- Lemon Press
- Posts
- 🇲🇳 🤝 🇰🇷
🇲🇳 🤝 🇰🇷
103 жилийн түүхт харилцаа | IPO ба 32%-ийн өсөлт | хүүхдийн хөдөлмөр эрхлэлт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Зун болоод нозоороод хичээл, ажилдаа төвлөрөхгүй байгаа юм биш биз? Тэгвэл дараах аргуудыг туршаад үзээрэй.
Толгойд эргэлдэх олон бодлоо төсөөллийн хайрцагт хийгээд тавиур дээр дээш тавих,
Утсаа “Do Not Disturb” горим дээр нь тавьж, имэйл болон сошиал хаягуудаа гаргах,
Өөрийгөө үр бүтээлч горим дээрээ тохируулж, урдах ажлуудаа нэг нэгээр нь дуусгах. 💪
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Улаанбаатарт гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.8% өссөн байна.
MET: Энэ сарын 11-ны байдлаар Монголд 226,913 жуулчин иржээ.
MSE: Өчигдрийн арилжаагаар Талх чихэр ХК (TCK)-ийн хувьцааны үнэ хамгийн их буюу 11.3%, Сэндли ББСБ ХК (SEND)-ийнх 4.8% тус тус уналаа.
УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
🇲🇳 🤝 🇰🇷
Манайх Өмнөд Солонгостой метроны төсөл, төмөр замын салбарт хамтран ажиллахаар болоод байна. Ер нь бид Өмнөд Солонгостой ямар харилцаатай, юу хийж бүтээлцэж байлаа? 💭
34 жилийн хугацаанд
Монгол Өмнөд Солонгостой 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилээс илүү олон ажил хийгдэж байгаа гэж хэлж болно. Тодруулбал, 2011-2023 оны хооронд Өмнөд Солонгосоос нийт $405.4 саяын хөрөнгө оруулалт орж ирээд байна. Тэр дундаа 2023 онд $57.2 саяын хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлийн 11 жилийн хугацаанд Өмнөд Солонгосоос орж ирсэн хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт юм.
Тус онд юу болов? 2023 онд Өмнөд Солонгостой хийсэн хамгийн том хэлэлцээр бол KT групп Монголоос газрын ховор элемент импортлохоор болсон явдал байв. Мөн Монголбанк Солонгосын КТ группийн охин компани болох BC Card-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад амжсан.
Welcome to Mongolia: Нэмээд өнгөрсөн онд Сөүлд “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлаж, тус улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Улмаар 2023 онд Монголд Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын тоо жилийн өмнөхөөсөө 2.6 дахин нэмэгдэж 140 мянгад хүрснээр нийт жуулчдын 23.5%-ийг бүрдүүлжээ.
Цаашид юу болох вэ?
Манайд 13 жил яригдсан метроны төслийн зөвлөх үйлчилгээг Өмнөд Солонгосын "Dohwa Engineering" компани үзүүлэхээр болсон. Тус компанийн хувьд 1957 онд байгуулагдсан цагаасаа Өмнөд Солонгосын дайны дараах сэргээн босголтын хүрээнд Сөүлийн метроны систем, Инчоны нисэх онгоцны буудлын төсөлд оролцож байж. Нэмээд Филиппин болон Ойрх Дорнодод усан хангамжийн системийн төслүүд дээр ажилласан байна. Тэгэхээр нэлээд туршлагатай байх нь.
Хамтрал үргэлжилнэ: Түүнчлэн Солонгосын Төмөр замын корпорац болон хэд хэдэн байгууллага манай төмөр замын төслүүдэд ТЭЗҮ боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах тал дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.
Эцэст нь… Хөршүүдээсээ хэт хамааралтай бидний хувьд харилцаа холбоогоо өөр нэг улстай зузаатгаж байгаа нь сайшаалтай юм даа.
🍓 IPO-н дараах өсөлт
RPI.L: Raspberry Pi-н анхдагч зах зээлийн арилжаа өнгөрсөн Мягмар гарагт эхэлсэн бөгөөд нэгж хувьцааны үнэ нь £2.8 байв. Үүний араас тэдний хувьцааны үнэ даруй 32% өссөн бол өчигдрийн байдлаар дахин 6% өсөөд байна. Улмаар халаасанд ч багтчих компьютер үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай тус компани Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй болов. Сонирхуулахад, компани өнгөрсөн онд $266 саяын орлого олж, $66 саяын ашигтай ажилласан байна.
👥 Мөнхийн хөрш: Орос, Монгол
Өчигдөр Оросын эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны баяр болгон тэмдэглэдэг Оросын үндэсний баяр тохиов. Тус үйл явдалтай холбогдуулан Орос, Монголын харилцааг тоон хэлээр харцгаая.
103 жилийн түүхт харилцаа хэр нь…
Өнгөрсөн оны байдлаар Орос, Монголын худалдаа $2.5 тэрбумд хүрсэн бөгөөд худалдааны нийт эргэлтийн 96%-ийг Орос буюу бидний тус улсаас импортолсон бараа бүтээгдэхүүн эзэлж буй. 2 орны гадаад худалдааг сүүлийн 10 жилээр харахад Монголын тус улс руу экспортолсон бараа, бүтээгдэхүүний дүн $112 саяас давсан түүхгүй аж. Үргэлжлүүлээд, Оросоос Монгол руу хэр их хөрөнгө оруулдгийг харвал 2023 онд $25 сая буюу нийт ГШХО-ын ердөө 0.8%-ийг л эзэлсэн байдаг.
Түншлэл ба хамтрал
Монгол болон Орос дипломат харилцаа тогтоосноос хойш 103 жил, иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээс хойш 5 жилийг ардаа үдсэн ч 2 орны хооронд стратегийн түншлэлийн хэргийг гаргасан мега төслүүд төдийлөн хэрэгждэггүй.
Боломжит амлалтууд: 2016 онд Хятад, Монгол, Орос 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх эдийн засгийн коридорыг бий болгохоор тохиролцож байсан. Тус ажлын хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээр баталж байв.
3 улсын эдийн засгийн коридорын хамгийн олон төсөл логистикийн салбарт хэрэгжих бөгөөд 2022 онд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн буюу Хятадтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтууд л нэлээн ахицтай хэрэгжсэн юм. Харин Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам 11 жилийн өмнө яригдаж 2022 онд л бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байдаг.
Хориглохгүй гэхдээ зөвшөөрөхгүй: Үргэлжлүүлээд, Орос, Монголын харилцааг Монголын эрчим хүчний хамааралгүйгээр төсөөлөхийн аргагүй. Санаж байгаа бол үлгэр домог шиг 33 жилийн турш яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын ажил Байгаль нуурын урсгалыг хумих, олон ЗГ-ын нүүр үзсэн зэрэг шалтгаанаар гацаад буй.
Эцэст нь… Монгол, Оросын стратегийн түншлэлийг дүгнэвэл Монголоос Орос руу хийж буй экспорт нийт худалдааны 4%, Оросоос Монгол руу хийж буй хөрөнгө оруулалт 1%-д ч хүрдэггүй, хамтарсан цөөн мега төсөл нь яваад байна уу, зогсоод байна уу гэдэг нь мэдэгддэггүй, нэг иймэрхүү л байна даа.
138.5 мянга
Улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.
30%
Хот суурин газарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд 10.2%-тай байгаа бол хөдөө орон нутагт 30%-тай гарчээ.
8.4%
Эдгээр хүүхдийн 11.2 мянга буюу 8.4% нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлдэг аж. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиосонтой холбогдуулан эдгээр тоог танилцууллаа.
Insider
🍋 Дэлхий даяар жендерийн тэгш бус байдлыг арилгахад 134 жил шаардлагатай. Тус үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс 3 жилээр хойшлоод буй. Жендерийн тэгш бус байдал улс төрд хамгийн их байгаа бөгөөд өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 27%, сайдын албан тушаалд 23%, төрийн тэргүүнүүдийн 10%-д хүрэхгүй байсан аж.
🍋 Монгол Лаос руу үхэр, адуу, хонь, ямааны мах экспортолно. Тодруулбал, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн Монголд хийсэн айлчлалын үеэр талууд “Монголоос Лаос руу хонь, ямаа, үхэр, адууны хөлдөөсөн мах экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажуулсан байна.
🍋 Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийн саналыг өнөөдөр 11 цагаас эхлэн хүлээж авна. Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх аж.
🍋 Өнгөрсөн 5-р сард Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9% өсжээ. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮4 сая байгаа бол Хан-Уул, Баянгол дүүрэгт хамгийн өндөр буюу ₮4.1 саяын үнэтэй байна. Харин хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮3.9 сая бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 саяын үнэтэй байгаа аж.
Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)
Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Судалгаа: Сансар эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиромжтой гэнэ үү? (TheGuardian)
Саятан: AI-н ачаар Америкийн саятнуудын тоо өнгөрсөн онд 500 мянгаар нэмэгджээ. (CNBC)
Танилц: 30 настнуудад санал болгох номууд (Reddit)
Мэд: Ажлаас халшрах хам шинж тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? (TheEconomist)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply