- Lemon Press
- Posts
- 🎉 ТОП-5 банкны зар сурталчилгааны зардал ₮36 тэрбум
🎉 ТОП-5 банкны зар сурталчилгааны зардал ₮36 тэрбум
Instagram-н шинэ апп болон ТОП 100 ААН-ийн талаар тоймлолоо.
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Та өнөөдөр Lemon Press-н 555 дахь дугаарыг уншиж байна. Таныг аз ивээг! 😅🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
CHN: Хятадаас Хойд Солонгос руу хийсэн экспорт өнгөрсөн сард өнгөрсөн оны мөн үеэс 69% өсөж $166 саяд хүрчээ.
TUR: Туркийн ерөнхийлөгчийн сонгуулиар Киличдароглу 44.9% санал авсан бол Эрдоган 49.5%-ийн санал авч тэргүүлэв. Улмаар хэн нь ч 50%+ санал аваагүй тул 5 сарын 28-нд хоёр дахь шатны сонгууль болно.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮265.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮262.1 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.
🎉 ТОП-100 ААН
ЗГ болон МҮХАҮТ-аас 22 дахь жилдээ ТОП-100 ААН-ийг алдаршууллаа. Энэ жилийн хувьд ТОП-100 ААН-ийг анх удаа хувийн хэвшлээс тодруулав.
Ерөнхий үзүүлэлт
Орлого ⬆: ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 8.5% өсөж ₮38.4 их наяд болсон аж. Ингэснээр тэдний нийт орлого ДНБ-ий 73%-ийг бүрдүүлсэн байна. Харин 2018 онд энэ тоо 96% байсан буюу ТОП-100 ААН-ийн нөлөө маш их байсан хэрэг.
Татвар ⬇: ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ 18.9% буурч ₮4.3 их наяд болжээ. Улмаар ТОП-100-гийн улсын нийт татварт эзлэх хувь 19 нэгж хувиар багасаж 28% болсон байна. Үүнд ТОП-100 ААН-ийг зөвхөн хувийн хэвшлээс тодруулсан нь нөлөөлөв. Учир нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг хамгийн их татвар төлөгчид ТОП-100 ААН-ийн жагсаалтад тооцогдоогүй шүү дээ.
Ажил олголт: Үргэлжлүүлээд, ТОП-100 ААН-д ажиллагсдын тоо 2021 онд 99.1 мянгад хүрч дээд амжилт тогтоож байв. Харин өнгөрсөн жилийн үзүүлэлт энэ дүнгээс 28.2% буурчээ. Энэ нь ч мөн ТОП-100 ААН-д төрийн өмчит компаниудыг оролцуулаагүйтэй холбоотой.
Салбараар нь ангилъя 🧐
ТОП-100 ААН-ийн 35 нь худалдаа үйлчилгээний салбарынхан аж. Хэдий тэд ТОП-100 ААН-ийн дунд тоогоороо хүнд жинг эзлэх ч нийт хөрөнгө, борлуулалтын орлого, төлсөн татварын хэмжээгээр уул уурхайн салбарыг гүйцэх салбар үгүй. Тодруулбал, уул уурхайн салбарын нийт хөрөнгийн дүн ₮7.4 их наяд бөгөөд энэ нь ТОП-100 ААН-ийн 43%-ийг бүрдүүлж буй.
7% ➡ 33%: Цаашилбал, банк санхүүгийн салбарынхан ТОП-100 ААН-ийн 7%-ийг бүрдүүлж буй. Харж байгаачлан эзлэхүүний хувьд маш бага ч нийт ашгийн 33%-ийг дангаараа бүрдүүлсэн байна. Эсрэгээрээ ТОП-100 дахь худалдаа үйлчилгээний салбарынхан тэднээс 5 дахин олуулаа атлаа нийт ашгийн ердөө 11%-ийг бүрдүүлсэн байх жишээний.
Эцэст нь… ТОП-100 ААН-ийн нөлөө асар их гэдэг нь харагдаж байна даа. Тэр ч утгаараа тэднийг IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлагыг багасгаж, бодлогоор дэмжихээр болоод буй.
‼ Сонирхлын зөрчил
MNS: Монноос ХК ТУЗ-ийн хурлаар их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олголоо. Тодруулбал, Ариг гал ХК (EER) нь Монноос ХК-ийн үйл ажиллагаа зогссоноос хойш буюу 20 гаруй жил тус компанийг санхүүжүүлж, бага хүүтэй зээл олгосноос гадна $543.2 мянгын зээлийг гаднын компаниас зуучилж өгсөн аж. Тиймээс Монноос ХК Ариг гал ХК-д ₮20 тэрбум хүртэлх зээлийг ноолуур түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн зориулалтаар зээлдүүлэх гэнэ.
🆙 Стартап хурдасгуур хөтөлбөр
Inno Hub Mongolia-с зарлагдсан стартап хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ.
Тус хурдасгуур хөтөлбөр нь шинжлэх ухаанд суурилсан стартап болон төсөлд хөрөнгө оруулалт хийж, бойжуулан цаашлаад ЗЗ-д нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Цаашлаад хөтөлбөрийн хугацаанд шалгарсан оролцогчид салбартаа тэргүүлэгч компаниудын CEO болон гадны экспертүүдийн 12 удаагийн сургалтад хамрагдаж өөрийн стартап бизнес болон төслүүдэд ₮2 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалтыг татах боломжтойгоороо давуу талтай аж.
Эхний үе: 5 сарын 23 хүртэл оролцогчдын төслийн танилцуулгыг хүлээж авна.
Pitch Day: 6 сарын 2-нд эхний шатанд тэнцсэн оролцогчид өөрийн бизнес болон төслийг танилцуулах нь ээ.
Бүртгэлийн хугацаа: 05/03 - 05/23
Дэлгэрэнгүй мэдээлэл: 77995566 | Inno Hub Mongolia
Twitter 🆚 Project 92
Tech Crunch
Instagram-н Twitter шиг хувилбар гарна гээд гол усаар нэг яриа болж байна. Энэ нь саяхан Twitter-н CEO болсон Линда Якарринод Twitter-г эмхлэх ажлаас гадна томоохон сорилт болох нь лавтай.
Шинэ өрсөлдөгч
Одоогийн байдлаар тус апп-ийн нэрийг зарлаагүй байгаа бөгөөд Project 92 (P92) гэж нэрлээд буй. Instagram тус апп-ийг энэ зун хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. P92-н хувьд хэрэглэгчдийн баазаа аль хэдийн босгосон буюу Instagram хэрэглэгчдийг өөрийн хаягаар дамжин орох боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр P92 дээр Instagram хэрэглэгчийн дагагч, баталгаажуулалтын цэнхэр тэмдэг болон бусад тохиргоо гээд юутай ийтэйгээ байрших нь. Үргэлжлүүлэн сонжвол,
280 vs 500: Twitter 280 тэмдэгтийн хязгаартай байдаг бол тус апп Mastodon-н адил 500 тэмдэгтийн хязгаартай. Түүнчлэн P92 дээр 5 хүртэлх минутын бичлэг, зураг, линк оруулах боломжтой гээд ер нь л Twitter-тэй төстэй.
Өрсөлдөөн: Тэд гарч ирснээр бичвэрт суурилсан платформын өрсөлдөөн улам л ширүүсэж олон тоглогчидтой болох тусам зөвхөн Twitter-д байдаг хүч саарах нь. Тэгэхээр жиргээнээс өөр газар жиргэх нь хэвийн үзэгдэл болох юм.
Шинэ бизнес
Instagram сүүлийн хэдэн жилүүдэд, хурдацтай томорсон TikTok-н бялуунаас хуваахаар нэлээдгүй хөрөнгө хаяж, TikTok шиг богино хэмжээний бичлэг дэмждэг хүртэл болоод авсан. Том зургаар нь харвал Meta (META) Facebook болон Instagram-д цаг үеийн трэндийг асар хурдан шингээж сайжруулалт хийж байгаа. Үүнийг 2 жилийн өмнөх Facebook, Instagram-г одоогийн хувилбартай нь харьцуулахад өлхөн харж болохоор.
Эцэст нь… Илон Маск Twitter-т олон шинэ өөрчлөлт хийсэн нь хэрэглэгчдийг тус платформоос дайжихад хүргэсэн. Улмаар Twitter-тэй өрсөлдөхөөр Mastadon, T2, Bluesky зэрэг олон ч платформууд ар араасаа гарч ирсээр. Тэгэхээр Twitter-с төөрсөн хэрэглэгчдэд Twitter-н орон зайг Марк Зукерберг өгөхөөр шийдсэн бололтой шүү.
Зээ, хаврын улирал шувтарч байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 хоногийн байдлаарх ноолуурын үнэ энэ оны хамгийн өндөр түвшинд очжээ. Ингээд 1 кг бор ноолуурын үнийг зарим аймгуудаар төлөөлүүлэн харцгаая. 🐐
Архангай: ₮140,000
Баян-Өлгий: ₮110,000
Булган: ₮132,000
Говьсүмбэр: ₮110,000
Дархан-Уул: ₮131,000
Дундговь: ₮112,000
Өвөрхангай: ₮127,000
Сүхбаатар: ₮120,000
Төв: ₮125,000
Хөвсгөл: ₮140,000
Байршлаас хамаарч 1 кг бор ноолуурын үнэ хамгийн ихдээ ₮30,000-ийн зөрүүтэй байгаа аж.
Шинэчлэгдсэн Капитрон дижитал банкаар “Богино хугацаат онлайн зээл” аваарай
Капитрон Банкны шинэчлэгдсэн дижитал банкаар “Богино хугацаат онлайн зээл”-ийн үйлчилгээ авах боломжтой гэнэ.
Мөн, тэд харилцагчдадаа 7 сарын 16 хүртэл;
Дижитал банкны жилийн хураамжаас чөлөөлөх
Дижитал банкны банк дотор болон банк хоорондох шилжүүлгийн шимтгэлээс чөлөөлөх (Банк дотор ₮100, банк хооронд ₮200) урамшууллыг зарлаж буй.
Түүнчлэн, 6 сарын 2 хүртэл шинэ зээлдэгчдэд богино хугацаат онлайн зээлийн урамшууллын 5 эрх олгох (Урамшууллын эрхийг ашиглан зээлийн хүүгээ бууруулж, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой.) ажээ.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
🔹ТОП-5 банкны нийт зар сурталчилгааны зардал сүүлийн 3 жилд 74% нэмэгдэн ₮36 тэрбумд хүрчээ. Тэднээс ХХБ-ны зар сурталчилгааны зардал хамгийн өндөр буюу өнгөрсөн онд 66.3% өсөж ₮14.8 тэрбумд хүрсэн аж. Харин араас нь ХААН Банк (KHAN)-ных 27.5% өсөж ₮8.8 тэрбумд хүрээд буй.
🔹Coinbase (COIN) дээр арилжаа хийхэд шимтгэлгүй болжээ. Тодруулбал, тэд арилжааны шимтгэлгүй Coinbase One гэх үйлчилгээг хэрэглэгчдэд 30 хоногийн турш үнэгүй ашиглахыг санал болгоод буй. Харин 30 хоногийн дараагаас тус үйлчилгээг $29.99-оор ашиглах аж.
🔹ХААН Банк (KHAN)-ны анхны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Хуралдаанаар тэд I улирлын санхүүгийн тайлангаа тайлагнаж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, ТУЗ-ийн гишүүдийг сонгож томилох зэрэг олон асуудлыг хэлэлцэх товтой байна.
🔹Монголбанк Монголын дансны дугаарлалтын стандартыг SWIFT байгууллагын IBAN жагсаалтад бүртгүүллээ. Ингэснээр ОУ-ын төлбөр тооцоо хийхэд илүү найдвартай болох юм. Түүнчлэн Монголбанк ОУ-д магадлан итгэмжлэгдсэн дата төвтэй болоод буй.
Унш: Унших ном хайж байгаа бол ийшээ. (BookRiot)
Сонс: Муу зуршлаасаа салахад тань нэмэр болно. (TheDairyofaCEO)
Танилц: ChatGPT өөрийн гэсэн апп-тай боллоо. (Apple)
Мэд: Их 20-ийн худалдааны бодлого. (VisualCapitalist)
Даваа: Zoom (ZM) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.
Мягмар: Японы хэрэглээний үнийн индекс гарна.
Лхагва: Өмнөд Солонгосын бодлогын хүүгийн шийдвэр танилцуулагдана.
Пүрэв: Америкийн 4-р сарын ДНБ-ий өсөлт зарлагдана.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply