- Lemon Press
- Posts
- 🫠 ₮243 их наядын өөрчлөлт
🫠 ₮243 их наядын өөрчлөлт
Шижигнэсэн IPO жил | $XAC-н ашиг | $XAM.TO-н эзэмшил
POWERED BY
Даваа гаргийн мэнд! Японд өнөөдрийг “Насанд хүрсний баярын өдөр” болгож тэмдэглэдэг гэнэ. Энэхүү баяраар залуучуудыг насанд хүрэгсдийн эгнээнд угтан авч урамшуулал өгдөг аж. Өнөөдөр ажлынхаа нялхуудыг нэг баярлуулчихад яах вэ дээ, тийм ээ? 😂
*Нэг өдрийн өөрчлөлт
POL: Засгийн газар болон Францын Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөнө.
NSO: Өнгөрсөн сарын инфляц 9%-тай гарлаа. Инфляцын түвшин 2024 оны хамгийн бага инфляцтай үе буюу 6-р сараас хойш даруй 3.9 нэгж хувиар нэмэгдээд байна.
MSCD: Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөсөө 7.8% өсөж 605 мянгыг давлаа.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮69 тэрбумын болон $214 мянгын арилжаа хийгдэв. Нийт төгрөгийн арилжааны 54%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.
🫠 ₮243 их наядын төлөвлөгөө
Нийслэлээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг УИХ-д өргөн барилаа.
🙂 Улаанбаатар хот 2040 онд ийм болно
Төсөлд багтсан бүтээн байгуулалтыг хийхэд ₮243 их наяд шаардлагатай бөгөөд үүний тал буюу 51%-ийг гадаад, дотоодын хувийн хэвшлийн санхүүжилтээр, 49%-ийг улс, нийслэлийн төсөв, гадаад зээл, тусламж, бондоор санхүүжүүлнэ. Үүгээрээ 2040 он гэхэд 25% өсөж 2 саяд хүрэх хотын хүн амын 405 мянган хүн амыг тус дагуул хотуудад суурьшуулж, холбогдох дулаан, цахилгаан, орон сууц, дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм. Лавшруулбал,
🏙️🌆 Дагуул хотууд: 14 хотын төв, 14 орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, 20 минутын хот гэгдэх 42 хороолол,
📍 15 байршилд дулааны эх үүсвэр байгуулж одоо 3,820 МВт байгаа дулааны ачааллыг 2 дахин нэмж 7,480 МВт,
🔋 ДЦС 70% + Сэргээгдэх эрчим хүч 30%: Харин цахилгаан эх үүсвэрийг 4.6 дахин нэмж 5,408 МВт-д хүргэх төдийгүй эрчим хүчний хэрэглээнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.
😳 Жинэхээнээ метрополис хот болох юм биш үү?
Цаашлаад, орон сууцжуулалтыг 91% хүртэл өсгөж ердөө 9%-ийг нь л гэр хороолол бүрдүүлэх төдийгүй гэр хороолол дотроо сайжруулсан амины орон сууц байхаар төлөвлөсөн байна. Харин 13 жилийн турш яригдсан метрогоороо өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж нийтийн тээврийн хүртээмж 2 дахин нэмэгдсэн байх аж. Гэхдээ тэд 2028 онд метрогоо ашиглалтад оруулна гээд амлачихсаныг бүү мартаарай!
🛣️ Харин газрын гадарга дээр хэвтээ 8, босоо 12, тойрог 3 зам барьж 17,000 км замыг барина.
🏃♂️➡️ Улмаар оргил цагийн үеэрх хөдөлгөөний хурд дунджаар 22.5 км/цаг болно гэхээр 5 км газрыг бол 13.2 минутад туулчих л юм байна. Одоо бол 9 км/цаг байгаа гэж тооцоолсон байна лээ. Яг байлаа юу?
🔕 Бид яагаад тэдэнд итгэдэггүй вэ?
Монголчууд өөрчлөлт шинэчлэлийн есөн бусын гоё амлалтуудад хэдийнээ дөжирчихжээ. Эрх баригчид амлаад мартдаг, ажил болгож харуулдаггүй болохоор арга ч үгүй юм. Өнгөрсөн намар хаа сайгүй зам засаад бөөн л юм болсон. Их бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа юм чинь сууриасаа эхлэх хэрэгтэй гэж бодъё гэтэл долгионтой зам тавьчихсан. 🤦♀️
Одоо тэгээд энэ олон төслийнхөө ТЭЗҮ-г асар өндөр дүнгээр хийгээд орхихгүй юм байгаа биз дээ? Сурсан зангаараа… Ер нь Монголд ТЭЗҮ хийгээд орхисон хэр олон төсөл байгаа гэж бодож байна?
🔊 XAC: Ашиг өслөө
XAC: ХасБанк ХК 2024 оны үйл ажиллагааны тайлангаа гаргалаа. Тэдний цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 20.3%, 2020 оныхоос 5.1 дахин өсөж ₮170.9 тэрбумд хүрсэн байна. Учир нь харилцах хадгаламжийн хэмжээ нь л гэхэд жилийн өмнөхөөсөө 19.1%, зээлийн багц нь 34.5% тус тус нэмэгдсэн аж. Түүнчлэн тус банкны гадаад эх үүсвэрийн үлдэгдэл оны төгсгөлд $449 сая болж өнгөрсөн оныхоосоо 35.8% өсжээ. Сонирхуулахад, ХасБанкны хувьцааны үнэ IPO үнээсээ 22% өсөж ₮826-т хүрээд байна.
🥂 Шажигнасан IPO жил
2021 оноос хойш олон нийтэд нээлттэй болох компаниудын тоо цөөрч, дийлэнх нь хүлээлгийн горимд шилжээд буй. Гэхдээ 2025 онд олон компаниуд хүлээлгийн горимоосоо “IPO төлөв”-рүү шилжих магадлалтай байна.
👑 Азийн манлайлал
Өнгөрсөн онд Энэтхэгийн хөрөнгийн зах зээлд хамгийн олон буюу 268 компани IPO хийж $19.5 тэрбумыг татан төвлөрүүлж чадсан. Уг трэнд 2025 онд ч үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд одоогоор 90 компани IPO хийх хүсэлтээ гаргаж нийлбэр дүнгээр $11.7 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
🌏 Азийн зах зээлд IPO хийх гэж буй компаниудаас онцлоход, LG Electronics-н Энэтхэг дэх охин компани, Өмнөд Солонгосын анхны Нео банк гэгдэх K Bank, Хятадын аварга EV-н батерей үйлдвэрлэгч CATL, Энэтхэгийн 3 дахь том нээлттэй банк болох HDFC Bank-н ББСБ тэргүүтэй компаниуд багтаж буй.
🥈 Тэдний араас Америкийн хөрөнгийн зах өнгөрсөн онд 205 IPO өлгийдөн авч 2021 оноос хойших үзэгдээгүй хүчтэй сэргэлтийг харуулж чадсан. Улмаар компаниуд зах зээлийг эергээр харж Stripe, Klarna, CoreWeave, Bolt тэргүүтэй хэд хэдэн компаниуд IPO хийх төлөвтэй байгаа.
🔕 Цахиурын хөндийн аваргууд харзнана
Харин нөгөө талд Цахиурын хөндийн алтан стартапууд болох OpenAI, SpaceX, Databricks тэргүүтэй компаниуд IPO хийж олон нийтэд нээлттэй болохоосоо илүүтэйгээр хаалттай хүрээнд хөрөнгө босгож, стратегийн хөрөнгө оруулагчид татах чиглэлд амтшиж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Databricks $10 тэрбум, SpaceX $1.3 тэрбум, OpenAI $6.6 тэрбумыг хаалттай хүрээнд амжилттай татан төвлөрүүлсэн байдаг.
😎 Төсөөлөөд үз дээ? Америкийн ТОП-7 хаалттай компаниуд нийтдээ $696 тэрбумаар үнэлэгдэх болсон. Тэдгээр компаниудын хувьд хөрөнгө оруулалтыг гарын үзүүрээр татаж байгаа тул IPO хийх хөшүүрэг нь гагц мөнгөн хөрөнгө оруулалт татахад лав чиглэхгүй дэг шүү.
Эцэст нь… Энэ оны зах зээлийн өнгө ч өөдрөг байна даа. Гол нь Дональд Трамп Цагаан ордонд заларсны дараа юу болох бол тэр л сонирхолтой. 🤨
НИТХ 2025 оны 1 сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлээд буй. Тэгвэл өнгөрсөн онд багтаж авто зам ашигласны төлбөрөө төлж чадаагүй бол хуучин үнээр төлөх юм гэнэ. Тэгвэл үүнийг гол санхүүжилтээ болгодог зам засварын эргэн тойронд юу болдог вэ?
Хүрэлцдэггүй мөнгө: Замын санд төвлөрсөн хөрөнгөөр 2024 он хүртэл Улаанбаатарын 18-20 км замыг засах боломжтой байсан нь нийт замын 1.5%-тай л дүйдэг байж.
Хамгийн муу нь “муу замаа түрүүлж засах” стратеги: Улмаар сайн замыг арчлах, эсвэл муу замыг түрүүлж засах дээрээ тулахад төсөвтөө тааруулж муугаасаа эхэлдэг байсан гэнэ. Харин нөгөө сонголтоор бол анхнаасаа сайн зам бариад насжилтыг нь уртасгаад явбал урт хугацаандаа нөгөө сонголтоосоо 40% бага зардал зарцуулах боломжтой байдаг гэнэ дээ.
IRU
🍋 Монгол гаалийн байгууллагын автоматжуулсан CAIS системд гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ээ холбов. Улмаар TIR конвенцын хүрээнд тээвэрлэгдэж буй бараа, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, мэдээллийг цахимаар солилцох боломж бүрдэж буй. Түүнчлэн Замын-Үүдээс эхлээд TIR-EPD ногоон замуудыг эхлүүлсэн байна.
🍋 Хятадын үл хөдлөх хөрөнгийн Country Garden (2007.HK) компани зээлдүүлэгчдэдээ гадаад өрийн бүтцийг өөрчлөх санал тавилаа. Энэ хүрээнд тус компанийн зээлдүүлэгчид бондын өрийг дуудлага худалдаагаар бэлэн мөнгөөр худалдан авах, эсвэл 2028 оны сүүлээр дуусах хугацаатай заавал хөрвөх бонд (MCBs) авах боломжтой болж буй.
🍋 СЗХ жолоочийн хариуцлагын даатгалын шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болголоо. Учир нь өнгөрсөн жил жолоочийн нэр дурдаж даатгуулсан даатгалын гэрээ нь нийт гэрээний 35%-ийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 хоногт нийт даатгалын гэрээний 92%-д хүрснээр жолооч нарын хариуцлагатай байдлыг үнэлэх, даатгалын хураамжийг бодитой тогтоох боломж бүрдсэн аж.
🍋 Zijin Mining Group (2899.HK) болон Xanadu Mines (XAM.TO)-н стратегийн түншлэлийн хэлцэл бүрэн эцэслэгдэв. Хэлцлийн хүрээнд Zijin Mining Group-н охин компани Jinping Mining Xanadu Mines-н AU$0.055-ын үнэтэй нийт 26.5 сая хувьцааг $35 саяар худалдан авснаар тус компанийн 50%-ийг эзэмших болов. Гэснээс Xanadu Mines-н “Хармагтай” төслийн үйлдвэрлэл 2027 оны эцсээр эхэлнэ гэсэн шүү.
🏙️ Суурин иргэншил сэтгэл гутрал, хорт хавдар, чихрийн шижингийн гол эх үүсвэр. (Wired)
🌌 80 гэрлийн жилийн зайд байгаа хүн хэрхэн харагдах бол? (Galaxies)
🗺️ 2025 онд аялах орнуудын жагсаалтдаа Монголыг багтааж. (MatadorNetwork)
🛡️ Tik Tok-г Америкт үлдээж чадах 5 үйл явдал. (TheVerge)
Даваа: Мөнгө, зээлийн үзүүлэлт 12-р сард хэр байсантай танилцана.
Мягмар: Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекстэй танилцахдаа бэлэн үү?
Лхагва: 2024 оны Монгол Улсын хүн амын статистик гарна.
Пүрэв: Үргэлжлүүлээд, аялал жуулчлалын статистик зарлагдана.
Баасан: Эцэст нь Монгол Улсын 2024 оны нийгэм, эдийн засгийн өнгийг урьдчилсан байдлаар багцлан харах нь дээ.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply