• Lemon Press
  • Posts
  • 👻 10 Аймгийн сүүдэр

👻 10 Аймгийн сүүдэр

Lakers дахиад л зарагдав | Нааштай мэдээтэй $ORCL | Төсвийн алдагдал ₮2.2 их наяд

POWERED BY

Өглөөний мэнд! Бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл, бодит дарамтыг төрийн бодлого, УИХ-ын шийдвэрт хүргэх “Бизнесийн Пульс” судалгааны төсөл эхэлжээ. Нэрээ нууцлан, ердөө 3-5 минут зарцуулаад салбарынхаа дуу хоолойг бодитойгоор хүргэж, хууль санаачлах ажилд нөлөөлөх боломжтой юм байна шүү. ЭНД дараарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11% өсөж ₮17.3 их наядад хүрсэн ч зардал болон цэвэр зээлийн хэмжээ 15.5% нэмэгдсэнээр төсөв ₮2.2 их наядын алдагдалтай гарчээ.

FRC: СЗХ-ны ээлжит хурлаар Сүү ХК (SUU)-ийн олон нийтэд санал болгон гаргах 24 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, нэг бүр нь ₮100 мянгын нэрлэсэн үнэ бүхий 250 мянган ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрөв.

MSE: Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн тайлангаар Тавантолгой ХК (TTL) 94.6%-ийн үнэлгээ авч, засаглалын хэвийн буюу эрсдэлгүй ангилалд багтжээ.

TTT: Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо

🇲🇳 21 аймгийн төсвийн нүүр царай 

Энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын 21 аймгийн төсвийн нийт орлого ₮2.1 их наядад хүрч, зарлага нь ₮2 их наяд болсноор орон нутгийн төсөв бүхэлдээ ₮109.3 тэрбумын ашигтай гарлаа

‼️ Гэхдээ тэгш биш... 

Ашигтай гарсан гэдэг нь таатай статистик боловч тоон дундах үнэн төрхийг сөхвөл орон нутгийн эдийн засгийн туйлшрал, зааг ялгаа туйлын гүнзгийрснийг харж болно.

🏜️ Өмнөговь: Төсвийг үүрэгч

Аймгуудын санхүүгийн чадамжийн хамгийн том зөрүү уул уурхайн бүсэд ажиглагддаг. Өмнөговь аймаг ганцаараа ₮833.7 тэрбумын орлого төвлөрүүлсэн нь 21 аймгийн нийт орлогын 40%-ийг дангаараа бүрдүүлсэн гэсэн үг юм. 

  • 📌 Үүнээс гадна тус аймгийн төсөв ₮116.7 тэрбумын ашигтай ажиллаж, орон нутгийн төсвийн ашгийн баганыг ганцаараа өндөрт өргөв. Орлогоороо удаалсан Орхон, Дорноговь аймгуудыг нэмбэл уул уурхай, үйлдвэрлэл дагасан 3 аймаг орон нутгийн орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна.

🥊 10 Аймгийн сүүдэр: Төсвийн алдагдал

Нийт 21 аймгаас 10 аймаг буюу бараг тал нь орлогоосоо давсан зарлага гаргаж, алдагдалтай ажиллажээ. Алдагдлын хэмжээгээр Дундговь аймаг ₮16.9 тэрбумаар, араас нь Төв, Хөвсгөл тус тус аймгууд тэргүүлж байна. Түүнчлэн Дорнод, Өвөрхангай, Ховд, Булган, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар аймгууд төсвөө бие даан нөхөж чадахгүй байна. Улаанбаатар ч ялгаагүй. 😬

Эцэст нь... Уул уурхайн нөөцтэй цөөн аймаг төсвийн илүүдэлтэй байхад, мал ахуй, аялал жуулчлал дээр суурилсан аймгууд санхүүгийн хувьд дотоод эх үүсвэрээрээ зарлагаа нөхөж чадахгүй, татааснаас хамааралтай хэвээр. Орон нутгийн эдийн засгийн бүтцийг диверсификаци хийх шаардлага хурцдаж байна даа.

  • 💔 Зэсийн эринд Монголын ашиглаж чадаагүй боломжууд. (MMJ)

  • 🆕 Биднийг унтаж байх зуур Instagram цоо шинэ логогоо танилцууллаа. (Yahoo!Tech)

  • 🍂 Драмын театрын өмнөх самбарыг хэзээ буулгах нь тодорхойгүй боллоо. (eagle.mn)

  • 🔙 Өмнөд Солонгосын Төв банк 13 жилийн дараа алтанд дахин хөрөнгө оруулав. (Bloomberg)

🌞 Нааштай мэдээ олон $ORCL

ORCL: Технологийн луугаруудын нэг Oracle-н дэд бүтэц дээр суурилж AI үйлчилгээ үзүүлдэг CoreWeave (CRWV) болон Nebius Group (NBIS) нарын борлуулалтын орлого өнгөрсөн улиралд 2025 оны мөн үеэс дунджаар 283%-иар өсөөд байна. Үүнээс гадна Oracle квант тооцооллын тэргүүлэгч Quantinuum (QNT)-тай стратегийн түншлэл зарлаж, дэвшилтэт Helios квант компьютерыг өөрийн үүлэн дэд бүтэц дээрээ байршуулахаар тохиролцжээ. Эдгээр мэдээтэй холбоотой өнгөрсөн Лхагва гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 5.4% өсөж $153.3 дээр хаагджээ.

🏀 Lakers дахиад л зарагдав

Одоогоос ердөө 14 сарын өмнө NBA-н нүүр царай болсон Los Angeles Lakers баг зарагдаж, шинэ эзэдтэй болж байв. Тэгсэн саяхан тус баг цоо шинэ эзэдтэй болоод амжлаа шүү. Юу болсныг сонирхоод үзье.

 Наймаацахад 72 цаг

Өнгөрсөн онд санхүү, даатгал, AI, энтертайнмент гээд олон салбарт хөрөнгө оруулсан TWG Global компани Los Angeles Lakers багийг $10 тэрбумаар авч, Америкийн спортын түүхэнд рекорд тогтоож байлаа. Гэвч шинэ эздийн Los Angeles Lakers-тай байх бал сар удаан үргэлжилсэнгүй. Учир нь Walt Disney (DIS)-н хуучин удирдлага Боб Айгер, хөрөнгө оруулагч Жош Кушнер нар тус багийг 72 цагийн дотор $12.5 тэрбумаар худалдан авах тохиролцоонд хүрчээ.

  • 🇺🇸 Дахин нэг рекорд: Ингэснээр Los Angeles Lakers нь Америкийн спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан багаар дахин тодроод байна. Тэдний араас энэ онд $9.6 тэрбумаар зарагдсан NFL-н Seattle Seahawks баг удаалж байгаа бол NBA-н Boston Celtics багийн 2025 оны $6.1 тэрбумын үнэлгээ жагсаалтын 3-т бичигджээ.

  • 🔎 Зарах шалтгаан: Нөгөөтээгүүр, TWG Global-н үүсгэн байгуулагч, CEO Марк Уолтер нь Los Angelest Lakers-г ийм богино хугацаанд, гэнэт зарсан нь түүний бизнесийн эргэн тойронд үүссэн FBI-н мөрдлөг, санхүүгийн хямралтай шууд холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

👀 Шинэ эзний дуртай спорт

Los Angeles Lakers-н шинэ эздийн нэг Жош Кушнер нь Ерөнхийлөгч Трампын хүргэн Жаред Кушнерын дүү бөгөөд спортын тогоонд анх удаа орсон нэгэн биш юм. Тэрээр өөрийн Thrive Capital гэх хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулан NBA-н Memphis Grizzlies багийн жижиг хувьцаа эзэмшигч байсан төдийгүй өнгөрсөн жил Miami Heat багийн 5%-иас бага хэмжээний хувьцааг худалдан авчээ. Сонирхуулахад, түүний эхнэр Карли Клосс WNBA-н New York Liberty багийн мөн жижиг хувьцаа эзэмшигч гэнэ.

Эцэст нь… Марк Уолтер Los Angeles Lakers-г $10 тэрбумаар аваад, 14 сарын дараа $12.5 тэрбумаар зарснаар 25%-ийн өгөөж хүртлээ. Харин шинэ эзэд $12.5 тэрбумын багийг NBA-н амьд домог ЛеБрон Жеймсгүйгээр хэр амжилтад хүргэх нь тун сонирхолтой.

💡 Таавар таацгаая.

… нь залуудаа компьютерт маш их дуртай байсан тул Харвардын их сургуулиа хаяж, найзтайгаа хамт технологийн компани байгуулжээ. Түүний бизнесийн стратеги, оновчтой тактикууд нь түүнийг ердөө 31 насанд нь дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгосон аж. Түүнчлэн тэрээр The Beatles, U2 хамтлагуудын хөгжмийг сонсож тархиа амраадаг нэгэн гэнэ шүү. Энэ хүн хэн бэ? Таасан бол бизнесийн томчуудыг нэвт, шувт мэддэг гэсэн нэгнээр таалгах гээд үзээрэй. 🤓⁉️

Wccftech

🍋 Чип үйлдвэрлэгч CXMT (688825.SS) Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй компаниар тодорчээ. Өнгөрсөн сард IPO хийсэн CXMT-н хувьд зах зээлийн үнэлгээ нь $524 тэрбумд хүрснээр технологийн аварга Tencent (0700.HK)-г үнэлгээгээрээ гүйцээд байна. Сонирхуулахад, AI дата төвийн эрэлтээс шалтгаалж тэд Tencent, ByteDance нартай ойролцоогоор $10 тэрбумын урт хугацааны чип худалдан авахаар гэрээлсэн аж.

🍋 2026 оны эхний хагас жилд Норвегийн Баялгийн Сан $184 тэрбумын ашиг олсноо албан ёсоор зарлалаа. Дэлхийн хамгийн том баялгийн сан болох Норвегийн Баялгийн Сангийн ашиг нэмэгдэхэд Азийн технологийн компаниудын хувьцааны огцом өсөлт хамгийн том нөлөөг үзүүлсэн ба эхний 6 сард 9.4%-ийн өгөөжтэй ажилласан аж. Түүнчлэн, тус сан SpaceX (SPCX)-д хувьцаа эзэмшдэг гэдгээ анх удаа олон нийтэд ил болгожээ.

🍋 Ирэх өвлийн 280 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэх ₮288.7 тэрбумын тендерт Хятад компани шалгарчээ. Тавантолгой түлш ХХК-ийн зарласан тендерт 4 компани үнийн санал ирүүлснээс Хятадын Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch ₮288.4 тэрбумын санал ирүүлж, тус тендерт ялсан байна. Энэхүү компанид энэ сарын 11-нд гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд түлшийг хугацаанд нь нийлүүлсэн тохиолдолд ирэх өвлийн хэрэгцээг хангах гэнэ.

🍋 Үндэсний 4,000 гаруй инженерүүдийн барьж буй 127.1 км төмөр зам нь аюултай ба хүнд ачааг Улаанбаатараас гадуур тээвэрлэх боломж бүрдүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Нийслэлийн замын түгжрэл, агаарын бохирдол болон аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой. Цаашлаад, ₮1.2 их наядын уг төслийг Хөшигийн хөндийг логистикийн зангилаа болгож, дагуул хотуудыг хөгжүүлнэ гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.