- Lemon Press
- Posts
- 10 хүн тутмын 7 нь 🇨🇳
10 хүн тутмын 7 нь 🇨🇳
Наадах зуур юу болов? | Өссөн ашиг $BODI | ГШХО-ын хөдөлгөөн
POWERED BY
Шинэхэн Даваа гарагийн мэнд ээ! Наадам дуусаж, энэ жилийн 55% нь улиран оджээ. Амралтын моодноосоо гарч аваад, үлдсэн хугацаагаа үр дүнтэй өнгөрөөнө шүү. 🏋️♂️ Дараа жилийн наадам даанч хол байна даа.


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Смарт дийл ХХК нь Ар Баянхангай ХК-ийн 80,040 ширхэг хувьцааг нэгж бүрийг ₮816.2-өөр 8 сарын 12 хүртэл худалдан авах тендер зарлалаа.
BDS: БиДиСЕК ҮЦК (BDS)-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Лхагвадорж томилогдов.
GOV: Говь ХК (GOV) ББЗЗ дээр 12 сарын хугацаатай, 8%-11%-ийн хүүтэй бонд гаргаж ₮20 тэрбумыг татан төвлөрүүлнэ.
OTC: Биржийн бус зах зээл дээр 7 сарын 7-11-ны өдрүүдэд нийт ₮61.6 тэрбум болон $45 мянгын арилжаа явагдсан бол тус сарын 14-18-ны өдрүүдэд ₮13.7 тэрбумын арилжаа явагджээ.

Гадаад ажиллах хүчний 70.3% нь 🇨🇳

Зээ манай улсад 21 мянган гадаадын иргэн ажил эрхэлж байгаа ажээ. Энэ тоо жилийн өмнөхөөсөө 34.6% нэмэгдсэн байна.
🔍 Хэн, хаанаас ирэв ээ?
Тодруулбал, өнгөрсөн улирлын байдлаар 103 улсын иргэд Монголд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор болон сайн дурын ажил эрхэлж байгаа. Гэхдээ тэдний 70.3% нь Хятадаас ирсэн буюу 10 хүн тутмын 7-г бүрдүүлж байгаа хэрэг. Үүний араас Энэтхэгээс ирсэн иргэд 10.8%-ийг, үлдсэн хэсгийг бусад улсаас ирсэн иргэд бүрдүүлж буй.
🧐 Ямар хүмүүс юм бэ? Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 92.1% нь эрэгтэй бөгөөд дийлэнх нь 35-39 насныхан. Боловсролын хувьд 36.9% нь техникийн болон мэргэжлийн, 23% нь бакалаврын болон дипломын дээд, 22.2% нь бүрэн дунд зэрэг байдлаар боловсрол эзэмшсэн байна.
🔖 Хаана юу хийж байна? Тэдний ажил эрхэлж байгаа салбарыг харвал 22.4% нь уул уурхайн салбарт, 20.9% нь боловсруулах үйлдвэрт, 19.1% нь барилга дээр ажиллаж байгаа бол үлдсэн хэсэг нь худалдаа, засвар үйлчилгээ, боловсрол зэрэг салбаруудад хөдөлмөр эрхэлж буй. Мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид ч дээрх 21 мянгад багтсан билээ.
📌 Хаана олширч байна? Сүүлийн 1 жилийн хугацаанд гадаад иргэдийн ажил эрхлэлт 34.6% нэмэгдсэн гэсэн дээ? Тэгвэл тэдний нэмэгдэлт боловсруулах үйлдвэрийн салбарт хамгийн ихээр нэмэгдсэн аж. Сонирхолтой нь Непалаас Монголыг зоригсод сүүлийн 1 жилд 38.6 дахин нэмэгдсэн бол Туркээс ирэгсдийн тоо хамгийн ихээр буюу 40.7% буурчээ.
🇲🇳 Гадаадыг зорьсоор
Монголоос ч гэсэн хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаадыг зоригсод бий. Зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд 225 иргэн тус зорилгоор гадаад улсыг зорьсон аж. 2022 оны II улирлаас хойш улирал бүр дунджаар 236 иргэн албан ёсоор гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан гэхээр 10 жилд 9.4 мянган хүн явах нь. Дийлэнх нь Өмнөд Солонгос болон Япон руу явжээ. Нэмээд сурахаар явсан хараар үлдсэн гээд өчнөөн хүмүүс бий. Хэд нь буцаж ирэх бол доо?


📈 Өссөн ашиг $BODI
BODI: Бодь Даатгал ХК-ийн цэвэр ашиг энэ оны II улиралд ₮2.4 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25.6% өссөн дүн боллоо. Мөн орлогод тооцсон хураамж 24.9% нэмэгдэж ₮13.9 тэрбумд, даатгалын үйл ажиллагааны ашиг 26.8% ихсэж ₮8.7 тэрбумд хүрсэн аж. Үүнтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт нэгж хувьцааны үнэ өмнөх өдрөөс 7.1% өсөж ₮79 дээр хаагджээ. Сонирхуулахад, компанийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг 2024 оны нийт цэвэр ашгийн 95.4%-д аль хэдийн хүрээд байна.

📬 Наадах зуур юу болов?

Үлгэр домог шиг наадмын урт амралтын үеэр улс орон хийгээд дэлхий нийтэд олныг анхаарлыг татсан дараах үйл явдлуудыг тоогоор хүргэе.
🇲🇳 Эх оронд маань
66 хууль: 2025 оны хаврын чуулган хаагдаж 66 хууль, 59 тогтоолыг баталсан ба намрын чуулган 9 сарын 15-нд нээж, 2026 оны төсвийг 5 шаттай хэлэлцүүлгээр батлах гэнэ.
₮1.4 их наяд: Их амралтын өмнөхөн 2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, ЗГ-ын нийт зардлыг ₮1.4 их наядаар багасгаж тодотгов.
8.2%: Улсын хэмжээнд инфляц 2025 оны 6-р сард 2024 оны мөн үеэс 8.2% өсөв.
8 өдөр: Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар баяр наадмын үеийг тохиолдуулан Монголд 8 өдөр айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав.
17 ХК: МХБ-д бүртгэлтэй 17 ХК-ийн 2025 оны II улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан олон нийтэд ил болов.
6 медаль: ОУ-ын Математикийн 66-р олимпиадаас манай улс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Мөн 2029 онд ОУ-ын Математикийн олимпиад Монголд зохион байгуулагдахаар болов.
🗺️ Дэлхий дахинд
$4 их наяд: Чипийн зах зээлийн акул Nvidia (NVDA) анхны зах зээлийн үнэлгээ нь $4 их наядад хүрсэн компани болсон бол криптовалютын нийт зах зээлийн үнэлгээ мөн $4 их наядад хүрчээ.
5.2%: Тарифын маргаантай амаргүй цаг үед Хятадын эдийн засаг шинжээчдийн таамгийг эвдэж энэ оны II улиралд 5.2% өсөв.
50 хоног: Америкийн талаас Украинд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө зарлаж, 50 хоногийн дотор Орос гал зогсоох хэлэлцээр хийхгүй нөхцөлд хатуу тариф оноохоо анхааруулав.
$123 мянга: Дональд Трамп криптовалютыг зохицуулсан анхны томоохон хуулийг баталсан ба үүнтэй холбоотой 7 сарын 14-нд Биткойн (BTC)-ы үнэ $123 мянгад хүрч бүх цаг үеийн дээд үнээ шинэчлэв.
3,300%: Amazon (AMZN) Prime Day-н үеэр AI-с хамаарч Америкийн онлайн худалдааны сайтуудын хандалт мөн үеэс 3,300% нэмэгдэж, нийт боруулалт $24.1 тэрбумд хүрсэн аж.
61%: Чипийн зах зээлийн бас нэгэн акул болох TSMC (TSMC34)-н ашиг энэ оны II улиралд NT$398.3 тэрбумд хүрсэн нь мөн үеэс 61% өссөн явдал болжээ.
Эцэст нь… Наадмын амралтаар болж өнгөрсөн зүйлсийг зах зухаас нь тоймлоход нэг иймэрхүү. Он дуусахад 163 өдөр үлдсэн тул үлдсэн хугацаанд товхимлоо сайн уншаарай. ✌🏻

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хаанаас нүүр буруулж, хааш чиглэж байна вэ?
Бүс нутгийн хандлага: Өнгөрсөн онд хөгжингүй орнуудад чиглэсэн ГШХО 22% буурсан бол Хөгжиж буй орнууд руу чиглэсэн ГШХО 0.2% өсжээ.
Улс орнуудаар нь харвал, хөгжингүй орнуудаас Европ руу чиглэсэн хөрөнгө оруулалт 58% буурсан бол эсрэгээрээ хөгжиж буй орнуудаас Африк руу чиглэсэн хөрөнгө оруулалт 75% өсөж.
Эдэн дундаас Азийн орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 3% буурсан байна. Үүнээс Төв Азийнх 61% буурсан байна даа.


CGTN
🍋 Хятад Өвөр Монголоос шинэ төрлийн газрын ховор элемент илрүүллээ. Энэ нь Huanghoite-(Nd) гэх неодим буюу ховор металл давамгайлсан шинэ карбонат элемент аж. Тус элементийг Хятад болон Өвөр Монголын хамтарсан судлаачид дэлхийн хамгийн том ховор элементийн орд болох Баян Овоогийн гол хүдрийн биетийн дунд хэсгээс илрүүлжээ.
🍋 Анх удаа сонгогдсон гишүүд шинээр байгуулагдсан дэд хороодын даргаар ажиллана. Энэ удаагийн УИХ-д 80 гишүүн шинээр сонгогдон ажиллаж байгаа. Улмаар Аялал жуулчлалын хөгжил, ЖДҮ-ийн хөгжил, Инновац, цахим бодлогын хөгжил тэргүүтэй 10 дэд хороог байгуулж тус бүр удирдах гишүүдийг томилсон байна.
🍋 Өмнөд Солонгосын хамгийн баян эрхмийн $8 тэрбумын хэрэг хэрэгсэхгүй боллоо. Өнгөрсөн Пүрэв гарагт дээд шатны шүүх Samsung Electronics (005930.KS)-н ТУЗ-ийн дарга Ли Жэ Ёний 2018 оноос хойш шалгагдсан хувьцааны үнийг манипуляц хийсэн болон нягтлан бүртгэлийн залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгов. Улмаар сүүлийн 7 хоногт компанийн хувьцааны үнэ 7.4% өсөөд байна.
🍋 Төлөөлөгчдийн танхим криптовалютын зохицуулалтыг сайжруулахаар 3 хуулийн төслийг дэмжив. Үүнээс Стайблкойнуудыг хэрэглэгчийн хамгаалалтай зохицуулах хуулийн төслийг Доналд Трамп үзэглэх л дутуу байгаа бол криптовалютыг түүхий эд болон үнэт цаас гэж тодорхойлох, ХНС төв банкны дижитал валют (CBDC) гаргахыг хориглох хуулиудыг Сенатын танхим хэлэлцэх аж.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply