- Lemon Press
- Posts
- 🤔 ТОП-100 ААН IPO хийх үү?
🤔 ТОП-100 ААН IPO хийх үү?
Эмийн зах зээл | Yahoo! AI-тай боллоо | ТОП-100 ААН-ийн IPO сураг
POWERED BY
Hey! Өнөөдөр бол сэтгүүлчдэд талархаж, тэврэлт илгээх өдөр. Монголд сэтгүүлч гэхээр худлаа юм ярилаа, тэрний, энэний гар, хөл гээд муулж л харагддаг. Биднийг ч данх долоолоо, Хятадыг улаан цайм дэмждэг гээд бишгүй дээ шүүмжилдэг. 😢 Нэг ч гэсэн өдөр талархлаа илэрхийлчихэд яах вэ дээ. Зөв зүйтэй мэдээлэл хамгийн чухал зүйл шүү дээ. 📝😆
*Нэг өдрийн өөрчлөлт
MFA: Монгол болон Хятад ЗГ хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих хэлэлцээрийг үзэглэлээ.
EUR: Евро бүсийн инфляц өнгөрсөн 3-р сард саарч 2.4%-д хүрчээ.
TWN: Тайваний ЗГ-аас Монголд $100 мянгыг хандивлав.
🤔 ТОП-100 ААН IPO хийх үү?
Өнгөрсөн онд СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл (ХЗЗ) дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд тэдний ХЗЗ дэх оролцоог дэмжих асуудал яригдаж буй. Хэрэв амжилттай болбол ямар өөрчлөлт гарах вэ?
Юу хийхээр зорьж байна вэ?
СЗХ болон МҮХАҮТ дээрх ААН-үүдэд ХЗЗ-д хувьцаа, компанийн бонд гаргахад тавих шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулах зохицуулалтуудыг бүрдүүлэх, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах юм.
Ингэснээр: ТОП-100 ААН-ээс аль хэдийн олон нийтэд нээлттэй болсон 10 компаниас бусад 90 компани ямар нэгэн байдлаар ХЗЗ-д нөлөө үзүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ Оюу толгой мэтийн томоохон компаниуд бонд, ХБҮЦ гаргана гэдэг юу л бол.
Хэн хэн байгаа билээ? ХЗЗ-д оролцоогүй 90 компанийн 37.8% нь худалдаа, үйлчилгээний салбарынхан, 15.6% нь уул уурхайн магнатууд, 16.7% нь газрын тосны акулууд, үлдсэн хэсэг нь операторууд болон бусад салбарынхан байгаа.
Яг хэрэгтэй юм уу даа?
Ер нь бол сүүлд банкны реформ болж ТОП-5 банк IPO хийснээр манай ХЗЗ-ийн үнэлгээ 2.3 дахин өсөж ₮11.1 их наядад хүрсэн. Улмаар МХБ (MSE)-ийн ТОП-20 компанийн тал нь банк, санхүүгийн компаниуд болоод буй. Хэрэв дээрх 90 компани IPO хийвэл ХЗЗ илүү төрөлжих юм. Цаашлаад,
Хөрвөх чадвар 🆙: Хөрөнгийн биржид олон компани бүртгүүлснээр арилжих үнэт цаасны тоо нэмэгдэнэ. Ингэснээр одоо бидэнд тулгамдаад байгаа хөрвөх чадвар сайжрах боломжтой.
Ил тод: IPO хийх, бонд болон ХБҮЦ гаргах нь тухайн компанийг засаглалын өндөр стандартыг дагаж мөрдөх, мэдээллээ олон нийтэд ил тод болохыг шаарддаг. Тэгэхээр ТОП-100 компанийн асуудал, орлого тайлан ил болно гэсэн үг.
Олон боломж: Түүнчлэн хөрөнгө оруулагчдад олон төрлийн боломж, сонголт ч бий болно. ТОП-100 ААН-ийн 2022 оны борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 8.5% өсөж ₮38.4 их наядад хүрч ДНБ-ий 73%-ийг бүрдүүлсэн гээд бод. Тэгэхээр энэ том дүнгээс хөрөнгө оруулагчид ашиг хүртэх боломжтой болно.
Эцэст нь… Монголын шилдэг компаниуд IPO хийх, бонд гаргах замаар ХЗЗ-д оролцох нь ЗЗ-ийн тэлэлт, хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын итгэл, эдийн засгийн өсөлт зэрэгт эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Гэхдээ зах зээлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд бэлтгэл ажлыг сайтар хийх нь чухал. Заа тэгээд Мобиком, Юнителийн хувьцааг арилжаалдаг болох нь уу, яах нь уу, харж л байя даа.
95% 🅰️
MLG: Өнгөрсөн оны 9-р сард IPO хийсэн Монложистикс Холдинг ХК нь компанийн засаглалын өөрийн үнэлгээгээр “Засаглал хэвийн буюу эрсдэлгүй” түвшинд үнэлэгдлээ. Тодруулбал, тэдний компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 95% байгаа аж. Сонирхуулахад, компани өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэж борлуулалтын орлого нь 59% өсөж ₮213.5 тэрбумд хүрсэн билээ. Харин хувьцааны үнийн хувьд он гарсаар 4.2% унаж ₮179 болоод байна.
😮 Яахуу! AI
Зээ өвгийн өвөг, эцгийн эцэг Yahoo! маань эцэст нь нэг юм хиймэл оюун ухаантай болох гэж байна аа. Сонжъё^2!
Яаж дутах вэ…
Тодруулбал, Yahoo! Artifact хэмээх хиймэл оюун ухаан (AI)-т мэдээний платформыг худалдан аваад буй. Улмаар Artifact Yahoo!-н экосистемд нэгдэж тэр тусмаа Yahoo News-г шинэчлэх, өнгөлж будах хэрэгсэл болох юм. Тэдний нэгдэл хэн хэндээ хожил болох төлөвтэй дэг.
Үхлийн савраас мултрав: Учир нь гуравхан сарын өмнө Artifact-н хамтран үүсгэн байгуулагч ой гарантай платформоо хэрэглэгчид болон хөрөнгө оруулалт татах хэцүү байгаа учраас унтраана аа хэмээн ярьж явсан гэхэд одоо Yahoo!-н нөмөрт орж өрсөлдөөнөөс арчигдах эрсдэлээс аврагдаж байна.
Шинэчлэл: Харин Yahoo!-н хувьд бол трэндээ л дагана даа гэдэг шиг шийдвэр гаргаж технологийн салбарынхны AI өрсөлдөөнд албан ёсоор орж ирж буй. Гэсэн ч тэд аваргын шийрийг заах мэт AI-н өрсөлдөөнд нэлээн хожуу орж ирж байна даа.
Artifact-г мэддэггүй хүмүүст
Artifact-г Instagram-н хамтран үүсгэн байгуулагчид болох Кевин Систром, Майк Кригер өнгөрсөн оны 1-р сард үүсгэн байгуулж байв. Тус платформ нь Yahoo News, Google News-н нэгэн адил мэдээний платформ хэдий ч AI-н тусламжтайгаар хэрэглэгч нарт сонирхож буй салбарынх нь бүхий л сонин содон мэдээг сонгон харуулдаг онцлогтой.
Гайхамшиг үргэлжилнэ! Түүнчлэн тус платформ хэрэглэгчдэд AI-р аливаа нийтлэлийг хураангуйлан унших, бүр цаашлаад шинэчлэн бичих зэрэг олон давуу талыг санал болгодог. Нэмээд Twitter шиг ашиглах боломжтой гээд Yahoo! байтугай өөр бусад нь ч нүд унагахаар функцүүдтэй. Гэсэн ч олны анхааралд орж амжаагүй нь сонирхолтой…
Юутай ч, Artifact цаашид Yahoo News-н алгоритмыг хөгжүүлээд түүнд уусан шингээд явах нь. Ингэснээр энэ мэдээг бичин суугаа би болон Artifact-н хэрэглэгчид тун удахгүй Yahoo News-г ашигладаг болох гэж байна. Yahoo News ашиглана чинь ээ зүүдэлсэн ч үгүй явсан залуу нас минь… 😂
Эмийн зах зээл = ₮700 тэрбум
Дотоодын эмийн зах зээлд ₮500-₮700 тэрбум эргэлддэг.
Импорт 80%
Цаашлаад тус зах зээлийн 70%-80%-ийг импортоор орж ирсэн бүтээгдэхүүн эзлэж байна.
Овгор 4
Эмийн зах зээлд 200-300 орчим компани бизнес эрхлэх лицензтэй ч 3-4 том эм ханган нийлүүлэгч компани зах зээлд давуу байгаа аж.
👷 MAKBM: Барилгын салбарын арга хэмжээ
Барилгын салбарын эксперт, холбоотууд нэг дор цугласан MAKBM 2024 барилгын материалын арга хэмжээ өчигдөр боллоо.
👀 Юу болов? Энэ үеэр “Монголын Алт МАК” ХХК шинэ бүтээгдэхүүн болон хэрэгжүүлэх гэж буй төслүүдээ танилцууллаа.
Үүнд тэд суурин болон зөөврийн бетон, хуванцар поддон, си төмөр, дугариг агаар сэлгэлтийн хоолой, цонх, хаалга зэрэг шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аж. Цаашлаад ногоон цемент, 3D принтинг студи, инженерчилсэн чулуун болон гипсэн хавтан, профил болон уутны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх ба, “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар зорьж буй.
Сонирхуулахад, Монголын Алт МАК ХХК нь 2012 оноос хойш барилгын материалын 7 үйлдвэрийг ашиглалтад оруулж 1,200 гаруй ажлын байр бий болгон $260 саяын валютын урсгалыг хадгалжээ.
Forbes India
🔹OpenAI Startup Fund Сэм Алтманыг эзэмшигч болон удирдлагын жагсаалтаас хасжээ. OpenAI Startup Fund Сэм Алтманаар дамжиж хөрөнгө оруулалт татаж байсан ч OpenAI тус санд ямар нэгэн байдлаар хувь эзэмшдэггүй аж. Сонирхуулахад тус сан одоогоор $325 сая орчим хөрөнгийг удирдаж байна.
🔹Erdene Resource Development (ERDN) өнгөрсөн онд $522 мянгын ашигтай ажиллаа. Учир нь тус онд тэдний хайгуул болон үнэлгээний зардал бараг 4.5 дахин буурч $847 мянгад хүрчээ. Тэд өнгөрсөн жилийн өдийд $5.9 саяын алдагдалтай ажилласны тайлагнаж байсан юм. Сонирхуулахад, компани 2025 оны II улирлаас эхлэн Баян хөндий дэх алтны уурхайгаас алт олборлох төлөвтэй байна.
🔹Tesla (TSLA)-н эхний улирлын нийлүүлэлт өнгөрсөн жилээс 8.5% буурч 386,810-т хүрэв. Тодруулбал, тэд I улиралд 433,371 EV үйлдвэрлэж үүнийхээ 89%-ийг нийлүүлсэн аж. Энэ нь 2020 оноос хойш Tesla-н нийлүүлэлт буурсан анхны тохиолдол болж байна. Улмаар тайлангийн араас компанийн хувьцааны үнэ 8.6% унаж $166-т хүрлээ.
🔹ЗГ-аас Улаанбаатар хотын засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилах санал гаргалаа. Ингэснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58% буурах бол дүүргийн чиг үүрэг 15%, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95% тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх боломжтой аж.
Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Мэд: ChatGPT-г ашиглахын тулд заавал хэрэглэгчийн хаяг үүсгэх шаардлагагүй боллоо. (TechCrunch)
Зарга: Дональд Трамп Truth Social-г хамтран үүсгэн байгуулсан хамтрагчаа шүүхэд дуудав. (Yahoo!News)
Танилц: XBox-н шинэ шилмэл удирдлага. (EuroGamer)
Яая гээд байгаа юм бэ? Яагаад заавал сахлын татуурга хулгайлна гэж? (TheHustle)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.
Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply