• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Монголын ТОП-10 энтрепренер

🇲🇳 Монголын ТОП-10 энтрепренер

Монложистикс Группийн бизнесийн өнгө| Хэрэглэгчээ хайрлахын тус | 100 вагон $10 саяар

POWERED BY

Өглөөний мэнд! Саяхан Америкийн түүхэн дэх хамгийн агуу энтрепренерүүдийн шинэчлэгдсэн жагсаалтыг  The Wall Street Journal 30 дахь жилдээ танилцуулжээ. Тэгвэл Монголын түүхэн дэх шилдэг энтрепренерүүдийн ТОП-10-д хэн багтах вэ? Лимонуудаараа маань саналаа ЭНД дарж өгөөрэй. 🐐🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮143.9 тэрбумын, $11.4 саяын арилжаа тус тус хийгджээ

UB: ”Улаанбаатар Трам” төслийн 2-р шугам болох Архивын Ерөнхий Газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг маргааш нээх байсан ч 5 сарын 13-руу хойшлууллаа.  

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлал өнөөдөр 10:00 цагаас танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

📑 Монложистикс Группийн 2025 оны бизнесийн өнгө

Өнгөрсөн онд Трампийн тариф бизнесүүдийн махыг барж, дэлхий даяар тээврийн зардал өсөх, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс эхлээд хүчтэй цохилтуудыг ар араас нь өгсөн. Тэгвэл уг нөхцөл байдал Монголын тэр тусмаа тээвэр, логистикийн компанид хэрхэн нөлөөлсөн бол? Шинжье. 

🤔 Тээвэрлэлт буурсан ч хөрөнгө өсөв

Монложистикс Группийн хувьд өнгөрсөн онд 809.3 мянган кг ачаа тээвэрлэж, ачаа тээвэрлэлт нь өнгөрсөн оноосоо 28%-иар буурчээ. Нийт тээвэрлэлт мэдэгдэхүйц буурсантай харьцуулахад, борлуулалтын орлого нь 3%, цэвэр ашиг нь 9% буурсан байгаа юм. Гэсэн ч сонирхолтой үзүүлэлт нь компанийн эргэлтийн бус хөрөнгө нь 87% өсөж ₮19.2 тэрбум, өр төлбөр нь 11% буурч ₮39 тэрбумд хүрсэн байна.  

  • 👉 Шалтгаан: Эргэлтийн бус хөрөнгө ингэж өссөн нь компани Оросоос ₮8 тэрбумаар 50 ширхэг ачааны вагон худалдан авсантай шууд холбоотой. Монложистик Холдинг ХК 2023 оноос эхлэн бизнесийн маневр хийж, 2030 он гэхэд импортоос экспорт руу шилжих зорилт тавьснаар хөрөнгө оруулалтыг ч цутгаж эхэлсэн нь энэ. 

  • 🧗‍♀️ Энэхүү алсын харааны хүрээнд 2025 онд хөдлөх бүрэлдээхүүний баазаа нэмэгдүүлэх, гадаад борлуулалтын сувгаа нэмэх зэргийг гол даалгавар болгон ажиллажээ. 

Уг ажлыг энэ онд ч өргөжүүлж, Оросоос ахин 2 цуваа буюу 100 ширхэг тавцант вагон худалдан авахаар төлөвлөсөн байна. 

🛤️ Тээвэрлэлтээ солонгоруулав

Цаашлаад, компани өнгөрсөн онд Оюу Толгойн гүний уурхайгаас баяжмал тээвэрлэх зориулалттай хүнд даацын чирэгч толгой болон чиргүүл, Бөөрөлжүүт станцад суурилагдсан хэт хүнд, эмзэг ачаанд тооцогддог трансформатор, тэсэлгээний материалыг агаараар гэхчлэн өндөр өртөг бүхий ачаануудыг амжилттай тээвэрлэжээ. Энэ дунд  189 кг жинтэй, $104,088-ын үнэлгээ бүхий уран зураг ч байсан гэж байгаа. 

⚙️ Дижитал шилжилт 

$MLG-н зорьж буй өөр нэг шилжилт нь 8 охин компанийн нийт 217 ажилчдын бүтээмжийг нэмэх бүрэн дижитал орчин бүрдүүлэх явдал. Өнгөрсөн онд гэхэд, бизнесийнхээ бүх үйл ажиллагааг нэгтгэн автоматжуулах odoo EPR, цахим сургалтын E-Learning, баримт бичгийн цахим бүртгэлийн Document Management System, харилцагчийн удирдлагын CRM модуль зэргийг нэвтрүүлсэн аж.  

Эцэст нь… 2025 он Монложистикс Группийн хувьд стратегийн шилжилтийн жил байсан гэлтэй. Гадаад болон дотоод орчны нөлөөлөл ихтэй бизнес нэг иймэрхүү байдаг ажээ. Юутай ч тус групп Орос болон Хятадын зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлд 2026 онд нэлээд анхаарах бололтой. 

  • 🚨 CS-н домгуудын нэг s1mple⁠-н багт залуу од Senzu нэгдлээ. (HLTV)

  • 🎵 Apple 25 жилийн дараа iPod-оо дахин гаргах ёстой юу? (TheVerge)

  • 🎙️ Ч. Ганхуяг: Эцсийн дүнгээ харчихсан хүн зөв сонголтуудыг хийдэг. (Sainscore)

  • 🇨🇳 Хятадын вискиний зах зээл хурдацтай өсөж байна. (Economist)

👾 O x M: Илүү чөлөөтэй харилцаа 

MSFT: OpenAI ба Microsoft-н хамтын ажиллагааны алдартай гэрээ өөрчлөгдөж, хамгийн чухал хэсэг нь устгагдлаа. Өмнө нь ерөнхий хиймэл оюун ухаан (AGI) бий болсон тохиолдолд гэрээний нөхцөл автоматаар өөрчлөгддөг байсан бол одоо энэ заалт бүрмөсөн арилж, AGI гарсан ч гэрээ хэвээр үргэлжлэхээр болжээ. Үүний үр дүнд OpenAI илүү чөлөөтэй болж, Microsoft-с гадна Amazon (AMZN), Google (GOOG) зэрэг бусад компаниудтай хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ өөр cloud дээр түгээх боломж нээгдлээ.

❣️ Хэрэглэгчээ хайрлахын тус

Хятадын брэндүүд хэрэглэгчдийнхээ шүүмжлэл, санал хүсэлтэд хандах хандлагаа үндсээр нь өөрчилж байна. Айлаас сурах юм юу байна вэ гэдгийг судалъя. 

🫂 Tingquan буюу Зөвлөгөөг сонсох

Хятадад сүүлийн үед "Tingquan" буюу "Зөвлөгөөг сонсох" маркетинг хүчээ авлаа. Өмнө нь компаниуд бүтээгдэхүүнээ өөрсдөө зохион бүтээгээд хэрэглэгчдэд тулгадаг байсан бол одоо тэдний санал, шүүмжлэлийг бизнесийн гол шийдвэртээ шууд тусгадаг болжээ. Энэ нь брэнд болон хэрэглэгчийг худалдагч худалдан авагч биш хамтран бүтээгчид болгон хувиргаж буй.

😋 Атаархам бодит жишээнүүд

Шарсан загасны "Kaojiang" сүлжээ ресторан Шанхай дахь анхны салбараа хаана нээхээ хэрэглэгчдээрээ шийдүүлжээ. WeChat-р 45,000 гаруй хүн санал өгч, хамгийн их хүсэмжилсэн байршилд нь ресторан нээгдэхэд 3 цагийн урт дараалал үүсэж, маркетингийн томоохон амжилт олсон байна.

  • 😲 Гар нооргоос гэрт орох бүтээгдэхүүн: Нэгэн хэрэглэгч 3 хүрдтэй буюу цагаан хэрэглэл, гадуур болон дотуур хувцас тусад нь угаах угаалгын машины гар ноорог зургийг сошиалд хуваалцжээ. Үүнийг Haier-н инженерүүд хүлээж авч, бодит бүтээгдэхүүн болгосон юм. Уг машин худалдаанд гараад ердөө 48 минутын дотор 10,000 ширхэг борлогдож тэсрэлт хийв.

🫁 Яагаад ийм өөрчлөлт гарч байна вэ?

Өнөөдрийн Z үеийнхэн брэндээс зөвхөн чанартай бараа биш, харин хүндлэл, үнэлэмж, оролцоог хүсдэг. Компани тэдний үгийг сонсож байгаа нь хэрэглэгчийг үнэлж буйн хамгийн том илэрхийлэл болж буй. Энэ тактик брэндүүдэд өрсөлдөөнт зах зээлд ялгарах том боломжийг олгож байгаа хэрэг. 

🇲🇳 Монголын зах зээлд юу болж байна?

Манайд бол брэндүүдийн маркетинг сошиал суурьтай болсон. Нийт монголчуудын 95% нь интернэт ашиглаж байгаа. Нэмээд Facebook-г ч 2.5 сая хүн хэрэглэдэг буюу энэ суваг дээрх маркетинг нийт хүн амын 72%-д хүрэх боломжтой байгаа гэхээр аргагүй биз. Гэснээс "Millennials" үеийнхний 88% нь өдөр бүр Facebook хэрэглэдэг гэсэн шүү. 

  • 🔑 Нэгийг тунгаахад гэмгүй: Гэхдээ Z үеийнхний анхаарлыг татахыг хүсэж буй брэндүүд Хятадын туршлага шиг тэдний оролцоог нэмэгдүүлсэн, амьд харилцаа үүсгэх маркетингийн төлөвлөгөөнд анхаарлаа хандуулахад гэмгүй дэг ээ. 

🎬 Бичил Кино Наадам зарлагдлаа

Inspiring Asia Бичил Кино Наадам “Community Empowerment” сэдвийн дор “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” уриатайгаар зарлагдлаа.

  • 🌏 Inspiring Asia нь Азийн олон соёлыг нэгтгэсэн, кино уран бүтээлээр дамжуулж нийгэмд эерэг өөрчлөлт түгээхийг зорьдог платформ юм. Энэ жил Монгол, Хятад, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонгконг зэрэг 8 бүс нутагт зохион байгуулагдах кино наадмаар дамжуулан улс орнуудын дуу хоолойг Ази тивд түгээхээр зорьж байна.

⭐️ Энэ жилийн онцлог

“Community Empowerment” сэдэв нь хамтын хүчээр эерэг өөрчлөлт бүтээх санааг илэрхийлнэ. Ингэхдээ нийтлэг үнэт зүйл, зорилгын дор нэгдэн асуудлаа шийдэж буй иргэд, бүлгүүдийн түүхийг өгүүлэх бүтээлүүдийг хүлээн авах аж. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 7 сарын 6, харин үндэсний шалгаруулалт, үзвэр болон шагнал гардуулах ёслол 8-р сарын дундуур болох хуваарьтай байна. Сонирхуулахад, Үндэсний шалгаруулалтын нийт шагналын сан ₮100 сая гэнэ шүү.

🐝🍯 Зөгийн бал хэзээ ч мууддаггүй

Археологичид Египетийн эртний пирамидуудаас 3000 жилийн настай зөгийн бал олсон бөгөөд тэр нь одоо ч идэж болохуйц шинээрээ байсан гэнэ. Зөгийн баланд бактери үржих боломжгүй чийгшил багатай, хүчиллэг орчин бүрддэг тул мянган жилийн дараа ч чанараа алддаггүй байна. 

 

Pinterest

🍋 Казакстаны Atyrau Freight Car Building Plant (AVSZ) Монголын Ore Bal ХХК-тай вагон нийлүүлэх $10 саяын гэрээ байгууллаа. Улмаар тус улсаас 12-6785 загварын 100 люктэй вагон нийлүүлэхээр болсон бөгөөд гэрээ байгуулснаас 1 сарын дотор вагонуудаа нийлүүлэхээр төлөвлөжээ. AVSZ-н хувьд 2024 оноос эхлэн ачааны вагон үйлдвэрлэж компани гэнэ. 

🍋 HSBC (HSBC) Хонгконг дахь дунд шатнаас дээш түвшний банкируудад олон жил олгож ирсэн нэмэлт урамшууллаа эргэн харах болов. Уг нэмэлт нь 1 хүүхдийн сургалтын төлбөрт жилдээ $38,000 хүртэлх  тэтгэмж өгдөг нь Хонгконгийн банкны салбарын хамгийн өгөөмөр тэтгэмжүүдийн нэг байсан юм. Гэсэн ч банк дэлхий даяар ажиллаж буй ажилчдынхаа нэмэлтийг 1 стандарттай болгох, мөн зардлаа бууруулахаар хөдөлж эхэллээ. 

🍋 Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгоно. Боловсролын яам сумын сургуулиудыг 12 жилээс 9 жилийг тогтолцоотой болгож, сум дундын ахлах сургуулиудыг бий болгохоо мэдэгдлээ. Цаашлаад, ирэх 9-р сараас математик, монгол хэлний хичээл дээр 1 хүүхэд 1 AI туслах багштай болж, 1 багш 1 AI туслахтай болох платформ бий болох аж.  

🍋 Хятад Meta (META)-н AI стартап Manus-г $2 тэрбумаар худалдан авах хэлцлийг зогсоов. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (NDRC) өчигдөр тус хэлцлийг хориглосноо зарлалаа. Энэхүү хэлцэлд Бээжин, Вашингтон аль аль нь анхаарал хандуулж байсан төдийгүй Хятад 1-р сараас эхлэн шалгаж эхэлсэн байдаг. Manus-н хувьд анх Хятадад байгуулагдаж дараа нь Сингапур руу шилжсэн компани. Тус компанийг DeepSeek-н дараагийн өрсөлдөгч гэж нэрлэж байв.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.