- Lemon Press
- Posts
- ✨ ТОП-100 компанийн хов жив
✨ ТОП-100 компанийн хов жив
Цомхотгол, нэгтгэлийн цуваа | Хувьцаа нь сэргэсэн $TSLA | ₮6 тэрбумын бонд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Наадмын амралт дөхөж, хөдөө гадаа явах нь яваад, Playtime дээр савах нь саваад хот ч эл хуль болж эхэлж байна. Уг нь өнөө алдарт бродюруудаа яг энэ цагаар л гялс сольчихмоор байгаа юм даа. 😅


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардал эхний 5 сарын байдлаар ₮221 тэрбумд хүрлээ.
MSE: Монгол Алт ХК (ERS) 108 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлэх зорилгоор ББЗЗ дээр жилийн 21%-ийн хүүтэй ₮6 тэрбумын бонд гаргана.
SEND: Сэндли ББСБ ХК (SEND) бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ₩2 тэрбум болон $2 саяыг хоёрдогч өглөг хэлбэрээр авч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

🧭 ТОП-100 яаж өөрчлөгдөв?

Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь ЗГ болон МҮХАҮТ-иас тодруулдаг 23 дахь удаагийн 2024 оны ТОП-100 ААН-үүд тодорлоо. Тэгвэл 2014 оноос хойш юу өөрчлөгдсөнийг харцгаая.
🤔 Эхний #20
Одоогийн эхний 20-т жагсаж буй компаниуд 2014 оноос дунджаар 5 байр урагшилжээ. Аваргууд болох М-Си-Эс групп, Шунхлай, APU (APU) ХААН Банк (KHAN), Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Голомт банк (GLMT), ХасБанк (XAC), МАК, НИК, Мобиком групп нар тэртээ 2014 онд ч Монголын томоохон компаниуд хэвээр байв. Харин ТОП-20 компани дундаас Оюу толгой 2014 онд 15-т жагсаж байсан бол 2024 онд жагсаалтыг тэргүүлэх болжээ.
💡 Сонирхолтой нь 2014 онд Премиум Нэксус (CUMN), Саусгоби Сэндс, Дижитал Концепт, Макс Групп, Барловорлд Монголиа, МоЭнКо компаниуд ТОП-100 дотор багтдаггүйгээр барахгүй зарим нь бүр байгуулагдаагүй байжээ.
🤕 Харамсалтай нь усанд шидсэн чулуу шиг Содмонгол групп, Лэйтон, Эс Си Ти И Си Эм, Магнай трейд компаниуд тухайн жил эхний 20-д багтдаг байсан бол 2024 онд ТОП-100 дотор ч багтахаа больжээ.
📈 Татвар^2
Тэртээ 2014 онд ТОП-100 компанийн улсад төлсөн татварын хэмжээ ₮2.5 их наяд буюу улсын татварын орлогын 30%-ийг бүрдүүлж байв. Харин 2024 онд татварын хэмжээ 3 дахин нэмэгдэж ₮7.6 их наядад хүрсэн бөгөөд нийт татварын орлогын 28%-ийг бүрдүүлсэн аж. Сануулахад, 2022 оноос ТОП-100 жагсаалтад төрийн өмчит компаниудыг оролцуулахаа больж тусад нь ангилах болсон. Ямартай ч 2024 онд төрийн өмчит компаниудын төлсөн татварын дүн ₮5.5 их наядад хүрч, нийт татварын орлогын 20%-ийг бүрдүүлж байна.
💡 Топ салбар: Хамгийн өндөр борлуулалтай салбар бол мэдээж уул уурхай, олборлолтынхон бөгөөд борлуулалтын орлого 2024 онд ₮23.9 их наяд байсан нь нийт борлуулалтын 43.5% аж. Харин удаах байранд нийт борлуулалтын 24%-ийг бүрдүүлсэн ₮13.2 их наядын орлоготой худалдааны салбар ороод байна.
🔎 ХК-иуд яав?
Энэ удаагийн ТОП-100 компанид Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 12 ХК багтсан нь 2014 оноос 2 дахин нэмэгдсэн явдал байв. Эдгээр 6 ХК-ийн дотор банкны реформоор дамжиж томоохон 4 банк нэмэгдсэн ба үүнээс гадна 2017 онд байгуулагдсан Премиум Нэксус болон санхүүгийн салбарыг түүчээлж буй Инвескор ББСБ (INV) багтаж байна. Жилийн өмнө СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 компанийг ХЗЗ дэх оролцоог өсгөх буюу нээлттэй ХК болгох төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл юу болох талаар энд дарж унших боломжтой шүү.
Эцэст нь… 2024 онд ТОП-100 компанийн борлуулалтын орлого ₮54.9 их наядад хүрсэн нь ДНБ-ий 69% бөгөөд 2022 оноос ДНБ-д эзлэх борлуулалтын орлогын дүн 5% буураад байна. Эндээс харахад ТОП-100 компаниас бусад хувийн хэвшлүүдийн орлого өсөөд байна уу эсвэл төрийн эрхэлж буй бизнесүүд өргөжсөөр байна уу гэдэг тун сонирхолтой…

🌌 Netflix NASA-н шууд дамжуулалтыг хийнэ. (Netflix)
🔜 Япон, Монголын бизнес түншүүдтэй холбоо тогтоох боломж. (InnovationHUB)
🪦 Өмнөд Солонгосын хүн ам ирэх 100 жилд 7.5 саяар хорогдох тооцоо гарч. (KoreaTimes)
🦾 Компаниуд AI туслахуудыг хэрхэн ашиглаж байна вэ? (Mashable)

⚡️ Хувьцаа нь сэргэсэн $TSLA
TSLA: Алдарт Илон Маскаар удирдуулсан Tesla-н II улирлын EV борлуулалт 2024 оны мөн үеэс 14% буурч 396.8 мянгад хүрчээ. Өмнөх улиралд нийт 410.2 мянган EV үйлдвэрлэсэн бөгөөд үүний 96.7% нь Model 3 болон Model Y загварууд аж. Сонирхолтой нь компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 өдрийн туршид дараалж унаад байсан ч Лхагва гаргийн арилжаагаар өмнөх өдрөөс 5% өсөж $315.7-т хаагдаад байна. Үүнээс хөрөнгө оруулагчдын Tesla-н роботакси болон Элон Маскад итгэл хүлээлгэж буйг харж болох ба тэд 2025 оны II улирлын санхүүгийн гүйцэтгэлээ 7 сарын 23-нд танилцуулах гэнэ дээ.

📄 Цомхотгол, нэгтгэлийн цуваа

Манай эрчим хүчний салбар дээрээ нэлээд хэл амтай байна даа. Хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод тэр нь шүүмжлэл дагуулаад л. Юу ч гэсэн зах зухаас нь хачирлая.
🧐 Юу хэлэлцээд байна?
Эрчим хүчний тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийг хальт харвал засаглалын бүтэц, ТӨХК‑иудын удирдлагын зохион байгуулалтыг шинэчлэх, менежментийн нэгдмэл тогтолцоо, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах, зардал бууруулах, алдагдлыг бууруулах, найдвартай үйл ажиллагааг хангах зорилготой эрх зүйн чадамж бүхий шинэчлэл шиг харагдана.
🔖 Дөмөгхөн шиг хөдөлж үү гэхээр…
Нэмээд Эрчист Монгол ТӨХК‑д төрийн өмчийн 66 %-ийг буцаан эзэмшүүлж, менежментийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох төлөвлөгөөтэй байгаагаас гадна 2027 оны II улиралд энэхүү зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэхээр байгаа юм.
🫥 Гэхдээ хуулийн өөрчлөлт орсон ч алдагдал бууруулах үндсэн асуудлыг хаях, хууль эрх зүйн шинэчлэлд зориулсан чадавх, хяналт сул байх эрсдэлүүд зурайж байна. Нэмээд төр бүх эрх мэдлийг төвлөрүүлж, ТӨХК-иудыг томруулж буй нь төрийн оролцоо нэмэгдэж байна гэх дохиог хувийн хэвшилд өгч байгааг ч санах хэрэгтэй.
Юутай ч 9 компанийг 4 болгож цомхотгож байгаа нь тоо талаасаа авууштай хэрэг. Төрийн албан хаагчдыг цомхотгож байгаа нь ч сайн тал их. Гэвч яаж зохицуулах вэ, жинхэнэ үр дагавар нь ямар байх вэ, өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэх үү, үгүй юу гэдэг л байна даа.

💡 Таавар таацгаая.
… нь өөрийн тань зүйл боловч бүх хүн үүнийг хэрэглэх боломжтой. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.


The Guardian
🍋 QUAD эвслийнхэн Хятадаас хараат байдлаа бууруулах зорилгоор “Quad Critical Minerals Initiative” түншлэл эхлүүллээ. Түншлэлээр Австрали, Энэтхэг, Япон, Америкаас бүрдсэн тус эвсэл стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмалын, тэр дундаа ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр нягт хамтран ажиллах аж. Сонирхуулахад, Хятад дэлхийн нийт газрын ховор элементийн 62%-ийг олборлож, 92%-ийг боловсруулдаг.
🍋 ЗГ болон Монголбанк тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар санал нэгдэв. Тодруулбал, хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах буюу тэтгэвэр барьцаалсан зээлд өр, орлогын харьцааг 50\50 гэж тогтоосон зохицуулалтыг халах боломжтой гэж үзсэн байна. Ахмадуудын зүгээс тэтгэврийг 100% хүртэл барьцаалж зээл авах боломжтой байхыг шаардаж буй.
🍋 Mongolia Energy (0276.HK) 2022, 2023 оны АМНАТ-ын маргаантай холбоотойгоор Монголын ЗГ-т эхний ээлжид ₮31.6 тэрбумыг төлжээ. Өнгөрсөн оны 5-р сард ТЕГ-аас тус компанийн охин компани MoEnCo-д ₮120.8 тэрбумын шинэчилсэн татварын акт тавьж, банкны дансыг нь царцаасан. Тэгвэл компани 996,000 тн нүүрс барьцаанд тавьж, үлдэгдэл ₮89.2 тэрбумыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.
🍋 ЗГ-ын нөөц сангаас ₮6.7 тэрбумыг ой, хээрийн гал түймэртэй тэмцэх шуурхай арга хэмжээнд зарцуулна. Шуурхай арга хэмжээний зардалд багаж хэрэгсэл, холбооны төхөөрөмж, туулах чадвар сайтай машин, шинжилгээний иж бүрдэл, мөн шатахуун, хоол хүнсний зардал багтаж буй. Он гарснаас хойш өнгөрсөн оноос 50.3% их буюу 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply