- Lemon Press
- Posts
- 💀 Өнөө хямралын эзэн чинь!
💀 Өнөө хямралын эзэн чинь!
Хэмнэлт ч гэж... | $MRNA: 1 өдрийн галзуу өсөлт | ЭМДС-гийн орлого
POWERED BY
Өглөөний мэнд! ЕС мань хүйтэн өвлийг дотоор эв нэгдлээр давна гэж уянгаллаа. Эв нэгдэл эрчим хүч үйлдвэрлэдэг бол сайхан аа. Хэдүүлээ эв нэгдлээр өвлийг ч давах юм бол өөр юуг давж болох уу? 🤔🤐


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк Санхүүгийн салбарын тогтолцоог ногооруулах төв банк, хянан зохицуулах байгууллагуудын холбоо (NGFS)-ны гишүүн болжээ.
COP: БОУАӨЯ, Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК болон Монголын байгалийн өв сан 3 хамтарч биологийн олон янз байдлын нөхөн төлбөрийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
GOV: ЗГ 1072 хувьцааг хуулийн хүрээнд нээж, зах зээлд арилжаалах боломжийг бүрдүүлэхийн сацуу дараа нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй компани болгохоо зарлалаа.

😶🌫️ Хэмнэлт ч гэж…

Энэ оны эхний 7 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ₮2.2 их наядад хүрсэн. Анх батлагдсан түвшнээс 2 дахин өссөн хэрэг. Харин ЗГ үүний эсрэг хөөрхөн хэмнэлт хийхээр болоод байна.
😮💨 Ичсэн нүүрэндээ гэдэг шиг
Төсвийн орлого төлөвлөснөөс ₮1.4 их наядаар дутуу төвлөрсөн, үнийн өсөлт болон эрчим хүч, шатахууны доголдол үүссэн энэ нөхцөлд ЗГ 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэв. Тодруулбал, томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, баяр ёслол гэх мэт илүүц урсгал зардлуудыг бүрэн танаж ₮1.4 их наядын хэмнэлт хийнэ гэнэ. Гэвч хэмнээд, хэмнээд, бүсээ чангалсан гэж байгаа ч алдагдлынхаа хэмжээнд хүрч хэмнэж чадаагүй байна.
‼️ Хэмнэлтийн гүнд
Сайд нарын багцын урсгал зардлаас ₮433.4 тэрбум, Нийслэлийн үнэт цааснаас ₮758 тэрбум, Хөрөнгийн зардлаас ₮249.5 тэрбум гэхчлэн хэмнэх аж. Түүнчлэн, худалдан авах ажиллагаа явуулаагүй ₮252.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг зогсоож, төрийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ногдол ашгийг ₮1.6 их наядад хүргэхээр тооцсон байна. Хэмнэсэн хөрөнгөө иргэдийг инфляц, үнийн өсөлтөөс хамгаалах болон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулна гэнэ дээ.
🙀 Цалин, тэтгэвэр: Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд ₮674.5 тэрбум, шинжлэх ухааныхыг 35% нэмэхэд ₮80.1 тэрбум, ахмадуудад суурь тэтгэвэр олгоход ₮196.3 тэрбумыг тус тус зарцуулах нь. Нэмээд 11-р сараас эрүүл мэндийн цалинг 20%, соёл, спорт, төрийн үйлчилгээний цалинг 50% нэмнэ. Аяа, яа.
🥊 Стратегийн нөөц ба эрчим хүч: Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөд ₮150 тэрбум, эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаалахад ₮107.3 тэрбум, эрчим хүчний их засвар, шинэчлэлд ₮92.7 тэрбум. Бас болоогүй "Гэрт ойр сургууль” хөтөлбөрт ₮50 тэрбум.
Эцэст нь… Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна, мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд байна гээд байхад л хэмнэнэ гэснийхээ цаана цалин нэмнэ, үрж байгаа мөнгөө арай өөрөөр үрнэ гэсэн байх юм даа.

✊🏻 VC хөрөнгө оруулалт цөөн хэдэн компанид хэзээ ч байгаагүйгээр төвлөрч байна. (ProfGMedia)
🔎 Нэг шонхор шувуу ₮26.1 саяын үнэтэй ба олсон орлогын 90% нь орон нутагт үлддэг. (news.mn)
🤖 Хятадад үйлдвэрлэгдсэн хүн дүрстэй роботын жинхэнэ худалдан авагч нь хэн бэ? (FT)
📖 Claude ашиглахад хэрэгтэй бүхнийг багтаасан үнэгүй онлайн сургалт. (AnthropicSkilljar)

😱 1 өдрийн галзуу өсөлт
MRNA: Moderna болон Merck компанийн хамтран хөгжүүлж буй арьсны хорт хавдар өвчний эсрэг вакцины туршилт амжилттай болсноор Moderna-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 177% өсжээ. Харин өчигдөр бага зэрэг унасан аж. Энэхүү дэвшил нь Moderna-д зөвхөн халдварт өвчин бус хорт хавдрын салбарт төрөлжих томоохон боломж олгож байна. Bank of America (BAC)-с Moderna-н зорилтот үнийг $170 болгон 4 дахин нэмсэн гэнэ.

💀 Өнөө хямралын эзэн чинь!

Азийн хамгийн баян хүнээс насан туршийн ялтан болтлоо унасан Хуй Ка Яны түүх бол сүүлийн хэдэн арван жилд тохиосон хамгийн драматик санхүүгийн эргэлт боллоо. Энэ сарын 20-ны өдөр Хятадын Шэньжэнь хотын шүүхээс China Evergrande Group-н үүсгэн байгуулагч, 67 настай Хуй Ка Янд насан туршдаа хоригдох ял оноож, хувийн бүх хөрөнгийг нь хураан авахаар болсон байна.
👑 Ядуурлаас Азийн сэнтий рүү
Хэнань мужийн ядуу тосгонд өсөж, гангийн үйлдвэрийн техникийн ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн Хуй Ка Ян 1996 онд Evergrande үл хөдлөхийн компанийг байгуулсан байдаг. Түүний хямд газар авч, бага ашигтайгаар хурдан борлуулах стратеги амжилттай хэрэгжиж, компани нь Хятадын ҮХХ-ийн салбарын сэнтийд заларсан юм.
🤑 Хэдээр үнэлэгдэж байв? Улмаар 2017 онд түүний хувийн хөрөнгө $45.3 тэрбумаар үнэлэгдэж, Азийн хамгийн баян хүнээр тодорч байв. Цаашлаад, 2020 онд Evergrande-н жилийн борлуулалт $100 тэрбумд хүрч, Хятадын эдийн засгийн өсөлтийн нүүр царай болж байлаа.
🔻 $300 тэрбумын өр ба уналт
Гэвч түүний асар их зээлээр тэлэх бодлого эцэстээ гамшиг дагуулж Evergrande компани $300 тэрбумын гаруй өрөнд баригдаж, гадаад өрөө төлж чадахгүй дампуурснаар дэлхийн хамгийн их өртэй ҮХХ-ийн компани болсон. Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
📌 Хэрэг үүссэн шалтгаан: Асар их зээлээр тэлэх эрсдэлтэй модель нь явцдаа хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, хөрөнгө босгох залилан хийсэн, иргэдийн хадгаламжийг хууль бусаар авсан зэрэг санхүүгийн 8 зүйл анги бүхий гэмт хэрэг болж хувирсан нь энэ.
👊 Зах зээлийн хохирол: Evergrande олон улсын дефолт зарлан албадан татан буугдсан нь Хятадын ҮХХ-ийн салбар болон эдийн засагт одоог хүртэл үргэлжилж буй гүн хямралыг дагуулсан билээ.
Эцэст нь… Энэхүү явдал нь зөвхөн нэг бизнесмений уналт биш, Хятадын болон дэлхийн эдийн засагт одоог хүртэл сөргөөр нөлөөлж буй ҮХХ-ийн салбарын хөөс хэрхэн хагарсныг харуулсан түүхэн сургамж боллоо доо.

Дараах эможигоор 3 компанийг дүрсэлсэн байгаа. Ямар компаниуд байна, таагаарай.
🧱 + 🧱 + 🧱 → 🏠
🧑💻 + 🪟 + 🏢
🌊 + 🏠 + 💰


UConn Today
🍋 Энэ оны эхний 6 сард Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл ашигтай гарчээ. Тодруулбал, тус сангийн орлого ₮1.3 их наяд, зарлага ₮1.2 наяд байсан бөгөөд орлого нь 98.2%, зарлага нь 98.5%-ийн гүйцэтгэлтэй гарч, сангийн тэнцэл ₮64.6 тэрбумын ашигтай гарав.
🍋 COP17-н үеэр Монголын ногоон санхүүгийн корпорацын албан ёсны нээлт болов. Уг корпорац цаашид Монгол Улсын ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцооны чухал институт болох бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг онилсон $50 саяын хөрөнгө оруулалт татсан байна.
🍋 Хятад сансрын аялал жуулчлалын салбарт хөл тавилаа. Тус улсад пуужин хөөргөхийг харах гэж хүмүүс цуглахаас эхлээд сансрын музей, Ангараг гаргийг дуурайлган бүтээсэн орчин зураг даруулах гэхчлэн сансартай холбоотой бизнес цэцэглэж байна. Үүнээс гадна тэд 2030 гэхэд хүнтэй сарны аялал болон Ангарагийн аялал хийхээр төлөвлөж байгаа аж.
🍋 Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулав. Уг төслийг Нийслэл, Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлээд буй. EDGE стандартад нийцсэн уг орон сууц нь ердийн барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25%, усыг 20%-25% хэмнэх аж. Төслийн хүрээнд цаашид нийт 4,200 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply