- Lemon Press
- Posts
- ⤴️ Өсөн нэмэгдэх Монголын лити
⤴️ Өсөн нэмэгдэх Монголын лити
ХНС: Аажуу, тайван үзнэ | Шинэчилсэн нүүрсний үнэ | Түүхэн өр & хүүгийн төлбөр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Энэ онд Google-с хамгийн их хайгдсан дууны жагсаалтын №1 Кендрик Ламар гэх Америкийн репперийн “Not Like Us” дуу оржээ. Энэ бүр өнөө “APT.”-ээс нь их хайгдсан байна. Сонирхолтой. Сонсох бол ЭНД дараарай. Жич хурлын үеэр, даргынхаа хажууд сонсохгүй байхыг зөвлөж байна. 😆
GOV: Монгол, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх хугацааг хойшлуулав.
MSE: Өндөрхаан (OHN) компанийн ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуяг томилогдоо.
KR: $1=₩1,448 болсноор воны ханш 2009 оны 3-р сараас хойших буюу сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрлээ.
⤴️ Өсөн нэмэгдэх Монголын лити
Монголын литийн нөөц 2019 онд 650,000 тн орчимд тооцоологдож байсан бол сүүлийн үеийн судалгаагаар нийт нөөц нэмэгдэж 680,000 тн болсон байна. Литийн хайгуул дөнгөж л эрчимжиж байгаа тул цаашид өсөн нэмэгдэх боломжтой гээд л байгаа.
🪨⛏️ Гарч ор, эрж хай!
Одоогоор Монголд литийн 13-14 илрэл байгаагаас 4 ордыг тогтоож, 13 байршилд хайгуулын ажил хийж буй. Газарзүйн байршлын хувьд Монгол орны хойд, баруун болон зүүн бүсэд буюу 2 хөрштэй ойролцоо байршиж буй. Тус 4 ордоос Хөх дэл орд нь хамгийн өндөр буюу 433 сая тн нөөцтэй аж.
🤔 Магадлал нь хэр өндөр билээ? Монголын литийн хайгуул сүүлийн 2 жилд идэвхтэй эрчимжиж байгаа буюу бид алт, зэс, нүүрс хайдаг дайны хэмжээнд хайгуул хийж ч эхлээгүй байгаа. 2019 онд АМГТГ 2 литийн ордыг л бүртгэж байсан гэхээр 5 жилийн дотор нэмж 2 ордыг илрүүлсэн нь тийм ч муу үзүүлэлт биш.
🦄 Монголын лити ийм онцлогтой
Литийн үндсэн 2 төрлийн орд байдаг бөгөөд Монголоос чулуун ордын буюу пегматиттай холбоотой үүсдэг LiO2 силикат литийн орд олдох магадлал тун өндөр буюу өдгөө илрүүлээд байгаа тус 4 литийн орд силикат литийн орд. Харин дэлхий даяар давслаг нуур байдлаар тогтсон литийн орд хамгийн түгээмэл байдаг аж. Тус төрлийн ордын литийн агууламж LiO2-нхоос хамаагүй бага тул чулуулаг орд нь ховорд тооцогдох нь аргагүй биз ээ. Олзуурхууштай зүйл нь Монголоос тус 2 төрлийн литийн орд олдох бүрэн боломжтой гэдэг.
🤑 Эдийн засгийн өгөөжөө харсан ч давслаг уснаас олборлодог литийг ууршуулах байдлаар литийг нь гарган авдаг учраас дор хаяж 13 сарын ажил болдог төдийгүй Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орчинд ууршилт, жилийн хур тунадаснаас хамаараад тус төрлийн литийг хэрхэн олборлох нь маш сонирхолтой.
🔮 Үүнээс ч сонирхолтой зүйл нь 2021 оноос хойш Ion Energy (ION) Дорноговь, Сүхбаатар аймгуудад нийт 100 мянган га талбайд литийн хайгуул хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ургах наран” давслаг литийн хайгуулын төслөөс 918 мг/л агууламжтай лити илрүүлсэн байдаг. Энэ нь өнөөг хүртэл Монголд илэрсэн хамгийн өндөр агуулгатай давслаг лити болоод буй.
Эцэст нь… Дэлхийн литийн эрэлт ирэх 10 жилд 2022 оныхоос 4 дахин өсөж 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байгаа. Эрэлт хэд дахин нугарч буй уг ховор элементийн хамгийн ховор, хамгийн түгээмэл нь ч Монголд байгаа нь батлагдсаар. Хайгуулаа эрчимжүүлэх нь хамгийн эхний асуудал ч хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахаа ярьж байхгүй бол ч…
📜 Тоймоос тодрох банкнууд
MSE: Ашид Ассет Менежмент компани "Хөрөнгийн зах зээлийн төлөв 2025" тоймоо гаргажээ. Тоймоос онцлоход энэ оны 11 сарын байдлаар $MSE дээр нийт ₮269 тэрбумын хувьцааны арилжаа хийгдсэний 24.4% буюу ₮65.7 тэрбумыг нь нээлттэй банкнуудын арилжаа бүрдүүлсэн байна. Угаас МХБ-д бүртгэлтэй компаниуд дунд банкнууд ашигт ажиллагаагаа, ногдол ашгийн өгөөж зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа билээ.
📈 ХНС: Аажуу, тайван үзнэ
Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 4.25%-4.5%-ийн түвшинд хүргээд байна. Одоо цаашид юу болох гээд байна вэ? Монголд ямар нөлөөтэй вэ?
📊 2024 оны онцлог
ХНС энэ оны 9-р сард сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулсан билээ. Үүний араас 11 болон 12-р сард дараалан бууруулаад байгаа нь энэ. Энэ нь сүүлийн 5 жилд тохиогоогүй үйл явдал болж байна. Учир нь Америкийн инфляц энэ оны 3-р сард оны дээд цэг буюу 3.5%-д хүрсэн бол 4-р сараас эхлэн бууж 9-р сар гэхэд 2.4% руу уруудсан буюу ХНС зорилтот түвшинд дөхөж ирсэн. Энэ нь бодлогын хүү буурах орон зайг нээв.
📌 Үүнээс гадна зах зээлийг идэвхжүүлэх, эдийн засгийн уналтаас сэргийлж, хөрөнгө оруулалт болон хэрэглээг дэмжих шаардлагатай байсан хэрэг. Угаас бодлогын хүүгийн бууралт зээл, орон сууц, бизнесийн зээлийн хүүг багасгаж, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг трэндэд оруулах юм.
✌️ 2 удаа л: Харин ирэх онд бодлогын хүүгийн бууралтыг багасгах төлөвтэй байна. Тодруулбал, ХНС бодлогын хүүг 3.75%-4%-д хүргэх буюу дахин 2 удаа 0.25 нэгж хувиар бууруулах нь.
🇺🇸 Эвгүй нөлөө: Учир нь Дональд Трампын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифууд үнийг нэмэгдүүлж, инфляцыг өдөөж буй. Улмаар бизнесүүдийн зардал нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл ч буурах магадлалтай байна. Тиймээс Трампыг эдийн засгийн өсөлт зогсонги, инфляц өндөр нөхцөл буюу стагфляцд хүргэх вий гэж эмээж байгаа.
🔻 Сулралын ачаар…
ХНС бодлогын хүүгээ ээлж дараалан бууруулсны дүнд $-ын өгөөж буурч $-ын ханш бусад валютуудын эсрэг сулрах нөхцөл үүснэ. Тэгэхээр $35.6 тэрбумын өртэй Монголын хувьд гадаад зээлийн эргэн төлөлтийн зардлыг багасгах учиртай. Мөн хүүгийн бууралтыг даган зах зээл идэвхжиж зэс, нүүрс зэрэг Монголын гол экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг. Гэвч бидний хувьд инфляц нэмэгдэж, төсөв данхайсан учир гадаад зээлийн зардал буурсан ч нөлөө нь бага.
Эцэст нь… Юутай ч ирэх онд ч ХНС-гийн бодлогын хүү буурах нь. ХНС, Европын Төв банк гээд бүгд хүүгээ бууруулж байгаа энэ үед бид гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, өрийн удирдлага болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй байна даа.
💡 Таавар таацгаая. … нь анх удаа гаргаж буй үнэт цаасыг арилжаалдаг санхүүгийн зах зээл юм. Өөрөөр хэлбэл, үнэт цаас гаргагч нь арилжааны гүйлгээнд шууд оролцдог цорын ганц зах зээл. Тэр юу вэ?
Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
🎰✈️ Азын хүрд эргүүлээд Фукуок руу
BSB Мебель бүх тавилга болон буйдангаа 20%-50% хямдруулан гайхалтай гэнэтийн бэлгүүдээр дүүрэн “Time To Celebrate” шинэ жилийн худалдаа зарлажээ.
Тус худалдаагаар ₮3 саяас дээш дүнгээр худалдан авалт хийгээд азын хүрд эргүүлэн дараах бэлгүүдээс авах нь.
🎅 Бэлэг өгье: Хөргөгч, тоос сорогч, хөлдөөгч, TV гэх мэт тоймгүй олон бэлгээс хожих нь.
🏖️ Дулаацчихаад ир: Супер хонжворын ялагч үзэсгэлэнт байгаль, цэмцгэр далайн эргээрээ алдартай Фукуок арал руу хосоороо аялах эрхтэй болох нь ээ.
🥂 Баярын ширээгээ дүүргэ: Үүнээс гадна худалдан авалтын үнийн дүнгээс хамааран баярын ширээний хүнсээ цуглуулах ваучер аваарай.
За тэгээд BSB Мебель дээрээс сонирхсон бүх бараагаа урьдчилгаагүй, хүүгүй, 8 хуваан төлөх нөхцөлөөр аваарай. Гэснээс тэдний бүх дэлгүүрүүд 12 сарын 21-23-нд 23:00 цаг хүртэл ажиллах юм байна шүү.
IEEFA
🍋 Эрчим Хүчний Зохицуулах Хороо Багануур (BAN), Шивээ Овоо (SHV), Шарын гол (SHG)-ын нүүрсний үнийг шинэчлэн тогтоолоо. Улмаар тус компаниудын бодит өртгөөсөө бага үнээр нийлүүлсээр ирсэн нүүрсний үнийг өртөгт нь барив. Мөн УБТЗ ХНН-ийн эрчим хүчний дотоодын нүүрс тээвэрлэлтийн үнэ ирэх оны 1 сарын 1-нээс өөрчлөгдөхөөр болсон байна.
🍋 Хөх хотын Эдийн засаг, Технологийн хөгжлийн бүсийн ажлын хорооны НБД Ли Жианпин $421 саяын авлигын хэрэгт холбогдож цаазаар авхуулжээ. Энэ нь Хятадын хамгийн өндөр дүнтэй авлигын хэрэг гэгдээд буй. 2012 оноос хойш 1 сая гаруй Хятадын Коммунист Намын албан тушаалтнууд, түүний дотор 2 Батлан хамгаалахын сайд авлигын хэргээр шийтгүүлжээ.
🍋 Монголд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив. Тус хуулийн төсөл нь Монголын бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилготой бөгөөд хэрэв батлагдвал уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 сарын 31-нийг дуустал хэрэгжих аж.
🍋 Хөгжиж буй орнууд өнгөрсөн онд нийт өр болон хүүгийн төлбөртөө бүх цаг үеийн хамгийн их буюу $1.4 их наядыг төлжээ. Нийт өр $951 тэрбум болсон ч хүүгийн төлбөр нь 2022 оноос ⅓-ээр өсөж $406 тэрбумд хүрсэн бөгөөд тус улсууд нийтдээ үндэсний нийт орлогынхоо 4%-ийг зарцуулсан байна. Харамсалтай нь өрийн улмаас эрүүл мэнд, боловсрол болон хүрээлэн буй орчин зэрэг хөгжлийн тулгуур салбаруудын их хэмжээний төслүүд арчигдсан аж.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply