• Lemon Press
  • Posts
  • ⚠️ "Гунигт 10 жил" үргэлжлэх үү?

⚠️ "Гунигт 10 жил" үргэлжлэх үү?

Америкийн сөрөг уналт | Ашиг нь өссөн Saudi Aramco | Matrix үргэлжилнэ

POWERED BY

Хөхөгчин тахиа өдрийн мэнд! Шинэ 7 хоног эхэлж байна даа, цаг тооны зурхайгаа харна хө. Өнөөдөр сэрэхүй гэдэг шүтэн барилдлагатай өдөр тохиож байгаа бөгөөд эвээ ололцох, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн гэнэ. Хойшлуулж тавьсан хамтын ажиллагаатай холбоотой ажлаа умалзуулаад байж дээ. 🤝👜

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн сард инфляцын түвшин 10.1%-д хүрч 2 оронтой тоо руу орлоо. Энэ нь 3-р сарынхаас 2.7 нэгж хувиар нэмэгдсэн дүн бөгөөд 2023 оны 9-р сараас хойш анх удаа 2 оронтой тоо руу орсон тохиолдол болов. 

FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо 3 компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр шийдвэрлэв.

BOM: Өчигдрийн байдлаар €1=₮4.2 мянга байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 1 жилийн хугацаанд ₮-ийн ханш €-гийн эсрэг ₮232 буюу 5.9% суларсан байна.

ERD: ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгожээ.

☠️ Бухын доодхыг харсаар турж үхэв

Хөхөөрөө даллаж, үхэхээрээ айлгаж, хоног тоолон хүлээсэн газрын тос боловсруулах үйлдвэр маань хугацаандаа ашиглалтад орохооргүй болж гэнэ ээ.

👺 Яагаад, яагаад заавал… 

Одоогоос 10 жилийн өмнө л яригдаж эхэлсэн газрын тосны үйлдвэр төлөвлөгөө ёсоор энэ онд ашиглалтад орох ёстой байсан ч дуншсаар 2027 он, магадгүй түүнээс ч цааш хойшлох эрсдэл нүүрлэлээ. Шалтгаан нь УИХ-ын чуулганаар үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон зарим татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн боловч дэмжлэг авч чадаагүй гэнэ. 

  • 🧨 Яадаг санхүүжилт вэ? Уг нь 2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас уг үйлдвэрийг барих $1.2 тэрбумын зээл авсан. Гэхдээ энэ нь зөвхөн үндсэн байгууламжуудад зориулагдсан бөгөөд Монголын талаас төмөр зам, авто зам, дамжуулах хоолой гэх мэт дэд бүтцийн болон бусад зардлуудыг гаргах ёстой ч санхүүжилтийн дутагдалд оржээ.

⚠️ "Гунигт 10 жил" үргэлжлэх үү?

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангаж, валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах ёстой. Гэвч сүүлийн 10 жилд бид нефтийн бүтээгдэхүүний импортод $14.3 тэрбумыг зарцуулсан. Энэ нь бараг 10 ширхэг ийм үйлдвэр барих хэмжээний мөнгө. Цаашлаад, ЗГ АИ-92 бензиний үнийг тогтвортой барихын тулд импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх эсвэл алдагдлыг нь өөр хэлбэрээр нөхөх замаар хүчээр барьж байгаа. 

  • 📌 Пүрш тавигдвал яах вэ? Үүнийг шахсан пүрштэй зүйрлэж болно. Зах зээлийн бодит үнэ болон барьж байгаа үнийн зөрүү хэт ихсэхээр төр үүнийг дийлэхээ байх үед үнэ нэг дор ₮500-₮1,000-аар огцом өсөх эрсдэлтэй. 

Эцэст нь… Нефтийн бүтээгдэхүүний хувьд 100% импортоос хамааралтай хэвээр байх нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, үндэсний аюулгүй байдлын эмзэг цэг болоод байна.

  • 👨🏻‍🍳 Дараагийн сонгуульд намынхаа гал тогоог барих генсек нар. (Ubn)

  • ⚠️ ОУВС: Шинэ AI моделиуд санхүүгийн салбарт эрсдэл дагуулж болзошгүй. (FT)

  • ☢️ Хятадын цөмийн эрчим хүчний хөгжил ба Монголын боломж. (iKon)

  • 💫 Google Fitbit Air гэх $100-ын үнэтэй дэлгэцгүй, төхөөрөмжөө танилцууллаа. (Engadget)

🛢️ Ашиг нь өссөн Saudi Aramco 

2222.SR: Өнгөрсөн I улиралд газрын тосны аварга Saudi Aramco-н цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 26% өсөж $33.6 тэрбумд хүрлээ. Энэ нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болсон бөгөөд Ираны дайны улмаас Ормузын хоолой тээвэр саатсан ч Саудын Арабын газрын тос дамжуулах зүүн-баруун хоолой өдөрт 7 сая баррель нефть тээвэрлэх бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нийлүүлэлтийн нөлөөллийг бууруулсан аж. Үүнтэй холбоотой Saudi Aramco I улиралд ногдох суурь ногдол ашгаа $21.9 тэрбум байхаар мэдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.5% өсжээ. 

🦅 Америкийн сөрөг уналт

Дээр үед Америк шиг л сайхан орон байдаггүй байсан бол өдгөө дэлхий дахины нөхцөл байдлаас харахад энэ дүр зураг огцом өөрчлөгдөөд байна. Тэгвэл өнөөдөр үүнийг бататгах нэгэн судалгаатай танилцъя.

🔎 Ардчиллын төсөөлөл

Данийн олон улсын судалгааны Alliance of Democracies Foundation-с жил бүр улс, орнуудын талаарх ардчиллын төсөөллийн индексийг танилцуулдаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 2026 оны үр дүн олон нийтэд нээлттэй боллоо. Дэлхийн 100 гаруй орны 111 мянган иргэдийг хамруулсан энэ удаагийн тайланд Америкт хандах нийтийн хандлага 2 дахь жилдээ дараалан улам бүр доройтов.  

  • 🇺🇸 Түүхэн доод цэг: Тухайлбал, өнгөрсөн жил Америкийн ардчиллын төсөөллийн оноо +22 байсан бол энэ жил -5 болж унасан нь тайлангийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ. Бусад томоохон гүрнүүдтэй харьцуулбал Орос -9, Хятад +14 болж өссөн аж. 

‼️ Аюултай улс

Энэ удаад Америк нь Орос, Израилын дараа дэлхийд хамгийн их аюул учруулж болзошгүй улс гэсэн асуултад хамгийн олон удаа нэрлэгдсэн улс болоод байна. Үүнд Трампын нэмэлт тариф, Гринландыг булаан авахаар удаа дараа сүрдүүлсэн, Украинд үзүүлэх тусламжийг танасан, Иранд зарласан дайн зэрэг нь ихээр нөлөөлжээ. 

  • 🏛️ Удирдагчийн нөлөө: Судалгаанд оролцогчдын 82% нь Доналд Трампын талаар сөрөг хандлагатай байв. Энэ үзүүлэлт нь Владимир Путин 61 оронд, Ши Жиньпин 44 оронд сөрөг үнэлгээтэй байгаатай харьцуулахад илүү өндөр үзүүлэлт болсон юм.

Эцэст нь… НАТО-н экс Ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссен Америкийн энэхүү уналтыг харамсалтай хэр нь гайхах зүйл биш хэмээн дүгнэжээ. Эндээс харахад, сүүлийн жилүүдэд Америкийн үйл хөдлөл бүр дэлхийд аюул учруулж болзошгүй мэт болоод байна. Кино үзэх дуртай лимонууд байвал яг одоо үргэлжилж буй The Boys цувралыг үзээрэй гэж зөвлөе. Учир нь тус цувралд Америкийн өнөөгийн байдлыг нэгд нэгэнгүй харуулна даа. 😬 

💦 Ус, дулааныг 1 дороос

Ус, дулаантай холбоотой бүхий л үйлчилгээг 1 дороос авах боломжтой E-water платформын талаар сонссон уу? 

  • ⭐️ Олон боломж: Зөвхөн усны тоолуурын заалтаа илгээхээс гадна E-water платформоор иргэд болон ААН-үүд усны хэрэглээгээ хянах, засвар үйлчилгээний дуудлага өгөх, санал хүсэлт, гомдол илгээх зэрэг олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой ажээ.

  • 💡 Хамгийн сонирхолтой нь энэ платформд усны тусгай зөвшөөрөл авах, ус ашиглуулах дүгнэлт гаргуулах зэрэг төрийн үйлчилгээнүүд багтжээ. Түүнчлэн тус системд нэвтрэхдээ ДАН системээр баталгаажуулан хялбархан ашиглаж болно.

За тэгээд тоолуурын заалтаа илгээхдээ апп доторх тоолуур цэс рүү орж, мэдээлэл илгээх үл хөдлөхөө сонгон заалтын мэдээллээ оруулаад илгээхэд л хангалттай. Мөн зургийг нь дараад явуулсан ч болох аж. 😌

Өнгөрсөн амралтын өдрүүдэд The MongolZ баг болон The Huns багууд PGL Astana 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтуудаа хийсэн билээ. Үүнтэй холбоотой ер нь Монголын Esports-н төрлүүдээс баг, тамирчид маань оролцсон тэмцээнүүдээс нийт хэдий хэмжээний шагналын мөнгө хүртэж байсныг сонирхоцгооё.

  1. $2.8 сая: PUBG Mobile

  2. $2.6 сая: Counter-Strike 2

  3. $0.8 сая: Counter-Strike: Global Offensive

  4. $0.5 сая: Dota 2

  5. $0.1 сая: Mobile Legends: Bang Bang

Сонирхуулахад, The MongolZ-н bLitz буюу Б.Гарьдмагнай нь тэмцээнүүдийн шагналын сангаас нийт $516.9 мянгыг олсноор хамгийн өндөр орлоготой Монгол Esports-н тамирчнаар нэрлэгдэж байна. Түүний орлогын $476.2 мянга буюу 92.14% нь Counter-Strike 2 төрлийн тэмцээнүүдээс бүрджээ. 💰🔫

GIPHY

🍋 Warner Bros (WBD) болон Village Roadshow компанийн хоорондын шүүхийн маргаан эцэслэгдэв. Matrix Resurrections киног кино театр болон HBO Max-р зэрэг гаргаснаас үүдэж үүссэн олон жилийн маргаан $WBD-д $57 саяын нөхөн төлбөр олгосноор эцэслэгдсэн бол Village Roadshow компани дампуурлаа зарласан билээ. Уг маргаан дууссанаар Matrix цувралын дараагийн буюу 5 дахь ангийг Дрю Годдардын найруулгаар цацагдах нь ээ. 

🍋 Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдлээ. Тодруулбал, энэ жилийн Олон улсын тээврийн форумын үеэр Азербайжан Улстай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэнэ. Мөн Олон Улсын Автотээврийн Холбоотой TIR системийн хөгжил, тээврийн дижитал шилжилтийн чиглэлд хамтрахаар болов 

🍋 Уоррен Баффет болон Илон Маск нарын дэмжиж буй Америкийн өрийг шийдвэрлэх төлөвлөгөө. Уоррен Баффетын "5 минутын төлөвлөгөө"-нд хэрэв улсын төсвийн алдагдал ДНБ-ий 3%-иас давсан тохиолдолд Конгрессын бүх гишүүдийг дахин сонгуульд нэр дэвших эрхгүй болгох замаар улс төрчдөд санхүүгийн хариуцлагыг шууд хүлээлгэх санал тусгагджээ. Бидэнд ч ийм зүйл хэрэгтэй байна даа.

🍋 Азийн Хөгжлийн Банк $50 тэрбумын Пан-Азийн цахилгаан сүлжээ санаачилгыг хэрэгжүүлнэ. Улмаар 2035 он гэхэд бүс нутгийн эрчим хүчний сүлжээг холбож, сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан нэгтгэх замаар 200 сая хүний эрчим хүчний хүртээмжийг сайжруулах аж. Харин нөгөө талд манайд ирэх өвөл 150 МВт-ын эрчим хүчний дутагдал үүсэх эрсдэл үүсээд буй.

  • Даваа: Энэ оны эхний 4 сард гадаад худалдаа хэр байв?

  • Мягмар: 2026 оны I улирлын орон өрийн статистик зарлагдана.

  • Лхагва: $HMC, $FIG, $CMTDF нарын санхүүтэй танилцана.

  • Пүрэв: Их Британийн эдийн засгийн өсөлт нийтлэгдэнэ.

  • Баасан: 2026 оны хаврын Номын баяр эхэлнэ.  

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.