- Lemon Press
- Posts
- 🛰️ ₮830 тэрбумын хиймэл дагуул
🛰️ ₮830 тэрбумын хиймэл дагуул
Анхны “Онц” үнэлгээтэй ногоон бонд | ЭТТ-н эргэн тойронд | ҮСХ-ны хамтын ажиллагаа
POWERED BY
Ээлжит Даваа гаргийн мэнд! Lemonade цувралын маань IV улирлын шинэ дугаар цацагдлаа. Энэ удаагийн дугаарт UFC-н анхны монгол тамирчин, мэргэжлийн тулаанч Д.Батгэрэл оролцсон байгаа. Тулаанч хүн санхүүгээ яаж удирддаг бол? 🍋📽️
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол, Орос, Хятадын талууд хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүллээ.
BOM: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдав.
OIL: Дизель түлшний дундаж үнэ өнгөрсөн 7 хоногийн байдлаар энэ оны оргил үнэ буюу 2-р сарын үнээс 19.3% буурч ₮3,140-т хүрлээ.
🅰️ Анхны “Excellent” буюу “Онц” үнэлгээтэй ногоон бонд
Манай хөрөнгийн зах зээл дээр маш сонирхолтой, өгөөжтэй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн мэндлэх гэж байна. Энэ бол ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн МХБ (MSE) дээр нээлттэй арилжаалах $-ын Ногоон Бонд.
😱 Хэн гаргах вэ?
ТЖТБ ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор ус, ундаа, жүүсний хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг санаачлан 2021 онд Монголд анхдагч "TML Plastic" үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
♻️ 3.3 мянган тн хуванцар: TML ХХК нь жилд 27,000 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ба 2023 онд 3.3 мянган тн орчим хуванцар сав цуглуулж, боловсруулан экспортод гаргасан аж. Одоогоор тэд түүхий эдийн 1,500 гаруй ханган нийлүүлэгчтэйгээр, 3,000 гаруй шууд бус хөдөлмөрийг дэмжин ажиллаж буй.
💪 Хүчин чадал: Уг үйлдвэр нь жилд 27 мянган тн ус, ундаа, жүүсний хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад Монголын 1 жилийн бүх хуванцар хаягдлыг дахин боловсруулах боломжтой.
❓ Ямар бонд гэнэ ээ?
ТЖТБ ХХК-ийн гаргаж байгаа бондын гол онцлог нь, ESG-н үзүүлэлтэд тулгуурлан үнэлгээ, судалгаа хийдэг Sustainable Fitch байгууллагаас “Excellent” буюу “Онц” үнэлгээг авсан Монголын анхны ногоон бонд болоод байна. Энэ нь уг бондыг байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтийн хувьд маш өндөр стандартыг хангаж байгааг илэрхийлж буй.
💸 $-ын бонд: Дараагийн онцлог нь уг 3 жилийн хугацаатай бонд нь USD буюу $-оор арилжаалагдах бөгөөд нэрлэсэн үнэ нь $100 байх юм. Нэмээд бондын барьцаа хөрөнгө нь бондын үнийн дүнгээс 2.1 дахин аж. Бондод хөрөнгө оруулбал хүүгийн орлогын татвар нь 10% биш 5% гэдгийг ч санах хэрэгтэй.
Хүү ☝️: Цаашлаад, ТЖТБ ХХК-ийн бонд жилийн 10%-ийн хүүтэй байгаа нь ТОП-5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 7.3 нэгж хувиар өндөр байгаа юм. Түүнчлэн бондын хүү нь хагас жил тутамд төлөгдөх бөгөөд хүүгээр дахин хөрөнгө оруулалт хийж бодит өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой боломжтой болж байна.
💭 Юу хийх вэ? Бондын хөтөлбөрийн хүрээнд нийт $15 саяыг олон нийтээс татан төвлөрүүлж тоног төхөөрөмжийн төлбөр гүйцэтгэх, хуванцар хог хаягдлыг цуглуулах дэд бүтцийг хөгжүүлэх, түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ашиглах аж.
Эцэст нь… Энэхүү бонд нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж тогтвортой хөгжлийг дэмжиж байгаагаас гадна $-оор арилжаалагдана гэдэг утгаараа гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтой болж байна. Бондын андеррайтераар Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 10 сарын 25-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Сайн судалж шийдвэрээ гаргаарай, хөрөнгө оруулагчид аа! Мөн ЭНД дарж мэдээлэл авах боломжтой юм байна шүү.
⛏️ ЭТТ-н эргэн тойронд
MSE: Баасан гаргийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) ХК нийт 384 мянган тн коксжих нүүрс ₮123.1 тэрбумаар арилжигдлаа. Сонирхуулахад, хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлэгч MICC-н ЭТТ дээр хийсэн судалгаанаас харахад, ЭТТ 2024 онд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулж $1.9 тэрбумын орлого олохоор хүлээгдэж байгаа аж.
🚀🛰️ ₮830 тэрбумын супер хиймэл дагуул
Үндэсний хиймэл дагуултай болох асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээсээ ч өмнө өртөг өндөр, дэлхийд байхгүй технологи амлалаа гэхчлэн олон шүүмжлэлд өртөж байна.
Ийм учиртай юм: Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг олон жил ярьж ирсэн бөгөөд өнгөрсөн жил Францын Thales Alenia болон SpaceX-тэй хамтран 2027 онд үндэсний хиймэл дагуулыг хөөргөх гурвалсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцож байв.
🐥 ➡️ 🐔 Юунд хүрэх гээд байгаа билээ?
Үндсэндээ тус хиймэл дагуул нь 250 мянга гаруй малчин өрхийг интернэтийн үйлчилгээгээр хангах харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуул. Үүнийгээ ЗГ ₮830 тэрбумаар буюу 15%-ийг нь төсвөөс, 85%-ийг зээл авч хийнэ. Хиймэл дагуулын удирдлагын үндсэн болон нөөц төв Улаанбаатар, Дархан хотод байрлах бөгөөд 4 байршилд газрын станц байгуулах аж.
🤜🤛 Нэг танхимд дахь 2 гишүүний маргаан: Тус асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэж байх үед ONDO Space ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ч.Анар хиймэл дагуулын төсвийг 6 дахин бага буюу ₮120-₮140 тэрбумд багтах боломжтой талаар мэдэгдсэн. Цаашлаад, хэрэглээний хувьд ЗГ-ын хүсэж байгаа харилцаа холбоо, цаг агаар, гамшгийг хянах хиймэл дагуул дэлхийд байхгүй талаар ч дурдсан юм.
🤔 Зөвтгөл үү, бодит байдал уу? Харилцаа холбооны уламжлалт шийдэл болох шилэн кабелиар Монгол Улсыг бүрэн бүрэхэд ₮29 их наяд шаардлагатай. Харин үүнийг ₮830 тэрбумаар шийдэх боломж байна гэх зөвтгөл гэх үү, бодит байдал гэх үү тооцооллыг ярьж байгаа.
Монголд нэг хиймэл дагуул хангалттай юу?
Сурсан зангаараа ChatGPT-с Монгол 1 хиймэл дагуулаар эрх баригчдын яриад байгаа харилцаа, холбооны асуудлыг шийдэж чадах эсэх талаар асуухад,
🌌 Чингис хиймэл дагуул нь тойрог замын хамгийн өндөрт (GEO) 35,000 км байрших тул Монголыг бүхэлд нь хамрах боломжтой бөгөөд харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үндсэн үйлчилгээнд бол хангалттай.
🧑🤝🧑 Гэхдээ Монгол интернэтийн найдвартай холболт, ялангуяа өндөр хурдны интернэтийг орон даяар хүртээмжтэй болгохоор зорьж байгаа бол LEO хиймэл дагуулууд эсвэл Starlink, OneWeb шиг олон улсын хиймэл дагуулын операторуудтай хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй.
Эцэст нь… Сансрын уудам бол геополитик, аюулгүй байдлын онцгой бүс. Даяаршиж буй энэ зуунд тусгаар улс аюулгүй байдлаа бодоод өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болох нь зүйн хэрэг. Гэхдээ ганцхан хиймэл дагуулыг ийм өндөр өртгөөр хийлээ гээд өнөөх нь эвдрэл, гэмтэл, саатал гарлаа гэхэд яах юм бол доо? 🙊
Цагдаагийн байгууллага 2022 оноос аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хяналтын камержуулах (CCTV) “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотой зарим тоо баримтуудтай танилцацгаая:
Орон даяар нийт 55,329 CCTV камер байршуулснаас аймаг, орон нутагт 23,014, харин нийслэлд 32,315, нь хамаарагдаж буй бөгөөд энэ нь олон улсын камержуулалтын стандартын тоо хэмжээний 73.2%-тай тэнцэх дүн юм.
Түүнчлэн CCTV камер ашиглалтад нэвтрүүлснээр 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоосон бол,
Оршин суугаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхдийг олж эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
👙🩲 Өвлийн амралтаараа Ханой руу
Зээ, өвөл хаашаа аялъя гэж бодож байна даа. Хараахан төлөвлөөгүй бол анхаарлаа нааш! 📢
Aero Mongolia таныг Вьетнамын үзэсгэлэнт нийслэл Ханой руу шууд нислэгээр хүргэхээр хүлээж байна. Тасалбарын эхлэх үнийн хувьд,
↗️ 1 талдаа: ₮1,236,985-өөр,
🔁 2 талдаа: ₮2,124,903-ийн үнэтэй борлуулагдах аж.
Ханой хотын Хо Ши Мин бунхан, Хуучин хороолол, Ханой дуурийн театраар зочлох, алдарт По шөл идэх гээд сонирхолтой санаа оноо ЭНД-ээс хараарай.
Гэснээс нислэгийн тасалбараа эрт захиалбал илүү хямд байдгийг мартав аа. 😉
📌 Шууд нислэгийн тов: 12 сарын 16-аас 2 сарын 24 хүртэл
🍋 ҮСХ Хятадад байгуулагдсан НҮБ-ын Өгөгдлийн шинжлэх ухааны олон улсын төвтэй хамтран газар тариалангийн статистик мэдээлэл боловсруулах төсөл хэрэгжүүлнэ. Тус статистик мэдээллийг хиймэл дагуулын зураг ашиглан боловсруулах бөгөөд төсөл 2027 он хүртэл хэрэгжих юм. Төслийн хүрээнд техникийн тусламж үзүүлэх судалгаа болон чадавх бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах аж.
🍋 Иргэний зээлжих зэрэглэлийг онооны системээр тооцдог болно. Энэ хүрээнд иргэн 600 оноотой байх ба онооны системтэй уялдуулсан зээлийн эрхийг Монголбанк эргэн хянах аж. Ингэснээр чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэх нь. Сонирхуулахад, иргэний зээлжих зэрэглэлд ашиглаж буй зарим улсын онооны хэмжээ 300-850-ын хооронд байдаг гэнэ.
🍋 Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 62.7 сая тн ачаа тээвэрлэжээ. Үүнээс 60.9 сая тн буюу 97%-ийг экспортын ачаа, харин 1.9 сая тн буюу 3%-ийг импортын ачаа эзэлж буй. Түүнчлэн экспортын ачааны ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд Гашуунсухайт боомтоор 50%-ийг нь гаргажээ. Харин импортын ачааны 83% нь Замын-Үүд боомтоор орж ирсэн байна.
🍋 Joe Biden $4.5 тэрбумаар нийтийн үйлчилгээний ажилтнуудын оюутны зээлийг хөнгөлнө. Оюутнуудын сургалтын төлбөрийг тэглэх талаар Joe Biden Ерөнхийлөгч болсноосоо хойш жил болгон ярьсан ч тэр бүртээ унаж байсан төсөл эцэст нь зөвшөөрөгдөв. Нийтдээ 1 сая гаруй хүн хөтөлбөрт хамрагдах болзол хангаад буйгаас 60 мянга гаруй сувилагч, багш, болон нийтийн үйлчилгээний бусад ажилтнууд сургалтын төлбөрийн дарамтаас гарах нь.
📲 ChatGPT Windows апп-тай боллоо. (TheVerge)
🫧 Хиймэл оюун ухааны галзуурлыг Dot-com bubble-тай харьцуулжээ. (TheInformation)
🏆 Энэ оны Франчайзын 500 зэрэглэл. (Entrepreneur)
📈 Uniqlo-н хөгжлийн нууц юунд байна вэ? (BusinessInsider)
Даваа: Өнгөрсөн сарын банкны харилцах, хадгаламжийн үлдэгдэл зарлагдана.
Мягмар: Ипотекийн зээлийн тайлан болон ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн тайлан танилцуулагдана.
Лхагва: Tesla, Coca-Cola-н III улирлын тайлан гарна.
Пүрэв: 9-р сарын мөнгө, санхүүгийн статистиктай танилцана.
Баасан: Tor Minerals ээлжит санхүүгийн тайлангаа гаргана.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply