- Lemon Press
- Posts
- 😢 $100 саяын шаталт
😢 $100 саяын шаталт
Toyota юунд бэлдэж байна вэ? | НӨАТ-ын шинэчлэл | 400 гаруй бүтээмж, хяналтын менежер
POWERED BY
Morning! Сангийн сайд 1%-иар татвар төлөх орлогын босгыг ₮1 тэрбумаар нэмж ₮2.5 тэрбум болгоно гэнэ ээ. Ерөнхий сайд огцорсны дараа үүнийгээ зарлах нь юуны дохио юм бол доо? 🤔


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэдийн төлсөн НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100% хүртэлх хувиар буцаан олгохоор тусгажээ.
MNG: Улсын хэмжээнд 123 ТӨК-иудад томилогдсон 400 гаруй бүтээмж, хяналтын менежерүүд цаашид ч үргэлжлүүлэн ажиллана.
INS: 1979 оноос хойш төрсөн иргэдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн 4% хүртэлх хэсгийг тухайн иргэний нэр дээр хуримтлуулна.

😢 $100 саяын шаталт

“ДЦС-3”-т гарсан том хэмжээний осол Монгол Улсын эрчим хүчний системд цохилт өглөө. Ер нь манай эрчим хүчний салбар ямар нөхцөл байдалтай байгаа вэ?
🔻 10 жилийн ухрал уу?
Даваа гаргийн шөнө 59 жилийн настай ДЦС-3 ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех дотор гарсан галыг 3 цагийн дараа унтраасан. Уг станцын турбин генераторуудаас 2015 онд $35 саяын өртгөөр суурилуулсан 50 МВт-ын хүчин чадалтай ганц актлах болоогүй турбин генератор нь гэмтсэн учир эрчим хүчний салбар 10 жилээр ухарлаа гэж үзэж буй.
❓ Яагаад чухал вэ? ДЦС-3 улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18%, Улаанбаатарын дулаан хангамжийн 40%, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80%-ийг хангаж байгаа.
💰 Хэдээр хохиров? $35 саяын өртгөөр шинэ турбин генератор нь дахин ашиглагдах боломжгүйгээр гэмтсэн байх магадлалтай байгаа. Одоогийн ханшаар үүнтэй ижил хүчин чадлын төхөөрөмжийг дахин суурилуулахад $100 сая шаардлагатай. Нэмээд суурилуулалт, инженерийн зардал, сэлбэг, хугацааны алдагдлыг тооцвол $150 сая руу дөхнө.
😔 Эрчим хүчний хямрал бодитой боллоо
Энэ ослын дараа Монгол Улс 2025-2026 оны өвлийг эрсдэлтэй, хомсдолтой давах нь бараг л тодорхой болов. Энэ зэргийн хүчин чадал гэнэт системээс хасагдах нь нийт сүлжээний тэнцвэр, аюулгүй байдалд ноцтой нөлөөтэй. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, асуудал юундаа байна вэ?
Техник, хөрөнгө оруулалт: Актлагдсан станцуудаа ашигласаар өнөөдрийг хүрсэн нь хөрөнгө оруулалтын бодлого үгүй байсны нотолгоо. Нэмээд эрчим хүчний компаниуд нь жил бүр алдагдал хүлээсээр 2017-2022 оны нийт алдагдал нь ₮459 тэрбум болсон.
Үнийн бодлого: Эрчим хүчний үнээ чөлөөлөөгүй цагт хэн ч шинэ станц барих, шинэчлэх эрсдэл хүлээхгүй.
Төлөвлөлтгүй байдал: Хэрэглээ өссөөр байхад шинэ эх үүсвэрүүд нэмэгдээгүй. Бид эрчим хүчний хэрэглээгээр 10 жил урагшилсан атлаа, бодит эх үүсвэр нь 30 жил хоцорсон хэвээр.
🤔 Цаашид яах вэ?
Эрчим хүчний салбарт бодит хөрөнгө оруулалт хийх цаг хэдийн болсон. Үнийн механизмаа чөлөөлж, хувийн хэвшлийг оролцуулах, шинэ эх үүсвэрүүдийг хувийн болон гадаад хөрөнгөөр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүй. Гэтэл салбар хариуцсан сайд нь “Тогтой байх уу, тоггүй байх уу гэдгийг дараагийн сайд мэднэ” гээд байж байх ч гэж дээ.


🌏 JCI бүсийн чуулган Улаанбаатарт
Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчид, бизнес эрхлэгчдийн хамгийн том чуулган “JCI ASPAC 2025” Монгол Улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 📢
Энэ удаагийн чуулган “Дижиталчлалын тусламжтайгаар бизнесийн боломжуудыг өөрчлөх ногоон чуулган” сэдвийн дор болох бөгөөд 70 орны 5,000 гаруй бизнесийн манлайлагчид нэг дор цуглах юм.
✍️ Чуулганы хөтөлбөрийн хувьд “Nexus” бизнес форумаас гадна хурал, арга хэмжээ, мэтгэлцээн, спорт болон уран илтгэлийн тэмцээн тэргүүтэй 143 бие даасан арга хэмжээ болох нь ээ.
📅 Хэзээ: 6 сарын 12-15

🔋 Meta-н цөмийн тэжээл
META: Мета станцаа хаах дээрээ тулсан Constellation Energy (CEG)-с ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгууллаа. Улмаар 2027 оноос Meta $CEG-н Иллинойс муж дах станцаас 1.1 гигаватт буюу Монгол Улсын 1 жилийн эрчим хүчний хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээний эрчим хүчийг авч эхэлнэ. Ингэснээр Meta өнгөрсөн 3-р сард Amazon (AMZN), Google (GOOG) тэргүүтэй компаниудын хамтаар 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчнийг 3 дахин нэмэгдүүлэх амлалтаа биелүүлэхээр хөдөлж эхэллээ.

🚗 Toyota юунд бэлдээд байна?

Автомашины салбарт толгой цохидог Toyota Motor (TM) нь харьяа компани болох Toyota Industries (6201)-г $33 тэрбумаар худалдан авах санал гаргажээ. Гэвч энэхүү саналд хөрөнгө оруулагчдын сэтгэл тун чиг гонсойлоо…
🏭 Toyota-н санаа
Өчигдрийн арилжаагаар Toyota Industries-н нэгж хувьцааны үнэ 11.9% унаж ¥16,205-д хүрсэн нь хөрөнгө оруулагчдад худалдан авах санал таалагдаагүйг илтгэх мэт. Угтаа Toyota Industries нь автомашины хөдөлгүүр, эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Toyota-н ууган компанийн нэг ажээ. Toyota Motor-н худалдан авах санал нь зах зээлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон дотоод бүтэц буюу кейрецүгээ сайжруулах зорилготой гэнэ.
👩🏻🔧 Кейрецү шинэчлэл
Өмнө нь Японы бизнесийн ертөнцөд нэг гэр бүлд төвлөрсөн Зайбацү бүтэц давамгайлж байв. Дэлхийн II дайн дуусаж, эдийн засгийн хүндрэлийг даван гарахад Зайбацү хоцрогдож эхэлжээ. Энэ үеэс олон компаниуд хоорондоо хувь эзэмшдэг, харилцан уялдаатай ажиллах Кейрецү бүтэц эрчээ авсан аж. Өдгөө тус бүтцээр аваргууд буюу Mitsubishi, Sumitomo, Fuyo гэх мэт томоохон корпорацууд үйл ажиллагаагаа явуулдаг. Toyota Motor нь Toyota Industries-г худалдан авснаар уламжлалт Кейрецү бүтцэдээ салхи оруулж, шинэчлэх алхам ажээ.
🇲🇳 Хамаатай юу?
Манайд Toyota автомашинууд бол тэнгэрийн одод шиг л олон. 2019-2024 оны 3-р сар хүртэлх хугацаанд импортлогдсон автомашины 47% буюу 145.3 мянга нь Toyota Prius гээд л бод. Мөн 2018 оноос албан ёсоор Toyota Sales Mongolia компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба автомашин, сэлбэг хэрэгслийг гэрээт 3 дилерүүдээр дамжуулан хүргэдэг.
Тус компани нь Toyota-н стратегийн хамтрагчдын нэг Itochu (8001)-н хөрөнгө оруулалттай аж. Toyota-н шинэчлэл нь бидэнд илүү найдвартай, үр ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээ авахад бага ч гэсэн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нөгөө талаар… Тус хэлцэл Америкийн автомашины импортод 25% тариф ногдуулахтай зэрэгцээд явж байна. Toyota 2024 онд нийт 10.8 сая автомашин борлуулсан бөгөөд 21% нь Хойд Америкт борлуулагджээ. Тарифын асуудлаас чамгүй хохирол амсах магадлалтай тэдний хувьд бөөн л юм болж байна даа.

655.5 мянган га
Улсын хэмжээнд энэ онд нийтдээ 655.5 мянган га-д тариалалт хийх зорилт тавьснаас 54.4%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй.
75.1%
Үүнээс улаанбуудайнх хамгийн их буюу 75.1%, хүнсний ногоо 31.4%, тэр дундаа төмс 38.9% гүйцэтгэлтэй байгаа аж.
12.1%
Харин малын тэжээл хамгийн бага буюу 12.1%-ийн гүйцэтгэлтэй байна даа.

🏢 Бизнес зэрэглэлийн орон сууц
Байр хайж буй лимонууддаа гоё мэдээ дуулгая. 📢 Active Garden төсөл 3-р ээлжийн 505, 506-р барилгуудаа товлосон цагтаа ашиглалтад оруулж цөөн үлдсэн бэлэн байрандаа ипотекийн 6%-ийн зээл ажлын 7-14 хоногт гаргаж байгаа шүү.
Active Garden нь олон улсын стандартын дагуу цогцолбор бүтээн байгуулалтыг төлөвлөж шинэ суурьшлын бүсэд шинэ өнгө, төрх бүтээж буй бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм. Тодруулбал,
🏡 Ая тухтай: Төслийн нийт талбайн 70%-ийг ногоон байгууламжаар төгөлжүүлсэн нийтийн эзэмшлийн талбай эзлэх бөгөөд,
🛝 Хүүхдэд ээлтэй: Тоглоомын талбайг нас насны ангиллаар тохижуулсны сацуу хотхондоо Кембриджийн хөтөлбөртэй улсын сургуулийг төлөвлөснөөрөө онцлог юм.
📍 Хаана: ХУД, 8-р хороо, Шинэ суурьшлын бүс
📞 Холбогдох: 7555-5500

Stratfor
🍋 Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчөөр сөрөг хүчний намын дарга Ли Жэ Мён сонгогдсоноор Kospi (^KS11) индекс 2.6% өслөө. Түүний кампанит ажлын үеэр татвар бууруулах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлтэй амлалтууд зах зээлийн хүлээлтэд эергээр нөлөөлсөн бололтой.
🍋 Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкны дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална. Оронд нь татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх түвшин буурах болон татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсвэл татварын алба урьдчилан сануулах, эсвэл тодорхой хэсгийг битүүмжилдэг болох аж. Түүнчлэн татвар төлөгч тайлан дээрээ алдаа гаргасан тохиолдолд залруулах хугацааг сунгадаг болох нь.
🍋 SpaceX энэ онд өнгөрсөн оноос 18.3% их буюу $15.5 тэрбумын орлого олохоор тооцоолжээ. Үүний дийлэнх буюу 80%-ийг Starlink, үлдсэн нь пуужин хөөргөлтийн бизнес, Nasa-с орж ирэх орлого бүрдүүлэх нь. Тодруулбал, энэ онд SpaceX-д Nasa-с $1.1 тэрбумын орлого орж ирэхээр байгаа.
🍋 ГБХНХЯ нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав. Тус хуулийн төсөлд бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хугацаа, хязгаартай болгох, цаашлаад халамжийн зарим хөтөлбөрийг нэгтгэх замаар нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгохоор тусгажээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply