• Lemon Press
  • Posts
  • 🔍 Шинэ банк нээгдэх үү?

🔍 Шинэ банк нээгдэх үү?

Арилжаа буурав | $XAC: Шаардлага хангав | Ерөнхийлөгчийн хориг

POWERED BY

Шинэхэн 7 хоногийн мэнд! Улаанбаатар маань трамвайтай болох гээд үзэж тарж байгаа. Эхний 2 шугамынхаа ТЭЗҮ-ийг гаргасан л гэнэ. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл замын хөдөлгөөний дундаж хурд 25.7% нэмэгдэх юм байх. Метроны төсөл 14 жил яригдсан. Трамвайных нь харин хэдэн жил байх бол доо? 🚇🤔

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Ерөнхийлөгч Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавив

CUMN: Премиум Нэксус ХК (CUMN) Голомт банк (GLMT)-наас ₮23.2 тэрбумын хөрөнгө оруулалтын зээл, түүний охин компаниуд нийтдээ ₮5.2 тэрбумын зээл авна. ​​

OIL: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалт оруулахаар ажиллана

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮31.2 тэрбумын болон $782.3 мянгын арилжаа хийгдэв. Нийт төгрөгийн арилжааны 13.8-%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

‼️ Арилжаа буурав

Ээлжит хагас жилийн тоймоороо МХБ (MSE)-д бүртгэлтэй ҮЦК-иудын арилжааны тайланг хүргэе. Нийт арилжааны дүн жилийн өмнөхөөсөө 63% буурчээ хө. 

🧐 Юу болов оо? 

Энэ оны эхний хагас жилд анхдагч зах зээлийн арилжааны идэвх сул байлаа. Ганц ч IPO хийгдээгүйн дээр шинээр гарсан бонд, ХБҮЦ-ны багасав. Нэмээд өнгөрсөн онд нийслэлийн ₮500 тэрбумын бонд 3 транчаар арилжаалагдаж арилжааны дүнг суга өсгөсөн. Харин энэ жил ЗГ-ын дотоодын үнэт цаас арилжаалагдаж байгаа ч сар тутамд арилжих дүн нь Улаанбаатар бондынхоос 25 дахин бага байгаа. Үүнээс үүдэн ҮЦК-иудын нийт анхдагч зах зээлийн арилжаа 90.9% буюу ₮1.1 их наядаар нимгэрэв. 

  • 🔍 Хувьцааны сонирхол буурсан уу? Цаашлаад, компанийн бонд, ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн ч хувьцаа, ХОС-гийн хоёрдогч зах зээлийн арилжааны нийт дүн 29.6% буюу ₮96.7 тэрбумаар буурчээ. Үр дүнд нь хувьцааны ханш өсөх хандлага буурч байгаа нь олон компанийн үнэлгээнд нөлөөлж байна.

🔢 Компаниудын эрэмбэ дараа

Энэ оны эхний хагас жилд хамгийн өндөр дүнгээр арилжаа хийсэн ҮЦК-иудын жагсаалтад нэлээд өөрчлөлт оржээ. Өнгөрсөн жил Улаанбаатар бондын үндсэн андеррайтераар ажилласан БиДиСЕК ҮЦК (BDS) нийт арилжааны 52.5%-ийг бүрдүүлж тасархай тэргүүлж байв. Энэ жилийн хувьд арилжааны дүн нь 94.3% буурч жагсаалтын айргийн 5-д бичигджээ. 

  • 🔻 Буурсан ч тэргүүлнэ: Харин $BDS-н титмийг Голомт Голомт Капитал ҮЦК авчээ. Тэдний арилжааны дүн жилийн өмнөхөөсөө 12.1% буурсан хэдий ч нийт арилжааны 20.4%-ийг бүрдүүлсэн байна. 

  • 🚀 Пуужин: Хамгийн өндөр дүнгээр арилжаа хийсэн 10 ҮЦК-ийн 6-гийнх нь арилжааны дүн буурсан байхад Тэнгэр Капитал ҮЦК-ийнх 1,635.6% пуужиндсанаар өнгөрсөн жилийн жагсаалтын 21-р байраа 10 руу урагшлуулжээ. 

Эцэст нь… Саяхан буцалж байсан хөрөнгийн зах зээл маань дахиад нам гүм рүү ууршаад эхэллээ. Зах зээлийн хөрвөх чадвар, идэвх суларч байна. Одоо энэ талбарт маш сайн хөшүүрэг, хөрөнгө оруулагчдын итгэл сэргээх шинэчлэл хэрэгтэй байна даа. 

  • 🏞️ Монголын сайхан орон 4K дуранд. (MSN)

  • 💥 Тайланд руу зорчих гэж байгаа бол анхаараарай. (МУТХУСЭСЯ)

  • 🎨 Apple сүүлийн 12 жил гар хүрээгүй хэрэглэгчийн интерфейсээ өнгөлөв. (9to5MAC)

  • 🚨 Монгол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсны хэрэгтэй хэрхэн холбогдов? (KoreaTimes)

  $XAC: Шаардлага хангав  

XAC: СЗХ-ны ээлжит хуралдаанаар ХасБанк өөрийн толгой компани болох ТэнГэр Санхүүгийн нэгдэлийг өөртөө нэгтгэх зөвшөөрлөө авчээ. Ингэснээр ХасБанк нь Банкны тухай хуулийн нэг хувьцаа эзэмшигчийн 20%-ийн шаардлагыг ТОП-5 банкнаас түрүүлж хангаад байна. Тус нэгдлийн дараа ХасБанкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь Сингапурт бүртгэлтэй MAK Invest болсон бөгөөд тэдний хувьд нийт хувьцааны 19.4%-ийг эзэмших аж.

🔎 Шинэ банк нээгдэх үү?

Ипотекийн зээлд хамрагдана гэдэг НӨАТ-ын сугалаанаас мөнгө хожих шиг л бэрх. Тэгвэл ЗГ-аас энэ асуудлыг шийдэхээр Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулахаар төлөвлөж эхэллээ

🏠 Нөхцөл байдал

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг 2013 оноос ЗГ болон Монголбанк хамтран эхлүүлж, өнгөрсөн хугацаанд ₮9.2 их наядын хөнгөлөлттэй зээлийг 132 мянган зээлдэгчид олгожээ. Мөн 2021 оноос хойш энэхүү хөтөлбөрөөс гадуурх зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ эрс өсөж, шинээр олгосон зээлийн дүнгийн хувьд гэхэд тус хөтөлбөрөөс 1.5 дахин өссөн аж. 

🌱 Яагаад хэрэгтэй гэж?

Хэрэв тус банк үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл орон сууцны зээлийн анхдагч эх үүсвэрийг бүрдүүлж, иргэд орон сууцны зээлийг илүү хүртээмжтэй буюу илүү олон өрх орон сууцны зээлд хамрагдах боломжтой болох юм. Үүнтэй холбоотой юун түрүүнд Орон сууцны санхүүжилтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалтыг батлах хэрэгтэй аж.

  • 🇰🇷 Гадаад жишээ: Солонгос 2004 онд орон сууцны санхүүжилтийн тухай хууль баталж, төрийн өмчит Korea Housing Finance Corporation-г байгуулав. Уг банк нь Bogeumjari болон Didimdol гэх 2 төрлийн орон сууцны зээлийг хүмүүст санал болгох ба 20 жилийн хугацаанд 2.4 сая өрх Bogeumjari зээлийн тусламжтай орон сууцтай болжээ.  

🌿 Нэг салаа мөчир

Үндэсний баялгийн сангийн нэг хэсэг болох орон сууц, боловсрол, эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санд 2024 онд ₮497.5 тэрбум цугларсан. Харамсалтай нь энэ мөнгийг өмнөх ЗГ-аас ард түмэндээ барих хайр нэрээр талын нэг тараасан. Харин энэ онд тус санд 2024 оноос 2 дахин их дүн буюу ₮1 их наядыг татахаар төлөвлөж,  үүнээс ₮500-600 тэрбумыг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулах гэнэ. Ирээдүйд шинээр байгуулах банк маань Хуримтлалын сантай нэг цэг дээр огтлолцохыг үгүйсгэхгүй…

Эхний ээлжид… Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулахтай холбоотой ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахлах гэнэ дээ. Хэрэв байгуулагдах нь баталгаатай болчихвол манай лимонуудад шинэ банкны нэрэн дээр гоё санаа байна уу? 😜

Монгол Улс Хар тамхины тухай хуулийн ялын бодлогыг чангатгаж, хатуу тэмцэхээ мэдэгдээд буй. Тэгвэл зарим орнууд хар тамхитай хэрхэн тэмцдэг вэ? 

  • Хууль сахиулах хатуу арга хэмжээ: Сингапур, Индонез, Малайз, Хятад, Япон

  • Урьдчилан сэргийлэх: Португал, Швейцар, Канад

  • Хуульчилж зохицуулах, хяналттай зах зээл бий болгох: Нидерланд, Уругвай, Тайланд

Сонирхуулахад, Сингапурт хар тамхины гэмт хэргээр баривчлагдсан иргэдийн тоо 2023 онд 2022 оноос 10% өсөж 3, 101 болсон байна.

Reuters

🍋 Азийн хөрөнгө оруулагчид сүүлийн 13 жилд ОУ-д $46 их наядын хөрөнгө оруулжээ. Нийт хөрөнгө оруулалтын 45.6% буюу $21 их наяд нь үнэт цаасны портфолио бөгөөд үүний 41% буюу $8.6 их наяд нь зөвхөн Америкт байршуулсан үнэт цаасны хөрөнгө байна. Иймд ЭЗ-ийн савлагаатай энэ цаг үед Азийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх, тэр дундаа эсрэг ханшийн хөдөлгөөний эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт хийх болжээ.

🍋 Intel (INTC) энэ оны II улирлын тайлангаасаа цочирдож стратегиа өөрчлөхөөр шулуудав. Компанийн алдагдал II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 81 нэгж хувиар өсөж $2.9 тэрбум болсноор сүүлийн 6 улирал дараалан алдагдал хүлээж, сүүлийн 35 жилд байгаагүй их алдагдал хүлээж байна. Иймд тэд нийт ажилтныхаа 15%-ийг цомхотгож, Европт барих олон тэрбум долларын үйлдвэрүүдийн төслөө хойшлуулахаар шийдвэрлэв. 

🍋 Шинэ тойрог зам төслийн Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана. Тус төслийн ТЭЗҮ-г Хятадын "CSCICI Icom Consultants" боловсруулсан бөгөөд энэ сарын эхээр УИХ тус төслийн санхүүжилтэд зориулан $260.3 саяын зээлийн 85%-д Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлээд буй. 

🍋 Tesla (TSLA)-н хувьцааны үнэ огцом унаснаар Илон Маскийн нийт хөрөнгө 4% буурч $397.3 тэрбум болов. Тодруулбал, өнгөрсөн Пүрэв гарагт Tesla II улирлын тайлангаа танилцуулснаар хувьцааны үнэ 9% унаж $302-т хүржээ. Тайлангаас харвал компанийн энэ оны II улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 12% буурч $22.5 тэрбум болсон байна. 

  • Даваа: Мөнгө, санхүүгийн статистиктай танилцах нь. 

  • Мягмар: Boeing энэ оны II улирлыг хэрхэн туулав

  • Лхагва: Хятадын гаднын шууд хөрөнгө оруулалтыг өнгийе

  • Пүрэв: Банкнуудын ногоон зээлийн тайлан гарна

  • Баасан: Орос энэ сараас шатахууны экспортдоо хориг тавина.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.