- Lemon Press
- Posts
- 👛 1072 & Сонгууль
👛 1072 & Сонгууль
Kaspi (KSPI)-н IPO | Intel-н тайлан | ЭТТ-н 1072 хувьцааг тойрсон асуудал
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Зээ, өнөөдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно шүү. Нэмээд хичээл сургууль ч эхлэх тул нэлээд хөл хөдөлгөөнтэй байх болов уу. Энэ түгжрэл, утаа 2 хэзээ нэг алга болох юм бол доо? 😓


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Тахько ХК (TAH) 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮108, нийт ₮128.3 саяыг ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлэв.
CHN: Хятад энэ онд импортын сувгийг төрөлжүүлж, импортоо нэмэгдүүлнэ.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮33 тэрбумын арилжаа хийгдсэний ₮19.3 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🌏 Олон улсад зөвшөөрөгдөх Монгол

Бид Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалтай “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалга хувьцаат компаниуд болон хөрөнгө оруулагчдад ямар эерэг үр дүнтэй болох талаар ярилцлаа.
Өнөөдөр ямар ч мэргэжлийн хөрөнгө оруулагч Монголд орж ирэхэд ногдол ашгаа өдрийн хоцрогдолгүй авахыг хүсэх болохоос аль нэг улиралд зарласан мөнгийг нь хэзээ нэг өдөр авна гэж хүлээхгүй. Мөнгө хэзээ ч зүгээр хэвтэж болохгүй шүү дээ. Тийм ч учраас олон улсад ногдол ашиг тараалт нь Corporate action буюу компанийн үйл хэргийн нэг төрөл болж стандарт хэлбэрээр зарлагддаг жишиг тогтсон.

👛 1072 & Улс төр

Сонгууль дөхөхөөр л Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) ХК-ийн 1072 хувьцааг тойрсон асуудал сөхөгдөх юм даа. Энэ жил ч мөн сонгуулийг угтан ЭТТ ногдол ашиг тараах бололтой. Харин хэдэн ₮-ийг хэзээ олгох вэ гэдгийг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Тэгвэл 1072 хувьцааг тойрсон шийдвэр болон сонгуулийн хамаарлыг харцгаая.
Үүх түүх: ЗГ 2012 онд ЭТТ ТӨК-ийн 20% болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж байв. Улмаар иргэн бүр Тавантолгойн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулагч ЭТТ-н 1072 ширхэг хувьцаатай болж байлаа.
Сонгууль ба 1072
ЭТТ-н 1072 хувьцаатай холбоотой асуудлыг өвчтэй хүн гэж үзвэл 2012, 2016, 2019, 2024 гээд дандаа сонгуультай эсвэл сонгуулийн өмнөх жил амь ороод, бусад жилүүдэд сэхээнд л хэвтэж байна. Тэгвэл ЭТТ-н хувьцаа яаж сонгуулийн шоу болж байсныг харвал,
Ор сураггүй: 2012 онд ЗГ 1072 хувьцааг ₮1 саяар үнэлж иргэдээс буцаан худалдаж авсан. Улмаар 70 мянга гаруй иргэд ЭТТ-н хувьцаагүй болов. Эдгээрийн дийлэнх нь бүх хувьцаагаа өгөөд ₮500 мянгын сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүртсэн оюутнууд. Тэднээс хувьцаагаа хөнгөлөлтөөр солих уу гэж асуугаагүй гэдэг. Уг нь бол зах зээлийн дүрэм арай өөр байдаг даа.
Надад өгчих: Цаашлаад 2016 оны сонгуулиар 1 сая иргэн ЗГ-т ЭТТ-н хувьцаагаа буцаан худалдсан. Тодруулбал, 108 ширхэг хувьцаагаа ₮100 мянгаар, 215 ширхэг хувьцаагаа ₮200 мянгаар, 322 ширхэг хувьцаагаа ₮300 мянгаар үнэлж худалдсан аж.
Май ₮90: 2019 онд ЭТТ ₮1 их наядын цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаснаар нэгж хувьцаанд ₮90 буюу иргэн бүрд хамгийн ихдээ ₮96,480-ийн ногдол ашиг тараасан билээ.
Сонгуулиар л сэрдгийн учир
Уг нь бол 2010 оны УИХ-ын тогтоолоор ЭТТ ХК-ийн 20%-ийг дотоод болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл уг шийдвэр хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл та 1072 ширхэг хувьцаатай ч үүнийг зарж борлуулах, арилжих боломжгүй. Зөвхөн сонгуулиар л ногдол ашиг тараах, ЗГ буцаан худалдан авахаас бусдаар амьгүй л гэсэн үг.
Энэ жилийн тухайд
Энэ жил ч бас сонгууль болно. Тиймээс л ногдол ашиг тараах, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 ширхэг хувьцааг нэмж олгох тухай яригдаж байгаа. Яах вэ, ЭТТ-н нөхцөл байдлыг харвал нүүрсний олборлолт нэлээд сэргэсэн. Компани өнгөрсөн онд ₮11.3 их наядын үнийн дүн бүхий 32.8 сая тн нүүрс борлуулаад буй. Харин ногдол ашиг тараахын хувьд нэг талаас тараачихвал дампуурна гээд, нөгөө талаас ногдол ашиг тараах ёстой гээд талцаж өгч байна.
Эцэст нь… ЭТТ-н 1072 хувьцаа уг нь бол иргэдэд ТӨК-иас хувь эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж олгосон хамгийн анхны тохиолдол. Гэтэл жил, жилийн сонгуулийн шоу болоод л бусад жилүүдэд нам гүмхэн арилжаалж ч болохгүй үхмэл байдалтай хэвтэнэ…

😞 Хөрөнгө оруулагчид итгэсэнгүй
INTC: Intel-н өнгөрсөн улирлын орлого 10% өсөж $15.4 тэрбумд хүрлээ. Гэхдээ дата төв болон AI-н хэлтэс шинжээчдийн таамаглалаас 2.4% бага буюу $4 тэрбумыг олжээ. Улмаар энэ оны I улиралд тус хэлтсийн орлого 2 оронтой тоогоор буурах магадлалтай байна. Хэдий Intel энэ оны I улирлын дараагаас тус хэлтсийн орлого өснө гэсэн ч хөрөнгө оруулагчдын итгэлийг аль хэдийн алджээ. Учир нь тус мэдээний араас тэдний хувьцааны үнэ 11.9% унаж $43.6-т хүрээд байна.

🔥 Элдэвтэй Казакстаны банк дэлхийд

Казакстаны 2 дахь том банк Kaspi (KSPI) Америкт IPO хийж $17.5 тэрбумын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулагчдаас $1 тэрбумыг амжилттай босголоо. Ийнхүү тэд Nasdaq (^IXIC)-д бүртгэлтэй болсон Казакстаны анхны компани болов.
Элдэвтэй банкны супер апп
Kaspi хэдийгээр банк ч гэлээ технологийн салбарынхны хошуурч буй супер апп-ийг бүтээж түүнийхээ ачаар ч ОУ-д өргөжиж байгаа. Ингэхдээ хэрэглэгчдэд зориулагдсан Kaspi.kz Super App, худалдаа болон энтрепренерүүдэд зориулсан Kaspi Pay Super App гэх 2 төрлийн супер апп-ийг бүтээгээд буй. Өдгөө тус апп-ийг Казакстаны хүн амын 70% буюу 13.5 сая хүн хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн онд тус апп-аар хийгдсэн гүйлгээ Mastercard (MA), Visa (V)-р дамжсан гүйлгээг нийлүүлснээс ч давсан байна.
Товчоор: Супер апп гэж яриад байгаа апп нь Shoppy, E-Mongolia, StorePay, Tok Tok, iTrip шиг платформуудыг нэг дор багтаасан апп гээд ойлгож болно. Утасны багтаамжид ч ээлтэй сонсогдож байх чинь…
Хэрхэн мөнгө олдог вэ? Түүнчлэн тэд финтек, марктплэйс, төлбөр тооцоо гэсэн үндсэн 3 чиглэлээс орлого олдог. Сонирхолтой нь тэд банк хэр нь орлогынх нь ⅓-ийг финтек буюу банкны үйл ажиллагаанаас олсон орлого бүрдүүлэх бол дийлэнх нь цахим худалдаанаас орж ирдэг аж. Угаасаа Казакстандаа цахим худалдааны акул л юм байна лээ л дээ.
Сүүлийн жилүүдэд Казакстаны технологийн салбар ОУ-д эрчтэй алдаршиж байгаа. Яаж, гээд харсан 5 жилийн өмнө Ерөнхийлөгч болсон Касым-Жомарт Токаев технологийг нэвтрүүлэх гол нь энтрепренер эдийн засаг гэгдэх ойлголтыг дэмжихэд ихээхэн анхаарсны гавьяа аж. Эзэн, заяа хоёул хичээсэн байдаг шүү.
Эцэст нь… Манайд одоогоор гагцхүү уул уурхайн компаниуд л ОУ-ын бирж дээр бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн жил системийн ТОП-5 банк дотооддоо IPO хийгээд авсан. Цаашид өргөжөөд гадаад далайд ч гарах амбиц байгаа л байлгүй дээ. Тэгэхийн тулд Kaspi шиг супер апп бүтээх ч юм уу, ямартай ч технологиор хөшүүрэгдэж гадагшаа тэлэх бол боломж бол байгаа л юм байна.

Уул уурхайн салбар 2023 онд ₮7.7 их наядыг төсөвт төвлөрүүлснээр нийт төсвийн орлогын 31.6%-ийг бүрдүүлжээ. Үүнийг түүхий эд болгоноор харвал,
Алт: +20.7%, ₮0.3 их наяд
Зэс: +30%, ₮2.2 их наяд
Нүүрс: +2.1 дахин, ₮4.3 их наяд
Төмөр: +2.3 дахин, ₮0.1 их наяд
Газрын тос: +88.9%, ₮0.3 их наяд
Зөвхөн түүхий эдийн орлогоос гадна тусгай зөвшөөрлийн төлбөр, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр зэргийн орлого 76.9% өсөж ₮98.6 тэрбумд хүрчээ. Одоо энэ онд эдгээр тоог ахиулах шаардлагатай байна даа.

⚒ Оюу толгой ХХК-д ажиллах боломж

Энэ онд “Оюу толгой” ХХК 60 гаруй ажлын байр шинээр зарлаж одоогоор нээлттэй 50 орчим ажлын байр үлдсэн байна.
Юуг анхаарах вэ?
“Оюу толгой” ХХК ажилтан сонгохдоо тухайн хүний туршлага, чадварыг харж сонгодог тул ажил горилогчийн зүгээс,
Туршлага тань тус ажлын байрны шаардлагад нийцэж байгаа эсэх,
Товч намтар, ажилд орох өргөдлөө монгол, англи хэл дээр бэлтгэх,
Эцэст нь материалаа сайтар шалгаад өргөдөл хүлээн авах хугацаа дуусахаас өмнө хэд хоногийн өмнө явуулаарай. Юмыг яаж мэдэх вэ, тооцоолоогүй нөхцөл байдлыг ч тооцож байхгүй бол. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс уншаарай.
Гэснээс тус компанид “Ажилд авна, ороход тусална” зэргээр мөнгө нэхэмжилсэн тохиолдол мэр сэр гардаг даа. Иймэрхүү асуудлаар тэдний [email protected] хаяг руу, ажлын байрны сонгон шалгаруулалт болон холбогдох асуудлаар [email protected] хаягаар дамжуулан санал, гомдлоо хүргүүлэх боломжтой аж. Мэдээж эх сурвалжийн мэдээллийн нууцлалтай.


NikkeiAsia
🔹Хятадын олон нийтэд нээлттэй сангууд 2023 онд ¥27.6 их наядын хөрөнгө удирджээ. Тодруулбал 145 хөрөнгө оруулалтын компанийн 11,528 сан тус онд үйл ажиллагаагаа явуулсан аж. Мөн нийт хөрөнгийн 13.8% буюу ¥3.8 их наядыг хаалттай, 86.2% буюу ¥23.8 их наядыг нээлттэй ХОС бүрдүүлсэн байна.
🔹Хойд бүсийн аймгуудад 2023 онд ₮171.5 тэрбумаар хөрөнгө оруулав. Тус хөрөнгө оруулалтын 59.7%-ийг улсын, 40.3%-ийг орон нутгийн төсвөөс олгосон байна. Мөн Орхон аймагт нийт ХО-ын 51.1% буюу ₮87.7 тэрбум, Хөвсгөл аймагт 32.4% буюу ₮55.5 тэрбум, Булган аймагт 16.5% буюу ₮28.3 тэрбум тус тус ногджээ.
🔹Монголд 2023 оны байдлаар 3 салхин станц, 9 нарны станц, жижиг усан станцууд ажиллаж байна. Улмаар эрчим хүчний суурилагдсан чадлын 18.3%, үйлдвэрлэж буй эрчим хүчний 9.6%-ийг бүрдүүлж буй. Сонирхуулахад 2030 онд суурилагдсан чадлын харьцааг 30%-д хүргэх зорилттой байгаа аж.
🔹Хятадтай хийх худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилт дэвшүүлжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессоор хамтрах хүсэлтээ илэрхийлэв. Сонирхуулахад, 2023 онд 2 улсын худалдааны эргэлт $17.6 тэрбумд хүрсэн байна.

Унш: Apple-д энэ онд учирч болзошгүй 5 асуудал. (CNN)
Үз: Яагаад Гэм зэм романыг унших ёстой вэ? (TED-Ed)
Мэд: Муу зээлдэгч гэж хэн бэ? (LemonPress)
Сонирх: 100 настай Өвлийн Олимп. (Olympics)

Даваа: Японы өнгөрсөн жилийн ажилгүйдлийн түвшин танилцуулагдана.
Мягмар: ХХБ-ны 2 дахь жилдээ зохион байгуулж буй Trade Finance Forum 2024: “Restore and Unlock” сэдэвтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Лхагва: Mastercard-н IV улирлын тайлан гарах өдөр.
Пүрэв: “Ногдол ашгийг төлөлтийн өдрийг зарлая” арга хэмжээ болох гэж байгаа шүү.Баасан: Exxon болон Chevron нар ээлжит улирлын тайлангаа танилцуулснаар энэ 7 хоног өндөрлөх нь дээ.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply