- Lemon Press
- Posts
- 🏀 $10 тэрбум = Lakers
🏀 $10 тэрбум = Lakers
ХБҮЦ-ны цуваа тэлсээр: Омни Ассет II | Nintendo-н аархал | ҮХХ-ийн шилдгүүд Монголд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Улингарын улирал дуусдаггүй ээ. Нийслэлээс улингарыг усаар шүршихийг уриалжээ гэж. Улсын асуудлыг улингар хүртэл нэгээр нэмэх юм даа. 🙃


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) ₮12.7 тэрбумаар хувьцаагаа халааслах шийдвэр гаргасныхаа дагуу нийт гаргасан хувьцааныхаа 15.1%-ийг халаасаллаа.
GOV: Энэ онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт ₮1.5 их наяд байж, гадаад тусламжийн ₮417 тэрбумыг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор үүнийг өөрчлөхгүй.
Залруулга: 6 сарын 18-ны дугаарт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк MSM Group-т $26.2 тэрбумын санхүүжилт олгохоор болсон гэж ташаа мэдээлэл түгээсэнд хүлцэл өчье. ₮26.2 тэрбумын санхүүжилт олгосон юм шүү. 🙏🏻

📈 ХБҮЦ-ны цуваа тэлсээр: Омни Ассет II
Ирэх 7 хоногийн Лхагва гарагт Омни Капитал ББСБ-ын олон нийтэд нээлттэй гаргаж байгаа Омни Ассет II хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна. Ямар онцлогтой ХБҮЦ вэ?
📌 3 дахь ХБҮЦ
Уг ХБҮЦ-ыг гаргагч Омни Капиталын хувьд өмнө нь МХБ (MSE) дээр 2022 болон 2023 онд 2 удаа нээлттэй ХБҮЦ гаргаж байв. 2023 онд компани ₮6 тэрбумыг татан төвлөрүүлж байсан бол энэ удаад ₮14 тэрбумыг татан төвлөрүүлэх нь.
📄 ХБҮЦ гаргагчийн тухайд: Омни Капитал ББСБ 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Мони зээлийн апп, OmniPay-г хэрэглээнд нэвтрүүлж цар хүрээгээ тэлснээс гадна ББЗЗ дээр ч 4 удаагийн хаалттай өрийн хэрэгсэл гаргаж байв. Үүний 2-ынх нь бүрэн төлөгджээ.
🧐 Санхүү нь хэр вэ? Цаашлаад ашиг, орлогын хувьд 2024 онд хүүгийн орлого нь жилийн өмнөхөөсөө 89.9% нэмэгдэж ₮20.8 тэрбумд хүрсэн аж. Улмаар цэвэр ашиг нь ч 89.5% өсөж ₮7.4 тэрбум болжээ. Энэ оны I улиралд ч ₮8.7 тэрбумын хүүгийн орлого олсон байна. Мөн нийт хөрөнгийн хэмжээ нь 2024 оныхоос 8.9% нэмэгдэж ₮89.6 тэрбум болжээ.
💰 ХБҮЦ-ны гүнд
Омни Ассет II ХБҮЦ-ны нэгжийн үнэ нь ₮100 мянга байх бөгөөд 24 сарын хугацаатай байх юм. Жилийн хүү нь 19.2% буюу банкнуудын ₮-ийн, энгийн 1 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүүгээс 6.2 нэгж хувиар, нээлттэй бондуудын дундаж хүүгээс 1.2 нэгж хувиар тус тус өндөр. Уг хүүг улирал тутамд төлөх бол үндсэн төлөлтийг жилдээ нэг удаа төлөх аж.
🦺 13.1%-ийн илүү дүнгээр хамгаалагдав: Уг ХБҮЦ нь 604 зээлдэгчийн ₮15.8 тэрбумын зээлийн багцаар баталгаажсан бөгөөд үүний дийлэнх нь автомашины зээл бол үлдсэн хэсэг нь автомашин барьцаалсан зээл аж. Тэгэхээр уг ХБҮЦ-нд ₮10 саяар хөрөнгө оруулсан тохиолдолд таны хөрөнгө 2 жилийн дараа ₮12.7 сая болох нь.
Заа тэгээд Омни Ассет II ХБҮЦ-ыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчид маань ЭНД байгаа 513 хуудас танилцуулгатай танилцаж, андаррайтер Апекс Капитал ҮЦК-ийн зохион байгуулж байгаа танилцуулах арга хэмжээнд бүртгүүлээд оролцож болох нь ээ.

👀 Манай улс 25 жилийн дараа хөгшин орнуудын эгнээнд шилжих төлөвтэй гэнэ. (ГБХНХЯ)
📺 Телевизийн зах зээлийг ямар салбарынхан базаж байна вэ? (NYT)
💬 Яана вэ? Ирэх өвлийг өнтэй давах нь уу? (Mongolia)
🪄 Midjourney дээр AI бичлэг хийх боломжтой болжээ. (TechCrunch)

🎮 Nintendo-н аархал
NTDOY: Японы технологийн арвин түүхт Nintendo-н нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 6.2%, он гарснаас хойш 56.5% тус тус өсөж $22.9-т хүрээд байна. Өдрөөс өдөрт тэдний хувьцааны үнэ бүх цагийн хамгийн өндөр үнэдээ хүрээд байгааг онцлох нь зүйтэй. Энэ өсөлт нь 8 жилийн дараа шинээр танилцуулсан Nintendo Switch 2-той холбоотой аж. Танилцуулгаас хойш ердөө 4 хоногт 3.5 сая ширхэг борлуулагдсан ба Nintendo 2026 оны 3-р сар хүртэл 15 саяыг зарна гэж тооцсон ч шинжээчид энэ тоог хялбархан давна гэж үзэж байна.

🏀 $10 тэрбум = Lakers

Хамгийн өндөр үнэлгээтэй спортын багуудын нэг Los Angeles Lakers баг саяхныг хүртэл $7.1 тэрбумаар үнэлэгдэж байв. Гэхдээ одоо хэд юм бэ гэж асуувал $10 тэрбум гэнэ дээ.
🫨 Дуулиант мэдээ
Одоогийн Lakers-н эзэмшигч Buss-н гэр бүл дийлэнх хувиа TWG Global-д $10 тэрбумаар худалдахаар тохирсныг ESPN-н Shams Charania өнгөрсөн Лхагва гарагт мэдээллээ. Ийм том дүнтэй наймаа өмнө нь мэргэжлийн спортын түүхэд байгаагүй бөгөөд багийн удирдлагаар ажиллаж буй Jeanie Buss наймааны дараа ч ажлаа үргэлжлүүлэх сурагтай.
👔 Шинэ эзэн: TWG Global бейсболын Los Angeles Dodgers, эмэгтэй сагсан бөмбөгийн Los Angeles Sparks, Английн хөл бөмбөгийн Chelsea F.C. болон F1-н Cadillac багийн тодорхой хувийг эзэмшихээс гадна банк, санхүү, даатгал гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийдэг аж.
🟣 Lakers-н өв
Америкийн сагсан бөмбөгт Lakers-н эзлэх байр суурь асар их. Учир нь тус багт Kareem Abdul-Jabbar, Jerry West, Magic Johnson, Kobe Bryant, LeBron James гээд олон домогт сагсчид хүчин зүтгэж, 17 удаа NBA-д аварга авчээ. Бизнес талаас нь харвал Lakers-г 46 жилийн өмнө Jerry Buss $67.5 саяар худалдаж авсан ба бусад багуудаас түрүүлж шоу бизнесийг спорттой хослуулах боломжтойг гярхай харсан ажээ. Тиймдээ ч спортайнмент салбарыг шинэ түвшинд утгаар нь гаргаж чадав.
💰 Том наймаанууд
Сүүлийн жилүүдэд спортын багуудын эрэлт зах зээл дээр огцом өсөөд байна. Тухайлбал, өнгөрсөн 3 сард Lakers-н ривал Boston Celtics $6.1 тэрбумаар, 2023 онд NFL-н Washington Commanders $6.05 тэрбумаар, 2022 онд Английн PL-н Chelsea F.C. $5.2 тэрбумаар тус тус зарагджээ. Дэлхий даяаршихын хэрээр спортын багуудын ашиг орлого, үнэлгээ өсөх нь хорвоогийн жам болж буй гэлтэй.
🎬 Айхтар наймаа: 2021 онд Hollywood-н од Ryan Reynolds өөрийн найзын хамт Английн 5-р лигийн Wrexham AFC-г $2.5 саяар худалдаж авчээ. Тус баг нь 3 жилийн дотор 2-р лигийн баг болж үнэлгээ нь 52 дахин өсөж $133 саяд хүрээд байна.
Эцэст нь… Спортын баг урт хугацаандаа ямар ашигтай байж болохыг Lakers-н үнэлгээ 46 жилийн дотор 148 дахин нэмэгдэж $10 тэрбумд хүрснээс харж болно. Магадгүй манай спортын багуудад ч энэ кейс олон жилийн дараа тохиохыг үгүйсгэхгүй. Гол нь тууштай. 💪🏼

💡 Таавар таацгаая.
… нь хэд хэдэн этгээдтэй холбоотой үүссэн хохиролд хэн нь хэр буруутайг үл харгалзан илүү төлбөрийн чадвартай этгээдээс төлбөр нэхэмжлэх тухай ойлголт. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🌏🌟 ҮХХ-ийн шилдгүүд Монголд
Гоё мэдээтэй. 📢 RE/MAX Mongolia үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн нэр хүндтэй ОУ-ын чуулган “RE/MAX 8th Asia Pacific Convention 2025”-г Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
🇲🇳 Улаанбаатарт уулзъя: Тус чуулган нь ОУ-ын менежментийн шилдэг жишээ, шинэ технологийн шийдэл гэхчлэн өргөн хүрээтэй сэдвийн дор өрнөх бөгөөд 30 гаруй орны 300+ агент, брокер эзэмшигч, салбарын манлайлагчид, хөрөнгө оруулагчид хуран цуглах юм.
🎤 Номын дуу сонсох уу? Түүнчлэн Америк, Мексик, Канад, Герман, Өмнөд Африк, Филиппин, Хонконгоос салбарын ТОП илтгэгч, менторууд хүрэлцэн ирж арвин туршлага хуваалцахаар зэхэж буй.
За тэгээд чуулганд оролцож Ази, номхон далайн шилдэг брокер, агентуудтай танилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоох, цаашлаад Монголын зах зээлийг хөрөнгө оруулагчдад таниулам зээ.
📍 Хаана: Шангри-Ла
📅 Хэзээ: 7 сарын 2-5

Reuters
🍋 Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих зорилгоор төсвөө $22 тэрбумаар тэлэхээр төлөвлөж байна. Үүний 50%-ийг иргэн бүрд ₩150 мянгаас ₩500 мянгын ваучер тараах замаар эдийн засгийг идэвхжүүлэх, 16%-ийг жижиг бизнесүүд болон иргэдийн амьдралыг дээшлүүлэх, үлдсэн 34%-ийг орлогын тасалдлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөсөн аж. Энэ оны I улиралд тус улсын 0.2 нэгж хувиар агшиж $1.7 их наяд болжээ.
🍋 НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Анх 1998 онд хэрэгжиж эхэлснээс хойш 40 орчим удаагийн нэмэлт, өөрчлөлтийн нүүр үзсэн тус хуульд дахин өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болоод буй. Учир нь, одоогоор ААН-үүдийн НӨАТ-ын өр ₮540 тэрбумд хүрч, данс нь хаагдах нөхцөл байдал үүсээд байгаа.
🍋 Америкийн ТОП компаниуд сүүлийн 3 жилд оффисын ажилтнуудынхаа тоог 3.5 нэгж хувиар бууруулжээ. Улмаар S&P 500 (^GSPC)-н 5 компани тутмын 1 нь 10 жилийн өмнөхөөсөө цөөн ажилтантай болоод буй. Жишээ нь Bank of America (BAC) сүүлийн 15 жилд нийт ажилтныхаа 25%-ийг цомхотгосон бол орлого нь сүүлийн 10 жилд 18 нэгж хувиар өсжээ. Тэд цөөн ажилтантай байх нь бизнесийн өсөлт хөгжилд эерэг нөлөөтэй гэж үзэж буй.
🍋 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеэс 0.6% буурлаа. Нийт үйлдвэрлэлийн 73.5%-ийг эзэлж буй уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл мөн хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 нэгж хувиар буурч ₮11.4 их наяд болжээ. Эсрэгээрээ цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 31.1 нэгж хувиар өсөж ₮1.2 их наяд болсон байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply