• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Бизнесийн акулууд тодорлоо!

🇲🇳 Бизнесийн акулууд тодорлоо!

Corgi-гоос юникорн болсон түүх | ДАШТ-ээр Lenovo гялалзана | Шанхайн санаачилга

POWERED BY

Сайхан амрав уу? Өчигдрийн нийслэлийн сонсголоор эвгүй баримтууд их яригдлаа. Алдагдал нь улсын төсвийнхөөс 2.4 дахин их л гэнэ, 80 компани байгуулж хувийн хэвшилтэй өрсөлдсөн л гэнэ. Энэ бүх үр дүн өмнөх хотын даргатай хамаатай ч өнөөх маань харин харагдсангүй. Юутай ч удахгүй сонсголын тойм хүргэм зээ. 🧘

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9% өсөж ₮11.7 их наядад хүрсэн ч зардал, цэвэр зээлийн хэмжээ 18.7% тэлснээр төсвийн алдагдал 5.2 дахин нэмэгдэж ₮1.4 их наяд болжээ

SUP: Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

EN: Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтран эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр хамтарч ажиллана. Мөн Монгол болон Киргиз эрчим хүчний туршлагаа харилцан солилцоно.

UBH: Улаанбаатар Хивс ХК (UBH)-ийн ТУЗ-ийн дарга шинэчлэгдэж Ц.Зоригт томилогджээ.

🇲🇳 Бизнесийн акулууд тодорлоо!

Өчигдөр ЗГ болон МҮХАҮТ-иас 2025 оны ТОП-100 ААН-үүдийг тодрууллаа. Тэгвэл Монгол Улсын эдийн засагт эдгээр бизнесийн акулууд ямар хувь нэмэр оруулсныг харцгаая.

🔄 Урт биш товчхон

Өнгөрсөн онд ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 19.7% өсөж ₮65.7 их наядад хүрчээ. Ингэснээр ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого ДНБ-ийн 73%-тай тэнцэх болсон нь өмнөх оноос 4 нэгж хувиар өслөө. Цаашлаад, тэдний улсад төлсөн татварын хэмжээ 5.2% нэмэгдэж ₮8 их наядад хүрч, нийт татварын орлогын 30%-ийг бүрдүүлсэн байна.

  • 📉 Ажиллах хүчин: Хэдий ихэнх үзүүлэлтүүд өссөн ч ТОП-100 ААН-ийн ажиллагчдын тоо 2.8 мянгаар буурч 84.7 мянга болов. Энэ нь шинээр ТОП-100 ААН-д нэмэгдсэн 19 компанийн ажиллагчдын тоо жагсаалтаас хасагдсан 19 компаниас харьцангуй цөөн байсантай холбоотой байж болзошгүй.

  • 🏬 Худалдаа №1: Өнгөрсөн хугацаанд ТОП-100 ААН-д ихэвчлэн уул уурхайн салбарын компаниуд бусад салбараас илүүтэй багтаж байсан бол энэ удаагийн жагсаалтад худалдааны салбарын компаниудын тоо уул уурхайн салбараас 2-оор илүү гарч 27 болжээ

⭐️ ТОП-10-ыг харвал 

Эхний 10-т жагссан компаниудаас 4 нь байр ахиж, 2 байр нь ухарсан бол үлдсэн 4 нь хэвэндээ байв. ТОП-100 ААН-ийн жагсаалтыг Оюу толгой 4 дахь жилдээ дараалан тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн онд борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээгээр бусад компаниудыг аваргалжээ. Харин удаах байранд Монголын Алт ХХК орсон бол гутгаарт ХААН Банк ХК (KHAN) жагссан байна.

  • ⚡️ Огцом үсрэлт: 2025 онд байраа хамгийн дорвитой ахиулсан компаниудад 21 байр ахисан Алтангадас Трейд ХХК, 18 урагшилсан Таван Богд Фүүдс Пицца ХХК, мөн тус бүр 17 байр дэвшсэн Хан алтай ресурс ХХК, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нар багтсан аж.

Эцэст нь… Монголын ТОП-100 ААН буюу бизнесийн акулуудыг энэ хүрээд тоймлож дууслаа. Ирэх оны жагсаалт ямархуу дүр зурагтай гарах бол гэдэг тун сонирхолтой. Таны хувьд өндөр хүлээлттэй ямар компани байна даа? 🤔

  • 🕯️ Шинэ даргын дугуйн замын талаарх хуучин амлалт. (eagle.mn)

  • 🏀 Улаанбаатар Амазонс баг анх удаа мэргэжлийн багуудын чансааг тэргүүлэв. (FIBA3x3)

  • 👑 Японд хааны удмыг үргэлжлүүлэх залгамж, халаа дутагдаж байна. (JapanTimes)

  • 😖 Яагаад Z үеийнхэн AI-н талаар санаа зовох хэрэгтэй вэ? (Forbes)

🪩 ДАШТ-ээр Lenovo гялалзана

0992.HK: 2026 оны ДАШТ-ий FIFA-н албан ёсны технологийн түншээр Хятадын технологийн томчуудын нэг Lenovo нэрлэгджээ. Компанийн хувьд AI-д суурилсан шууд дамжуулалтын дэд бүтэц, үзэгчдэд зориулсан immersive шийдэл болон дараагийн үеийн аналитик системийг тэмцээний туршид нийлүүлэх аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 9.6% өсөж HK$24.5 дээр хаагдаад байна. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 164.4%, сүүлийн нэг сард 97.1% өсжээ.

🐾🤑 Corgi-гоос юникорн болсон түүх

Хиймэл оюун ухааны (AI) давлагаа уламжлалт, уйтгартай гэгддэг даатгалын салбарыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаагийн хамгийн тод этгээд жишээ Сан-Францискод тодров. Юу болсон бэ гэхээр 👇

🦄 Шинэ галзуу юникорн

Ердөө 2 жилийн настай Corgi хэмээх даатгалын стартап сүүлийн санхүүжилтийн шатандаа $160 сая босгож нийтдээ $1.3 тэрбумын үнэлгээтэй юникорн компани болжээ. Тэдний энэхүү амжилт нь зөвхөн технологийн давуу тал биш аж. Corgi компанийн төв байранд зочилсон хэн бүхэн уламжлалт санхүүгийн компани бус оюутны нэгдсэн байр эсвэл хакатоны талбарт ирсэн мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. 

  • 😴 Оффистоо хоноглодог ажилчид: Тус компанийн ажилчид 7 хоногийн 7 өдөр тасралтгүй оффис дээрээ ажилладаг. Ихэнх хурлын өрөөнүүдийн буланд матрас хуйлж тавьсан байдаг бөгөөд ажилчид ядрахдаа тэндээ шууд унтдаг гээд л бод.

  • 🫩 Гэргүй захирал: Компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Нико Лаква байр түрээсэлдэг ч тэндээ бараг очдоггүй аж. Тэрээр оффисынхоо өрөөнд унтаж, фитнест усанд ордог амьдралын хэв маягтай гэхээр гайхмаар. 

  • 🫟 Хакатоны уур амьсгал: Оффис нь яг л 72 цагийн хакатон дууссан мэт хогийн уут, гадилны хальс хөглөрсөн, яг л оюутны байр шиг задгай хачирхалтай уур амьсгалтай гэнэ. 

🤖🦴 AI-р удирдуулсан нохой

Компанийн бэлгэ тэмдэг болох Труди нэртэй корги үүлдрийн нохойг ажилчид дундаа хамтран эзэмшдэг бөгөөд Telegram дээрх AI бот ажилчдад нохойг хэзээ хооллох, салхилуулах, усанд оруулахыг сануулж, хуваарилдаг байна. Үүгээр ч зогсохгүй оффисынхоо доод давхарт шөнөжин ажилладаг кафе ажиллуулдаг гэнэ. 

📌 Бизнес загвар: Уламжлалт даатгалыг AI-р орлох нь

Тэдний энэхүү хачин соёлын цаана уламжлалт даатгалын процессыг бүрэн автоматжуулсан бизнесийн ухаалаг шийдэл нуугдаж буй. Corgi нь даатгалын үнийн санал, үнэлгээ, нөхөн төлбөрийн нэхэмжлэл зэргийг бүхэлд нь AI агентуудад даатгадаг аж. Уг агентууд борлуулалт болон даатгалын ажлуудыг гүйцэтгэхийн тулд бусад компанийн AI агентуудтай хоорондоо шууд холбогдож, бүх процессыг хүний оролцоогүйгээр хийдэг байна.

Эцэст нь... Энэ жишээ AI эрин үеийн гарааны бизнесүүд ямар галзуу хэмнэлээр, өвөрмөц соёлоор дэлхийн санхүүгийн салбарыг байлдан дагуулж болохын тод илрэл боллоо доо.

Бидний сайн мэдэх Chupa Chups-н логог домогт Салвадор Дали зохиосон гэдгийг мэдэх үү? 💭

Giphy

🍭 Тэртээ 1969 онд сюрреализм урсгалыг үндэслэгчдийн нэг Салвадор Дали нь 64 насандаа Испанийн модон чихэр үйлдвэрлэгч Chupa Chups-н логог зохиожээ. Тэрээр хүмүүсийн анхаарал татахын тулд тод өнгийн цэцэг хэлбэртэй дизайн сонгож, логоны байрлалыг үргэлж ил харагдах, тод байх ёстой хэмээн санал болгож байв. Дашрамд дурдахад, компанийн нэр нь испани хэлний chupar буюу долоох, хөхөх гэсэн үйл үгнээс гаралтай гэнэ шүү.

💳 M Виза х Apple Pay

М банкны харилцагчид байна уу? Өнөөдрөөс эхлэн M банкны Виза картаа Apple Pay-д холбоод iPhone, Apple Watch ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой боллоо.

🌐 М Виза картаа гадагш аваад яваарай!

М Виза картаа Apple Pay-тай холбосноор Монголд төдийгүй дэлхийн 90 гаруй улсад ашиглах боломжтой болж байгаа бөгөөд ялангуяа гадагш аялж байгаа үед тухайн улсад Apple Pay ашиглах боломжтой эсэхийг шалгаад л карт, бэлэн мөнгөний шаардлагагүйгээр төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай хийгээд явах нь ээ. 

  • 🔒 Өндөр хамгаалалт: Гэснээс аюулгүй байдлын хувьд төлбөр, тооцоо хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмж дээр хадгалагдахгүй, цааш дамжуулдаггүй буюу Face ID, Touch ID болон төхөөрөмжийн нууц үгээр баталгаажуулалт хийгддэг шүү. Тиймээс өөрөөс шалтгаалах мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байхад бусдаар асуудалгүй. 

За тэгээд, Apple Pay-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД, М банкны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД тус тус дараад мэдээллээ аваарай. 😉

 

BIV

🍋 Нүүрс үйлдвэрлэгч 12 улс хамтран салбарын инновацыг урагшлуулах зорилгоор “Шанхайн санаачилга”-ыг албан ёсоор гаргалаа. Уг санаачилга нь AI-д суурилсан ухаалаг олборлолт, цэвэр хэрэглээ, ногоон хөгжил болон олон улсын хамтын ажиллагаанд чиглэжээ. Энэ нь салбарын чанартай хөгжлийг дэмжих, ногоон шилжилт болон дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой юм.

🍋 Anthropic компани Америкт 1 ГВт-аас дээш хүчин чадалтай дата төвүүдийг түрээсэлж, удирдахаар төлөвлөж байна. Тус компани түрээсийн төлбөрийн баталгаа гаргах асуудлаар өөрийн хөрөнгө оруулагч Alphabet (GOOG)-тэй хэлэлцэж байгаа аж. Claude-г бүтээгч тус стартап нь IPO хийхээр бэлтгэж буй гэдгийг мэдсэн байх. Сүүлийн санхүүжилтээр үнэлгээ нь $965 тэрбумд хүрчээ.

🍋 Авлигыг бууруулах, сайн засаглалыг дэмжих зорилготой "E-Business 2.0" платформ шинэчлэгдэн нээгдлээ. Тус системийг ашиглан бизнес эрхлэгчид AI-р нэрээ шалгуулах, компаниа бүртгүүлэх, данс нээх зэрэг үйлдлийг 30 минутад цахимаар шийдэх боломжтой аж. Нийт 1,286 төрлийн үйлчилгээг нэгтгэсэн уг шийдэл нь гар утаснаас компанийн мэдээллийг удирдах, зөвшөөрөл авах процессыг бүрэн хөнгөвчилжээ.

🍋 Их Британийн BBC агентлаг зардлаа хэмнэхийн тулд ирэх 7 хоногт мэдээний хэлтсийнхээ зуу зуун ажлын байрыг цомхотгохоор болжээ. Тус корпорац зардлаа 10% бууруулах бөгөөд цаашид нийт 2,000 орчим ажлын байрыг цомхотгох төлөвтэй байгаа гэнэ. Тус төлөвлөгөөний дэлгэрэнгүйг ирэх 7 хоногт мэдээний хэлтэс нь зарлах аж.

🍋 Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 336.1 мянган га-д тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 2.5% өсөв. Үүнээс үр тариа 262.3 мянга, техникийн ургамал 41.2 мянга, таримал тэжээл 11.2 мянга, төмс 8.2 мянга, хүнсний ногоо 5.7 мянган га-г эзэлж буй. Тариалалтыг төрлөөр нь үзвэл техникийн ургамал 32% буурсан бол үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын талбай өссөн байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.