- Lemon Press
- Posts
- 🔍 Намууд: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ!
🔍 Намууд: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ!
Жилд 10 сая тн нүүрс баяжуулна | ₮85 тэрбумын боомт | Google for Startups
POWERED BY
Morning! Амьд хөгжимд дурлагсад байна уу? Алдарт "The Hu" хамтлаг наадмын өдрөөр Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Юу вэ, юу вэ, юу? 🤘🎸
*Нэг өдрийн өөрчлөлт
UZB: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар хэлцэл хийж 2 орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэхээр тохиролцов.
GOV: 2024-2026 онд Монголыг Дундад-Азийн худалдааны төв сүлжээнд холбох Цагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд ₮85 тэрбумыг зарцуулна.
CHN: Хятад Европын Холбооноос тус улсын цахилгаан автомашины гаалийн тарифыг нэмэгдүүлсэн шийдвэрээ 7 сарын 4 гэхэд цуцлахыг хүсэв.
Ирэх 7 хоногийн өдийд сонгууль хэдийнээ дуусаж УИХ-ын 9 дэх удаагийн гишүүд тодорчихсон байх нь ээ. Хэнд саналаа өгөхөө сайн судалж байгаа биз дээ? Юутай ч өнгөрсөн өдрүүдэд сонгуулийн эргэн тойронд юу болж өнгөрөв? Гялс гүйлгээд харцгаая. ⏪
Сонгуульд оролцогч нам, эвслүүдийн нэр дэвшигчдийн хүйсийн судалгаа. (M-Election)
Сонгуулийн үеэр хууртаж болохгүй худал ойлголтууд. (GoGo)
ЕАБХАБ УИХ-ын сонгуулийн явцын тайланг гаргажээ. (OSCE)
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, нам эвслүүд хандив болон зардлын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ. (M-Election)
🔍 Намууд: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ!
Сонгууль болоход 2 хоног үлдлээ. Хөрөнгө оруулагчид маань намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг дэмжих, хөгжүүлэхээр ямар бодлогуудыг тусгасныг анзаарч харсан уу? Анзаараагүй бол анхаарлаа нааш нь.
🔴 МАН - Хөгжүүлнэ
Монгол Ардын Нам (МАН) мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх 5 зүйлийг тусгажээ. Үүнд нь, төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгосноор шууд хяналт тавьж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх гэнэ.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тус нам мөрийн хөтөлбөртөө ДНБ-д эзлэх ЗГ-ын өрийг 40%-иас доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсаас хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгох бодлогыг оруулсан аж.
🔵 АН - Шинэчилнэ
Ардчилсан нам (АН) санхүү, даатгалын салбарын бодлогодоо хөрөнгийн зах зээлийг хэрхэн дэмжих талаар дурдсан бөгөөд ингэхдээ хөрөнгийн зах зээлийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэй бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тусгасан байна.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тус намын мөрийн хөтөлбөрөөс онцлог туссан амлалт бол гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шалгуур, хөрөнгө оруулалтын хэмжээг салбар тус бүрээр нь тодорхойлох явдал байв.
🟣 ХҮН нам - Боловсронгуй болгоно
ХҮН намын тухайд тэд юун түрүүнд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар дурдсан бөгөөд зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж итгэж буй.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тэд гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулах, олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө татах боломж бүрдүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь хамгийн онцлог харагдаж байлаа.
⌛ Ирэх 4 жилд хөрөнгийн зах зээл…
Тус 3 нам ирэх 4 жилд төрийн өмчит компаниудыг хувьчлах тал дээр санал нэгтэй ажиллах бололтой. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл ердөөс биш. Одоогийн УИХ-ын үед буюу 2023 онд л төрийн өмчит 26 компанийг олон нийтийн болгоно гэж байсан ч бидний сайн мэдэхээр МХБ (MSE), Төрийн банк (SBM) л нээлттэй компани боллоо. Тэгэхээр намуудын 2024 оны мөрийн хөтөлбөр таатай байгаа ч яг хэрэгжилт дээрээ юу л болдог бол доо.
📈 Түүхэн дээд хэмжээ
LEND: Өчигдрийн арилжаагаар ЛэндМН ББСБ-ын хувьцааны үнэ 7.2% өслөө. Улмаар тус хувьцааны үнэ он гарсаар 89.3% өсөж ₮107.5 буюу түүхэн дээд түвшинд хүрээд байна. Түүнчлэн тэд өнгөрсөн сараас худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд барьцаагүй, 100% дижитал бизнесийн зээлийг олгож эхэлсэн. Энэ нь урт хугацааны хүүгийн орлого, ашгийн өсөлтөд нөлөөлөх болов уу. Ямартай ч хагас жилийн тайланг нь хүлээж байя даа.
👷🏻 Жилд 10 сая тн нүүрсийг баяжуулна
Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) өнгөрсөн Пүрэв гарагт жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. Тэгэхээр ямар технологиор ажиллах, хэр үр ашигтай үйлдвэр юм бэ? 🤔
🧐 Өгөөж
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, нийт 30 сая тн нүүрс хүлээн авч баяжуулах аж. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор ЭТТ жилд дунджаар 24 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, $1.9 тэрбумын борлуулалтын орлого олсноор $197.3 саяын цэвэр ашигтай ажиллах төсөөлөлтэй байгаа аж.
🏭 Эрчим хүчний үйлдвэрлэлд нэмэртэй
Нэмээд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр $185.8 саяыг төвлөрүүлэх гэнэ. Сонирхуулахад, уг үйлдвэр нь зөвхөн эрчим хүчний нүүрс угаадгаараа онцлог.
⬆️ Тодруулбал, Тавантолгойн нүүрсийг тус үйлдвэрт коксжуулснаар кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт аж үйлдвэрийн олон төрлийн түүхий эд үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
➕ Ингэснээр эхний ээлжид 10 сая тн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс-химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тн аммиак үйлдвэрлэхээр тооцоолсон байна.
⚡Цаашилбал баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу 2 сая тн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй байлгах аж.
💰$1 тэрбум
Уг төслийн нийт санхүүжилт $1 тэрбум бөгөөд одоогоор Эрдэнэс Тавантолгой компани $300 орчим саяын санхүүжилт хийсэн байна. Тэгэхээр $1 тэрбумын санхүүжилтээр 30 сая тн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж байгаа гэхээр цаашид ч хүчин чадлаа тэлж болох…
Эцэст нь… Ямартай ч нүүрсээ шууд арилжаалдаг байсан компани маань баяжуулах үйлдвэртэй болж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон нь сайшаалтай. Нэмээд төрийн оролцоо буураад ирвэл олж буй орлогоороо хүчин чадлаа өргөжүүлээд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад явах биз ээ.
Ажлын талбараа бүгдийг нь 5 секундын дотор нуух арга зааж өгье. Нууц шүү. 🤐
Өөрийн ашиглаж буй программаас бусад бүх цонхыг Option + Command + H товчийн тусламжтай хялбархан нуучихна шүү.
Finmarket
🍋Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэл эхний 5 сарын байдлаар 99.5%-тай гарав. Энэ оны төсвийн жилд нийт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ₮3.4 их наядыг төсөвлөсөн бөгөөд өнгөрсөн 5 сарын байдлаар ₮308.4 тэрбумыг зарцуулаад буй.
🍋 Монголд метан хийн хайгуул хийж буй Jade Gas Баруун наран дахь өрөмдлөгийн ажлаа амжилттай дуусгажээ. Тус ажлын хүрээнд 7 цооног өрөмдсөн бөгөөд компани Өмнөговь аймгийн Улаан нуурын ойролцоох талбайгаас метаны хий олборлож эхлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр зорьж байгаа аж.
🍋 Нура оношилгооны төв Узбекстаны зах зээлд гарна. Ерөнхийлөгчийн Узбекстан дахь айлчлалын үеэр 2 орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон юм. Үүний эхлэл болгож тус төвийг Монголын ААН-ийн хөрөнгө оруулалтаар Ташкент хотод нээхээр болжээ.
🍋 Google for Startups-н Silkway Accelerator хөтөлбөрийн шилдэг 16 төслийн нэгээр Монголоос Lambda Global тэнцжээ. Хөтөлбөрт 8 улсаас 320 стартап өрсөлдсөн аж. Сонирхуулахад, өмнө нь Shoppy.mn болон Fibo Cloud нар уг хөтөлбөрт амжилттай оролцож Төв Азийн зах зээлээс хөрөнгө оруулалт татаж байсан билээ.
🍋 Нийслэлээс эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй Меридиан ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус компани нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо дахь газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшиж байсныг цуцалж оронд нь далд зогсоолтой, ногоон байгууламж байгуулах аж.
Director of Food and Beverage / Gobi Group K.K: Японы Осака хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанд зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, асуудлыг шийдвэрлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон талын ур чадвартай, англи, япон хэлтэй хүнийг хайж байна. 👉 (Link)
Дижитал шилжилтийн газрын захирал / SCC: Цахим банк, дижитал шилжилт, финтек, мэдээлэл технологийн дундаж ба түүнээс дээш хэмжээтэй төсөл дээр оролцсон туршлагатай, хариуцсан асуудлаар бодлого тодорхойлон, үе шаттай хөгжүүлэлт хийх чадвартай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Collaboration Manager / Call Pro: Бизнес, маркетинг, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, Call Pro-н хамтын ажиллагааг хариуцаж чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Индекс задлан: S&P 500-н өсөлтөөс суралцах нь. (InvestmentMasterClass)
Захидал: Эрдэнэ Ресурс Девелопмент ХК хувьцаа эзэмшигчдэдээ захидал хүргүүлэв. (MSE)
Урилга: Монголын хөрөнгийн бирж ХК автомашины дуудлага худалдаанд урьж байна. (MSE)
Зөвлөмж: Бүгчим халуунд гэртээ сэрүүцэх 10 зөвлөмж. (CNET)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply