- Lemon Press
- Posts
- 🌈 Хаалттай банк: Эрээн ашиг
🌈 Хаалттай банк: Эрээн ашиг
$TUM: Хувьцаа халаасална | SpaceX-н IPO айсуй | замын хөдөлгөөний хурдыг нэмнэ
POWERED BY
Өглөөний мэнд! Дүн өвөл өндөрлөхтэй зэрэгцээд Засгийн газраас ирэх өвөлдөө бэлтгэж эхэллээ. Тухайлбал, УБЦТС компаниас ирэх өвлийн оргил ачааллыг давах засварын ажлыг энэ 3-р сараас эхлэн 10-р хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ. Тэгэхээр ирэх 6 сарын хугацаанд тодорхой газруудад цахилгааны хязгаарлалт хийх нь байна шүү. ⚡️🫡


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гашуунсухайт боомтод Смарт Эко Транс ХХК-д хууль зөрчиж олгосон 66 га газар ашиглах эрхийг хүчингүй болгож, тус газрыг төрийн мэдэлд буцаан авав.
MSE: Өчигдрийн арилжаагаар Монинжбар ХК (MIB)-ийн хувьцаа 15% , Женко тур бюро ХК (JTB)-ийнх 10.7%, Крипто Үндэстэн ХК (CNF)-ийнх 9% тус тус өсөж өсөлтийн цувааг тэргүүллээ.
GOSI: Нийгмийн даатгалын сан арилжааны банкнуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны 2-р сарын хүүгийн орлого болох ₮8.1 тэрбумыг хүлээн авснаар нийт хүүгийн орлогын дүн ₮87.1 тэрбумд хүрчээ.
UB: Нийслэлийн хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барьснаар авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1% нэмэгдэнэ.

🪢 Өсөлт бууралтын заагаар

Банк санхүүгийн академи банкны салбарын тоймыг гаргажээ. Үүнтэй холбоотойгоор хаалттай банкнуудын 2025 оны үр дүнг танилцуулъя. Суга өсөж суга буурсан эвгүй л тоонууд байна даа. Эвлүүлж бичвэл, 👇
💥🪃 Анх удаа ₮10 их наядыг давав
Нийт 12 арилжааны банк байгаа гэдэг ч Чингис Хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2024 оноос хойш тайлангаа нийтлэхээ больсон. Улмаар системийн болон системийн бус 5, 5 банк үйл ажиллагаа явуулж буй. Системийн бус 5 банкны нийт хөрөнгийг харвал жилийн өмнөхөөсөө дунджаар 42.3% өсөж нийт дүн нь ₮10.4 их наяд болсон аж.
📌 Нэмэгдсэн шалтгаан: Тус 5 банкны цэвэр зээл дунджаар 27% нэмэгдэж ₮4.4 их наядад хүрсэн нь нийт хөрөнгийн өсөлтөд нөлөөлсөн хэрэг. Энэ дундаас Капитрон банкны л нийт хөрөнгө ганцаар 5.7% буурсан байна. Улмаар М банк нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж эхэлжээ.
🌈 Эрээн ашиг: Цэвэр ашгийн тухайд, Капитрон банкны цэвэр ашиг 77% буурсан бол Ариг банк ₮12 тэрбумын алдагдал хүлээж. Харин бусад 3 банкны цэвэр ашиг дунджаар 82.8% нэмэгджээ. Энэ дундаас 2024 онд ₮6.4 тэрбумын алдагдалтай ажилласан М банк ₮4.1 тэрбумын ашигтай ажилласан нь онцлох үзүүлэлт байлаа.
🔻 Чанаргүй зээл: Салбарын дунджаас өндөр
Харж байгаачлан дээрх 5 банкны цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь дунджаар 8.6% байгаа. Ариг банкных хамгийн өндөр буюу 12.7% бол Богд банкных хамгийн бага буюу 1.7%. MBA-н тайланд дурдсанаар банкны салбарын чанаргүй зээлийн хувь 15 жилийн доод түвшинд буюу 5% байгаа аж. Тэгэхээр хаалттай 5 банкны хувьд энэ үзүүлэлт дээр анхаарах шаардлагатай байгаа юм.
😶🌫️ Өөрчлөлтийн нөлөө: Цаашлаад, Банк санхүүгийн академийн тоймоос онцлоход зохицуулагч байгууллагуудаас өр орлогын харьцаанд өөрчлөлт оруулснаар цалин, тэтгэврийн зээлийн олголт жилийн өмнөхөөсөө буурсан байна. Харин эсрэг талд хадгаламж барьцаалсан болон кредит картын зээл өсжээ. Боломж боломжоороо л зээл тавиад амьдарч байх шиг.
Эцэст нь… Хэрэв олон нийтэд нээлттэй, системийн нөлөө бүхий 5 банкны 2025 оны тоймыг уншаагүй бол ЭНД дарж уншаарай. Банкны салбарын үзүүлэлтийг хэзээ ч тоймлосон сонирхолтой, үзээтэй байдаг даа.

🪪 2 сая гаруй иргэний хувийн мэдээлэл алдагдсан уу? (Ikon)
👅 Солонгос хэлний мэдлэгээрээ өрсөлдөөд ₩12 саяын шагналаас хүрт. (TheKoreaTimes)
🧑🎓 Италийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. (БоловсролынЯам)
🧳 Алдагдсан ачаагаа олох хялбар арга. (TechCrunch)

🐔🐣 $TUM: Хувьцаа халаасална
TUM: Түмэн Шувуут ХК-ийн ТУЗ-ийн хурлаас 2026 онд хувьцааны үнийг бодит үнэ цэнд хүргэхэд дэмжлэг үзүүлэхээр ₮500 саяар хувьцаа халааслах шийдвэр гаргажээ. Компанийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн байдлаар ₮364.9 дээр хаагдсан бөгөөд хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 1.6%, 2026 он гарснаас хойш 0.8% тус тус унаад байна. Сонирхуулахад, $TUM 2025 оны цэвэр ашгийн 30% буюу нэгж хувьцаанд ₮21.8-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн аж.

🗓️ SpaceX-н IPO айсуй

Он гарснаас хойш сансарт бизнес хийх мөрөөдлийг бодитой болгосон алдарт Элон Маскийн SpaceX IPO-н бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Тэгвэл яг хэзээ IPO хийхээр төлөвлөж буйг нь сонирхоод үзье.
🤫 IPO-н дохио
Энэ сард багтан SpaceX IPO-н хүсэлтээ SEC-д ирүүлэхээр төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Ингэхдээ олон нийтээс $50 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд $1.75 их наядын үнэлгээнд хүрэх төлөвтэй байна. Хэрэв энэ нь амжилттай хэрэгжвэл 2019 онд Saudi Aramco (2223.SR) $29 тэрбумыг босгосноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдоно. Бэлтгэл ажилтай холбоотой зарим нэг мэдээллийг харвал:
6 банк: SpaceX андеррайтераар Citigroup (C), Mizuho (MFG), Royal Bank of Canada (RY.TO), Barclays (BARC.L), Deutsche Bank (DB) болон UBS Group (UBS) зэрэг томоохон 6 банкыг сонгожээ.
$8 тэрбум: Өнгөрсөн онд SpaceX $16 тэрбумын орлого олж, $8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Орлогын дийлэнх хэсгийг буюу 50-80%-ийг нь хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink бүрдүүлсэн аж.
$545 сая: IPO-н хүсэлтэд SpaceX-н эзэмшиж буй $545 саяар үнэлэгдэх 8,285 Биткойн (BTC)-ы мэдээлэл ил болох магадлал өндөр юм.
💰 Бусад хүлээлт
SpaceX-с гадна хэд хэдэн компанийн IPO ойрын хугацаанд хийгдэх хүлээлттэй аж. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр AI-н аварга OpenAI $110 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээ нь $840 тэрбумд хүрчээ. Харин тэдний гол өрсөлдөгч Anthropic Series-н үнэлгээ $380 тэрбумд хүрээд байгаа ба хамгийн сүүлд Series G шатанд $30 тэрбумыг санхүүжилт татсан аж. Түүнчлэн TikTok-г эзэмшигч ByteDance-г хөрөнгө оруулалтын General Atlantic $550 тэрбумаар үнэлээд байна.
Эцэст нь… SpaceX-н IPO-н бэлтгэл ажил ногоон гэрлээр урагш явбал ирэх 6-р сард цан цохих ёслол болох товтой. Тэр үеэр дэлхий нийтээрээ л шуугих нь гарцаагүй тул урьдчилаад та хэддээ энэ талаар хүргэлээ шүү. 😅

8,015 хүн
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 8,015 иргэн хорт хавдраар өвчилснөөс ойролцоогоор 59% буюу 4,747 иргэн нас баржээ.
1/4
Энэ нь 2025 онд нас барсан нийт иргэдийн 1/4 -тэй тэнцэх, Монголчуудын нас баралтын №2 шалтгаан болж байна.
31%
Тэгвэл Монголчуудын нас баралтын шалтгааны №1 буюу 31%-ийг дангаараа зүрх судасны тогтолцооны өвчин эзэлж буй.


Mint
🍋 Binance энэ онд Азид нэмэлтээр 5 орны крипто лиценз авахаар зорьж байна. Эдгээр орнуудаас тодорхой болсон нь Өмнөд Солонгос бөгөөд ингэснээр Binance тус улсыг оролцуулаад Австрали, Энэтхэг, Индонез тэргүүтэй Азийн нийт 12 оронд зохицуулалтын лицензтэй болох юм. Гэснээс Ази, Номхон далайн хэрэглэгчид дэлхийн нийт крипто эзэмшигчдийн 74.6%-ийг бүрдүүлж байгаа.
🍋 ГБХНХЯ, АХБ хамтран өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлаас гаргах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ядуурлын түвшнээс доогуур орлоготой өрхүүдийг хамруулж амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ авах, тэр дундаа газар тариалан, ХАА-н үйлдвэрлэл эрхлэхэд бүх талаар дэмжих аж. Хөтөлбөрт 5,000 өрхийг хамруулах бөгөөд орон нутгийн удирдлага амьжиргаа багатай өрхийн тоон мэдээлэлд тулгуурлан сонгох юм гэнэ.
🍋 Азийн тэргүүлэгч чип үйлдвэрлэгчид энэ онд чип үйлдвэрлэлд түүхэн дээд буюу нийт $136 тэрбумыг зарцуулахаа мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн оноос 25% өссөн дүн бөгөөд AI хөгжүүлэлтэд ашиглагдах эрчим хүчний чипийн эрэлт өндөр байгаатай холбоотой юм. Улмаар зах зээл дээрх чипийн үнэ энэ оны I улиралд 5%, II улирлаас эхлэн дунджаар 10%-15% өсөх хандлагатай байна.
🍋 Spring Airlines Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж эхлэв. Нислэгийн тийзийг Spring Airlines апп болон Wechat ашиглан нэг талын $132.9-оор худалдаалж байгаа аж. Нислэгийн цагийн хувьд Улаанбаатараас 13:00-д хөөрч, 16:45-д Shanghai Pudong International Airport-д газардах бол Шанхайгаас 08:00-д хөөрч 12:00-т Улаанбаатарт ирэх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply