• Lemon Press
  • Posts
  • 📃 ТОП-10 татвар төлөгч

📃 ТОП-10 татвар төлөгч

Ураны импортын хориг | TTL-н экспорт | Голомт Капитал ҮЦК-ийн хөрөнгө оруулалтын багц

POWERED BY

Hey! Өнөөдөр алдарт “Met Gala”-тай өдөр шүү. Vogue сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээнд хэн юу өмсөж бидний нүдийг хужирлах бол оо? 🤭👗

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын улсын нөөц сарын өмнөхөөсөө 5% буурч $4.99 тэрбумд хүрэв

GLMT: Голомт банк (GLMT) олон улсын зах зээлд 3 жилийн хугацаатай $300 саяын бонд гаргахаар ажиллаж байна

CHN: Ши Жиньпинийн Европын Холбооны 3 улсад хийх айлчлал Францаас эхэллээ.

🤔 Хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар 

Хэвлэлийн эрх чөлөөний индексэд Монгол 2023 онд 180 орноос 88-рт бичигдэж байсан бол энэ онд 109-рт бичигджээ. Ингэснээр “асуудалтай” ангиллаас “хүнд нөхцөл байдалтай” гэсэн ангилалд шилжив. Яана даа…

  • Тайлан: Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас жил бүр дэлхийн орнуудад хэвлэлийн эрх чөлөө хэр байгааг 5 үзүүлэлтээр үнэлж индексжүүлэн тайлагнадаг билээ. 

Юу нөлөөлөв? 

Монгол ганцхан жилийн дотор 21 байр ухрахад улс төр, бизнесийн орчин муудсан нь голлон нөлөөлсөн аж. Нэмээд, гүтгэлгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сэтгүүлчдийг хатуу хараа хяналт дор байлгаж буйг дурджээ. Ерөнхийдөө дэлхий дахинд сэтгүүл зүй улс төрийн дарамт шахалтад өртөж, эрх чөлөө нь хумигдсаар л. Энэ нь олон нийтийн найдвартай, хараат бус мэдээлэл авах эрхийг хангах үүргээ умартсан засгийн газрууд, эрх баригчдын тоо улам нэмэгдэж буйтай холбоотой.

  • Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал дордсон бөгөөд 31 орны 26 нь оноо буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвеги тэргүүн байраа хадгалсан бол Афганистан, Сири, Эритрей сүүл мушгисан байна даа. 

Тэгвэл иргэд хэвлэл мэдээлэлд итгэдэг үү? 

Энэ онд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь сонгууль өгнө. Гэтэл улс төр, технологийн нөлөө зэрэг шалтгааны улмаас дэлхий даяар иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдарсаар. Тухайлбал, Америк, Их Британи, Япон зэрэг орны иргэд хэвлэл мэдээлэлд итгэдэггүй болохыг Edelman Trust Barometer-н судалгаанаас харж болох юм

  • Монголчууд ч хэвлэл мэдээллийн салбарт төдийлөн итгэдэггүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төр, бизнесийн ашиг сонирхолтой эздийн гарт төвлөрдөг нь үүний 1 томоохон шалтгаан. 2020 онд “Ардчилсан засаглал”-ын судалгаанд оролцсон иргэдийн 33.6% нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус гэдэгтэй санал нийлдэггүй гэж үзсэн бол 2021 онд 38.7% болж өсжээ

Яаж итгэлийг олох вэ? 

Хэвлэл мэдээллийн салбарынхны гол ялгарал бол мэргэжлийн чадвар, ёс зүй. Учир нь, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог гэдэг. Нөгөөтээгүүр, улс төр, бизнесийн салбараас хараат бус байхын тулд санхүүгийн хувьд бие даасан байх шаардлага тулгардаг. Сайн жишээ дурдвал, 2021 онд Тэнгэрлиг Медиа Групп (TNGR) ХК үүсгэн байгуулагдаж, Монголын анхны нээлттэй хувьцаат медиа компани болсон билээ

👇 TTL-н экспортод эзлэх % буурав

TTL: Өнгөрсөн онд Тавантолгой ХК 2.5 сая тн нүүрс экспортолж нийт нүүрсний экспортын 3.8%-ийг бүрдүүлжээ. Тодруулбал, компанийн нийт экспортод эзлэх хэмжээ 2022 оноос 4 нэгж хувиар буурсан байна. Сонирхуулахад, тус компанийн 51% нь орон нутгийн өмчид харьяалагддаг бол 19.7%-ийг нь Ажнай корпорац ХХК, 16.3%-ийг нь Шандас Импекс ХХК тус тус эзэмшдэг аж. Хувьцааны үнийн хувьд он гарснаас хойш 34.3% өсөж ₮23,080 болоод буй. 

🎯 TEDxUlaanbaatar айсуй

Залууст урам зориг, бүтээлч санааг түгээдэг энэ жилийн TEDxUlaanbaatar арга хэмжээ "Ignite" сэдвийн хүрээнд 5 сарын 19-нд болох гэж байна.

Ажиллаж буй салбар бүртээ хийж бүтээсэн зүйлтэй 14 илтгэгчдийн сонирхолтой түүхийг сонсон нетворкинг хийж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Гэснээс тун удахгүй хөтөлбөр, илтгэгчдийн мэдээлэл зарлагдах гэнэ шүү. Stay Tuned!

📌 Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Оросоос уран импортлохгүй

Америкийн Конгресс Оросоос баяжуулсан уран импортлохыг хориглосон хуулийн төслийг баталлаа. Одоо Жо Байден үзэглэх л ажил үлдэв. Тус хуулийн төсөл нь Оросын эсрэг авч буй ээлжит хориг арга хэмжээний нэг л бололтой. 

Нөлөө

Яг үнэндээ Америк Оросоос шальтай баяжуулсан уран импортолдоггүй буюу нийт баяжуулсан импортынхоо 24%-ийг л Оросоос авч буй. Түүгээр ч зогсохгүй тус хууль нь гагцхүү цацраг идэвхгүй бага баяжуулсан ураны импортыг хориглох талаар яригдаж буй. Тэгвэл тус хууль эцэслэн батлагдвал Америкт ямар эрсдэл болон боломж үүсэх бол?

  • Гол нь баяжуулсан уран: Америкийн 90 гаруй реакторуудыг гол ажиллуулж буй түүхий эд бол баяжуулсан уран. Гэтэл Америкийн төдийгүй дэлхийд баяжуулсан ураны гол импортлогч нь Орос байгаад байдаг. Америк өөрсдөө уранаа баяжуулаад цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээ хангаад явдаг ч тэдний жилд нийлүүлдэг баяжуулсан ураны хэмжээ Оросынхоос ердөө 3 нэгж хувиар л өндөр

  • Үнэ нэмэгдэнэ ээ! Сонирхуулахад, Америк Оросыг өөр нэгнээр орлуулахын тулд дор хаяж $2.7 тэрбум шаардлагатай аж

  • Боломжит өөр нэгэн: Ураны олборлолтоор Казакстан тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн жил 21 сая тн уран олборлосон байна. Тэдний араас Канад 7 сая тн уран олборлож удаалсан гэхээр газарзүйн хувьд ч харилцааны хувьд ч дажгүй байдаг Канадыг Оросын орлон тоглогчоор сонгох магадлал өндөр. 

Хэдэн реакторуудаа яая даа байз…

Америкийн эрчим хүчний хэрэглээний 19%-ийг цөмийн эрчим хүчээр хангадаг. Цаашлаад ураны тухайд тус түүхий эд нь Америкийн эрчим хүчний гол эх үүсвэр болох байгалийн хийн араас орох эрчим хүчний чухал түүхий эд юм.

  • Үндэсний эрх ашиг: Цөмийн реактор болон цөмийн эрчим хүчний компанийн тасралтгүй ажиллагааг хангах бага баяжуулсан ураны өөр эх үүсвэр байхгүй гэж үзвэл Эрчим хүчний яам тус хоригоос татгалзах боломжтой. Тэгэхээр үр дүнг нь хүлээгээд харах л үлдэж байна.

Эцэст нь… Орос Америк руу экспортолж буй баяжуулсан уранаасаа жил бүр ойролцоогоор $1 тэрбумын орлого олдог аж. Иймээс л тэд Оросын дайн санхүүжүүлэх мөнгийг бэлдэж өгөхгүй ээ гээд тус хуулийг зүтгүүлж байгаа бололтой. Ураны асуудал геополитикийн асуудалтай холилдоод улам л ширүүсэж байна. Ингэх тусам ураны сургаар Монголын зүг анхаарлаа хандуулах улсын тоо нэмэгдэнэ гэхээр бидний хувьд бол боломж доо. 

Зиа, энэ удаагийн Weekly Hack булангаар бүтээмжийг тань өсгөх нэгэн аргыг зааж өгье өө. Олон таб дээр зэрэг ажиллах хүсэл, сонирхолтой хүмүүс Microsoft-н Virtual Desktop-г татаж байгаарай. Хэрхэн ашиглахыг нь заагаад өгье. 😂

Task View товч эсвэл Windows Key + Tab гэж дарахад шинэ ажлын талбар харагдах болно. Дараагаар нь “+icon” гэх товчийг дараад л ажлын талбаруудаа нэмээд явж болно. Бүр амар гэвэл Windows Key + Control + D-г зэрэг дарахад л болно шүү. 😉

🚀 Зуныг Boostly

Зиак, сэтгэл зүйн кредит скорингоор дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Zeely-с Boostly урамшуулалт хөтөлбөр зарлагдсан байна шүү. 📢

Boostly-д хэрхэн оролцох вэ? 5 сарын 20 хүртэл Zeely апп-аар зээл авах, төлөх бүрд уг хөтөлбөрт оролцох 1 эрх нэмэгдэх ба дараах шагналуудын эзэн болох боломжтой. Үүнд,

  • Playstation 5 Disk Edition,

  • Galaxy Buds 2 Pro,

  • Shoppy-н ₮300 мянгын эрхийн эзэн болох юм.

Түүнчлэн Zeely апп-аа Facebook болон HabiDo апп-тай холбох, тэдний Facebook хуудсанд like дараад нэмэлт эрх цуглуулаарай.

Аан тийм урамшууллын эзнийг тэд Facebook хуудсаараа 5 сарын 20-ны 17:00 цагт Live хийн тодруулах аж. 😎

🔗 Zeely апп-аа ЭНД дарж татаарай.

China Military

🍋 Монгол Хятадын Ардыг чөлөөлөх армитай хамтарсан хээрийн цэргийн сургуулилт хийнэ. Тус сургуулилтыг энэ 5-р сард хийх бөгөөд энэ жил Орос, Америк, Японы армитай тус тус хамтарсан хээрийн сургуулилт хийх аж. Сонирхуулахад, Монгол 40 гаруй оронтой цэргийн дипломат харилцаатай байдаг шүү. 

🍋 Датабэйнк ХХК 1 тэрбум дахь картын гүйлгээ амжилттай дамжууллаа. Тэд 2017 оноос ХААН Банк (KHAN)-тай хамтран төлбөрийн гүйлгээний товч шийдэл EPOS картын гүйлгээний программ хангамжийг зах зээлд нэвтрүүлж, өдөрт 50 мянга гаруй харилцагчийн 700 мянгаас 1 сая хүртэлх тооны гүйлгээг найдвартай дамжуулан ажиллаж буй. 

🍋 Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалтын багцын 20.17%-ийг Голомт Банк (GLMT) ХК эзэлж байна. Цаашлаад, 17.18%-ийг Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) ХК, 11.02%-ийг Инвескор ББСБ (INV) ХК, 9.37%-ийг Мандал Даатгал (MNDL) ХК, 9.24%-ийг бусад банк, 7.92%-ийг АПУ (APU) ХК тус тус эзэлж буй аж. 

🍋 Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 2023 онд 1.6 оноогоор өсөж 66.6 болжээ. Тус жагсаалтыг Орхон аймаг 100 оноотойгоор тэргүүлсэн бол Дорноговь 97.9, Дархан-Уул 95.1 оноотойгоор удаалав. Харин Говь-Алтай 36.7, Завхан 35.6, Дундговь 34.9 оноогоор сүүл мушгиж байна. Үүнд тус 3 аймгийн засаглал, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан нь голлон нөлөөлөв. 

🍋 Мобиком Корпораци 2023 оны шилдэг татвар төлөгчөөр тодорлоо. Татварын албанаас өнгөрсөн оны ТОП-10 татвар төлөгч компаниудыг зарласан бөгөөд Мобиком Корпорацийн араас Юнител групп жагссан юм. Харин нээлттэй компаниудаас Түмэн Шувуут ХК (TUM) болон Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) тус жагсаалтад багтсан байна. 

  • ТУЗ-ийн хараат бус гишүүн / Омни капитал ББСБ: Зээлийн эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр та банк болон ББСБ салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан бол доорх хаягаар CV-гээ явуулаарай. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалын чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Ярилцлага: Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каерсын ярилцлага. (JargalDefacto)

  • Хорино! Израил Арабын Al Jazeera сайтын үйл ажиллагааг зогсоохыг хүсэж байна. (NYTimes)

  • Төлбөрөө төл! Spotify дээр дууны үг харахдаа хүртэл төлбөр төлөх нь байна шүү. (QZ)

  • Олимп: Цэргийн олимп эхэллээ. (GSMAF)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.

Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER