүүгээ танилцуулна.
Пүрэв: 1072 хувьцааны ногдол ашиг олгогдоно.
Баасан: Ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр буюу Майн баяр.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply