- Lemon Press
- Posts
- 🛤️ ₮10 их наядын мэс засал
🛤️ ₮10 их наядын мэс засал
Хааны суудал ганхав | $MFC хувьцаа эзэмшигчдийн хурал | Улаанбаатар хот $BABA
POWERED BY
Өглөөний мэнд! Ирэх Лхагва гараг хүртэл төв талбай дээр эмнэлгийн оношилгоо, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир” нээлттэй хаалганы өдөр болж байгаа шүү. Талбайтай ойр ажилладаг бол цайны цагаараа дайраад өнгөрөөрэй. Завгүй^2 гээд үзүүлж амждаггүй хүмүүст, оношилгоо нь өөрөө хүрээд ирчих үед гэдэг шиг л… 🫢


*Нэг өдрийн өөрчлөлт.
INV: Инвескор ББСБ ХК (INV) ногдол ашиг хуваарилах өдрийг 3 сараар хойшлуулж, ирэх 7 сарын 31-ний дотор, ингэхдээ зээлдүүлэгчид холбогдох зөвшөөрөл өгсөн даруйд төлөх байдлаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
MNG: Монгол Улсад “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын ЗГ хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, Оросоос тогтмол, хөнгөлөлттэй нөхцөлөөр агаарын түлш авахаар болов. Нэмэлт протоколын заалтууд олон нийтэд ил болоогүй билээ.
MTZ: Монголын төмөр зам ТӨХК энэ оны эхний 4 сард өөрийн эзэмшлийн төмөр замын суурь бүтцээр 4 сая тн ачаа тээвэрлэсний Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хамгийн их буюу 2.3 сая тн ачаа тээвэрлэсэн байна.

📃 Монос Хүнс ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

Lemon Press-н 3 дахь жилдээ эрхлэн хүргэж буй LP Transcript 2026 бэлэн боллоо. Энэ оны LP Transcript-н эхний дугаараар Монос Хүнс ХК (MFC)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Бид энэхүү контентоор олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын процессыг ойлгомжтой, энгийнээр хүргэхийн тулд сэтгэл зүрхээ шингээн бэлтгэж ирсэн билээ. Болгооно уу.
📅 2026 оны 4 сарын 15
⏲ 14:00 минут
📍 Монос Хүнс ХК-ийн төв оффис, танхим болон цахим хосолсон хурал.
Монос Хүнс ХК (MFC)-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Улаанхүү даргалж, хурлыг нээлээ.
Ажлын өдөр цаг заваа зохицуулаад ирсэн та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. 2026 оны 3 сарын 4-ний өдөр ТУЗ-ийн 26.11 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг 4 сарын 15-ны өдөр буюу өнөөдөр компанийн байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа.

🛤️ ₮10 их наяд давсан мэс засал: Сэргэлт үү, санхүүгийн хар нүх үү?

Сүүлийн жилүүдэд төмөр замын төслүүд эрчээ авч эхэлсэн. Эдгээрт зарцуулагдаж байгаа дүн ч нэлээд тэлжээ.
🚂 1 төсөл = ₮2 их наяд
Сүүлийн 6 жилд Монголын төмөр замын салбарт том үсрэлт хийгдэж, сүлжээний хэмжээ бараг 2 дахин нэмэгдлээ. Гэвч нийтдээ ₮10 их наядыг давах өртөгтэй энэ бүтээн байгуулалт зөвхөн төсвийн хөрөнгөөр бус, ирээдүйн орлогоо барьцаалсан оффтэйк гэрээ, бонд, хувийн хэвшлийн оролцоотойгоор боссон. Бондын өрийн дарамтаас гадна,
📌 Оффтэйк гэрээний нөлөө: Нүүрсээр төлбөрөө хийх нөхцөлтэй гэрээнүүд нь бэлэн мөнгөний урсгалыг бууруулсан нь төмөр замыг хямд биш, харин ирээдүйн борлуулалтын орлогоо барьцаалсан өндөр өртөгтэй бүтээн байгуулалт болгож буй.
❤️🩹 "Үнэ" ба "Үнэ цэн"
Олон нийт төмөр замын 1 км-ийн өртөг яагаад $1 саяас $4 сая хүртэл хэлбэлзэж байгааг гайхаж буй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь мэдээж дэд бүтэц. Зөвхөн зам төдийгүй, дохиолол холбоо, эрчим хүч, ажилчдын хотхон, өртөө зөрлөгүүд өртгийг нэмдэг.
㊙ Гэрээний нууцлал: Нэмээд өнөө л нууц гэрээнүүд нь өрсөлдөөнт тендерийг үгүйсгэж, гүйцэтгэгч компаниуд үнээ тогтоох боломжийг олгосон байх магадлалтайг нүүрсний сонсгол ил болгосон.
🔑 Гэхдээ нөлөө бий
Мэдээж төмөр замын бүтээн байгуулалт урагшилснаар илүү хямдаар илүү их нүүрс тээвэрлэх боломж үүссэн. Өнгөрсөн онд Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлээр 8.7 сая тн ачаа тээвэрлэсний 40%-ийг ердөө 5 сарын дотор тээвэрлэсэн. Мөн урт хугацаандаа нүүрсний экспортын зардал 2-3 дахин буурахаар байгаа.
Эцэст нь… Өндөр өртөгтэй төмөр замын мега төслүүд Монголын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах том мэс засал байхын хувьд байсан. Гэвч энэ мэс засал хэтэрхий үнэтэй, зарим хэсэгтээ бохир багажаар хийгдсэн гэх хардлага байсаар байна. Одоо хамгийн чухал нь эдгээр замуудыг эдийн засгийн бодит эргэлтэд хурдан оруулах л байна даа.

📱 iPhone 18 ямар дизайнтай байна гээч… (Forbes)
🤔 Технологийн компаниуд хэрхэн хуулийн цоорхойг ашиглаж, ашиг олдог вэ? (HowMoneyWorks)
🐶 Дата төвүүдийн хамгаалалтад гарч буй $300,000-ын үнэтэй робот нохой. (Vice)
🎮 Хятадад PC-нүүд эргэн моодонд оров. (SixthTone)

😲 $ITLS-н нэг өдрийн өсөлт
ITLS: Өчигдрийн арилжаагаар Айтүүлс ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 13.4% өслөө. Тодруулбал, МХБ (MSE)-н II ангилалд бүртгэлтэй уг хувьцааны үнэ ₮8.4-өөр өссөнөөр ₮71-т хүрээд байна. Хэдийгээр нэг өдрийн өсөлт нь өндөр байсан боловч жилийн өмнөхөөсөө доогуур хэвээр байгаа юм. Сонирхуулахад, тус компани өнгөрсөн онд ₮742.7 саяын цэвэр ашигтай ажилласан нь 2024 оны мөн үеэс 64.2% өссөн дүн болсон. Тэд нийт цэвэр ашгийнхаа 18.6%-ийг цэвэр ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ээлжит ХЭХ нь энэ сарын 25-нд болох нь ээ.

🤖 Хааны суудал ганхаж эхэллээ

Ганцхан жилийн өмнө ChatGPT AI-н ноён оргил, тээр дээр ганхашгүй суудалд, ямар ч өрсөлдөгчгүй залардаг байв. Гэтэл яав, тэр минь яав…
⚔️ Хоолойнд тулсан өрсөлдөөн
Хэдий ChatGPT зах зээлийнхээ хамгийн том тоглогч хэвээр байгаа ч ердөө жилийн дотор хандалт нь 14 нэгж хувиар буурч 61.7%-д хүрчээ. Нөгөө талд Gemini-н хандалт жилийн дотор 5.7%-иас 24.4% хүртэл өссөн буюу одоо зах зээлийнхээ ¼-г эзэлж, ChatGPT-н хоолойнд тулсан өрсөлдөгч нь боллоо.
🫢 Аргагүй дээ: Gemini Google-н экосистемд нууртаа байгаа загас лугаа төгс зохицолтой ажилладаг. Имэйл рүү нэвтэрч аяллын зардлын тооцоолол хийхээс гадна, Google Meeting, Calendar гэхчлэн төрөл бүрээр хөөрхөн ажил нугалж буй.
🤔 Бусад тоглогчид: Цаашлаад, Grok болон Claude-н аль алиных нь хандалт 3%-ийг давж, DeepSeek-г ардаа үдсэн бол Perplexity, Copilot 2-нх бага дээрээ улам багасаж, 2%-д ч хүрэхээ байв.
🤏 Харваад өнгөрсөн од: Угтаа Хятадын DeepSeek-н хандалт өнгөрсөн жил чамгүй том буюу 8.5%-тай байсан ч өдгөө 3.2% болтлоо агшжээ.
🧾 Зах зээлийн таамаг
Сүүлийн үед Claude, OpenClaw тэргүүтэй AI-ууд агент угсрахад асар хялбар, нэмээд гайхалтай бүтээмжтэй ажиллаж байгаа тул ChatGPT-г хэрэглэх хүмүүсийн тоо эрчимтэй буурах болов. Одоо бол командын дагуу л ажиллаж буй эдгээр агентууд ирэх жилээс эхлээд өөрсдөө бие даан шийдвэр гаргах, даалгавар гүйцэтгэдэг болоход тун ойртсоор.
🗽 Үүнийг дагаад компаниуд 2027 оноос AI ажилтан маягийн системүүдийг өргөнөөр нэвтрүүлэх төлөвтэй байгаа. Монголд ч ажилтан бүрээ AI агенттай болгох асар том амбицтай компани байгаа гээд л бод. Тийм ч алсарсан зүйл биш л гэсэн үг.
💛 Угтаа 2026–2030 оныг “Generative AI”-н алтан үе байх магадлал өндөр гэлцэж байгаа. Учир нь зах зээл асар хурдацтай хөгжсөөр 2033 он гэхэд нийт зах зээл $4.8 их наядад хүрэх таамаг бий. Үндсэндээ AI их тэсрэлтийн цэг болох 2023 оноос хойш 10 жилийн дотор 25 дахин томрох магадлалтай гэсэн үг.
Эцэст нь… AI-н хөгжил, өрсөлдөөн ширүүхэн байна. Нөгөө талд хүн төрөлхтөн ч мөчөөгөө өгөхгүй шинэ тоглоомоороо жаахан тоглоод л дараагийнх руугаа хурдацтай шилжсээр. 1 жилийн дотор ChatGPT хандалтаа алдаж, зах зээл дэх байр суурь нь агшиж байна гэхээр энэ зах зээлд юуг ч таамаглах боломжгүй, салхи шуурга шиг хурдацтай өөрчлөгдөж байна даа. Хоцорчихгүйхэн шиг алхахгүй бол хэцүүдэх нь байна шүү.

Анхны вэбкамер кофе чанагчийг харах гэж бүтээгдсэн: 1991 онд Кембрижийн их сургуулийн компьютер хариуцсан хэдэн нөхөд кофены сав дүүрэн байгаа эсэхийг өрөөнөөсөө гаралгүй харахын тулд анхны вэбкамерыг зохион бүтээж байжээ. Залхуурал бол технологийн дэвшлийн эх үүсвэр гэдэг нь үнэн бололтой. 🤣☕️


Giphy
🍋 БОУАӨЯ Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй гэх шалтгаанаар түр зогсоогоод байсан Туулын хурдны замын ажлыг хууль, дүрэм, хяналтын дагуу ажиллахыг хүсээд үргэлжлүүлэхээр болов. Гэснээс тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулах шийдвэр мөн гаргасан байх юм.
🍋 Жежү арал Монгол, Латин Америкийн зах зээлийг онилж, аялал жуулчлалын сагсаа төрөлжүүлнэ. Тус арал Хятад жуулчдаас хэт хамааралтай буюу нийт жуулчдын 70%-ийг хятадууд эзэлж байгаа тул хэт хамаарлаа бууруулах зорилгоор гадаад зах зээлээ тэлэх бодлогоо эрчимжүүлж эхлэв. Улмаар Монголд гэхэд чартер нислэгүүдийн тоогоо 2-оор нэмж 9 болгоод буй.
🍋 Улаанбаатар хот $BABA-тай стратегийн түншлэл эхлүүллээ. Улмаар Улаанбаатар хотод Alibaba Academy-н нэрэмжит салбар, сургалт, судалгааны төв байгуулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, дижитал инженерчлэл болон стартап экосистемийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон аж.
🍋 Өмнөд Солонгост цагаачдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор банкнууд үйлчилгээний цар хүрээгээ тэлж эхлэв. Өнгөрсөн 3-р сарын байдлаар KB Kookmin Bank, Shinhan Bank, Hana Bank, Woori Bank болон NH Nonghyup Bank гэсэн 5 том банкны гадаад харилцагчийн тоо 6.9 саяд хүрч нийт харилцагчдын 5%-ийг гадаад иргэд бүрдүүлэх болжээ. Улмаар эхнээсээ гадаад харилцагчдад зориулсан урьдчилсан төлбөрт карт, тэдний төвлөрсөн бүсэд салбараа ажиллуулах гэхчлэн хүртээмжээ нэмэгдүүлэх болов.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply