• Lemon Press
  • Posts
  • 🥴 ТӨХК-иудын өр тэнгэрээс дээш

🥴 ТӨХК-иудын өр тэнгэрээс дээш

ДАШТ-ий эргэн тойронд | $OLL: Алдагдал 6.6 дахин өсөв | Astana Hub-н галзуурал

POWERED BY

Нислэгтэй өдрийн мэнд! Хүн төрөлхтөн 54 жил хүлээсний эцэст сарыг дахин тойрон нисэхэд бэлэн боллоо. Тодруулбал, өнөөдөр өглөөний 6 цаг 35 минутад сансрын нисгэгчидтэйгээр сарыг тойрон нисэх түүхэн нислэг болох NASA-н Artemis II даалгавар эхлээд байна. Нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй Artemis II даалгавар нь 10 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. За тэгээд түүхийн амьд гэрч болохыг хүсвэл ЭНД дараад шууд үзээрэй. 🌝 🚀

*Нэг өдрийн өөрчлөлт.

MMA: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дэд захирал асан П.Оюунбилэгийг томилжээ

UB: Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотод 5,569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай Туул усан цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэллээ.

MNG: Төсвийн байнгын хороо “Туулын хурдны зам” төслийн талаарх холбогдох мэдээллийг сонсож, протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив.

🥴 ТӨХК-иудын өр тэнгэрээс дээш

Хаа сайгүй л төрийн өмчит компаниудыг болж, бүтэхгүй, идлэг, уулгын газар хэмээн ярьдаг. Бодит байдал дээр нөхцөл байдал энэ ярианаас улам дордсоор ТӨХК-иудын өр, шир 2023 оноос хойш 2 дахин өсөж ₮11 их наядад хүрчихлээ

🫣 Юу вэ төсвийн бараг… 

2026 оны улсын төсвийн зарлага ₮32.9 их наяд. Гэтэл ТӨХК-иуд өнгөрсөн оны IV улирлын байдлаар төсвийн зарлагын бараг ⅓-тай тэнцэхүйц хэмжээний өртэй ажиллажээ. Бүр цаашилбал, ТӨХК-иуд улсын нийт өрийн бараг 24%-ийг эзэлж байгаа юм. ТӨХК-иудын нийт өрийн 64% буюу ₮7.2 их наяд нь богино хугацааны өр, өөрөөр бол 1 жилийн дотор төлөх ёстой өр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй үзүүлэлт. Үлдэж буй ₮4 их наяд нь урт хугацааны өр төлбөр байгаа юм.  

  • 🤾🏻 Задаргаа доторх задаргаа: Богино хугацааны өр төлбөр болох ₮7.2 их наядын ₮3 их наяд нь урьдчилж авсан орлого, ₮3.4 их наяд нь бусад, ₮0.2 их наяд нь үнэт цаасны өр төлбөр. ТӨХК-иуд ойрын хугацаанд энэ өр төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудлыг хэн ч хөндөхгүй байгаа нь сонирхолтой.

💭 Эсрэг ертөнцөд байсан бол…

Санаж байгаа бол 2025 оны 1-р сард уул уурхайн бус төрийн өмчит 44 компанийг нэгтгэж, менежмент, засаглалыг сайжруулахаар Эрчист Монгол ХХК-ийг байгуулж байв. Гэтэл саяхан ЗГ тус компанийг ₮3.5 тэрбумын алдагдалтай ажиллаж, юун бусад ТӨХК-иудын алдагдлыг бууруулах өөрийгөө ч авч явж чадахгүй хэмжээнд хүрч татан буулгахаар болсон. Үүсгэн байгуулагдаад ердөө жилийн дотор ₮3.5 тэрбумын өр үлдээж чадах компани төрд байхаас өөр хаана ч байх боломжгүй. 

  • 🗣️ Гэтэл шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал ТӨХК-иудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй болгох талаар маш их ярьдаг хүн. Дор хаяж ТӨХК-иудын үлдээсэн дааж, давшгүй энэ их өрийг хаашаа шингээхээ эхлээд ярихгүйгээр хувьчлал ярих нь утгагүй. 

Эцэст нь… Эрх баригчдын маань үнэлэмж, үнэ ханш, аманд нь багтдаг тоо жил ирэх тусам л өсөж, тэрбумаас их наяд, ₮-өөс $-руу шилжиж байна. ТӨХК-иудыг хувьчилна гэж ярьж эхэлснээс хойш ил цагаан хулгай хийх шахам Эрчист Монгол ХХК-ийг байгуулж, буцаагаад буулгахдаа ₮3.5 тэрбумын өртэй буулгав. ТӨХК-иудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй болгох чин хүсэл байгаа бол эхний ээлжид үлдээж байгаа өр дээр нь хариуцлага тооцохгүй бол ч…

  • 🛢️ Шатахууны үнийн өсөлт ба Монголд үүсэх сорилтууд. (ThinkMongol)

  • 🔮 OpenAI-н рекорд тогтоосон $122 тэрбумын санхүүжилт бол IPO-н эхлэлийн дохио. (CNBC)

  • 😥 Ираны дайнаас Арабын орнууд $200 тэрбумын хохирол амсах боломжтой. (Bloomberg)

  • 🛡️ Зээл хамгаалах даатгалын үйлчилгээг Pocket болон Mobilife нэвтрүүлэв. (Mobilife)

📉 $OLL: Алдагдал 6.6 дахин өсөв

OLL: 2025 онд Оллоо ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 4.7 дахин өсөж ₮77.9 саяд хүрсэн байна. Гэвч ерөнхий ба удирдлагын зардал 6 дахин нэмэгдэж ₮189 саяд хүрснээр 2025 онд компани ₮111.1 саяын алдагдалтай ажиллажээ. Тус алдагдлын хэмжээг 2024 онтой харьцуулахад 6.6 дахин өндөр дүн аж. Сонирхуулахад, $OLL нь 2010 оноос хойш жил бүр тасралтгүй алдагдалтай ажилласаар байна.

🏟️ ДАШТ-ий эргэн тойронд

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-д оролцох 48 улсын нэр албан ёсоор өчигдөр зарлагдлаа. Хойд Америк буюу Америк, Канад, Мексикт ирэх 6 сарын 11-нээс 7 сарын 19-ний хооронд зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-ий онцлогтой танилцъя. 

⭐️ Шигшмэл 48 орон

2026 оны ДАШТ-ий урьд өмнөх жилүүдээс ялгарах хамгийн том ялгарал бол зүлэг ногоон дэвжээнээ 48 улсын баг өрсөлдөхөд оршиж байна. Өмнөх тэмцээнд нийт 32 баг оролцсон бол энэ удаад Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) илүү олон улс оролцуулж, тоглолтын тоог 104 хүртэл нэмэх замаар ашиг орлогоо өсгөх зорилгоор уг шийдвэрийг гаргажээ. 

  • 💪🏼 Томчууд олноороо: Энэ жил ДАШТ-д домогт Лионел Мессигээр удирдуулсан Аргентин, өмнөх тэмцээний мөнгөн медальт Килиан Мбаппегээр ахлуулсан Франц, залуу од Ламин Ямалиар удирдуулсан Испани зэрэг хөлбөмбөгийн томоохон гүрнүүд бүгд оролцоно. Гэхдээ дэлхийн 4 удаагийн аварга Итали энэ тэмцээнд 3 дахь удаагаа дараалан багтаж чадсангүй.

  • 🐴 Битүү морьд: Ази тивээс Узбекистан, Йордан Хойд Америкаас Кюрасао, Африкаас Кабо-Верде зэрэг 4 улс анх удаагаа ДАШТ-д оролцоно. Эдгээр улсууд нь FIFA-н чансаагаар дэлхийд 50-82-р байрын хооронд бичигдэж байна.

🤑 Зардал мөнгө

Нийт $13.9 тэрбумын зардалтай 2026 оны ДАШТ нь 1994 оноос хойш зохиогдсон тэмцээнүүдийн дотор өртгөөрөө 4-т эрэмбэлэгдэнэ. FIFA-н тооцоогоор энэ удаагийн ДАШТ-ээс нийт $10.9 тэрбум орлого олох хүлээлттэй байгаа нь өмнөх Катарт болсон 2022 ДАШТ-ээс 56% өндөр дүн аж. Энэ жил зах зээл хөгжсөн газар болох тулдаа 2022 оны $220 тэрбумын зардалтай ДАШТ-ий гашуун түүхийг давтахгүй бололтой шүү.

Эцэст нь… Дэлхийн аварга үзэхээр Хойд Америкийг зорих гэж байгаа хүмүүс байвал зардлаа эртнээс төлөвлөхийг зөвлөе. Учир нь тасалбар, дотоод нислэг, буудал гээд байж болох зардлыг нэмэхэд хэсгийн шатны тоглолтод дунджаар $5,744, хагас шигшээ шатны тоглолтыг үзэхэд $14,434 шаардлагатай аж. 🫣

73 хэсэг
Ирэх 6-р сард 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ
₮2.1 тэрбум
Нөхөн сонгууль явуулахад шаардлагатай ₮4.9 тэрбумын төсвийн саналыг 55.4% бууруулан ₮2.1 тэрбумаар батлав.
6 төлөөлөгч
Нийт 48 ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос 6 нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон байна.

📊 2026 оны крипто чиг хандлага

Яг арилжаа хийхээр дундын зуучлагч үнэ, төлбөрийн нөхцөлийг нь шийдээд Крипто зах зээл ихэвчлэн богино хугацааны үнийн хөдөлгөөнд төвлөрдөг. Тэгвэл Bybit-с 2026 оны крипто зах зээлийг бодитой өөрчилж буй дараах гол хүчин зүйлсийг онцолж байна.

  • 🔎 Институтийн хөрөнгө оруулагчдын оролцоо крипто зах зээлд нэмэгдэх болсон. Тухайлбал, 2025 оны 10-р сард Биткойн (BTC)-ны үнэ $126,000-ыг давж түүхэн дээд цэгтээ хүрсний дараа зах зээл тогтворжиж, $BTC-н үнэ $68,000 орчимд арилжаалагдаж байна. Энэ нь институтийн хөрөнгө оруулагчид багцаа дахин тэнцвэржүүлсэн, зохицуулалтын орчин илүү тодорхой болж буйтай холбоотой аж.

Үүний зэрэгцээ блокчэйний хэрэглээ илүү дэлгэрч байна. Үүнд хил дамнасан төлбөр тооцоо, нийлүүлэлтийн сүлжээ, бодит хөрөнгийн токенжуулалт багтана. Тус өөрчлөлтүүд нь хөрвөх чадвар, арилжааны урсгал, хөрөнгө оруулагчдын зан төлөвт мэдэгдэхүйц нөлөөлж байна. Иймд богино хугацааны мэдээнд бус урт хугацааны суурь хүчин зүйлсэд төвлөрөх нь илүү чухал шүү. 🧭

The Astana Time

🍋 Казахстаны IT экспорт хурдацтай өсөж, Astana Hub өнгөрсөн онд $681 саяын дүн бүхий IT үйлчилгээ экспортолжээ. Тус хугацаанд Astana Hub-д үйл ажиллагаа явуулж буй 537 компани дэлхийн 111 улсад IT, технологийн үйлчилгээ экспортолж, нийт 32,500 гаруй ажлын байр шинээр бий болгосон байна. Уул уурхайгаас хамааралтай орны хувьд технологид тулгуурлан эдийн засгаа амжилттай төрөлжүүлж буй амжилттай жишиг юм даа. 

🍋 Inter RAO-н хил дамнасан цахилгаан экспорт, импортын нийт хэмжээ 2025 онд 6.9% буурч 724 сая КВт.ц-т хүрэв. Учир нь тэдний Хятад руу нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ хумигдсанаар нийт нийлүүлэлт нь ч буурсан байна. Харин Монгол руу 2025 оны эхний 9 сард 700 сая КВт.ц эрчим хүч нийлүүлж, нийт экспортын 13%-ийг бүрдүүлжээ.

🍋 Узбекистан болон Монгол хооронд төлбөрийн системтэй боллоо. Узбекистаны үндэсний төлбөрийн систем HUMO Mongol ID Holdings-н охин компани болох Takara Solutions-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Улмаар хамтын ажиллагааны хүрээнд HUMO-н карт эзэмшигчид Монголд төлбөр хийх, Mongol ID-н хэрэглэгчид Узбекистанд төлбөр, тооцоо хийх боломжтой болжээ.

🍋 Өмнөд Солонгосын экспортын дүн анх удаа сард $80 тэрбумыг давлаа. Өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс 48% өсөж $86 тэрбумд хүрчээ. Уг өсөлтөд санах ойн чипийн үнэлгээ өндөр байсан болон дэлхий даяар дата төвүүд рүү урсаж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлсөн байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.