• Lemon Press
  • Posts
  • 📃 “Улаанбаатар Бонд”-ын танилцуулгыг өргөн барьлаа

📃 “Улаанбаатар Бонд”-ын танилцуулгыг өргөн барьлаа

Намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд болон Bloomberg-н талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. 2023-2024 оны хичээлийн жил 4 улиралтай байна гэнэ үү? 😲 Ингэснээр сурагчид жилийн дунджаар 365 өдрийн 245-д нь хичээллэх аж. 🚸🎒

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: ЗГ Грекийн ЗГ-тай хэлэлцээр хийж Грек руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчныг бүрдүүллээ.

EX: Лхагва гарагт нийт 302.5 мянган тн нүүрс экспортолж 1 өдрийн нүүрсний экспортын дээд амжилт тогтоов.

MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮2.2 тэрбумын репо зээл арилжаалагджээ.

🎤Ж.Сандагсүрэн: “Улаанбаатар Бонд”-ын танилцуулгыг СЗХ-нд өргөн барьлаа

Нийслэлээс гаргахаар төлөвлөж буй ₮500 тэрбумын бондын танилцуулгыг Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) өчигдөр өргөн барьжээ. Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

Өмнө нь олон жил Нийслэл бонд гаргах талаар яригдаж байсан ч одоо л түүхэндээ анх удаа бонд гаргахаар болж байна. Яагаад одоо гэж?

Ж.Сандагсүрэн: Нийслэл бонд гаргах нь гэнэт шийдэгдсэн асуудал биш. Өнгөрсөн жил Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-аас дэмжин баталсан. Мөн энэ оны 7-р сард Засгийн газар болон Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжиж улмаар Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү Нийслэл анх удаагаа бонд гаргах гэж байна. Тэгэхээр энэ бол УИХ, ЗГ болон Нийслэлийн удирдлагууд бүгд дэмжин хийж буй ажил юм.

📑 Анхаарах ёстой хуулийн төслүүд

УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 сарын 1-нд эхэлдэг билээ. Энэ удаагийн чуулганаар 62 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс 3 хуулийг онцолж байна.

🖼️ Газрын тухай хууль

Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Газрын тухай хууль 11 жилийн өмнө батлагдаж 32 удаа өөрчлөгдөж байжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад Хөрөнгө оруулалтыг тухай хуульд заасан гадаадын иргэдэд газар ашиглуулахтай холбоотой хийдлийг арилгах томоохон нөлөөтэй хуулийн заалт орж ирж байгаа.

  • ЭЗХЯ-ны сайдын хэлснээр Газрын тухай хуулийг шинэчилснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд бизнесээ явуулах боломжийг олгоно хэмээв.

🪨 Ашигт малтмалын тухай хууль

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чухал ашигт малтмал гэх шинэ нэр томьёо орж байгаа. Улмаар чухал ашигт малтмалын жагсаалтыг ЗГ-аас батлахаар зохицуулаад буй. Цаашид Стратегийн орд гэхгүй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж явахаар тусгаад буй.

💰 Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Тус хуулийг 3 жилийн дараа эцэст нь нэг юм ЗГ-аас УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хуулийн агуулга нь товчхондоо газрын хэвлийн баялгаас орж ирж буй орлогыг тус санд төвлөрүүлэх. Түүнчлэн уг сан Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд жилийн нийт орлогын 10%-ийг төвлөрүүлэх аж.

  • Асуудал: Яг юуг үндэсний баялгийн сан гэж нэрлэх талаарх тодорхойлолт, сангийн төрөл, чиг үүргийг маш ерөнхий байдлаар тусгагдсан.

  • Өөр өөр зорилт: Бусад улсын баялгийн сан нь хуримтлалын, ХО-ын, хуваарилалтын гэх зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж. Гэсэн ч эдгээр эрс тэс зорилтын чиглэлийг нэг сан нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай. Тийм ч учраас шинэ хуульд Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар тусгасан бололтой.

Юутай ч энэ намар хөрөнгийн зах зээлд ихээхэн хамааралтай чухал хуулиудыг хэлэлцэх тул анхаарч, дэлгэрүүлж судлах хэрэгтэй болов уу.

🧻 10 өдөр уруудав

NKE: Nike-н хувьцааны үнэ 10 дахь өдрөө дараалан уналаа. Компанийн бөөний худалдааны гол түншүүдийн нэг болох Foot Locker (FL) Лхагва гарагт алдагдалтай тайлангаа танилцуулснаар Nike-н хувьцааны үнэ 2.7% унасан юм. Мөн гутлын салбарын өсөлт удааширч, Хятадын ЭЗ уналтад орсон нь Nike-н зах зээлийн үнэлгээг энэ жил 16.3% унагаж $151.1 тэрбумд хүргэв.

🌟 Bloomberg 2.0

Хэвлэл мэдээлэл, дата үйлчилгээний эзэнт гүрэн Bloomberg-г удирдах шинэ захирлууд томилогдлоо. Юу болов, юу болох вэ? Анхаарлаа нааш нь.

Bloomberg 42 жил юу хийв?

Товчхондоо тэд санхүүгийн салбарын мэдээллийг базсан. Анх терминалын захиалагчдадаа санхүүгийн мэдээ хүргэх зорилготой байсан тэд бага багаар үйлчилгээгээ нэмсээр Bloomberg News, Television, Opinion, Law зэрэг 18 ангиллын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлжээ.

  • Улмаар: Компани сүүлийн 10 жилийн хугацаанд ойролцоогоор $37 тэрбумаар үнэлэгдэхүйц мэдээлэл цуглуулсан нь дэлхийн санхүүгийн мэдээлэл, аналитик зах зээлийн ⅓-ийг эзлэх аж. Тэгэхээр тэдний санхүүгийн зах зээл дэх нөлөө асар том гэдэг нь харагдаж байгаа юм.

  • Яаж орлого олдог вэ? Bloomberg 1 жилд ойролцоогоор $12 тэрбумын орлого. Үүний ердөө $500 саяыг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн орлого бүрдүүлдэг байна. Өөрөөр бол тэдний орлогын дийлэнх хэсгийг банк & ХО-ын компаниудын терминалын түрээсийн бүрдүүлдэг гэсэн үг.

Цус сэлбэлт

Харин өнгөрсөн 4-р сард Bloomberg-н цаашдын үйл ажиллагаа тус компанийн үүсгэн байгуулагч Майкл Блүүмберггүйгээр үргэлжлэх шуум гараад байсан. Тэгвэл үүнээс 4 сарын дараа Майкл Bloomberg-с “Хаашаа ч холдохгүй” гэдгээ мөн компанид шинэ гүйцэтгэх захирал томилсноо зарлалаа.

  • Хэн бэ? Өмнө нь Bloomberg-н бүтээгдэхүүн хариуцсан захирал байсан Влад Клиатчког гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

  • Бусад холио сэлгээ: Түүгээр зогсохгүй Английн банкны ерөнхийлөгч асан Марк Карниг ТУЗ-ийн даргаар томилогдсон бол ААН-ийн ахлах захирал байсан Патти Роскилл Санхүү хариуцсан захирал болсон аж.

Тэд хаашаа тэмүүлэх вэ?

Компани удирдлагын багаа шинэчилснээр илүү ихийг төлөвлөж, илүү ихэд хүрэхийг зорих нь мэдээж. Тэд өнгөрсөн II улиралд л гэхэд 700 тэрбум багц мэдээллийн сан дээр амжилттай туршигдсан санхүүгийн салбарын AI болох BloombergGPT-г танилцуулаад амжсан. Тэгэхээр компани цаашид санхүүгийн мэдээлэл болон технологийг хоршуулж илүү олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх биз ээ.

Уриа үгээр компанийг нь тааж чадах уу? Хэрвээ таасан бол бидэнд мэдэгдэхээ мартав аа. 😉

“Why not” ямар компанийн уриа үг вэ?
Бяцхан тусламж: Монгол компани шүү.

💧 Та ус ашиглагч уу, хэрэглэгч үү?

Ус ашиглагч болон ус хэрэглэгч нь хоорондоо ямар ялгаатай вэ? 🧐

Ус ашиглагч гэж усыг ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ашиглаж буй ААН-үүдийг хэлдэг аж. Тодруулбал,

  • Тэдний ихэнх нь уул уурхайн компаниуд байдаг ба усны нөөц, зориулалт, байршлаас хамаарч ЗГ-аас тогтоосон тарифыг төлдөг. Жишээлбэл, Оюу толгой компани зэсийн баяжмал боловсруулах 1 л ус тутамд ₮1.67 төлж буй.

Харин ус хэрэглэгч гэж усыг ашиг олох зорилгогүйгээр унд, өрхийн хэрэгцээндээ хэрэглэж буй хэрэглэгчид юм. Тэдний хувьд усыг газрын доорх нэн гүний худгаас хэрэглэж байгаа бол олборлох зардал, УСУГ-ын ус түгээх байруудаас ус хэрэглэж байгаа бол зөөвөрлөн түгээх зардлыг төлдөг байна.

US Embassy

🔹Америкийн тусгаар тогтнолын 247 жилийн ой тохиов. Уг арга хэмжээний үеэр элчин сайд Ричард Л.Буанган бид Монголыг ардчиллын гялалзах баян бүрд, Энэтхэг-Номхон далайн бүс дэх бусад орнуудын хувьд үлгэр жишээ хэвээр байна гэдэгт бат итгэдэг хэмээжээ.

🔹Парис-2024 олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хурал боллоо. Тус хороог Ерөнхий сайд ахалдаг бөгөөд одоогоос бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор ЗГ-аас тус хороонд ₮3 тэрбумыг зарцуулах аж.

🔹Өнөөдрөөс эхлэн Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээж байна. Тус чиглэлийн төмөр замын зорчих тээврийн хөдөлгөөнийг Хятадын талаас Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 3 жилийн өмнө хааж байсан билээ.

🔹Монголын ОУ-ын арбитрын хүлээн авсан хэрэг жил бүр 96.5%, шийдвэрлэсэн хэрэг сүүлийн 3 жилд 116.4% өсжээ. Өчигдөр Монголын арбитрын өдөр тохиосон бөгөөд МОУА-аас цахим арбитрын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

  • Мэд: MStars Hub-н хурдасгуур хөтөлбөрийн 3 дахь элсэлт хаагдахад цөөхөн хоног үлдлээ. (LemonPress)

  • Унш: Япон Фүкүшимагийн хаягдал усыг хэрхэн далайд асгах вэ? (NikkeiAsia)

  • Суралц: Дэлхийн топ баячуудаас суралц. (Yahoo!Finance)

  • Асуу: Карьерын сонголтдоо эргэлзэж буй хэн бүхэнд. (LinkedIn)

Reply

or to participate.