• Lemon Press
  • Posts
  • 💰 ₮10 саяар юунд хөрөнгө оруулах вэ?

💰 ₮10 саяар юунд хөрөнгө оруулах вэ?

Зээлийн батлан даалтын сангийн 2022 оны үр дүн болон Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 2023 тайланг тоймлов.

POWERED BY

Morning! The Hu хамтлагийн фенүүдээ, цаадуул чинь Японы Babymetal-тай дахин хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна шүү. Монгол хамтлагийг дэлхий нийтээр доргиж сонсож байгааг харах бахархалтай байдаг даа. 🤘

*Нэг өдрийн өөрчлөлт

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт ₮1.8 тэрбумын арилжаа хийгдсэн ба бүгд хоёрдогч зах зээл дээр арилжигджээ.

CHN: Хятадын өр өнгөрсөн оны эцсийн байдлаар нэрлэсэн ДНБ-ий 110%-тай тэнцэх боллоо.

FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмуудыг батлав.

Хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог ҮЦК-иудын мэргэжилтнүүд юу юунд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол? Энэ талаар салбарын мэргэжилтнүүдээс тодруулсан ярилцлагаа та бүхэнд хүргэе.

Асуулт: Одоо танд ₮10 сая байвал юу юунд хөрөнгө оруулах вэ?

Г.Мөнх-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал | Таван Богд капитал ҮЦК

Төгрөгөөр хөрөнгө оруулах бол хамгийн эрсдэл багатай бондод хөрөнгө оруулж, сар бүр орж ирэх хүүгээрээ хувьцааны хуримтлал бүрдүүлнэ. Бонд нь таны үндсэн мөнгийг найдвартай, хугацаатай хадгалж тодорхой хүү өгөх бол хувьцаа нь урт хугацаандаа өндөр өгөөж өгнө.

Доллароор гэвэл Америкийн технологийн компаниуд болон Хятадын ногдол ашиг өгдөг компаниудаас багц бүрдүүлнэ. Ногдол ашиг өгдөг компаниудаас жил бүр бодитоор өгөөж хүртэх бол технологийн компаниудаас богино хугацаанд өндөр өгөөж хүртэх зорилго тавина.

С.Зоригт, Зах зээлийн шинжээч | Ти Ди Би Секьюритис ҮЦК

Гадаад болон дотоодын хөрөнгийн зах зээлд хослуулж ₮10 саяын хөрөнгө оруулалтаа хийнэ дээ. Нийт багцынхаа 70%-ийг ($2,000) гадаад зах зээл, 30%-ийг дотооддоо хөрөнгө оруулна. 2023 оны эхэн үеийг Америкийн ХЗЗ өндөр өсөлттэй эхлүүлсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын сангууд болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид дараагийн 10 жилийн хувьцааны зах зээлийн өгөөжийг тогтмол өгөөжтэй (бонд) бүтээгдэхүүний өгөөжөөс илүү байна гэж үзсэнтэй холбоотой юм.

Х.Назым, Хөрөнгө оруулалтын шинжээч | ЭмАйСиСи ҮЦК

Багцынхаа 50%-ийг нь тогтмол орлоготой бүтээгдэхүүн, 30%-ийг нь SPDR S&P 500 ETF Trust (SPY) болон Invesco QQQ Trust (QQQ) ETF-үүдэд, 20%-ийг нь тогтмол ногдол ашиг тараадаг үйл ажиллагаа нь тогтворжсон компаниудын хувьцаанд байршуулахыг зөвлөж байна.

Р.Дарханбаяр, Ахлах шинжээч | Голомт Капитал ҮЦК

Багцын 50%-д Монгол Улсын засгийн газрын “Хуралдай бонд” авна. Аливаа улсын засгийн газар нь арилжааны банкнуудаас ямагт зээлжих зэрэглэл өндөр байдаг. Иймд багцын дийлэнх хэсгийг тогтмол өгөөжтэй, эрсдэл багатай, долларын бүтээгдэхүүнээр бүрдүүлэхийг зөвлөж байна.

Зээлийн батлан даалтын сан 2022 онд

Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-гийн өнгөрсөн оны ашиг 6.3% өсөж ₮8.5 тэрбум болжээ.

  • Зээлийн батлан даалтын сан: Тэд барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг билээ.

Ногоон жил

2022 оны жилийн эцсийн байдлаар ЗБДС-гийн нийт хөрөнгө 1.4% өсөж ₮258.6 тэрбумд хүрсэн байна. Сангийн нийт хөрөнгийн 69.6%-ийг өр төлбөр, 30.4%-ийг сангийн цэвэр хөрөнгө бүрдүүлж буй. Нэмж дурдахад сангийн цэвэр хөрөнгө 10.2% нэмэгдэж ₮78.6 тэрбум болсон аж. Түүнчлэн,

  • Орлого 🆙: ЗБДС-гийн орлого 15.1% өсөж ₮12.2 тэрбумд хүрснээр ашиг нь 6.3% нэмэгдсэн байна.

Хэнийг батлан даав?

ЗБДС-тай нэр бүхий 11 банк, 5 ББСБ хамтран ажиллах гэрээтэй ч үүнээс 6 банк, 1 ББСБ-ын зээлд батлан даалт гаргаж байгаа аж.

  • Батлан даалтын хэмжээ: 2022 оны эцсийн байдлаар ЗБДС нь 580 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ₮153.5 тэрбумын зээлд ₮78.1 тэрбумын батлан даалтын үлдэгдэлтэй байгаа юм.

  • Хэнд? Тэдний нийт батлан даалтын 34.2%-ийг боловсруулах үйлдвэрийн, 29.8%-ийг бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа,ны 7.7%-ийг ХАА-н, 6.8%-ийг нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 6.4%-ийг аялал жуулчлал зочид буудал зоогийн газрын батлан даалт тус тус эзэлж байна.

  • Ямар төсөл? Батлан даалтын эх үүсвэрийг харвал, 16 төсөл болон банк, ББСБ-аас олгосон зээлд батлан даалт гаргажээ. Тэр дундаа Азийн хөгжлийн банкны МОН-3338 төслөөс авсан зээлд хамгийн их буюу ₮83.8 тэрбумын батлан даалт гаргав.

  • Чанаргүй: Тус сангийн батлан даалтын үлдэгдлээс 83 зээлдэгчийн ₮11.7 тэрбумын батлан даалт буюу нийт батлан даалтын 15% нь чанаргүй батлан даалт байгаа аж.

Эцэст нь… Одоогоор ЗБДС-тай хамтрагч банк, ББСБ-ын тоо бага байгаа тул цаашид ББСБ, ХЗХ-дыг ЗБДС-тай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ингэснээр хөрөнгийн дутагдалтай ЖДҮ эрхлэгчид таатай нөхцөлөөр зээл авах боломж үүсэж, санхүүгийн хүртээмж нэмэгдэх юм.

💥 Түүхэн дэх хамгийн өндөр ашиг

2223.SR: Saudi Aramco-н орлого өнгөрсөн онд 51% өсөж $604 тэрбум болов. Улмаар ашиг нь 47% өсөж $161 тэрбумд хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Уг өсөлтөд өнгөрсөн онд дэлхий даяар тулгарсан эрчим хүч, газрын тосны хямрал голлон нөлөөлсөн нь мэдээж. Түүнчлэн компани энэ жил $19.5 тэрбумын ногдол ашиг тараахаа зарлаад буй.

ХАА-н шинэлэг гарааны бизнесүүдийг шалгарууллаа

ЕХ-ны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Agripreneurship Challenge тэмцээнд нийт 100 гаруй ААН бүртгүүлснээс эцсийн шатанд 8 компани шалгарч, 3 сарын 7-ны өдөр “Demo Day” арга хэмжээний үеэр питч танилцуулгаа тавьсан аж. Ингээд шилдэг оролцогчоор,

  • I байр: Эйрий Фелт ХХК–ийн Агаарын хонин ноосон шүүлтүүр

  • II байр: Мэжик Би Фүүдс ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг

  • III байр: Спек Материалс ХХК-ийн аргалын цаас тодорчээ.

Шилдгээр шалгарсан 3 компани нийт ₮50 саяын хөрөнгө оруулалт авсан бөгөөд төслийн зүгээс тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй ОУ-ын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.

Эмэгтэйчүүдээ дэмждэг Монгол

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль” тайланд Монгол дэлхийн дунджаас +20.6 оноо авч илүүрхэв.

  • Тайлан: Тус тайлан нь эмэгтэйчүүдийн ажил амьдрал, карьерт тухайн улсын хууль тогтоомж хэр ээлтэй байгааг эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн, ажлын байр, цалин, гэрлэлт гэх мэт 8 үзүүлэлтийн дагуу үнэлдэг.

Дэлхийн дунджаас +20.6 Монгол

Монгол өнгөрсөн онд ахицтай байсан цөөн улсын нэг болсон. Тухайлбал өнгөрсөн онд 5 оноо нэмэгдэж 90.6 оноогоор 190 орноос 44-т бичигдэх болов. Тус өсөлтөд эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүстэй ижил хөдөлмөрийн үнэлгээтэй байх боломж болон ээжүүдэд цалинтай чөлөө олгодог зэрэг зохицуулалтууд голлон нөлөөлсөн байна.

  • Гэхдээ! 8 шалгуурын 7 нь сайн хангагдаж байгаа ч тэтгэврийн шалгуур дээр сулхан харагдав. Энэ нь эмэгтэйчүүд тэтгэвэрт гарсны дараах тэдний ЭЗ-ийн баталгааг хангах хуулийн зохицуулалт сул байгааг илэрхийлж байгаа юм. Гэхдээ эмэгтэй ч гэлтгүй ер нь Монголын тэтгэврийн тогтолцоо ямар вэ? гэдгийг хэлэх ч хэрэггүй биз. 😮‍💨

Харин Дэлхийд

Харин дэлхийн түвшинд “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль”-ийн индексийн дундаж оноо 0.5 оноогоор өсөж 77 оноо болов. Ер нь бол удааширсан гэж ойлгоход болно. Илүү дэлгэрүүлбэл,

  • 100/100: Тайланд дурдсанаар 190 орноос бүтэн 100 оноо авсан ердөө 14 улс байсан бөгөөд 12 нь Европын орнууд байв.

  • 18 улс: Харин өнгөрсөн онд дорвитой алхам хийсэн ердөө 18 улс байсан бөгөөд эмэгтэйчүүдийн оролцоог хангасан 34 шинэчлэлийг хуульдаа тусгажээ.

  • Анх удаа: Ойрхи Дорнодоос Мальта, Кот-д’Ивуар, Габон зэрэг улсууд анх удаа 90-ээс дээш оноо аваад буй. Тэд юу хийсэн бэ? гэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тавьдаг байсан янз бүрийн хязгаарлалтыг байхгүй болгож зарим нь оролцоог нь дэмжсэн шинэ зохицуулалттай ч болжээ.

Эцэст нь… Бодит байдал дээрх эмэгтэйчүүдийн бизнес болон эрх зүйн орчин дахь оролцоог сайжруулах улс орнуудын ахиц сүүлийн 10 жилд огцом удааширч буй. Гэсэн ч бага дунд ЭЗ-тай орнууд бага багаар ахиц гаргаж байгаа нь гэгээлэг мэдээ юм даа.

Оффисын амьдралыг тань хөнгөвчлөх ээлжит бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 💁

Санхүүгийн Зохицуулах Хороо

🔹ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлд гарах гарцыг хэлэлцэв. СЗХ “Санхүүжилт татах боломж-тогтвортой санхүү болон ногоон бонд” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ТОП-100 ААН-үүдэд ХЗЗ-ээр дамжуулан санхүүжилт татах боломж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцов.

🔹Атар-Өргөө (ATR) цэвэр ашиг 150% өсөж ₮469.8 саяд хүрчээ. Учир нь тэдний борлуулалтын орлого 52.2% өсөж ₮14 тэрбум болсон байна. Харин борлуулалт маркетингийн зардал нь 75% өсөж ₮2.1 тэрбумд хүрсэн бол ерөнхий удирдлагын зардал нь бараг хэвээрээ байв.

🔹HSBC Silicon Valley-н Их Британи дахь салбарыг худалдан авлаа. Дампууралд хүрсэн Silicon Valley-н Их Британи салбарын төлөө HSBC болон Bank of London тэргүүтэй хэд хэдэн томоохон өрсөлдөгчид өрсөлдсөнөөс HSBC £1-ээр авахаар болжээ. Тийм ээ, та зөв уншсан.

🔹Дархан нэхий (NEH) ₮3.7 тэрбумын ашигтай ажилласан байна. Тэд борлуулалт, маркетингийн зардлаа 72.7% нэмэгдүүлсэн ч тэдний борлуулалт эсрэгээрээ 25.6% буурч ₮17.4 тэрбумд хүрчээ. Гэхдээ тэд ерөнхий болон удирдлагын зардлаа 51.7% бууруулж ₮1.4 тэрбумд хүргэсэн нь ашгийг 2.8% өсгөхөд түлхэц болов.

  • WOW: ChatGPT-н боловсруулсан арилжааны стратеги. (Finimize)

  • Ad: Уран зургийн ертөнцөөр аялуулах Coca Cola-н реклам. (Coca-Cola)

  • HOW: Зар сурталчилгаа хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлдөг вэ? (Earth)

  • Skills: Хүүхдэд сургавал зохих амьдралын чадварууд. (Virgin)

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ ⛏️

Монгол орны уул уурхай, нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах гүний уурхайн олборлолтын эхлэлийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 3 сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.

⛏️ Одоогоос 14 жилийн өмнө яригдаж эхэлсэн Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмэлтээр газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломжтой.

  • Түүнчлэн ирэх 3 жилд гүний уурхайгаас олборлох хүдрийн хэмжээг аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30,000 тн, 2028 онд 95,000 тн болгохоор зорьж буй гэнэ.

Цаашлаад 2028-2036 онд Оюу толгойн гүний уурхайн олборлолт оргил үедээ хүрэх бөгөөд ийнхүү Монгол Улс дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болоход нэг алхам ойртлоо. 🇲🇳

Reply

or to participate.