🤙 Нааш ир ээ, ТОП-100

Зөрчлөөр өвчилсөн сан | Temu-н эргэн тойронд | “Мөнгөний ухаан” Монгол хэлээр

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Татварын хуулийн өөрчлөлт, сугалааны тохиролтой зэрэгцээд ebarimt-н апп хямралд орлоо гэж. Сүлжээний холболтоо байнга шалгасаар байгаад бид ч хямарч байх шиг байна. 😅

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Засгийн газрын дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдөр эхэллээ.

NSO: Энэ оны эхний 3 сард боловсруулах аж үйлдвэр дундаа янжуур тамхиных хамгийн их буюу жилийн өмнөхөөсөө 56% нэмэгдсэн бол махных 28.9% буурсан байна.  

BANK: М банк энэ оны I улиралд ₮1.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.  

GOV: Говь ХК (GOV) болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд Голомт банк ХК (GLMT)-тай байгуулсан зээлийн багц бүтээгдэхүүний эрхийн хэмжээгээ ₮12 тэрбумаар нэмэгдүүлж ₮102 тэрбум болгов 

🔻Зөрчлөөр өвчилсөн сан

Монголд хяналт, шалгалт дутуу, дулимаг байдгийг орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан баталж харууллаа. 👇

🥲 Хөгжүүлнэ чиг замхруулна чиг 

Бид орон нутгийн дэд бүтцийг сайжруулна, бүсчилж хөгжүүлнэ гэж яриад нэлээд хугацааг үдлээ. Энэ хүрээнд 2013 оноос аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-г бий болгосон. Үүнээс хойш 2021 он хүртэл уг сангаар дамжуулж ₮1.3 их наядыг зарцуулсан аж. 2022-2023 онд нэмээд ₮797.8 тэрбумыг төлөвлөсөн байдаг. 2023 оны зарцуулалт дээр нь аудит хийтэл ₮162.8 тэрбумын зөрчил илэрчээ. 

  • 🔍 Яадаг мөнгө вэ? Тус сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, АМНАТ, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. 2023 оны төсөв нь хурган тодотгол, ИТХ-ын эх үүсвэрийн нэмэгдэл гээд түүхэн өндөр түвшин болох ₮544.4 тэрбумд хүрсэн гэж байгаа.

  • 🔦 Огцом өсөв: Сонирхолтой нь ОНХС-гийн төсөв 2017 оноос хойш тасралтгүй нэмэгджээ. 2023 оны өндөр төсөвтэй жил тооцоолсон төсвийнх нь 94.3% нь бүрдсэн ч 79.5%-ийг нь л зарцуулсан аж. Зарцуулалтыг нь харвал ХАА-н салбарт хамгийн их буюу 1,634 ажил хэрэгжүүлсэн бол тээврийн салбарт хамгийн бага анхаарчээ.  

👀 Зөрчил нь хаанаа вэ? 

Зөрчлийн голомт нь олон асуудлаас үүссэн. 2023 онд ОНХС-д төвлөрөх ёстой орлогыг бүрэн төвлөрүүлээгүй, санхүүжилтийг шилжүүлгийг дутуу хийсэн зэрэг. Нэмээд сангийн зарцуулалтын төлөвлөлтөд оролцоог бүрэн хангаагүй, төсвийг хэт жижиглэж тендерийг оролцогчгүй болгосон гээд өчнөөн асуудал бий. Хамгийн том зөрчил нь удирдлагын мэдээллийн системд тухайн төсөл, арга хэмжээний мэдээллийг огт оруулаагүй байхад санхүүжилт олгосон аж. Энд л но-ноц бий дээ. 

Эцэст нь… Бид мянга асуудлаа хараад мянга гоё санаачилга гаргалаа ч хяналт, зохицуулалт байхгүй бол нөхцөл байдал нэг ийм л байна даа. Уг нь уншигч танд болж бүтэж байгаа олон гоё мэдээллийг хүргэмээр байдаг ч Монголын минь чухал асуудлууд дуусахгүй юм. Тоймлож барахад нас минь хүрэхгүй бололтой. 

  • 👤 Их бууны ард ямар этгээд байгаа вэ? (Barrons)

  • ✈️ Embraer Монголын тэнгэрт бизнесээ тэлсээр. (Embraer)

  • 👽 Энэ удаа яг баттай л гэнэ. Өөр гарагт амьдрал бий. (NikkeiAsia)

  • 🔜 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд саад болж буй асуудлуудыг тодорхойлно. (ГБХНХЯ)

 🤙 Нааш ир ээ, ТОП-100 

MSE: “Бонд форум-2025”-ын үеэр Монголын Хөрөнгийн Бирж ХК, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, МҮЦАЭХ-ны удирдлагууд үндэсний ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон үнэт цаас гаргахад хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь ТОП-100 ААН бонд гаргахад холбогдох зөвшөөрлийг багасгах ач холбогдолтой билээ. Сонордуулахад, МХБ-ийн хувьцааны үнийн уналт үргэлжилсээр өчигдрийн байдлаар ₮231.46 болов. Цагтаа ₮500 хүрэх шахаж байсан хувьцаа даа. 

🥶 Зах зээлээ алдах нь ээ

Хятадын цахим худалдааны аварга Temu болон Shein Америк дахь зар сурталчилгааны зардлаа танаж, энэ сарын сүүлээр үнээ нэмэхээ мэдэгдэв. 

  • 5 сарын 2-ноос Хятадаас Америкт нийлүүлж буй хямд үнэтэй барааны тээвэрлэлтийн татварыг 90% буюу ойролцоогоор $75-$150 болгож байгаа. Өмнө нь $800-оос доош үнэтэй барааг татваргүй тээвэрлэдэг байсан юм. 

🌚 Татваргүй бараа = Хямдхан хог

Улмаар Shein болон Temu хэлэлцсэн мэт тарифаас үүдэн 4 сарын 25-наас үнийн зохицуулалт хийж бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэдгийг мэдэгдлээ. Цар тахлаас хойш цахим худалдаа тэр дундаа Хятадын цахим худалдааны платформууд барууны орнуудад эрчтэй алдаршиж зах зээлд хөөрхөн орон зайтай болсон. Үүнд Америкийн татваргүй барааны бодлого нөлөөлж байв. Тодруулбал, сүүлийн 11 жилд Хятадаас тус улс руу урссан татваргүй бараа, бүтээгдэхүүн 10 дахин өсөж 1.4 тэрбум боодолд хүрчээ

  • 🌠 Анх 2022 онд Temu зах зээлд хөл тавьж, 7 сарын дотор 100 сая хэрэглэгч, 2 жилийн дотор дэлхийн 79 орны зах зээлд үйл ажиллагаа явуулах болсон

  • 💥 Цаашлаад, Temu-н орлого сүүлийн 3 жилд параболик хөдөлгөөнтэй өсөж, өнгөрсөн жил $70.8 тэрбумын борлуулалттай ажиллажээ. Гол зах зээл нь Америк буюу нийт хэрэглэгчдийнх нь 40%-ийг бүрдүүлдэг гэхээр одоо орлого нь огцом буурах нь дээ. 

Татвар нэмэгдэж, үнэ өсөх сургаар  сүүлийн 2 жил Америкийн AppStore-н ТОП-5 апп-д багтаж ирсэн Temu одоо 75-рт, Shein 58-рт бичигдэх болов. Угаас тэд хямд үнээрээ л гарч ирсэн байхад энэ давуу талаа алдчихаар хэн тэднийг сонирхоно гэж? 

🛑 Эрсдэл 

Тарифын улмаас Temu Meta (META), X, YouTube дээрх зар сурталчилгааны зардлаа 1 сарын дотор 31%, Shein сүүлийн 14 хоногт 19% тус тус бууруулаад байна. Тэднээс гадна бусад компаниуд ч ойрын хугацаанд зар сурталчилгаа хийх бус хэрхэн үнээ эвтэйхэн тохируулж тэсэж үлдэх вэ гэдэгт л анхаарах төлөвтэй. 

Эцэст нь… Сүүлийн 1 сар өглөө болгоныг өөр тарифтай угтаж байна даа. Тарифын эсрэг компаниудын хэрэгжүүлж буй ажлууд яг л цар тахлын үеийг санагдуулам. Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл хэт савласан хэвээр байвал Shein шиг энэ жил IPO хийнэ гэсэн компаниуд ахин 1 жил өнжих шинжтэй. 

💡 Таавар таацгаая

… нь хүлээгдэж буй өгөөжийн ойролцоох тархалтыг хэмждэг активын эрсдэлийн хамгийн түгээмэл статистик үзүүлэлт юм. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

💸 “Мөнгөний ухаан” Монгол хэлээр

Шимтэн уншаарай! 📢 Зохиолч Морган Хаузелийн дэлхий даяар 8 сая гаруй хувь борлогдож, 60 гаруй хэлээр орчуулагдсан “The Psychology of Money” буюу “Мөнгөний ухаан” ном Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ.

Уг номыг Lemon Press-н хамтран үүсгэн байгуулагч Э.Золбаяр монгол хэлнээ орчуулаад буй. 

  • Шинэлэг: “Мөнгөний ухаан” номоор мөнгө, хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалт зэрэг сэдвийг хүний сэтгэлзүйтэй холбож сонирхолтой түүхүүдээр дамжуулан санхүүгийн нарийн нэр томьёо ашиглалгүйгээр утга төгс тайлбарлажээ. 

  • 🍿 Уйдаахгүй: Ингэхдээ тоо баримт, онолд төвлөрөхөөс илүүтэйгээр “Хүмүүс яагаад мөнгөтэй холбоотой сонирхолтой эсвэл бодлогогүй шийдвэрүүдийг гаргадаг вэ?” гэх асуултад маш энгийнээр хариу өгөхийн сацуу амьдралд шууд хэрэгжүүлж болох санаануудыг өгүүлдэг.

Сониноос энэ ном 2020 оны NYT-н шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаж байсан шүү. 

Tenor

🍋 Үндэсний үйлдвэрлэгчид “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд жилд 2 сая гутал үйлдвэрлэдэг болно. Энэ нь одоогийн нийт дүнг 2 нугалсантай дүйх юм. Онцолбол, Миний гутал ХХК ₮600 саяын эргэлтийн хөрөнгийн зээл авснаар 2027 оноос өдөрт үйлдвэрлэх гутлын тоог 2 нугалж 400 гутал үйлдвэрлэх бол Өндөр уртын буян ХХК 2028 оноос мөн адил хэмжээгээр хүчин чадлаа тэлж 1,600 гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ. 

🍋 Японы Америктай хийсэн худалдаа $63 тэрбумын ашигтай гарлаа. Эсрэгээрээ тус улсын бусад улстай хийсэн худалдааны алдагдал өнгөрсөн онд $37 тэрбум болжээ. Өнгөрсөн сард л гэхэд Японы Америк руу чиглэсэн экспорт 3%, Азийн бусад улс руу гаргасан нь 5.5% өссөн бол Хятад руу гаргасан нь 5% буурчээ. Гэснээс, Япон буудайн хомсдолд орсноор Америкаас их хэмжээний буудай импортлох санал тавьж болзошгүй байна. 

🍋 БОУАӨЯ Хархорум хотод ОУ-ын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ингэхдээ хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр төлөвлөж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 1,580 га талбайд 1 сая мод тарьж ургуулах аж. Гол зохицуулалт нь усалгаа, арчилгаа, хамгаалалттай мэдээллийн төвтэй байх юм гэнэ дээ. 

🍋 OpenAI AI-д суурилсан код бичих стартап Windsurf-г $3 тэрбумаар авахаар хэлэлцэж байна. Хэлэлцээрийн нөхцөлүүд хараахан эцэслэгдээгүй байгаа бөгөөд хэрэв бүтвэл OpenAI-н түүхэн дэх хамгийн том худалдан авалт болох юм. Нөгөөтээгүүр Windsurf өнгөрсөн жил $150 саяыг босгосноор $1.25 тэрбумын үнэлгээтэй болсон бол саяхнаас $3 тэрбумын үнэлгээтэй болохыг зорьж дахин хөрөнгө босгохоор төлөвлөж буй.

Reply

or to participate.