• Lemon Press
  • Posts
  • 💰 Хамгийн ашигтай 10 ҮЦК

💰 Хамгийн ашигтай 10 ҮЦК

Эмэгтэй CEO нар болон хамгийн ашигтай ажиллаж буй 10 ҮЦК-ийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүдийн гоо сайхны зардал нь өндөр байгаа тул төр тэдний өмнөөс шийдэж өгч магадгүй гэнэ дээ. 😛

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 3.6% өсөж $3.4 тэрбумд хүрэв. Энэ нь 15 сарын дараах анхны өсөлт юм.

BTC: Биткойн үнэ өнгөрсөн оны 6-р сараас хойш анх удаа $30К-ыг давлаа.

MSE: Өчигдөр хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлсэн Газар шимийн хувьцааны үнэ 0.5% өсөж ₮53.2 дээр хаагдав.

💰 Хамгийн ашигтай 10 брокерын компани

Монголын ХЗЗ зээлд өнгөрсөн онд 52 ҮЦК тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байв. Үүнээс ашигт ажиллагаагаараа тэргүүлсэн ТОП-10 ҮЦК нар өнгөрсөн онд нийт ₮20.9 тэрбумын ашигтай ажиллажээ.

Ашигт ажиллагаагаар тэргүүлэгч

МХБ-ийн ҮЦК-иудын нэгдсэн тайланд тэдний нийт цэвэр ашиг өмнөх оноос 4.1 дахин өсөж ₮16.4 тэрбумд хүрчээ. Нээрээ зарим ҮЦК-ийн тайлангаа ирүүлээгүй гэдгийг сануулах нь зөв байх.

ТиДиБи Секьюритиз өнгөрсөн онд ₮9.4 тэрбумын ашигтай ажилласан нь хамгийн ашигтай 10 ҮЦК-ийн нийт цэвэр ашгийн 44.9%-ийг дангаараа бүрдүүлэв. ЗГ-ын бондын арилжаанд идэвхтэй байдаг тэднийг ашгаараа тэргүүлэхэд ЗГ-ын бондын өгөөж 40%-д хүрсэн нь ихээр нөлөөлсөн болов уу. Өнгөрсөн оны тэргүүлэгч 2021 онд ₮2.4 тэрбумын алдагдлаараа баян ходоод болж байсан гэхээр энэ салбарын ашигт ажиллагаа янз бүрээр хэлбэлздэг гэдгийг харж болно. Тэдний араас,

  • Голомт Капитал: Өнгөрсөн оны хамгийн идэвхтэй ҮЦК-иар тодорсон Голомт Капиталын ашиг 2 дахин өсөж ₮4.3 тэрбумд болов. Тэд өнгөрсөн онд ₮207.1 тэрбумын үнэт цаасны арилжаа хийсэн нь тус ҮЦК-ийг аман хүзүү болоход нөлөөлсөн нь лавтай.

  • Апекс Капитал: Биржийн бус зах зээлийн ширүүхэн тоглогчдын нэг Апекс Капитал өнгөрсөн онд ₮1.6 тэрбумын ашигтай ажилласан байна.

  • Мирэ Эссэт Секьюритис: Тэдний ашиг 127.5 дахин өсөж ₮1.5 тэрбумд хүрснээр цэвэр ашгаар тэрбум давсан ашигт ажиллагаатай 4 ҮЦК-ийн 1 болж чаджээ.

  • Өлзий & Ко Капитал: Сүүлийн 5 жилд гарсан нээлттэй үнэт цааснуудын ихэнхийнх нь үндсэн андеррайтераар ажилласан Өлзий & Ко Капиталын цэвэр ашиг 867.1% өсөж ₮868.8 саяд хүрч ТОП-5-д багтсан аж.

Мэдээж алдагдал бий

Анхдагч ҮЦК-иудын нэг БиДиСек (BDS) хамгийн өндөр буюу ₮3.3 тэрбумын алдагдал хүлээсэн бол Ард Секьюритиз ₮809 саяын алдагдалтайгаар тэдний дээр тэмдэглэгджээ. Эндээс ҮЦК-иудын ашигт ажиллагаа зөвхөн тэдний арилжааны идэвхээс хамаардаггүй гэдгийг харж болох юм.

📉 4 жилийн хугацаан дахь анхны бууралт

TSMC34.SA: TSMC-н орлого өнгөрсөн улиралд 3.6% өсөж $16.7 тэрбумд хүрчээ. Гэхдээ 3-р сард чипийн эрэлт багассантай холбоотойгоор өнгөрсөн сарын борлуулалт 15% буурч орлого нь $4.8 тэрбумд хүрэв. Энэ сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт аж.

🚹🚺 Эрэгтэй CEO vs Эмэгтэй CEO

Fortune 68 дахь жилдээ Америкийн шилдэг 500 компанийг тодруулав. Энэ жилийн хувьд эмэгтэй CEO-р удирдуулсан компанийн тоо нэмэгдэж анх удаа 53-д хүрчээ.

Орхигдсон манлайлал

Дэлхий даяар одоо ч эмэгтэй CEO нарын тоо харьцангуй бага байсаар байгаа. Тодруулбал, 2021 онд эмэгтэй CEO нарын эзлэх хувь 5% байсан бол 2022 онд 5.4% болж нэмэгджээ. Энэ нь эмэгтэй CEO нарын удирдлагын уян хатан чадвар илүү үнэлэгдэх болсонтой холбоотой юм. Үүнээс гадна,

  • Зөвшилцөл: Эмэгтэй CEO нар хамтын ажиллагаа, зөвшилцөлд хүрэхийг илүүд үздэг бол эрэгтэй CEO нар өрсөлдөөн, хувь хүний амжилтыг илүү чухалчилдаг аж. Гэтэл компаниуд илүү ажиллах хүчиндээ анхаардаг, халамжилдаг болоод байгаа шүү дээ.

Харин Монголд

Монголд Топ-100 компаниудын 24 нь эмэгтэй CEO-той. Цааш лавшруулан харвал, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл ердөө 17% байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ЗГ ирэх жилийн УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангах талаар ярих болсон. Намууд ч нэр дэвшигчдийн нэрсийг гаргахдаа аль нэг хүйсийн төлөөллийн оролцоог 40% хүртэл хангах даалгавартай болсон. Тэгвэл тус шийдвэрийн эерэг болон сул тал юу байх бол?

  • Эерэг: Намууд тэгш эрхийн оролцоог хангаж квот тогтоож өгснөөр эмэгтэй нэр дэвшигчдэд тэгш боломж олгож буй. Өмнө нь чадалтай, боловсролтой байсан ч намаасаа гарч чадахгүй тохиолдлууд гардаг байсан бол одоо уг асуудал шийдэгдэх нь ээ.

  • Сөрөг: Нөгөө талд намын жагсаалтаар тоо бөглөх гээд чадваргүй хүмүүс орж ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дан ганц эмэгтэй гишүүдийн боловсрол гэлтгүй эрэгтэй гишүүдийн боловсрол ч асуудалтай л даа.

Эцэст нь… МАН, АН, ХҮН тэргүүтэй намууд жендерийн тэгш байдлыг дэмжихээр 8 төрлийн манлайлал үзүүлэх амлалтыг үзэглэсэн. Юутай ч эмэгтэйчүүдэд сонгогдох боломжийг нь тэгш олгохоор болж байгаа нь урьд жилүүдийнхээс дэвшилт юм даа.

  • Ахлах санхүүгийн шинжээч / MSM Group: Хэрвээ та CPA болон CFA-н зэрэгтэй бол хамгийн багадаа ₮5 саяын цалинтай ажиллах боломжтой шүү. 🔎 (Link)

  • Ахлах нягтлан бодогч / Гурван Билэг Констракшн: Банк, санхүү, ЭЗ-ийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан, компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг удирдах чадвартай бол ийшээ. 🔎 (Link)

  • Бизнес хөгжлийн менежер / Тэсо Групп: Үндэсний ууган үйлдвэрлэгчийн гадаад дотоод харилцааг хариуцан ажиллаж, төсөл хариуцан ажиллах сонирхолтой бол тэдний нэг болоход нээлттэй. 🔎(Link)

📈 СТОКЛАБ-тай хүн бүр хувьцаатай

Дэлхийн хаанаас ч хувьцааны данс нээж, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжийг олгодог Stocklab апп шинэ хэрэглэгчдэдээ зориулж бэлэг задалжээ. 🤩

Ямар бэлэг вэ?

Үнэт цаасны данс шинээр нээж, урамшууллын хүрд эргүүлэн ₮100,000 хүртэлх үнийн дүнд ХААН Банк болон МХБ-ийн ТОП-20-ийн хувьцааны багц бэлгэнд авах боломжыг олгож буй.

Мөн Stocklab-н онцлох үйлчилгээнд

  • Автомат хөрөнгө оруулалт буюу таны бүрдүүлсэн хувьцааны захиалгад автоматаар тогтмол хөрөнгө оруулалт хийх,

  • Эцэг эхчүүд онлайнаар хүүхдэдээ данс нээж өөрийн үнэт цаасны дэд данс болгон удирдах зэрэг ХЗЗ-ийн цогц үйлчилгээнүүдийг нэг дор багтаасан аж.

🔗 Stocklab-тай нэгдэх бол ЭНД дараарай.

Reuters

🔹Apple (AAPL)-н дэлхий дахин дахь компьютерын нийлүүлэлт I улиралд 40.5% буурав. Улмаар өнгөрсөн онд 8.6% байсан тэдний компьютерын ЗЗ-д эзлэх хувь нь 7.2% болж 1.4 нэгж хувиар буурсан аж. Нэмж хэлэхэд ТОП-5 компьютер үйлдвэрлэгчийн нийлүүлэлт дунджаар 29% буурсан гэнэ.

🔹 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. Иргэд, олон нийттэй харилцах төвд иргэдээс ирж буй нийт гомдлын 15%-20% нь, биечлэн мэдүүлж буй гомдол, саналын 50% нь газрын маргааны талаар байгаа аж. Тиймээс “Шүгэл” ажиллагааг тус албанд хэрэгжүүлж буй.

🔹Fortune крипто салбарын 40 тэргүүлэгчдийг тодрууллаа. Тэд Америкийн шилдэг 500 компанийг тодруулдгийн адил крипто салбарын 40 шилдэг бизнесийг 8 төрөлд ангилжээ. Тухайлбал, шилдэг протоколоор Эфэриум (ETH), шилдэг CeFi-р Coinbase (COIN) зэрэг тодроод буй.

🔹МИК Холдинг (MIK) өнгөрсөн онд ₮6 тэрбумын ашигтай ажиллав. Тус компанийн хүүгийн орлого 7.7% буурч ₮336 тэрбумд хүрсэн. Гэхдээ тэд үүсмэл санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс ₮115.9 тэрбумын олз олсноор ийнхүү ашигтай ажиллажээ. Хувьцааны үнийн хувьд он гарснаар 13.2% унаад буй.

TreeOn төсөл гэж юу вэ?

Таван Богд Финанс ББСБ ХХК нь 2022 оны IV улирлаас эхлэн байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцооны хүрээнд TreeOn төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Зээлээ ч ав, модоо ч ургуул

Уг төслийн хүрээнд PayOn зээлийн апп-аар зээл авах, зээлээ эргэн төлөх тутамдаа, мөн өдөр тутмын алхалтын тоогоороо ус цуглуулж түүгээрээ PayOn апп-ийн виртуал орчинд мод ургуулах боломжтой.

  • Хэд: Төслийн хүрээнд 2030 он гэхэд 1 сая мод тарихаар зорьж буй. Харин одоогоор 10,000 гаруй хүн хамрагдаж нийт 81,000 гаруй литр ус цуглуулан 8,800 мод тариад байна.

  • Үр дүн: PayOn апп-ийн зээлдэгч зээлээ буцаан төлөх замаар модоо ургуулж дууссан үедээ сертификатаа авч модоо Булган аймгийн Элсэнтасархай эсвэл Төв аймгийн Баянхангай зэрэг төслийн газруудад тарих юм. Модыг бодит орчинд тарьж, арчлахад МУ-ын ШУА болон Ногоон Ази ТББ нар хамтарч буй.

  • Нөлөө: Уг төслийн хүрээнд таригдах модыг Монголын цөлжилт ихтэй байршлуудад сонгох учир нүүрстөрөгчийг бууруулж, биологийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлнө.

Эцэст нь… Заа тэгээд нэг талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хөндөгдөж нөгөө талаас зээлийн хэрэгцээ шаардлага байгаа энэ үед ийм төрлийн шийдэл байгаа нь янзтай. 🌳

За товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгана шүү. Зөвийг нь олоорой. 🤓 

A. МХБ-ийн ҮЦК-иудын цэвэр ашиг өмнөх оноос 4.1 дахин өсөж ₮16.4 тэрбумд хүрчээ.

B. Америкийн шилдэг 500 компанийн 12.6%-ийг эмэгтэй CEO нар удирддаг.

C. МИК Холдинг өнгөрсөн онд ₮6.1 тэрбумын ашигтай ажиллав.

  • Сонирх: Apple хулгайч уу? (GIZMODO)

  • Мэд: Google Pay-н саатал ба азтай хэрэглэгчид. (mint)

  • Турш: Зүрхээ эрүүл байлгая гэвэл сайн унтаж байгаарай. (AHA)

  • Сонс: Анхаарлаа төвлөрүүлэхэд тань тус болно. (RelaxingWhiteNoise)

Зөв хариулт А. МХБ-ийн ҮЦК-иудын цэвэр ашиг өмнөх оноос 4.1 дахин өсөж ₮16.4 тэрбумд хүрчээ.

Reply

or to participate.