• Lemon Press
  • Posts
  • 🙊 ББСБ: 10-ын нь 8 шархтай

🙊 ББСБ: 10-ын нь 8 шархтай

Супер Мягмар гараг | 10 хүний 8 нь ББСБ-д өртэй | ВХҮҮ 25.8% буурлаа

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн товхимол танд очихтой зэрэгцэн 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж байна. Хэн, юунд нэр дэвшсэнийг харсан уу? Өнөө алдарт Oppenheimer чинь хамгийн олон буюу 13 номинацид нэр дэвшээдэхжээ. Бооцоогоо тавиад үзнэ л биз дээ? 🎬🏆

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлнэ

CUMN: Премиум Нексус ХК (CUMN)-ийн ТУЗ Г.Чинзоригийг шинэ албан тушаалд томилсноос 5 хоногийн дараа дахин шинэ албан тушаалд буюу Гүйцэтгэх захирлын орлогчоор томилов.

SEND: Сэндли ББСБ ХК (SEND) ногдол ашгийн бүртгэлийн өдрөө 3 сарын 22, тараах өдрөө 4 сарын 3-н болгон өөрчиллөө.

💸 Гялс авчихаад л төлнө

Өнгөрсөн онд ББСБ-аас зээл авагчдын давхардсан тоо 34.8% өсөж 1.6 саяд хүрчээ. Өөрөөр бол давхардсан тоогоор хөдөлмөрийн насны 10 хүний 8 нь ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй гэсэн үг. Юу болоод байна?

Хэрэглээндээ л…

ББСБ-ын нийт зээлийн хэмжээ 2023 онд 35% өсөж ₮3.7 их наядад хүрсний 88.2% буюу ₮3.2 их наядыг иргэдийн зээл бүрдүүлжээ. Нөгөө талаас ББСБ-ууд ₮7.2 их наядын зээл олгосны 66.7% нь хэрэглээний зээлд, 26.1%-ийг нь 1 сар хүртэлх хугацаагаар олгосон байна.

  • Тодруулбал, иргэд ББСБ-аас зээл авахдаа 1 сар хүрэхгүй буюу богино хугацааны хэрэглээгээ хангахын тулд өндөр хүүтэй зээл аваад эргүүлж төлж байна гэсэн үг. Банкны зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 1.3% байхад ББСБ-ынх 2.5 дахин их буюу 3.3% байгаагаас хүү өндөр гэдгийг харж болно.

Амар болохоор л…

2018 онд 2 ББСБ финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тоо өдгөө 55-д хүрээд байна. Улмаар,

  • Бага багаар: ББСБ-ын нийт зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж байна. Улмаар финтекээр зээл авсан 1 зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ ₮575.2 мянга байгаа аж. 

  • Гэхдээ харьцангуй сайн: Нийт ББСБ-ын чанаргүй зээл 2023 онд 7% байхад финтек зээлийнх 6.1% байгаагаас харахад бага хэмжээтэй зээлийг эргүүлж төлөхөд дарамт учрахгүй байна гэж хэлж болохоор.

  • Харьцуулбал: 2017 онд буюу финтек орж ирээгүй үед улс даяар 107 мянга орчим зээлдэгч л ББСБ-аас зээл авч байжээ. Харин 2018 онд 2 ББСБ финтек орж ирснээр нийт зээлдэгчдийн 46.2%-д зээл олгосон аж. Харин үүнээс хойш 5 жилийн дотор зээлдэгчдийн тоо 12 дахин өсөж 1.3 саяд хүрсэн байна.

Эцэст нь, 2023 оны 10-р сард 1.8 сая хүн арилжааны банканд зээлтэй байснаас харахад давхардсан тоогоор 3.4 сая хүн зээлтэй байна. Нэг талаасаа финтекийн үйлчилгээ орж ирээд хялбараар зээл авах боломжтой болсон ч хаана хаанаа эрсдэлээ бодох нь чухал. Ай миний эх орон зээлийн өлгий нутаг болоо юу даа.

Түүхэн хөрөнгө оруулалт ➡ Том тусламж

TSMC34.SA: Тайваний алдарт чип үйлдвэрлэгч TSMC Америкаас $5 тэрбумын буцалтгүй тусламж авч магадгүй байна. Учир нь TSMC нь Аризона дахь байгууламждаа $40 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын нэг болох аж. Улмаар компани CHIPS хуулийн дагуу буцалтгүй тусламж авах нь. Сонирхуулахад, уг хуулийн хүрээнд 2022 онд $52.7 тэрбумын санхүүжилт олгогджээ.

🙉 Баруун, Зүүн талын засуулууд сонсоо…

За энэ жилийн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп болон Жо Байден нарын тулааныг ахин харах нь дээ. Гэтэл дийлэнх америкчууд энэ 2 эрхмийн хэнийг нь ч хүсэхгүй байдаг. Яадаг юм байгаа юм Бурмаа минь…

Экс Ерөнхийлөгч нар тунав

Өнгөрсөн 7 хоногт “Супер Мягмар гараг” болж Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал асуулга эхэлсэн юм. Улмаар Бүгд Найрамдах намаас Дональд Трамптай өрсөлдөхөөр гарсан Никки Хейли сунгаанд тийм ч сайн санал авч чадаагүй учраас нэрээ татаад буй.

  • Нөгөө талд: Ардчилсан намын нэр дэвшигчид ч эхнээсээ нэрээ татсаар сүүлд Конгрессын хамгийн баян гишүүдийн нэг гэгддэг Дин Филлипс, зохиолч, улс төрч Марианна Уильямсон нар нэрээ татсанаар экс Ерөнхийлөгчид маань ахин нэг удаа ринг дээр гарах магадлалтайг харуулав. Тэгвэл америкчууд тэдний хэнийг нь сонгох бол?

Чөлөөт зах зээлийн хамгийн нөлөө бүхий хүн…

Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хувьд түүний 82 нас хамгийн том сул тал болж буй. Түүнчлэн түүний Ерөнхийлөгч байсан эхний 3 жилд Америкийн эдийн засаг 2.6% өсөж, гадаад өр нь $26 их наядыг даван тэнгэр өөд мацаж байгаа гэх шалтгаануудаас үүдэн түүхэн дэх хамгийн сул Ерөнхийлөгч гэгдэх болсон.

Харин Дональд Трампын үед Америкийн эдийн засаг мөн л 2.6% өссөн буюу Дэлхийн II дайнаас хойш харагдаагүй үзэгдлийг харуулсан, Ковид 19-ийн хямрал, Хятадтай хийсэн худалдааны дайнаас болж 300,000 гаруй америкчууд ажилгүй болсон гээд миалах асуудал бас л их. Дээрээс нь тэрбээр нийт 91 хүнд гэмт хэрэгт холбогдож хоригдож ч магадгүй байгаа

  • Гавьяа: Гэсэн ч түүний баячууд болон томоохон корпорацуудын татварыг хөнгөвчилсөн бодлогын ачаар ХЗЗ цэцэглэж S&P 500 (^GSPC) гэхэд 50% өсөж байв. Нэмээд тэр бол Америкийн түүхэн дэх ямар нэг улстай дайн зарлаагүй анхны Ерөнхийлөгч аж.

Эцэст нь… Жо Байден сонгуульд ялбал эдийн засаг энэ хэвэндээ гацах вий, Дональд Трамп гарвал Хятадтай ахиад худалдааны дайн хийж Америкийг самрах вий гэх таамгууд иргэдийг айдас хүйдэст автуулж байгаа л гэнэ. Гэсэн ч тэд эхнээсээ намынхаа сунгаанд илт давуу гараад байгааг бодохоор бас сонин…

Виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 онд 25.8% буурч ₮241.9 тэрбум болжээ. Нийт 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч давхардсан тоогоор 921 мянган харилцагчдад үйлчилгээ үзүүлж байна. Гэвч харилцагчдын 1.6% буюу 14.7 мянга нь л идэвхтэй арилжаанд оролцож буй. Цааш нийт хөрөнгийг харвал,

  • 2022Q4: ₮69.7 тэрбум

  • 2022Q1: ₮64.4 тэрбум

  • 2023Q2: ₮50.6 тэрбум

  • 2023Q3: ₮48.5 тэрбум

  • 2023Q4: ₮55.7 тэрбум

OECD

🔹Энэтхэг 5 жилийн хугацаанд AI төслүүдэд $1.25 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, Холбооны ЗГ "Энэтхэгийн AI-н эрхэм зорилго"-ыг баталсан бөгөөд энэ нь нь AI-н инновацын цогц экосистемийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж. 

🔹Mongolian Mining Corporation (0975.HK)-н 2023 оны ашиг $220-$240 сая байх төлөвтэй байна. Тэд хөрөнгө оруулагчдадаа тайлангаас өмнө ашгийн мэдээлэл өгсөн нь энэ. Улмаар өнгөрсөн оны ашиг 2022 оны $59 саяын ашгаас 270%-300% илүү байх нь. Тус өсөлтөд угаасан коксжих нүүрсний борлуулалтын хэмжээ болон үнэ өссөн нь нөлөөлжээ.

🔹Тандэм Инвэст ББСБ ХК (VIK) хаалттай хүрээнд энгийн хувьцаа нэмж гаргана. Тодруулбал, компани хувьцааныхаа 24.59%-ийг хаалттай хүрээнд нэмж гарган 1 л хүнд эзэмшүүлэх аж. Уг хувьцааны нэгж үнэ нь ₮19.6 байх бөгөөд нийт ₮9.6 тэрбумыг төвлөрүүлж эргэлтийн хөрөнгөд зарцуулах нь. 

🔹Унгар руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. 30 жилийн өмнөөс яригдсан шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдсэн нь энэ. Улмаар ЕХ-ны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг байсан бол одоо Унгар нэмэгдэж Монгол 44 дэх улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулаад байна.

  • Tech: Twitch хэрхэн шинэчлэгдэнэ гэнэ вэ? (TechCrunch)

  • UN: Экваномикс санаачилгын талаар. (UNDP)

  • Business: Apple $700 саяыг кинонд зарцуулсан нь үр дүнтэй байв уу? (Variety)

  • Career: Google Career Certificate-г тэтгэлгээр авах боломжтой. (GwGMongolia)

  • Даваа: Oracle (ORCL)-н ээлжит тайлан гарна.

  • Мягмар: МҮХАҮТ-аас “Үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортын боломжийг нэмэгдүүлэх нь” уулзалт зохион байгуулна.

  • Лхагва: Хятадын шинэхэн худалдааны аварга PDD Holdings (PDD)-н 2023 оны IV улирлын тайлан гарах нь ээ.

  • Пүрэв: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум зохиогдоно.

  • Баасан: Францийн 2-р сарын инфляц гарах болно.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER