• Lemon Press
  • Posts
  • 🗞️ 104 жилийн түүхт МАН

🗞️ 104 жилийн түүхт МАН

CEO ажлаа өгөхөд ойрхон | SouthGobi Resources-н рекорд | Эдийн засаг ₮60.1 их наяд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Гадуур ханиад, томуугийн дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байна. Тэр тусмаа томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2%-ийг 15, үүнээс 51.8%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа гэнэ. Анхаараарай! Дулаахан хувцаслаж, дархлаагаа дэмжихээ хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз?! 🤧

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: ДНБ энэ оны эхний 9 сард өнгөрсөн оны мөн үеэс 5.9% өсөж ₮24.3 их наядад хүрлээ

FRC: III улиралд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 9% өсөж ₮13.2 их наядад хүрсэн ч хувьцааны хоёрдогч арилжааны хөрвөх чадвар 0.7 нэгж хувиар буурч 1.1% болжээ

NSO: Өнгөрсөн III улиралд өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс ₮75.6 мянгаар нэмэгдэж ₮1.8 саяд хүрэв

🗞️ 104 жилийн түүхт МАН-ын шинэчлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол Ардын Намын XXXI их хурлаараа шинэхэн намын даргаа үнэмлэхүй саналаар тодруулж, үндсэн дүрэмдээ томоохон өөрчлөлт хийв. 

🤹‍♂️ Хэрхэн өөрчлөгдөв?

Хамгийн эхний томоохон өөрчлөлт нь та бүхний мэдэж байгаачлан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг халагдсан. Ингэснээр МАН-ын хамгийн залуу намын дарга гэгдэх Н.Учрал Ерөнхий сайд болохгүй гэсэн үг. Үүний хажуугаар МАН үндсэн дүрэмдээ 44 заалтыг шинээр нэмж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасжээ

  • Бага хурлын гишүүд: МАН-ын бага хурал 300 гаруй гишүүнтэй. Энэ удаагийн өөрчлөлтөөр тус тоог 200-гаар нэмж 597 болгоод буй. Тоо нь тодорхой болсон ч өчигдрийн хурлаар бага хуралд суух гишүүдийн бүрэлдэхүүнээ тогтож амжсангүй. 

  • Мөн МАН-ын бага хурлын УИХ-ын даргын томилгоог хэлэлцэх төлөвтэй байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна. Ер нь л МАН нээлттэй, ил тод нам болохын тулд бага хурлын гишүүдийнхээ үгийг сонсдог болно гэж яригдаад байгаа. 

📚 Шинэ намын даргын мөрийн хөтөлбөр

Харин одоо МАН-ын дарга Н.Учралын мөрийн хөтөлбөр болох E4 буюу гишүүн төвтэй стратегитай нь танилцацгаая

  1. Намын хандив санхүүжилт, хураамжийг ил болгох, 

  2. Намын бүх шатанд гишүүдийн оролцоог оноожуулах систем нэтрүүлж, оноон дээр үндэслэн улс төрийн дэмжлэг үзүүлнэ,

  3. Зөрчил, хууль бус үйлдлийг мэдээлэх гомдлын нэгдсэн системтэй болж шүгэл үлээгчийг хамгаална, 

  4. eNam 3.0 платформыг нэвтрүүлж, их өгөгдөл, AI-д суурилсан шийдвэр гаргадаг дижитал нам болохоо мэдэгдэв. 

Юутай ч тэрбээр намаа эмхэлж цэгцлэхэд ажилдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан туршлагаа гаргах бололтой. 

Эцэст нь… Эрх баригч нам намын даргын албанаас Ерөнхий сайдыг өрх тусгаарлан гаргасан явдал нь парламентын засаглалтай орнуудад байдаг л жишиг. Давуу тал нь эрх мэдэл хэт төвлөрөхгүй, намын дотоод ардчиллыг сайжрах боломжтой ч гэм нь хоорондоо зөрчилдөөд эхэлбэл таг гацах аюултай. Шинэхэн намын даргаас улс төрийн хөнгөн жингийн тоглолт их шаардах нь дээ. 

📈 SouthGobi Resources-н рекорд эвдсэн III улирал 

1878.HK: Өнгөрсөн III улиралд SouthGobi Resources 3 сая тн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа эвдсэн ч нүүрсний зах зээлийн үнэ буурсантай холбоотой $7 саяын алдагдал хүлээжээ. Түүнчлэн компанид Татварын Ерөнхий Газраас ногдуулаад байсан $80 саяын торгууль $26.5 сая болж буурсан ба одоогийн байдлаар $21 саяын төлбөрийг төлөөд байгаа аж. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 5.6% өсөж HK$2.5-т хүрээд байна.

  • 🏂 Өвлийн аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлж буй Өвөр Монголчууд. (ChinaDaily)

  • 🪵 Биткойн олборлох төхөөрөмж ашиглан байшингаа халаана гэнэ үү? (CNBC)

  • 🆕 Ирэх онд мэндлэх гар утасны шинэ загварууд. (CNet)

  • 🏨 Kempinski зочид буудлын Ерөнхий захирлаар Алан Чин томилогджээ. (Kempinski)

😔 CEO ажлаа өгөхөд ойрхон 

Орчин цагийн технологийн өнгийг тодорхойлогч Apple (AAPL)-н CEO Тим Күүк он гараад ажлаа хүлээлгэн өгөх сураг гарлаа. $AAPL 2011 оноос хойш түүний удирдлага дор нэг биш нэлээд хэдэн шат дээшээ ахисан түүхтэй. 

📊 Бууж мордох хорвоо

$AAPL хэмээх технологийн эзэнт гүрнийг 14 жилийн турш удирдсан 65 настай Тим Күүк нь компанийн экс CEO, үүсгэн байгуулагч Стив Жобс дараа ажлаа хүлээлгэн авсан нэгэн. Түүний удирдлага дор компанийн зах зээлийн үнэлгээ $350 тэрбумаас 11.4 дахин өсөж $4 их наядад хүрсэн бөгөөд олон чухал шийдвэр, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд танилцуулжээ. Үүнээс онцлон харвал: 

  • ⌚️ Шинэлэг бүтээгдэхүүн: 2014 оноос хойш iPhone, iPad, MacBook-н олон загварууд нээлтээ хийсэн. Үүнээс гадна 2014 - 2017 онуудад анхны Apple Watch, Airpods, Apple Pencil, 2018-2021 онуудад Apple HomePod, Apple Silicon Chips, Airtags танилцуулагдсан бол 2022 оноос хойш Mac Studio, Apple Vision Pro, iPhone Air гэх мэт бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтэрчээ.

  • 🎧 Стриминг үйлчилгээ: Тим Күүк нь технологийн трэндээс хэзээ ч хоцрохгүй дургүй нэгэн ба 2015 онд хөгжмийн салбарын тэргүүлэгч платформын нэг Apple Music-г, 2019 онд видео стримингийн салбарын Apple TV+, 2020 оноос бүх үйлчилгээнүүдээ нэгтгэсэн сарын $19.9-ын үнэтэй Apple One-г зах зээлд танилцуулсан аж.

  • 🧠 AI-тай болов: Өнгөрсөн онд Apple өөрсдийн AI болох Apple Intelligence-г танилцуулсан ба олон хүний таамагласан шиг Siri AI-тай хоршиж ажиллан, хэрэглэгчдийн хувийн туслах мэт ажиллаж эхэлжээ. Саяхан тэд Siri-д зориулан Google (GOOG)-н Gemini ашиглах болсон бөгөөд жилийн $1 тэрбумыг төлөхөө мэдэгдээд байна.

Эцэст нь… Ирэх 1-р сарын сүүлээр компанийн 2025 оны гүйцэтгэлийг танилцуулах үеэр Тим Күүкийн ажлаа хүлээлгэн өгөх эсэх нь тодорхой болох ажээ. Дараагийн CEO-д тоног төхөөрөмжийн инженерийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус томилогдох магадлал өндөр гэнэ шүү. 🕵🏻‍♂️

Excel дээрх хүснэгтийн аль ч нүдэнд хүссэн үйлдлээ хийх боломжтой MAP функцийг ашиглаж байсан уу? Их элдэвтэй функц тул юунд ч хэрэг болж магадгүй эд дээ. MAP функцийн олон талын хэрэглээнээс дурдвал, 

  • Өгөгдлийг өөрчлөх: Энэ тохиолдолд A1:A5 = {1, 2, 3, 4, 5} өгөгдөл дэх бүх тоог 2 дахин нэмэгдүүлж A1:A5 = {2, 4, 6, 8, 10} болгоё. Үүний тулд =MAP(A1:A5, A1:A5*2) гэх томьёог өгөөд л болох нь.

  • Олон нүдэн дэх мэдээллийг хослуулах: A1:A3 = {"Бат", "Цэцэг", "Болд"}, B1:B3 = {"Алим", "Лууван", "Лимон"} өгөгдлийг хослуулж {"Бат Алим", "Цэцэг Лууван", "Болд Лимон"} болгоё. Ингэхдээ =MAP(A1:A3, B1:B3, A1:A3 & " " & B1:B3) томьёо ашиглахад хангалттай юм.

Эдгээрээс гадна MAP функцийг LAMBDA-тай ч хослуулан ашиглах боломжтой шүү. Эзэмшээд аваарай. 🧑‍💻

Parade

🍋 “Now You See Me 3” нээлтийн 3 хоногтоо дэлхий даяар $75.5 саяын орлого олж Box Office-г тэргүүллээ. Цувралын сүүлийн ангиас 9 жилийн дараа нээлтээ хийж буй тус анги ийнхүү нийт бүтсэн зардлынхаа 83%-ийг эхний 3 хоногтоо нөхөөд буй. Цувралын эхний 2 анги дэлхий даяар нийт $686 саяын орлого олж байв.

🍋 Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны III улиралд өнгөрсөн оноос 0.3 нэгж хувиар буурч 62.7% болжээ. Тус үзүүлэлт өнгөрсөн оны IV улирлаас энэ оны I улирал хүртэл 0.8-2.6 нэгж хувиар өссөн ч, сүүлийн 2 улирлын туршид 0.3 нэгж хувиар буурсан байна. Одоогоор нийт ажиллах хүчний 94.5% буюу 1.4 сая нь ажиллагч, 5.5% буюу 80.6 мянга нь ажилгүй иргэн байгаа юм. 

🍋 Berkshire Hathaway (BRK-B) Alphabet (GOOG)-д $4.3 тэрбумын хувьцаа эзэмшдэг боллоо. Тодруулбал, тэд энэ оны III улиралд 17.8 сая ширхэг Alphabet-н хувьцаа худалдан авсан бол эсрэгээрээ 41.8 сая ширхэг Apple-н хувьцааг худалдсан байна. Улмаар компанийн Apple дахь эзэмшил 8.4% буурч $61 тэрбум болжээ.

🍋 “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Sichuan Renshou $206.5 саяар барина. Компани эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэх аж. Тэгвэл тус үйлдвэр нь жилд 8,000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.