- Lemon Press
- Posts
- 🇲🇳 10 CEO: 7 улаан, 3 ногоон
🇲🇳 10 CEO: 7 улаан, 3 ногоон
МЭЗФ айсуй | 17% өссөн $TRIP | $30 тэрбумаар 4.5 ГВт
POWERED BY
Зээ! Шинэ 7 хоног эхэлж, Playtime дуусаж, наадам ойртож, эдийн засгийн чуулган хаяанд ирлээ. Наадмын налгар амралт эхлэхэд 3 ажлын өдөр л үлдэв. Бүтээмжтэй өнгөрөөнө шүү хэдүүлээ. 💪


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар өчигдөр Монголд төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ. Тэд 7 сарын 6-13-ны хооронд айлчлах юм.
MSE: Засгийн газрын дотоод үнэт цаасны ээлжит анхдагч зах зээлийн арилжаа 7 сарын 9-нд болж ₮5 тэрбумыг татан төвлөрүүлнэ.
POL: Энэ 7 хоногт НД-ын үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэх бөгөөд өнгөрсөн оны байдлаар НДШ төлж буй 1.2 сая даатгуулагч бүрд хуримтлал үүсэж нийт ₮215.3 тэрбумын бодит хуримтлал үүсжээ.
UBX: НэтКапитал ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан НэтКапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргасан ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэв.

🧐 CEO солигдоход хувьцаа яав?

Сүүлийн 2 жилийн хугацаанд ТОП-20 компанийн талынх нь Гүйцэтгэх захирал (CEO) солигдсоныг анзаарсан уу? Тэгвэл энэ хугацаанд эдгээр компаниудын хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
🫣 Ердөө 3 нь өсөв
CEO нь ажлаа хүлээн авснаас хойш хувьцааны үнэ нь хамгийн өндөр өссөн компани бол Сүү (SUU) бөгөөд хувьцааны үнэ нь 72% өсөж ₮627-т хүрчээ. Харин удаах байранд хувьцааны үнэ 68.3% нэмэгдэж ₮202-т хүрээд буй Премиум Нэксус (CUMN) орсон бол гуравдугаар байранд хувьцааны үнэ нь 5.1% ихсэж ₮2,958-т очсон Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) орсон аж. CEO нарын ажлын туршлагыг нь харвал:
$SUU - Л.Гантулга: Тэрбээр өмнө нь 2014-2018 онуудад $SUU-н Гүйцэтгэх захирлаар ажилласан ба ХасБанк (XAC), Моннис групп, Shell Mongolia, ЛэндМН ББСБ (LEND), Ард тэтгэвэрийн данс, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-д удирдлагын түвшинд ажиллажээ.
$CUMN - А.Ганболд: Түүний хувьд Премиум Корпорэйшний үүсгэн байгуулагч бөгөөд сүүлийн 22 жил М-Си-Эс Групп, М-Си-Эс Холдинг, М-Си-Эс Кока-Кола, Юнител болон Mongolian Mining Corporation (0975.HK) компаниудад удирдах албан тушаал хашиж байв.
$AARD - Б.Золбоо: Тэрбээр 2023 оны 6 сараас 2024 оны 5 хүртэл Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан ба өмнө нь Ард Секюритиз ҮЦК болон Ард Менежмент ҮЦК-д ажилласан нэгэн аж.
🔻 Улаан 7
Өнгөрсөн 2 жилд ТОП-20 компаниас CEO-оо солиод буй 10 компанийн 7-ийнх нь хувьцааны үнэ дунджаар 9.5% буурчээ. Үүнээс хувьцааны үнэ хамгийн их уналттай яваа нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE) бөгөөд компанийн хувьцааны үнэ CEO-н үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31% унасан аж. Тэгвэл үүний араас Мандал Даатгал (MNDL) бичигдсэн ба хувьцааны үнэ нь 2024 оны 5-р сараас хойш 18.9% буурчээ. Анзаараад байхад хувьцааны үнэ нь хамгийн их унасан 2 компанийн удирдлага хоёул CEO-н үүрэг гүйцэтгэгч ажээ.
⏲ Сонирхолтой тоо: Хувьцааны үнэ өссөн 3 компанийн CEO нар компаниа дунджаар 1.4 жил удирдаж байгаа бол үнэ нь унаад буй 7 компанийн CEO нарын компаниа удирдсан хугацаа 1 жил ч хүрээгүй байна.
⛏️ Сүүлийн тохиолдол
Өнгөрсөн сард Тавантолгой (TTL)-н CEO асан Ч.Гүнждагва ажлаа хүлээлгэн өгч, оронд нь ТУЗ-ийн дарга асан Ш.Отгонбаяр томилогджээ. Үүнээс хойш компанийн нэгж хувьцаа үнэ 1.1% унаж ₮26,380-т хүрээд байгаа нь дөнгөж мөсөн уулын орой. Учир нь $TTL-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 23.3% унаснаар компанийн зах зээлийн үнэлгээнээс ₮422.4 тэрбум арчигдав. Шинэ захирлын хувьд түүхий эдийн үнийн унаж буй энэ амаргүй цагт компаниа болон хувьцаа эзэмшигчдээ халамжлах нь хамгийн том сорилт болж байна даа.
Эцэст нь… Компанийн хувьцааны үнэ CEO-с гадна гадаад, дотоод олон хүчин зүйлсээс хамаардаг гэдгийг мартуузай. Нөгөөтээгүүр, амжилттай яваа эр хүний ард сайн хань байдаг гэдэг шиг амжилттай яваа компанийн ард сайн CEO байдаг гэдгийг санах нь зүйтэй…

🍰 Хувийн бизнесүүдэд төрөөс татаас өгөх нь зөв үү? (Gogo)
🗾 Япон анх удаа дэлхийн гүнээс ашигт малтмал олборлоно. (JapanToday)
🧬 23andMe дээр Монголчуудын аль нутаг уснаас гаралтай талаарх мэдээлэл харагддаг болж. (23andMe)
🤸♀️ Хэт их ажил дунд хэсэгхэн жаргалтай байя л даа. (HBR)

🦉 17% өссөн $TRIP
TRIP: Дэлхийн томоохон онлайн аяллын платформ болох Tripadvisor-н 9% орчмыг Starboard Value хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг боллоо. Энэ нь зах зээлийн үнэлгээгээр $160 саятай тэнцэх хэмжээний дүн ба үүнээс шалтгаалж компанийн нэгж хувьцааны үнэ огцом 17% өсөж $17.5-т хүрсэн аж. Сонирхуулахад, Starboard Value-н тухайд сүүлийн нэг жилийн хугацаанд Kenvue (KVUE), Pfizer (PFE), Autodesk (ADSK) компаниудад хөрөнгө оруулалт хийгээд байна.

🔥 МЭЗФ айсуй

Төр, бизнес эрхлэгч, залуус, хөрөнгө оруулагчид гээд бүх талыг анхдагч мэдээллээр хангах, мэдээлэл солилцох цэг болсон Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) маргааш эхлэх гэж байна.
🔍 Юугаараа онцлог форум юм бэ?
МЭЗФ-ын сэдэл 2007 оны хөдөлгөөний дараа үүссэн гэдэг. Улмаар 2010 онд Дэлхийн эдийн засгийн форумын форматыг Монголын хөрсөнд шингээснээр тухайн үеийн анхны тал талын өнцгийг нэг цэгт холбох, панел хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бий болжээ.
📈 Огцордоггүй форум: МЭЗФ аль ч намын үед зохион байгуулагдаж, засаг солигдсон ч үргэлжилж байна. Үүнээс гадна гол хэлэлцүүлгүүдэд олон талын оролцогчдыг шингээж, хөндлөнгийн өнцгийн модератор оролцож улс төрчдийн попролыг дарж чаддагийг CNN-н Ричард Квестийн жишээ батлаад амжсан.
💡 Зөвхөн хэлэлцдэг тавцан биш: Форумын үеэр зарим бодлого, хамтын ажиллагааны санамж бичиг, хөрөнгө оруулалтын гэрээ, шинэ хөтөлбөрүүд зарлагддаг нь МЭЗФ-ыг "ярих" биш "үүрэг хүлээлгэдэг" тавцан болгож буй.
🧐 Энэ жилийн форумын тухайд
Форумд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, чанаржиж байгаа. Энэ жил л гэхэд эхний жилээс 9 нугарсан буюу 4,500 оролцогч оролцох нь. Энэ дунд TikTok-н сая, сая дагагчтай контент бүтээгчид ч багтсан гэнэ лээ. Харин агуулгын хувьд Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, экспортын шинэ бүтэц, дижитал шилжилт, санхүүгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны шинэ бодлого зэрэг сэдвийг хамарна.
📌 Угаас манай эдийн засаг уул уурхайн мөчлөгөөс хамааралтай, гадаадын хөрөнгө оруулалт 2011 оны түвшинд ч хүрэхгүй, залуусын гадагш чиглэсэн урсгал нэмэгдэж, дотоодын бизнес эрхлэгчид тогтворгүй орчин, хууль эрх зүйн тодорхойгүй байдлаас болж тэлэх боломжгүй байгаа энэ үед хамгийн хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан нь энэ.
Эцэст нь… Форумд оролцогчид маргааш, нөгөөдөр ихэд байх өнгөрөх нь дээ. Бид энэ жил ч мөн уг форумын медиа хамтрагчаар ажиллаж, хамгийн гол хэлэлцүүлгийн чухал агшин, хэн ирж, юу ярьж байгааг хүргэх тул манай сошиал суваг болон товхимолтой ойр байгаарай. 🍋

Дэлхийн ТОП–100 $-ын тэрбумтнуудын анхны ажил юу байсан бэ?
Тэдний 53% нь карьераа ямар нэг байгууллагад ажиллан эхлүүлж байжээ.
Харин 30% нь гэр бүлийн бизнесээ өвлөн авсан байна.
Үлдсэн 17% нь шууд хувиараа бизнес эрхлэхэд ханцуй шамлан орж байж.
Тодруулбал, карьераа байгууллагад ажиллан эхэлсэн 53 тэрбумтны дотроос 19% буюу 10 нь борлуулалтын салбарт, 17% буюу 9 нь хөрөнгийн зах зээлд, 10% буюу 5 нь инженерийн чиглэлээр гэхчлэн нийт 12 төрлийн нийтлэг салбараас эхлүүлж байжээ.


Fox News
🍋 Дональд Трамп $4.5 их наядын өртөгтэй, $3.3 их наядын төсвийн алдагдал үүсгэх хууль баталлаа. Хуулийн гол агуулга нь нийгмийн халамжийн зардлыг огцом танаж, батлан хамгаалахын зардлыг тэлэх. Тодруулбал, Америкийн 12 сая ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэдэг Medicaid хөтөлбөрөөс $1 их наядыг танах бол батлан хамгаалах, цагаачлалын хяналтын салбарт $250 тэрбумын нэмэлт төсөв тусгасан байна.
🍋 Mobicom, ҮСХ, ХХЗХ хамтран өгөгдөлд тулгуурлан статистик тооцоолол хийх туршилтын төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд нарийвчилсан өгөгдөлд суурилан хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг илүү бодитой судалж, төрийн бодлого боловсруулахад ашиглах аж. Ингэхдээ өгөгдлийг Үндэсний дата төвд нууцлан байршуулж, хувь хүний мэдээллийг хамгаалсан орчинд боловсруулалт хийх бол ХХЗХ үүнд хяналт тавьж ажиллах нь.
🍋 OpenAI Oracle (ORCL)-с жилд $30 тэрбумаар 4.5 ГВт-ын тооцооллын хүчин чадал түрээслэхээр тохиролцжээ. Том зургаар бол, энэ нь Stargate төслийг хэрэгжүүлэх эхний алхам бөгөөд Oracle ирэх 10 жилд ГВт-ын хүчин чадалтай 100 гаруй дата төв барьж, OpenAI-д ашиглуулах юм. Гэснээс, 4.5 ГВт гэдэг нь Америкт буй дата төвүүдийн нийт хүчин чадлын ¼-тэй дүйнэ.
🍋 Кувейтийн сангийн $3.5 саяын буцалтгүй тусламжаар барьсан “Өндөрхаан” нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Бүтээн байгуулалтын төсөлд тус сангаас $3.5 саяын буцалтгүй тусламж олгосон бөгөөд 2020 оноос эхлэн хэрэгжүүлсэн юм. Тэгвэл уг шинэ нисэх буудал нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай гэнэ.

Даваа: Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Мягмар: Монголын Эдийн Засгийн Форум албан ёсоор эхэлнэ.
Лхагва: Наадмын амралтын сүүлийн өдөр тул ажлын хамт олноороо хуушуур тойруулдаг өдөр.
Пүрэв: Үндэсний соёлын төв өргөөд “Алтан соёмбот Монгол” хүндэтгэлийн концерт болох нь.
Баасан: Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ болох өдөр.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply