- Lemon Press
- Posts
- 🪓 Дарга нарын "beef"
🪓 Дарга нарын "beef"
Нөөцийн мах хаана байна? | Дараалсан уналттай $BABA | Bye A-Sound
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! Зун хаяанд ирснийг тохиолдуулан халуун ус хязгаарлах аялан тоглолт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Эхний ээлжид Яармаг, 19-р хороолол, 120 мянгат, Зайсан орчмоор оршин суудаг иргэд халуун усгүй 10 хонохоор байна. За тэгээд энэ хавийн лимонууддаа тусгайлан шинэ долоо хоногийн мэнд хүргэе! 🤘🏻🥶


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн зардлыг төсвийн алдагдал, зардалд тооцохгүй байхыг гишүүдийн 75% дэмжжээ.
NSO: 2026 оны I улиралд ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар буурч 60.4%-д хүрсэн ба нийт 1.4 сая ажиллах хүчний 94.3%-ийг ажиллагч, 5.7%-ийг ажилгүй иргэн бүрдүүлэв.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д ₮90.2 тэрбумын болон $9.9 саяын арилжаа явагджээ. Нийт $-ын арилжааны 85% нь хоёрдогч зах зээл дээр явагдсан аж.

🪓 Дарга нарын "beef"

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод нэгэн аймшигт хэрэг болоод өнгөрлөө. Энэ хэрэгт дарга нар холбогдсон төдийгүй нэг дарга нь нэгнийгээ “Алиа бацаан” хэмээн дуудаж амжсан байна. Тэгэхээр юу болсныг товчхон хүргэе.
👀 Далим гарав
Бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал хүнсний зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллалаа. Түүнд энэ үеэр 2025 оны мөн үеэс 53.2% өсөөд буй 1 кг үхрийн махны үнэ ₮35.8 мянгад хүрсэн асуудлаар иргэд, олон нийт уур, бухимдлаа илэрхийлэн нөөцийн махны бараа нь тасарсныг уламжилжээ.
🗯️ Хариуцлага тооцов
Тэр орой нь ЕС УБ хотын захирагч Х.Нямбаатарыг дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, иргэдийн нуруун дээр үнийн өсөлтийг авчирсан зэрэгт үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болов. Цаашлаад, уг асуудал дээр тусгай ажлын хэсэг байгуулж нийслэлийн төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалгах даалгаврыг өгчээ.
🥊 Хариу цохилт
Энэ бүхнийг харан суусан хотын дарга ЕС-ыг эрс буруушаан өөрийн сошиал хуудсаараа live хийж, тэмцэхээ зарласан аж. Түүний тус live Facebook дээр 2.7 сая хандалт авснаар түүний сүүлийн 6 долоо хоног дахь хамгийн олон үзэлттэй live болов. Түүнчлэн ЕС-ыг ажлаа авсан үеэсээ эхлэн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах замаар хотын ажлуудыг зогсоох шийдвэр гаргаж байсныг ч мэдэгджээ.
🔢 Сонирхолтой тоо: 1999 оноос хойших хотын дарга нар дунджаар 3 жил ажиллаж иржээ. Одоогийн дарга Х.Нямбаатарын хувьд томилогдсон хугацаанаасаа хойш 2.6 жил албан тушаалаа хашиж байна.
👹 Яагаад одоо гэж?
Уг нь бол Х.Нямбаатарыг огцруулах үндэслэл цөөн биш. Дэд бүтэц гэх төслүүдэд их наяд, их наядаар нь цацаж, нийслэлийн төсөв нь тэнгэрт тулж, алдагдал нь тамтагтаа хүрсэн. Ард түмний эсрэг троллтойгоо жагсаж байсан нь саяхан. ₮1 их наядаар стадион барих санаачилга хүртэл гаргаж байснаас нь хэр үрэлгэн байсныг нь харж болох. Гэхдээ огцруулах шийдвэр нь яагаад одоо байгаа нь, шалтгаан нь яагаад мах байгаа нь сонирхолтой.
Юутай ч ЕС-д хотын даргыг огцруулах, дараагийн даргыг 15 хоногт нэр дэвшүүлэх бүрэн эрх нь бий. Тэгэхээр хотын дарга түүнтэй тэмцсэн ч амжилтад хүрэх нь тун бүрхэг. Гэвч юу болохыг харж л сууцгаая. 🍿

⛏️ Дэлхийн ТОП-10 зэсийн уурхайны нэгээр Оюу толгой нэрлэгдлээ. (Mining.com)
🇨🇳 Доналд Трампын Хятад дахь айлчлалаас ямар нэг гэрээ, тохиролцоо зарлагдсангүй. (BBC)
🏀 Залуу од А.Азбаяр хүлээлтээс дээгүүр тоглолтыг үзүүлж байна. (FIBA)
🥩 Америкт ч махны үнэ өссөөр 1 кг үхрийн татсан мах ₮54.4 мянгад хүрчээ. (Yahoo!Finance)

🔻 Дараалсан уналттай $BABA
BABA: Хятадын онлайн худалдааны акул Alibaba-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн Лхагва гаргаас эхлэн 9.1% унаж $132.6 дээр хаагдаад байна. Энэ нь компанийн 2026 оны I улирлын санхүүгийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд EBITA буюу үндсэн үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс огцом 84% буурч $750.9 саяд хүрчээ. Тус бууралтад AI болон үүлэн технологи руу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь томоохон нөлөө үзүүлсэн аж.

🕵️♂️ Эрэн сурвалжлагдаж буй нөөцийн мах

Ерөнхий сайд маань Хүчит шонхороос нөөцийн мах хайсныхаа дараа Нийслэлийн засаг даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай уншсан байх. Тэгвэл одоо тэр мах нь хаана байгааг, хэнтэй нуугдаж тоглоод байгааг сонирхъё.
👀 Тал нь энэ, тал нь алга
Энэ онд нийслэлээс 5,017 тн мах нөөцөлсөн ч одоогоор 2,500 тн махыг худалдаанд гаргаагүй байгаа аж. Мөн ЕС нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани 1 иргэнд ₮216 саяар мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан 9 компани дотор 1 иргэний 2 ААН байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон тул нөөцийн махны худалдааг зогсоогоод буй.
🍖 Илүү бага махыг илүү олон цэгээр
Өмнөх жилүүдэд нөөцийн махыг 9 дүүргийн 500 гаруй цэгүүдээр худалдаалдаг байсан бол энэ жил 600 болгосон. Нөгөө талаас 2020-2022 оны хооронд дунджаар 12 мянган тн мах нөөцөлж бэлтгэдэг байсан бол энэ тоо өнгөрсөн онд 8.7 мянган тн, энэ онд 5 мянга болтлоо буурсан. Гэхдээ нийслэлийн төсвөөс нөөцийн маханд зориулж зарцуулах мөнгөн дүн бол өссөн юм.
☠️ Зарж үрэв: Махны үнэ одоогийнх шиг өсөөгүй байх үед буюу энэ оны 1-р сард хонины махны хувьд шинэ болон нөөцийн мах ₮3 мянгын зөрүүтэй байсан. Гэтэл нийслэлээс нөөцийн махны хүүгийн төлбөрийг төлнө гээд төсвөөсөө ₮8.7 тэрбум гаргахаар шийдвэрлэж байв. Татварын орлогоос ингэж үрсэн ч ЕС нь өнөө махыг нь хайх хэмжээнд байна гэхээр одоо юу хэлэх вэ дээ.
👊 Бага байна нэмнэ ээ: Инээдтэй нь өнгөрсөн 4 сард нийслэлээс шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор нөөцийн махны үнийг ₮3-₮5 мянгаар нэмээд амжсан.
📌💭 Ер нь хэрэг байна уу?
Нөөцийн махны хөтөлбөрийн зорилго нь махны үнийн огцом өсөлтийг тогтворжуулах, хязгаарлах. Гэвч сүүлийн 10 жилд үхрийн махны үнэ 207.5% өссөн нь энэ хөтөлбөрт “F” үнэлгээ өгөх том шалтгаан. Нөгөөтээгүүр 2021 онд нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 44%-45% доогуур борлуулагдаж байсан бол одоо энэ тоо 38%-39% болж, хүртээмж нь буураад байна.
Эцэст нь… Үнэ гэдэг эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтох ёстой. Гэтэл манайд шатахуун, эрчим хүч, мах, сүү гээд бүхий л өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд төр оролцоно. Үр дүнд нь тус тусын салбар нь алдагдалтай, үнэ нь баригдахгүй, нэмээд төсвийн мөнгөнөөс цацаж үрнэ. Энэ тогтолцоо хэзээ халагдах бол доо.

😎 Код бичиж чаддаггүй байсан ч зүгээр дээ

Zochil.mn танд богино хугацаанд бүрэн интеграцчилсан онлайн дэлгүүрээ нээх боломжийг олгож байна. Вэбсайт бол бизнесийн тогтвортой өсөлтийг хангах үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг билээ.
💪🏼 Онлайн худалдааны экосистем: Зочил технологийн хамт олон танай бизнесийн онлайн худалдааг амлан авч борлуулалт, төлбөр тооцоо, хүргэлтийг нэг дор төвлөрүүлсэн бүрэн хэмжээний эко системийг санал болгоход бэлэн гэсэн шүү.
🤩 Тэдний давуу талууд:
Бүрэн интеграци: Төлбөрийн системүүд болон хүргэлтийн үйлчилгээнүүдтэй бүрэн холбогдсон.
0% шимтгэл: Борлуулалтын орлогоос шимтгэл авахгүй.
Үнэгүй туршилт: Эхний 7 хоногтоо бүх функцуудыг үнэгүй турших боломжтой.
Онлайн худалдааг хүн бүрт уриатай Зочил технологийг ЭНД дарж туршаарай. ⭐️💡

Өнгөрсөн Бямба гарагт Ар Халхын алдарт A-Sound хамтлаг “Баяртай” 20 жилийн ойн тоглолтоороо албан ёсоор тарсан гэдгээ мэдэгджээ. Тэднийг дууг сонсож үзээгүй лимонууд зуны бороотой өдөр эморч үзээгүй хүмүүс шиг л ховор биз ээ. Тэгвэл одоо A-Sound хамтлагийн YouTube дээрх хамгийн их хандалт авсан ТОП-5 дууг харцгаая.
Чи намайг - 2.5 сая
Unexpected Answer - 0.9 мянга
Уянга - 872 мянга
Чин зүрхний хайр - 695 мянга
Хаана байна - 590 мянга
Ер нь өнөөдрийн A-Sound хамтлагаар эхлүүлэх сонирхолтой хүмүүс байвал ЭНД дараарай. Энэ жагсаалтыг 1.4 сая хүн сонссон бөгөөд 55 минут 46 секундэд хамтлагийн 14 дууг багтаасан ажээ. 🎧🥲


The Japan News
🍋 Энэ Мягмар гарагт Хятадад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин айлчилна. Тус айлчлал нь өнгөрсөн 7 хоногт болсон Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын айлчлалын дараахан болж буйгаараа онцлог. Айлчлалын үеэр Орос болон Хятадын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Трампын айлчлалын талаар 2 хөрш санал солилцох бөгөөд хамгийн сүүлд тэд 2024 оны 5-р сард дээд хэмжээний уулзалт хийжээ.
🍋 Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн нээлт боллоо. Сонгинохайрхан уулын бэлд барьсан энэхүү үйлдвэрийг Америкийн Мянганы сорилтын корпорацын $350 саяын буцалтгүй тусламж, ЗГ-ын $112 саяын хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтад оруулжээ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч, гүн цэвэршүүлсний дараа төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх аж.
🍋 2026 оны I улиралд тээврийн орлого улсын хэмжээнд жилийн өмнөхөөсөө 23.1% нэмэгдэж ₮2.8 их наядад хүрчээ. Уг өсөлтөд авто тээврийн орлого 26.3%, төмөр замын тээврийн орлого 44.5% тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Сонирхуулахад, тус хугацаанд нийт 44.5 сая зорчигч, 43.5 сая тн ачаа тээвэрлэсэн байна.
🍋Нийт $500 саяын хөрөнгө оруулалт шаардагдах Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ авто замын барилгын ажил эхэллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих уг автозамын гүйцэтгэгчээр Хятадын Жүнлүшүн Констракшн Инвестмент ХХК сонгогдон аж. Авто замын төслийг 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх ба 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжих гэнэ.

Даваа: Эхний 4 сард Монголын нийгэм, эдийн засгийн байдал хэр байв?
Мягмар: Чингисийн Хүлэгүүд BCL Asia тэмцээнд Малайзын багтай учраа таарна.
Лхагва: $NVDA, $ADI, $INTU, $TGT нарын санхүү дэлгэгдэнэ.
Пүрэв: Японы гадаад худалдааны тэнцэл танилцуулагдана.
Баасан: Яг энэ өдөр 1 нөхөр биткойноор 2 пицца худалдаж авч байжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply