• Lemon Press
  • Posts
  • 👑 Шатахууны шинэ монопол

👑 Шатахууны шинэ монопол

Төлөв: Уул уурхайн нөлөө буурна | $QPAY: Ашиг ба зарцуулалт | Netflix-н орлого

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Бизнес эрхлэгчдэдээ хандаж хэлэхэд хэрэглэгчдийн дунд урт эдэлгээтэй барааны эрэлт өсөхөөр байгаа юм байна шүү. ЭНД дарж үзээрэй. 🍋   

MSE: Засгийн газрын дотоодын үнэт цаасны арилжааны шимтгэл худалдан авагч талаас 0.03%-0.06%-ийн хооронд, худалдан авагчаас 0%-0.00875%-ийн хооронд байна.

MNG: Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн дэд станцын ажилд ₮9.9 тэрбумыг зарцуулна

MMC: Moody’s агентлаг Mongolian Mining Corporation (0975.HK) компанийн зээлжих зэрэглэлийг “B3” түвшнээс ахиулж  “B2” болголоо

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээл дээр ₮105.6 тэрбумын болон $1.3 саяын арилжаа хийгджээ. Нийт ₮-ийн арилжааны 71%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

🇲🇳 Оросоос 100% + 20 жил хамаарна 

Өнгөрсөн 7 хоногт Монгол болон Оросын ЗГ хооронд агаарын тээврийн шатахуун тасалдалгүй нийлүүлэх хэлэлцээр олны анхаарлыг нэлээн татлаа. 

  • Яг юу болов? ЗГ хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд Монгол ирэх 20 жил 100% Оросоос агаарын тээврийн шатахуунаа авдаг болохоор яригдаж байна. Үүнийг нь Орос талаар Роснефт, Монгол талаас Эрчис Ойл ХХК хамтран компани байгуулж, тус компаниар шатахуун нийлүүлнэ. 

👑 Шатахууны шинэ монопол

Үүнийг хэлэлцээр гэж хэлэхэд хэт гоёдно. Учир нь хэлэлцээрийн 4.1-т шинээр байгуулсан компани нь Чингис Хаан ОУ нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглана хэмээн тусгасан. Улмаар Орост нисэх буудал ашиглах лиценз, гаалийн хөнгөвчилсөн зөвшөөрлүүдийг олгох аж. Үндсэндээ онгоцны шатахуун нийлүүлэх нэрээр стратегийн онц чухал объектоо 20 жил ашиглуулах тохиролцоо. 

  • 🥶 Үнэн гэж итгэмээргүй: Гэрээнд “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаа дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж тусгасан. 

  • 💥 Зөрчилдөөн: Гэтэл бид чинь 2028 онд $1.7 тэрбумын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах гээд байгаа биш билүү? Тус үйлдвэр онгоцны түлш бэлтгэх боломжтой байхад Оростой 20 жилээр хэлэлцээр байгуулах шаардлага байгаа юу? 

🌚 Мазохист Монгол

Бид Оросоос агаарын тээврийн шатахуунаа 100%, бензинээ 94%-ийг авдаг. Өөрөөр бол угаас 100% авч байгаа энэ үед заавал хамтарсан компани байгуулах шаардлагагүй. 

  • ☝🏻 Чухал тоо: Сүүлийн 2 жилд Монголын агаарын хэлэлцээр хийж, шууд нислэгтэй болсон улсын тоо мэдэгдэхүйц өсөж онгоцны түлшний хэрэглээ ч төдий чинээ өссөн. Тодруулбал, 2021 онд 27,900 тн байсан бол 3 жилийн дотор 2.5 дахин өсөж 70,000 тн-д хүрчээ. 

  • 🛑 Том эрсдэл: Түлшний хэрэгцээ огцом өсөж байгаа үед зөвхөн 1 улсаас хараат байх нь томоохон эрсдэл. Гэтэл тээврийн зардал өндөр учраас Хятадаас онгоцны түлш авах нь ашиггүй гээд өрсөлдөөнийг хязгаарлах нь хэр оновчтой вэ? 

Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд шатахууны хамаарлаас болж Монгол даяараа бензингүй болох, үүнийг даагаад бараа бүтээгдэхүүний үнэ үе үе өсөж ирсэн. Энэ бол бидний эрсдэлээ хэзээ ч удирдаж, дааж байгаагүйн илрэл. Энэ мэтээр хэзээ дотооддоо шатахуун үйлдвэрлэж, хэзээ хараат бус болно доо, хорвоо…

  • 📸 80 мянган гэрэл зургаас шигшигдсэн гайхалтай гэрэл зургууд. (WorldPressPhoto)

  • ⚖️ Хуулиа сайн дагаж мөрдвөл татвар төлөх хугацааг хойшлуулдаг болно… (Montsame)

  • 🌟 Энэ оны хамгийн нөлөө бүхий хүмүүсээр хэн хэн тодров? (Time)

  • ⛲ Зунаас Улаанбаатар шинэ цэцэрлэгт хүрээлэнгээ өлгийдөн авах нь ээ. (Ulaanbaatar)

💰 $QPAY: Ашиг ба зарцуулалт

QPAY: Инновэйшн Инвестмент ХК энэ оны I улиралд ₮3.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Тайлант хугацаанд ₮7.5 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд цэвэр ашгийн маржин нь 48% байна. Харин 2024 оны эцэст уг үзүүлэлт 38% байсан юм. Түүнчлэн компани IPO-р нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 39.4%-ийг зориулалтын дагуу зарцуулж, үлдсэн хөрөнгийг 2025 болон 2026 онуудад зарцуулахаар төлөвлөжээ. Сонирхуулахад, $QPAY-н үнэ он гарснаас хойш 11.3% унаад байна.

🔻 Төлөв: Уул уурхайн нөлөө буурна 

Нүүрсний үнийн уналтын хажуугаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй мөчид нэг сонирхолтой судалгааны үр дүнг хүргэе ээ. 

  • 🔍 Ямар? МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судлаачид Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн захиалгаар “Уул уурхай, хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: төлөв, чиг хандлага“ судалгааг гаргажээ

📌 Нөхцөл байдал: Дээсэн дөрөө

Одоогоор нүүрсний үнэ 2022 оны оргил үеэс 3.8 дахин унаж, гол боомтуудын нүүрсний овоолго ч 2023 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байгаа. Харин нөгөө талд УУББ-ийн арилжааны журамд үнийг зах зээлтэй уялдуулж индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох зэрэг өөрчлөлтийг хийж хуульдаа тусгах гэж байгаа ч хэлэлцүүлгийг хойшлуулсан нөхцөл байдалтай байна. 

📉 Уул уурхайн нөлөө буурна

Одоогийн нөхцөл байдал бол маш ойлгомжтой байгаа. Харин судалгааны үр дүнгээс үзэхэд ирээдүйд буюу 2023 онд манай бодит ДНБ ₮51.6 их наядад хүрэхээр байгаа ч уул уурхайн салбарын бодит ДНБ ₮4.24 их наяд буюу нийт бодит ДНБ-д эзлэх хувь нь 8.2% болж 2023 оны түвшнээс 4.4 нэгж хувиар буурахаар байгаа аж. 

  • 🎭 Ялгаа нэмэгдэнэ: Нөгөө талаас 2030 он гэхэд уул уурхайтай аймгуудын ДНБ-д эзлэх хувь 2023 оныхоос 8.6 нэгж хувиар өсөж 53.3%-д хүрэх нь. Энд Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ гэсэн 4 аймаг л байгааг санаарай. Тэгэхээр одоо яриад байгаа бүсчилсэн хөгжлөө үр дүнд хүргэхгүй бол уул уурхайгаас хамаарсан аймгуудын хөгжил, эдийн засгийн ялгаа тэлэх нь.

🧐 Яах ёстой вэ? 

Хөгжлийн бодлого нь оновчтой, институтийн орчны зохимжтой, бизнест ээлтэй байх нөхцөлд уул уурхай эдийн засгийг тэтгэсээр байх боломжтой. Үүний цаана хайгуулыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалуудын нөөцийг тодорхойлох, олборлох, боловсруулах асуудал байна. Дэлхий даяар нүүрсний нас дөхөж байгаа энэ үед дараагийн алхам руу хоцрохгүй орох л шаардлагатай байна. Уг нь бидэнд боломж байгаа шүү дээ.  

ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа шалтгаан юу вэ?

  • Монголд нийт 573 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй. Тэдгээрийн 75% 1.7 сая нь цахим зээлдэгч байна.

  • Тэгвэл өнгөрсөн онд л гэхэд 77 ББСБ арилжааны банкнуудаас ₮622 тэрбумын зээл авчээ. 

Иймд СЗХ өнгөрсөн сараас ББСБ арилжааны банкнаас зээл авдгийг хориглож, гаднын орнуудаас эх үүсвэр татахыг нээсэн. Мөн ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгаад буй.

Tenor

🍋 Хятадын цайны сүлжээ бизнес Chagee (CHA) IPO хийж $6.2 тэрбумын үнэлгээтэй болов. Компани IPO-роо зах зээлээс $411 саяыг татан төвлөрүүлсэн бөгөөд арилжааны эхний өдөр хувьцааны үнэ нь 21% өсөж $33.7-т хүрэв. Энэ нь 2021 онд RLX Technology (RLX) IPO хийснээс хойш Хятадын хамгийн том IPO болж, үүсгэн байгуулагч Жан Жуньжиэгийнх нь нийт хөрөнгийг $2.1 тэрбумд хүрчээ.

🍋 ДХБ энэ онд дэлхий даяарх худалдааны өсөлт өнгөрсөн оноос 0.2% агшиж 2.8% болно гэж таамаглалаа. Хэрэв Америкийн түр хойшлуулаад байгаа тариф хэрэгжээд эхэлбэл энэ дүн цаашид 1.5% буурах эрсдэлтэй гэнэ. Мөн тарифаас үүдсэн худалдааны бууралт үйлчилгээний салбарыг ч хөлдөө чирэх нигууртай аж. 

🍋 Чех Оросын газрын тосны импортоос бүрэн хараат бус боллоо. Тус улс TAL хоолойгоос салаалсан IKL хоолойн өргөтгөлийг €60 саяар хийж дэлхийн нийт газрын тосны экспортын 40%-ийг баздаг Каспийн тэнгисийн орчмын орнууд, Ойрх Дорнод, Хойд Африкаас жилдээ 8 сая тн буюу дотоодын хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний газрын тос экспортлох боломжтой болжээ. 

🍋 Netflix (NFLX)-н орлого энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 13% өсөж $10.5 тэрбум болжээ. Мөн цэвэр ашиг нь 24% өсөж $2.8 тэрбум болов. Үүнд 2025 оноос эхлэн багцын үнээ 8%-15% нэмсэн нь нөлөөлсөн юм. Энэ эрчээрээ явбал компанийн 2025 оны орлого өмнөх жилээсээ 10%-13% их буюу $43.5–$44.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

  • Даваа: Банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүүгийн үзүүлэлт гарна

  • Мягмар: Өнгөрсөн сарын ипотекийн зээлийн тайлантай танилцах нь ээ. 

  • Лхагва: Бодь Даатгал ХК болон Махимпекс ХК нарын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно

  • Пүрэв: Монголбанк 3-р сарын мөнгө, санхүүгийн үзүүлэлтүүдийг зарлана

  • Баасан:Монложистикс Холдинг ХК, Мандал Даатлгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай.

Reply

or to participate.