• Lemon Press
  • Posts
  • !!️ Түр томилгооны золиос

!!️ Түр томилгооны золиос

K-pop-н манлайлал | SouthGobi Resources: 2025 онд алдагдалтай | Project Hail Mary-н рекорд

POWERED BY

Сарын сүүлийн өдрийн мэнд! Маргааш Apple-н үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Үүнтэй холбоотой дэлхий даяар тэд "50 Years of Thinking Different" компанит ажлыг өргөн дэлгэр хэрэгжүүлж байна. Гэснээс, сүүлийн 50 жилд нээлтээ хийсэн Apple-н шилдэг 50 бүтээгдэхүүнийг тодруулах санал асуулга явагдаж байна шүү. Манайхан саналаа ЭНД дарж өгөөрэй. 🍎📱

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: ХХОАТ-ын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах өргөдөл 100,860 иргэний санал авч уг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮64.1 тэрбумын болон $10.3 саяын арилжаа явагджээ. $-ын арилжаа 100% хоёрдогч зах зээл дээр явагдсан бол ₮-ийн арилжааны 77.1% нь хоёрдогч зах зээлд хамаарч байна

AUD: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүнд нийт ₮10.7 тэрбумын зөрчил илэрчээ.

Тогтвортой засаглал 🆚 Түр томилгоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд (ЕС) Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцорсноос хойш 3 хоногийн дараа буюу өчигдөр өглөө УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж шөнө нь ЕС-аар томилоодохлоо. Ингэж л бид 1 жил хүрэхгүй хугацаанд 3 ЕС-ын нүүрийг үзэж байна даа.

‼ Түр томилгооны золиос

2000 оноос хойших 11 ЕС-ын ажилласан хугацаа дунджаар 2.3 жил буюу 27 хон сар. 4 жилээс дээш хугацаанд ЕС-аар ажилласан 2 л сайд бий. Сайд солигдох тутамд ЗГ бүрэлдэхүүн, холбогдох ажилчид солигдож бодлогын ажлууд хойшлогдож, цуцлагддаг. 

  • 🤐 Ичиг^2: Дэлхийн банкны 2020 оны судалгаанд ичмээр үр дүн бий. 2012 болон 2016 оны сонгуулийн дараа улстөржилт улам газар авчээ. 2012 онд төр доторх халаа сэлгээний хувь эрчимжиж 9.3% болсон бол 2019 онд 22.3%-д хүрч. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг л гэхэд 5 жилд 6 удаа сольсон. Энэ удаад хэр их хүн солигдох бол гэхээс яс хавталзам.

  • 🤒 Сөрөг нөлөө: Иймдээ ч бизнес эрхлэгчид татвараас биш бодлогын тогтворгүй байдлаас хамгийн их айдгийг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Энэ олон тогтворгүй томилгооны уршгаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хэлэлцээр цуцлагдах асуудлууд үүснэ. Эргээгээд улсын эдийн засагт, иргэдийн халаасанд ч хортой.

🤥 35 дахь 9 ба эдийн засаг

Гэтэл эрх баригч намд эрчим хүч, шатахуун гээд хоолойд тулсан асуудлыг шийдэхээс илүү улстөржих сонирхол их байв. Бусад намууд нь ч сайдын суудал өгвөл тэгнэ ингэнэ гээд уналаа. 2028 он хүртэл эдийн засаг сайн байхааргүй байна. Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн таамгаас харахад инфляц 2028 оныг дуустал 7%-д хадгалагдахаар, ДНБ-ий бодит өсөлт 5.5%-иас дээшлэхээргүй байна. 

  • 📌 Юу хийх бол? Мөн нүүрсний үнэ сэргэж шалихгүй буюу 2028 он гэхэд тн нь дунджаар $74.4 л болж, төсвийн орлогын тэлэлт ч үргэлжилж ДНБ-ий 31%-тай дүйх нь. Энэ эгзэгтэй цаг үед МАН-ын ээлжит ЕС хамгийн богино хугацаанд ажилласан ЕС болоод буулаа. Тоглоомтой гэмээр. Одоо 35 дахь нь энэ байдлыг яаж засах нь сонин. 

Эцэст нь… Томчуулыг улстөржиж байх зуур алдаж байгаа алдагдсан боломжийн өртөг өндөр байна даа. Одоо шинэ ЕС нь гарч ирээд хэдэн төслөө урагшлуулах гэсээр байтал 2026 он талаасаа хэлбийнэ. Яана даа.

  • 🕯️ Шинэ Засгийн газарт аль сайдууд улирал сонгогдох магадлалтай вэ? (News.MN)

  • 🎤 Жижиг караоке төхөөрөмж зардаг компани зах зээлээс $17.4 тэрбумыг арчив. (FT)

  • 📚 Эшлэл бол бүтээлийн үнэн зөвийн баталгаа, зайлшгүй дагалдах соёл юм. (Baabar.mn)

  • 😶‍🌫️ Ирэх 5 жилд 9 сая Америкчууд AI-д ажлын байраа алдана. (NYPost)

🔻 SouthGobi Resources: 2025 онд алдагдалтай

1878.HK: Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources 2024 онд $153.9 саяын цэвэр ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд $133.2 саяын алдагдал хүлээжээ. Хэдий компанийн нийт борлуулсан нүүрсний хэмжээ 2024 оны мөн үеэс 60% өсөж 11.2 саяд хүрсэн ч 1 тн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 24% буурч $53.5-т хүрсэн нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн аж. Сонирхолтой нь өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 2% өсөж HK$2-т хүрээд байна.

🌏 Өмнөд Солонгосын хүчтэй соёл

Оксфордын англи хэлний толь бичигт Hallyu буюу Өмнөд Солонгосын соёлын давлагааг илэрхийлсэн үг бий. Тэгвэл өчигдөр 30 улсын 27.4 мянган хүнийг хамруулсан 2026 оны Гадаадын Hallyu судалгаа олон нийтэд ил болжээ.

🎙️ K-pop-н хүчтэй манлайлал

Судалгаанд оролцогчдын хамгийн их болох 17.5% нь Солонгосыг бодохдоо хамгийн түрүүнд K-pop хөгжмөөр төсөөлдөг хэмээн хариулсан байна. Энэ нь 2018 оноос хойш 9 дахь жилдээ дараалан K-pop хөгжим бусад соёлын нөлөөг тэргүүлсэн явдал байв. Харин удаах байранд оролцогчдын 12.1% нь Солонгос хоолыг, гутгаар байранд 9.5% нь Солонгос олон ангит киног тус тус сонгожээ. 

  • 🎭 Үзэх дуртай контент: Солонгосын соёлын контентод сард дунджаар 14.7 цагийг зарцуулж буй нь өмнөх оноос 0.7 цагаар өссөн үзүүлэлт аж. Хамгийн өндөр үзэлттэй контентын төрөл нь олон ангит кино ба оролцогчид сард дунджаар 18.3 цагийг зарцуулжээ.

  • 💵 Үрэх дуртай зүйл: Оролцогчид сард дунджаар $33.9-оор хувцас худалдан авдаг нь хамгийн өндөр дүнтэй зарцуулалтад тооцогдов. Үүний араас сард дунджаар $29.7-ыг үрдэг гоо сайхны бүтээгдэхүүн орсон аж.

📈 Эдийн засагт хэр дэмтэй вэ?

2025 онд Солонгосын соёлын бүтээгдэхүүний нийт экспорт $37.9 тэрбумд хүрснээр экспортын 4 дахь том салбар болсон. Үүний 36.4%-ийг  хоолны экспорт эзэлж байгаа бол 30.5%-ийг гоо сайхны бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Түүнчлэн 18.5 сая жуулчин өнгөрсөн онд Солонгос руу аялсан нь 2024 оноос 13% өссөн дүн аж. Сонирхуулахад, жуулчдын картын гүйлгээний датад хийсэн шинжилгээгээр тэдний хэрэглээний хэв маяг дотоодын жуулчдынхтай 90% төстэй байсан нь тогтоогджээ.

Эцэст нь… Монголд ч Солонгосын соёлын давлагаа хүчтэй хэвээр байна. Ямар сайндаа л гадаадад аялж буй хүмүүс Солонгос хоол идээд эх орноо санахав дээ. 🤪

Алдарт Heineken шар айргийг өвөрмөц болгодог зүйл нь ердөө нэгэн төрлийн мөөгөнцөр гэвэл та итгэх үү? 

🧫 Тэртээ 1886 онд Heineken-г үндэслэгч Жерард Хайнекен нь өөрийн лабораторид “Heineken A-yeast” гэх тусгай мөөгөнцрийг гарган авчээ. Тус мөөгөнцөр нь Heineken-н өвөрмөц амтыг бий болгодог гол нууц бөгөөд дэлхийн хаана ч Heineken-н амтыг яг адилхан байлгахын тулд тэд энэхүү тусгай жорын хөлдөөсөн дээжийг Нидерландаас бусад 160 гаруй орны үйлдвэр рүү тогтмол хугацаанд тээвэрлэдэг байна.

💸 Нэгж хувьцааг бутархайлаад ав!

Таванбогд капитал ҮЦК-ийн хэрэглэгчид дэлхийн 82 орны 87 биржийн арилжаанд хамгийн багадаа $50-оор бутархайлан хөрөнгө оруулах боломжтой боллоо

🤳 TBC-н цогц шийдэл

Товчхондоо TBC Global апп-аар дамжуулан “fractional shares” буюу өндөр үнэлгээтэй Америкийн ТОП компаниудын нэгж хувьцааг бутархай хэлбэрээр авах боломжтой болсон гэсэн үг. Давуу тал нь $50 ч байсан хамаагүй байгаа хөрөнгө оруулалтдаа тааруулаад Apple (AAPL)-н нэгж хувьцааг бутархайлан авах боломжтой.  

  • 🤓 Үүнээс гадна TBC Global апп-аас зах зээлийн онцлох мэдээ мэдээлэл, мэргэжлийн шинжээчдийн судалгаа шинжилгээг тогтмол авч, найдвартай, хялбархан арилжаанд оролцох боломжтой гэж байгаа. 

Мэдээлэл авах бол ЭНД дарж холбогдоорой. Гэснээс Америкийн зах зээлд хөрөнгө оруулахаар сонирхож бол 👉 9405-4554 руу  холбогдоорой гэсэн шүү. 

Giphy

🍋 Энди Вейрийн нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Project Hail Mary" шинжлэх ухааны уран сэтгэмжит кино Amazon MGM Studios-н түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кино боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг кино 86 улсын кино театруудаас нэмж $54.1 саяын орлого олсноор нийт $300.8 саяыг олоод байгаа нь энэ. Ингэснээр Amazon MGM-н "Creed III" киноны амжилтыг эвдсэн хэрэг. 

🍋 Хөрөнгийн зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд СЗХ болон ОУСК (IFC) хамтарч ажиллах бөгөөд ХЗЗ-ийн хөгжлийн стратеги боловсруулах төслийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох 5 жилийн иж бүрэн стратеги боловсруулах нь. Мөн манай ХЗЗ-ийг Дэлхийн банкны “Capital Market Preconditions Framework”-д тулгуурлан үнэлэх аж. 

🍋 Америкийн эм зүйн салбарын аварга Eli Lilly (LLY) компани Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Insilico Medicine (3696.HK)-тэй $2.75 тэрбумын хэлцэл байгууллаа. Тэд AI-н тусламжтайгаар нээсэн шинэ эмүүдийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой бөгөөд энэ нь биотехнологийн салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг болж байна. 2 компани 2023 оноос хойш түншилж байгаа билээ. 

🍋 Нийгмийн халамжийн сангаас зорилтот бүлэгт олгох зардал энэ онд 2025 оныхоос 21.4% өсөж ₮876.4 тэрбум байхаар батлагджээ. Одоогоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулгын шатанд явж байгаа бөгөөд нийт 40 төрлийн халамжийн хөтөлбөрийг 22 болгон багцлан өөрчлөх, халамжийг нөхцөл, шалгуур, хугацаатай болгох, хэмжээг ялгаатай тогтоох зэрэг өөрчлөлт оруулах гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.